Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2022/0230/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ч,

шүүгдэгч Г.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г-ийн О-д холбогдох эрүүгийн 2239000000280 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

                                       /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.О нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг, Үзүүр толгой хорооллын 07-04 тоот хашааны гадна талд орхисон Ч.Ч-ийн эзэмшлийн улсын дугааргүй, “Арвайн хурд” маркийн мотоциклийг эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.О:

...хэлэх үг байхгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000280 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.О нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг, Үзүүр толгой хорооллын 07-04 тоот хашааны гадна талд орхисон Ч.Ч-ийн эзэмшлийн улсын дугааргүй, “Арвайн хурд” маркийн мотоциклийг эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ий үнэлгээний 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШД-239 дугаартай ...Арвайн хурд мотоцикл 1.800.000 төгрөгийн үнэ бүхий... үнэлсэн талаарх тайлан /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

хохирогч Ч.Ч-ийн ...2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн Арвайн хурд маркийн мотоциклоо жолоодож тус сумын 5 дугаар баг Үзүүр толгойн 7-4 тоотод байх эмээ Саранцэцэгийн гэрт очиж хонохоор очсон. Хашааны гадна талд мотоциклоо түлхүүрийг нь зоолттой орхиод эмээгийн гэрт ороод утсаа оролдоод хэвтэж байтал 21 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн дайвар явуулсан машин маань над руу залгасан. Тэгээд гарч ирээд мотоциклоо унаад явах гэтэл мотоцикл маань байхгүй байсан. Ойр орчмоор хайгаад олоогүй...Мотоциклдоо түлхүүрээ үлдээдэг нь миний буруу, уг нь буцаад гарч дайвар тосох ёстой байсан болохоор түлхүүрээ мотоциклдоо зоолттой үлдээчихсэн юм. ...Би худалдаж аваад 1 жил орчим эдэлж хэрэглэсэн болохоор 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Мотоциклоо олсон болохоор гомдол санал байхгүй байна... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.Мөнх-Эрдэнийн ...Хэсгийн төлөөлөгч Хэрлэнбаян-Улаан тосгоноос наашаа ирэх хооронд би эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Арвижих маркет хүнсний дэлгүүрийн урд талд улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Арвайн хурд” маркийн мотоциклийг үл таних хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Тэгээд зогсоож мотоциклийг нь саатуулаад уг мотоциклийг жолоодож явсан Г-ийн О гэгчийг хэсгийн төлөөлөгчдөө хүлээлгэж өгсөн... /хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Г.О-ы ...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж гарын үсэг зурсан. Миний хувьд хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 36 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Ч-ийн мотоциклийг зөвшөөрөлгүйгээр авч явсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...гэм буруугийн хувьд маргахгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.О:

...би ээж хүүгийн хамт амьдардаг. Өрх толгойлсон аав тул миний хүүг бодож оногдуулах шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г.О-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч Г.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж хоёр салгаж ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Г.О-ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоо дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Мөн “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь тухайн автотээврийг яллагдагч, шүүгдэгч нь завших болон ашиг олох сэдэлт, зорилгогүйгээр тухайн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашигладаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Тухайн гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр ашиглах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр, төгсгөл болох бөгөөд ашигласан үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа, зан үйл бөгөөд гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зэрэг тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь тухайн эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн үзэмжээр ашиглах санаагаа хэрэгжүүлэх гэсэн сэдэлт, зорилготой санаатай хэлбэр юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол... гэж заажээ.

Иймд тус хоёр гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоох шаардлагатай юм.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн, “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан бол”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239000000280 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

Шүүгдэгч Г.О нь иргэн Ч.Ч-ийн мотоциклийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр шүүгдэгч Г.О бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, ашиглах зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэр байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Оы санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ч-ийн эд хөрөнгөд 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох хохирогч Ч.Ч-ийн эзэмшлийн UPPCK1AALE238786 арлын дугаартай “Арвайн хурд” маркийн мотоциклийг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн байдлаар хүлээн авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Эд зүйл хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 9 дүгээр хуудсанд авагдсан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, 12-13 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ч.Чинзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 70 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүхээс шүүгдэгч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.О-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр:

...Миний үйлчлүүлэгч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаар ял шийтгэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.О:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан улсын яллагчийн 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн 1 сарын зорчих эрхийг хязгаарлах гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч Г.О-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  

шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, эдлэх ялыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Г.О-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ч.Ч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Г.О-ы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13.,    37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Г-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г-ийн О-д шүүхээс оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлж, өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосныг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г-ийн О-ы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг түүний эдлэх оруулсан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2239000000280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Г-ийн О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г-ийн О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Б.Түвшинжаргалд даалгаж шийдвэрлэснийг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г-ийн О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН