Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0018/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2218004160499 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн сумын*******,******* гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 50 кг, 500 грамм ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор ачиж, Сэлэнгэ аймгийн сумын Бумбат*******ийн нутаг дэвсгэрээс Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах “ ” хяналтын пост хүртэл тээвэрлэж байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-08 дугаар тал/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2003 оны 10 сараас аймгийн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна...Дэрэвгэр жиргэрүү ургамал нь манай сумын*******,,,, гэх газруудад тархаж ургасан байдаг. Тус дэрэвгэр жиргэрүү ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаартай тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар түүхийг түр хориглосон байдаг. Сайдын тушаалаар хориглосноос хойш түүсэн хүн байхгүй. Харин энэ оны намар манай сумын ******* гэх эмэгтэй Дархан руу орж байгаад баригдсан гэж манай Засаг дарга 10 сард хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өнөөдөр буюу 2022 оны 09 сарын 07-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байхад  нь Дархан явах гэж байна гэхээр нь би хамт Дархан-Уул аймаг руу дайгдаад явъя гэж бодоод Дархан-Уул аймаг руу хамт ирэхээр болсон. Ингээд би Сэлэнгэ аймгийн суманд байрлах гэрийнх нь гадаа очиход нь өөрийн төрсөн дүүгийн саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг унаад гарч ирсэн. Ингээд би уг тээврийн хэрэгсэлд суухад арын суудал дээр шуудайтай зүйл байсан болохоор нь бигаас юу болох талаар нь тодруулж асуугаагүй юм. Ингээд бид хоёр замдаа явж байхад надад хандан арын суудал дээр байгаа шуудайтай зүйл дэрэвгэр жиргэрүү гэх нэртэй ургамал байгаа юм, Дархан-Уул аймаг оруулж зарахаар явж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сэлэнгэ аймгийн сумын*******т байрлах******* гэх газар манай сумын иргэд хадлан бэлтгэдэг газар бөгөөд уг газарт 2017 онд хүмүүс дэрэвгэр жиргэргүү гэх нэртэй ургамал түүж байсан газар юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр нийт 11 жил ажиллаж байна. Иргэнд ховор, нэн ховор ургамал түүж бэлтгэх, ашиглах зөвшөөрөл байхгүй. Харин ховор, нэн ховор ургамлын зарим зөвшөөрөгдсөн ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын зөвшөөрлөөр аж ахуй нэгж байгууллагад олгогддог. Тухайн аж ахуй нэгж нь зөвшөөрлийн дагуу нутаг дэвсгэрийн засаг даргатай гэрээ хийж орон нутгийн иргэдийг цалинжуулах маягаар түүгдэж явдаг. Дэрэвгэр жиргэрүү эмийн журмаар хэрэглэгддэг ховор ургамал. Эмийн болгон ашиглахдаа тусгай зориулалтаар сүүдэр газар хатаадаг. Хөрснөөс гаргаж авснаас хойш 15 хонож байж гүйцэд хатсан гэж үзнэ. Харин 15 хоноогүй бол бүрэн хатсан гэж үзэхгүй. Энэ ургамал өөрөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын ургамлын экологи эдийн засгийн үнэлгээгээр хуурай, нойтон гэж заасан байдаг болохоор 15 хоноогүй бол хуурай гэж үзэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цагаас 8-        ны өдрийн 19 цаг хүртэл томилгоот хуваарийн дагуу Орхон сумынын постонд ганцаараа үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн орчимд мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Тоёота приус 20 тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл дотор 2 эмэгтэй хүн явж байхаар нь арын тээшийг онгойлгож үзэхэд шуудайтай, гялгар ууттай, ам онгорхой, тухайн амаар нь ургамал харагдахаар нь барьж үзэхэд чийглэг шороотой, тухайн ургамал нь нойтон байхаар нь саатуулаад жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэж өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан эмэгтэй ******* гэгчээс юун учиртай ургамал болох, хаанаас түүсэн талаар тодруулахад Сэлэнгэ аймгийн сумаас түүсэн ургамал байгаа юм. Дархан руу оруулж зарах гэж байна гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар тал/,

 

Шүүхийн  шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2691 дугаартай "...Шинжлэгдсэн ургамлын түүхий эдийн дээж нь Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс байна. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалтад” орсон ургамал. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаарын хавсралтаар хуурай жинг 217,100 төгрөгөөр, нойтон жинг 112,900 төгрөгөөр тус тус үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 64-69 дүгээр тал/,

 

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 17 дугаартай “...50 кг, 500 грамм нойтон дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ 5,701,450 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12 дугаар тал/,

 

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 578 дугаартай “...Уг цэг нь Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлаж байгаа нь өгөгдсөн солбицол болон хилийн цэсийн зургаар баталгаажиж байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 104-105 дугаар тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 18, 26 дугаар тал/,

Байгаль   орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаартай “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” тушаал /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10-04-039/46 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай акт /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/,

 

Яллагдагч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор, эрх бүхий байгууллагаас гаргасан жагсаалтад байгалийн ховор ургамалд тооцсон ургамлыг түүж, өөрийн эзэмшилд авахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, шунахайн сэдэлтээр, Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалтад” орсон 50 кг 500 грамм жинтэй “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлын үндсийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч *******г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хуралд оролцох боломжгүй ажилтай байгаа, хохирол төлбөрт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Шүүгдэгч ******* нь байгаль экологид учирсан хохирол 5,701,450 төгрөгийг төлж барагдуулахаар завсарлага авч, төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, ...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна, Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******гийн ургамлыг түүхдээ ашигласан лоом, түүсэн ургамлыг эд мөрийн баримтаар хураан авч, хэргийн хамт ирүүлжээ.

 

Шүүгдэгч ******* нь улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар түүсэн ургамлыг тээвэрлэж явсан, ховор ургамлыг тээвэрлэсэн үйлдэл нь мөн гэмт хэргийн шинжид хамаарах тул улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

 

Гэвч уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш болох нь гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Одоо Улаанбаатар хотод банк бусын барьцаанд тавиад, банк бусын нэр дээр байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг автомашиныг хурааж улсын орлогод оруулах үндэслэлгүй ба “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр “Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 10,800,000 төгрөгийн үнэлгээтэй байна” /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/ гэж тогтоосон тул шүүгдэгч *******гийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,800,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хураан авсан дэргэвэр жиргэрүү гэх 2 шуудай, 4 тортой өвсний үндэс мэт зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд жинлэж үзэхэд 19 кг 955 грамм байсныг дурдах нь зүйтэй ба уг ургамлыг шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх байгууллагад шилжүүлж, лоомыг устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  ********г “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 шуудай 4 тортой 5 дэргэвэр жиргэрүү гэх ургамлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 86 см урт лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД