| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
2023 01 24 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Б-д холбогдох эрүүгийн 2111 01264 2078 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Д.Б , 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ........ тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жил 8 сарын хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жил 6 cap 25 хоногийн хорих ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, 01-10 тоотод оршин суух иргэн Л.П гийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч халтар манан хөөрөг, Хуавэй П-10 загварын гар утас зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хорооны задгай тоотоос хамт архи ууж байсан иргэн Ж.М ын эзэмшлийн 449.910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Олон сургалтад суусан ойлгож, дүгнэлт хийж байгаа. Урьд шүүхээр шийдвэрлүүлэхдээ дахиач Чингэлтэй дүүрэгт 2 үйлдэл байгаа, нэгтгүүлж шийдвэрлүүлье гэсэн боловч яллагдагчаар татаагүй учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, 01-10 тоотод оршин суух иргэн Л.П гийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч халтар манан хөөрөг, Хуавэй П-10 загварын гар утас зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 860.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны задгай тоотоос хамт архи ууж байсан иргэн Ж.М ын эзэмшлийн 449.910 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
- хохирогч Л.П гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 08 цагт гэрээсээ гарсан гэрт манай том хүү А үлдсэн. Ингээд манай том хүү 2 дүүгээ сургуулиас нь авахаар 10 цаг 40 минутад гэрээ цоожлоод гарсан гэсэн. Манай хүү 2 дүүгээ аваад 12 цагт эргээд гэртээ иртэл гэрийн цоож эвдэрсэн байсан гэсэн. Ингээд ээждээ хэлээд эхнэр маань над руу ярьж хэлсэн. Гэртээ ирээд үзтэл манай эхнэрийн Huawei нэртэй Хятад утас, гэрт байсан хөөрөг зэрэг алга болсон байсан. Утас нь 200.000 гаран мянга, хөөргөний үнийг мэдэхгүй байна. Миний аавын барьж байсан хөөрөг байгаа юм. Хар өнгийн, шилэн наалт нь хагархай утас байсан. Хөөрөг нь дунд гарын халтар манан хөөрөг байсан. Даваа толгойтой, гуулин нуухтай хөөрөг байсан. Бөөрөн дээрээ гутал юм шиг хэлбэртэй толботой, толбо нь цагаан өнгөтэй, бор торгон даалинтай хөөрөг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- гэрч П.Э ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.Б той Нарантуул-2 худалдааны төв дээр таараад бид 2 нэг шил архи хувааж уучхаад ахиад нэг шил архи уухаар болоод бид 2 Нарантуул-2 худалдааны төв рүү орж явтал Ц.А тай таарсан. Тэгээд ...нэг шил архи аваад бид гурав хамт уусан, тэгээд зам уруудаад урагшаа алхаад явсан ба Ц.А бид 2 нилээн согтоод тасраад хэвтэж байсан чинь Б хүрээд ирсэн. Ирэхдээ тортой зүйл барьсан байсан. Би надад такси бариад өгөөч би явж чадахгүй байна гэж хэлээд таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-42 дахь тал/,
- гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нарантуул-2 худалдааны төв дээр архи уугаад явж байгаад танил болох П.Э , Д.Б нартай Нарантуул-2 худалдааны төвийн урд таарсан. Тэгээд Нарантуул-2 худалдааны төвийн архи зардаг бөөний төвөөс 0.75-тай архи аваад Нарантуул-2 захын хашаан дотор архиа хувааж уусан. Архи дууссаны дараа дахиж 1 шил архи нөгөө газраасаа авч хувааж уусан. Тэгээд архи дуусаад бид гурав Нарантуул-2 худалдааны төвийн урагшаа зам дагуу нилээн согтуу алхсан. Замын хажуу талаар алхаж байгаад би их согтсон учир замын хажууд суусан миний хажууханд бас П.Э сууж харагдсан. Тэгээд Д.Б замын зүүн талд байсан хашаа руу зүглээд алхаад хашаанд ороод байж байгаад гарч ирсэн. Гарч ирэхдээ цүнх үүрсэн гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ би гэр лүүгээ явлаа гээд миний хажуугаар өнгөрөөд цаашаа согтуу алхаад явсан тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
- Дамно ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хөөрөг, утас нийт 860.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
- шүүгдэгч Д.Б ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 115-118 дахь тал/,
- хохирогч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн танил Б оогийн гэрт орж архи уугаад тасарсан байх үед миний эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг Б оогийн гэрт архи уусан Э гэх эмэгтэйн дүү болох Б гэж залуу миний халаасанд байсан гар утсыг аваад явсан байсан... Би цагдаа дуудахын өмнө Э гийн гэрт орж асуугаад гарсны дараагаар Э Б ахын гэрт орж ирээд утасны хэтэвчинд байсан Хаан банкны минь картыг оруулж өгчхөөд манай гэрийн ширээн дээр үлдээчихсэн байна манай дүү Б чиний гар утсыг авсан байна түлээ нүүрсний чинь картыг манай ахад үлдээсэн байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
- гэрч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Сургуулийн 29-599 тоот гэртээ 21 цагийн үед гаднаас урд айлын М гэх залуу нь хашаа давж орж ирээд танай дүү Б чинь миний гар утсыг аваад явчихлаа хаана байна гэж орж ирсэн. Тэгээд би нөгөө хүнтэй хэрэлдээд тиймийг нь мэдсээр байж юу хийж архи уусан юм бэ гээд хэлсэн чинь М гараад явсан. Тэгээд удалгүй байж байхад гаднаас Б орж ирэхээр нь чи чинь хүний гар утас аваад хаашаа юм бэ гээд хэлсэн чинь би аваагүй гэсэн. Тэгээд аваагүй бол хоёулаа орж үнэнийг олъё гээд М гийн гэрт ороод гар утас авсан аваагүйгээ цагдаагаар шийдүүлье гэж цагдаад дуудлага өгсөн чинь шууд гараад доошоо гүйгээд алга болсон. М гийн утсыг авсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Манай гэрт гар утас барьж орж ирээгүй. Тухайн М гэх хүний гар утсыг авсан хүн бол манай эгчийн хүү болох Б гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дахь тал/,
- Дамно ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг А-12 маркын гар утас 449.910 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 159-160 дахь тал/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Ж.М ын хохирлоо барагдуулж авсан гэж баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жил 6 cap 25 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснээс эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн /2хх 14/ хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 9 сар 19 хоногийн хугацаагаар тогтоов.
Бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.М д 449.910 төгрөгийн, хохирогч Л.П д 860.000 төгрөгийг хохирол тус тус учирсан боловч хохирогч Ж.М нь “...гомдол санал байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Д.Б оос 860.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.П д олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 62 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жил 6 cap 25 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснээс эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б оос 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүрэг .. дугаар хороо ...... тоотод оршин суух Л.П /РД:.../-д олгосугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН