Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

      2023        02          17                                    2023/ШЦТ/141

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Д.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Б од холбогдох эрүүгийн 2211021320029 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Б , 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт Сүхбаатар ... дүгээр хороо .......... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 41-870 тоотод Г.Э той үл ялих шалтгааны улмаас маргалдан цохиж, зодсоны улмаас биед нь дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Б  нь хохирогч Г.Э той үл ялих шалтгааны улмаас маргалдан цохиж, зодсоны улмаас биед нь дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- Насанд хүрээгүй хохирогч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...бид нар 1 цагийн дараа Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо сургуулийн ......... тоотод ирээд машиныг нь хашааны гадаа тавиад түлхүүрийг нь өгөх гээд гэр лүү нь яваад орсон чинь жижиг өрөөнд танихгүй хоёр эгч хэвтэж байсан бөгөөд нөгөө өрөөнд Б  ах нэг танихгүй эгч болон А.Б  ах нарын хамт байсан юм. Тэгсэн чинь Б  өрөөнөөсөө гарч ирээд манай хоёр найз болох Э , Т  лүү дайраад “та нар ямар том болчихсон гөлөгнүүд вэ ахаасаа шанаа авах гээд байгаа юм уу” гээд байхаар нь “миний буруу би удаан уулзаагүй найзтайгаа уулзаад удчихлаа” гээд хэлсэн чинь Б  “ямар олон үгтэй пизда вэ” гээд байхаар нь би өөдөөс нь инээчихсэн чинь чи яасан янз үзээд байгаа юм уу гээд намайг цохих гээд дайрсан. Тэгээд би хоёр гарыг нь бариад цааш нь түлхээд “ахаа би одоо харьлаа” гээд гэрээс гарах гэсэн чинь Б  ах ширээн дээр байсан хайч аваад араар нь миний цээж рүү нэг удаа цохихоор нь би гарыг нь барьсан бөгөөд зүүн гараа зангидаж байгаад миний уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд би хоёр гарыг нь бариад Т , Э тай нийлж байгаад хайчыг нь салгаж авсан бөгөөд Б  ах намайг алчихвал шоронд ороод гараад ирэх нас байна шүү гээд хайч авах гээд байхаар нь хоёр гарыг нь дээлнийх нь нударганд нь хүлж бариад хоёулаа гарч байгаад эр хүн шиг учраа олчихьё гээд хашааны гадаа Б  ахыг чирж гаргаад гарыг нь тавьсан бөгөөд одоо хоёулаа зодолдох уу гээд куртикээ тайлчих уу гээд тайлсан чинь Б  ахыгаа уучлаарай гэсэн бөгөөд би уурлаад та хайчны ирээр намайг алчихвал яах вэ гээд уурлаад заандаж аваад өргөөд газар унагаагаад би дээр нь гараад суусан. Таныг цохичихвол та үхчихнэ шүү гээд хэлсэн энэ үед А.Б  ах ирээд миний бөгс рүү өшиглөөд босоод ирсэн чинь хацар хамар луу гараараа цохихоор нь би тантай муудалцмааргүй байна уучлаарай ахаа танай найз чинь намайг алчихвал яах юм гээд хэлсэн юм. Тэгээд Б  ах гэр лүү орчоод гараад ирсэн бөгөөд тортой хувцсаа гартаа барьчихсан нөгөө гартаа иртэй зүйл байх шиг харагдахаар нь би айгаад доошоо зугтаад цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол мэдүүлсэн юм. Би тухайн дүгнэлттэй танилцсан бөгөөд уг дүгнэлт дээр гаргасан гэмтлүүдийг Б  гэх ах учруулсан юм. Би тухайн үед гэрээс харилаа гээд гэрээс гарах гэсэн чинь Б  ах ширээн дээр байсан хайч аваад араар нь миний цээж рүү нэг удаа цохихлоор нь би гарыг нь барьсан чинь зүүн гараараа миний уруул хэсэгт нэг удаа гараараа цохиход миний уруул язарч цус хуралт үүссэн мөн Б  ах намайг хашааны гадаа заандахад хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

- Гэрч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр орой 23 цагийн үед найз Г.Э , Т  бид гурав 3-4-р хороололд уулзаад 5-н буудалд байх эмээгийн гэрт очих гээд явж байсан бөгөөд найз Т  лүү жоохноо гэж дууддаг Б  ах 5-н буудалд байх гэртээ дуудсан бөгөөд бид гурав гэр лүү нь яваад орсон чинь Б  ах, Б  ах, танихгүй хоёр эгчтэй ингээд 4 үүлээ байсан юм. Тэгээд бид гурав гэрт нь ороод байж байтал Б  та гурав андуураад байгаа муу оролдох хүнээрээ оролдоорой гэж хэлсэн чинь найз Э  өөдөөс нь үг хэлсэн чинь Б  ах босож ирээд Э  дээр ирээд нүүрээ тулсан чинь хоёр гарыг бариад аваад хоорондоо ярилцаад гайгүй болсон. Тэгээд байж байтал Б  ах гал тогооны өрөө лүү орж юм хайчилдаг хайч авч ирээд хайчны ар талаар нь Э ын цээжин хэсэгт нэг удаа цохисон чинь Э  хайчийг нь барьж аваад та хүн аллаа гэж хэлээд хайчийг нь авсан чинь Б  ах зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

- Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...Тэгсэн чинь Б  машин хурдан авчирч өгнө гээд алга болсон гээд Г.Э , Т , Э  нар луу уурлаад байсан бөгөөд энэ хоёр хоорондоо хэрэлдээд гэнэт түг гээд дуу гарахлаар нь харсан чинь Г.Э  Б ын хоёр гарыг нь барьчихсан зогсож байсан бөгөөд Б , Г.Э ын нүүрэн тус газар нь нэг удаа цохихоор нь гарыг нь дахиж бариад Г.Э  хоёулаа зүгээр гарчихъя гээд гэрээс гараад араас нь Т , Э  гарсан юм. Удаагүй Т  гэрт орж ирээд Г.Э  Б  ахыг газар унагаачихсан хашааны үүдэнд зодоод байна гэхээр нь би Т ийн хамт гэрээс гараад хашааны үүдэнд гараад иртэл Б  газар хэвтчихсэн Г.Э  дээр нь гарчихсан хоорондоо ноцолдоод байж байсан бөгөөд энэ хоёр босож ирээд Г.Э  Б ыг заандаад хашаа руу толгойг нь мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд боль гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би хацар луу нь алгадсан. Тэгсэн чинь болихгүй байхаар нь нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиод салгасан юм. Б  гэр лүү ороод буцаж гарч ирэхдээ хувцсаа аваад гарч ирээд Г.Э  руу гүйхээр нь би Г.Э ыг зугтаа гээд хэлсэн чинь Э  төв зам руу зугтаагаад Б  араас нь хөөгөөд хоёулаа гэрт орж ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 15592 дугаартай шинжээчийн “...Г.Э ын биед дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Б од оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Г.Э  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б од 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б од оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болох тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т  болтол шүүгдэгч Д.Б од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН