Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 166/2023/0030/Э |
Дугаар | 2023/ШЦТ/47 |
Огноо | 2023-02-06 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0030/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох 2318000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Дархан-Уул аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД: / /,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Дархан захын хашаан дотор******* улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зогсоолоос ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч******* зүүн хөлийг автомашиныхаа баруун хойд дугуйгаар дайрсны улмаас зүүн шилбэний тахилзуур яс, дотор хавчаар ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/,
Осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 08 цагийн орчимд эхнэр болох хамтаар Дархан-Уул аймгийн Дархан захаас идэшний мах авах санаатай ирсэн, ... авсан махаа өргөөд өөрийнхөө машины арын тээшний хэсэгт хийх гэж байтал хажуугаар цайвар өнгийн Клугер маркийн тээврийн хэрэгсэл ухарч орж ирээд миний зүүн хөлийн тавхай дээгүүр ташуу байрлалтай нэг дугуй нь гарсан. Тэгэхээр нь би орилоод нөгөө машиныг гараараа цохисон чинь зогсоод буцаж урагшаа болсон. Тухайн үед машины баруун хойд дугуй миний хөл дээгүүр гарсан юм. ...машинд мөргүүлээд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлыг ******* гэх хүн 100 хувь төлж барагдуулсан. Одоо цаашид уух эмийн зардал болон ажилгүй байх хугацааны задлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17- 20 дугаар тал/,
Гэрч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Машинд мөргүүлсэн******* нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр гэртээ идэшний мах авах гээд Шинэ зах дээр өөрсдийнхөө улсын дугаартай Соната-8 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед ирсэн. ...нөхөр маань махаа өргөөд машин руугаа явж харин би өөр мах зарж байгаа хүмүүс рүү анзаарч хараад зогсож байтал гэнэт нөхөр болох******* орилохоор нь гайхаад хартал манай машины арын хэсэг рүү цайвар өнгийн Клугер маркийн тээврийн хэрэгсэл ухарч дөхөөд зогсчихсон ард нь манай нөхөр хөлөө бариад миний хөлийг дайрчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “...******* биед зүүн хөлийн шилбэний тахилзуур яс, дотор хавчаар ясны зөрүүгүй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Шинжээч С.Саруулболдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай “... нь******* улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн “10.1-т жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.2-т жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай "...Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/,
*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хохирогчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, ажилгүй байсан хугацааны цалинг төлнө” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.2-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас, болгоомжгүй үйлдлээр******* зүүн хөл дээгүүр гарч хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хортой холбогдон гарсан эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс болон бусад зардлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч ******* , хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцэж, хохирогчийн 2023 оны 1, 2 дугаар сарын цалин 2,410,000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хүсэлт зэрэг байдлыг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *******ын дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч *******т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн ******* улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, *******ын дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД