Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0257/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Ө,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Х.Биязхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т холбогдох эрүүгийн 2239000130355 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                         Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийт овооны урд талын “Дальтын энгэр” гэх газарт цагаан өнгийн 62-70 УБГ улсын дугаартай Ниссан Эдван маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу  буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн дүрмийг зөрчсөний улмаас Ү.Батхуягийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Ниссан Икс-Трэйл маркийн 97-38 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.М-ийн зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.С:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000130355 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Яллагдагч Д.С нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийт овооны урд талын “Дальтын энгэр” гэх газарт цагаан өнгийн 62-70 УБГ улсын дугаартай Ниссан Эдван маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу  буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн дүрмийг зөрчсөний улмаас Ү.Батхуягийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Ниссан Икс-Трэйл маркийн 97-38 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.М-ийн зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг гэм буруугийн холимог хэлбэрээр учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас ертөнцийн зүгээр урд зүгт 13км зайтай Сайхан 1 дүгээр багийн нутаг “Дальтын энгэр” гэх газар байх ба уг газарт баруун зүүн зүгт тээврийн хэрэгсэл зорчдог хоёр зэргэлдээ замтай ертөнцийн зүгээр баруун талаараа уултай уг зам нь баруун талаасаа уулын гүвээ давж ирсэн баруун талаасаа зүүн зүг рүүгээ бага зэрэг уруу, зүүн зүгээсээ баруун зүг рүүгээ бага зэрэг өгсүүр зам байх ба урд зүг рүүгээ бага зэрэг хазгайдуу байсныг гэрэг зургийн аргаар бэхжүүлэн үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад ертөнцийн зүгээр урд хойд баруун талдаа уултай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай ...М.М-ийн зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... ...Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой... ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... дүгнэлт, /хх-ийн 59-70 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай ...Ү.Батхуягийн биед гэмтэл тогтоогдсонгүй... дүгнэлт, /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6975 дугаартай ...Ниссан Эдван маркийн 62-70 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2.117.000 төгрөг ... дүгнэлт, /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6977 дугаартай ...Ниссан Икс-Трэйл маркын 9738 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2.030.000 төгрөг ... дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

Хэнтий аймгийн Политехникийн коллежийн авто онол, замын хөдөлгөөний дүрмийн багш ажилтай Монгол Улсын зөвлөх багш Г.Пүрэвдоржийн ...62-70УБГ улсын дугаартай Эдван маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу  буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

3.7. Жолоочид дараах зүйлсийг хориглоно

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтуудыг зөрчсөн байна.

97-38 УБИ улсын дугаартай X-Trail маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ү.Батхуяг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй хөдөлгөөнд оролцсон. Энэхүү зам тээврийн осол гарахад жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэв... гэх дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/,

...“Би хэрэг бүртгэлтийн 223900013 дугаартай хэргийг уншиж танилцаж өөрийн дүгнэлтээ гаргасан, энэ тохиолдолд уулын замд хоёр тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөхөд саад учрахаар байвал уруудаж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх дүрмийн заалттай, уг уруудаж яваа тээврийн хэрэгсэл нь зөрж өнгөрөх боломж муу байхад зогсож, зам тавьж өгөөгүйгээс энэ осол гарах шалтгаан нөхцөл болсон байна... ...уруудаж яваа тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөхөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байхыг харсаар байж автомашинаа зогсоож, зам тавьж өгөх арга хэмжээ аваагүй, тоормосны мөр огт байхгүй байгаа нь харагдаж байсан, энэ нь дүрэм зөрчих үндсэн шалтгаан болсон байна... /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

хохирогч М.М-ийн ... 16 цаг өнгөрөөд Баян-Адарга сум явна гээд цагаан өнгийн жижиг машин ирсэн. Миний хувьд улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Ингээд замдаа явж байгаад Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багт жоохон өгсүүр газрыг даваад уруудаж байхад өөдөөс нэг машин ирж байх шиг байсан. Ингээд тэрхэн зуур өөдөөс ирсэн машинтай миний сууж явсан машин мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед би жолоочийн хажуу талын урд сандал дээр сууж байсан... /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

гэрч Ү.Батхуягийн ...Ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийшээ хөдөө гэр лүүгээ яван Өлзийт овооны урд талд байх Дальтын энгэр гэх газар орчмын бага зэрэг өгсүүр замын хэсгээр дээшээ өгсөөд явж байтал миний өөдөөс хоёр тусдаа автомашины гэрэл гараад өөдөөс минь явж байсан тэгээд эхний автомашин надад зам тавьж өгөөд урд талынхаа зам руу ороод миний хажуугаар ямар нэгэн асуудалгүй явсан бөгөөд би хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэн явсан юм, тэгээд би замаараа дээшээ өгссөн чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байхад миний өөдөөс дараагийн автомашины жолооч надад зам тавьж өгч байгаа бололтой байсан бөгөөд би уг автомашины жолоочийг надад зам тавьж өгөөд урд талынхаа зам руу орчихлоо гэж бодтол би уг автомашины жолоочтой мөргөлдчихсөн... ... тухайн үед Сүхбаатар ах надад зам тавьж өгөөгүйгээс болоод зам тээврийн осол гарчихлаа гэж бодож байна... /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

яллагдагч Д.С-ын...Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн төвөөс өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 62-70 УБГ улсын дугаартай, Ниссан эдван маркийн автомашинтайгаа Хэнтий аймгийн Баян-Адрага сум руу явсан тухайн үед аймгийн төвөөс гарахдаа сумынхаа Мөнхцэцэг, Мөнхцацрал гэх хүмүүсийг хүүхдүүдийнх нь хамт авч явсан, тэгээд би автомашинаа жолоодон явж байтал ойролцоогоор 19 цагийн үед байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Баян-Адарга сумын 1 дүгээр баг Өлзийт овооны урд талын Дальтын энгэр гэх газрын орчимд бага зэрэг доошоо уруу газарт уруудан явж байхад өөдөөс өгсөн ирж явсан 97-38 УБИ улсын дугаартай, Ниссан Икс Трэйл маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж миний автомашин дотор сууж явсан Мөнхцэцэг гэх эмэгтэйн биед хүндэвтэр гэмтэл учирсан, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна... ... тухайн үед зам тээврийн осол миний буруугаас болж гарсан, би тухайн үед өөдөөс өгсөж ирж байсан тээврийн хэрэгсэлд гүйцэт зам тавьж өгөөгүйгээс болоод л зам тээврийн осол гарсан... ...тухайн үед жолоодон явж байсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би энэ тээврийн хэрэгслээ 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос худалдан авсан, би тухайн үед өөрийн иргэний үнэмлэхээ авч яваагүй байсан учир энэ автомашинаа тухайн үед иргэний үнэмлэхтэйгээ явж байсан өөрийн төрсөн хүү болох Ганзоригийн нэр дээр авчихсан юм. Тэрнээс биш энэ автомашин бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ... Би тухайн үед буюу зам тээврийн осол гаргах үедээ ямар ч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан, харин би 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Дөлгөөн хэрлэн авто сургуулийг төгсөж В ангиллын жолооч болсон... /хх-ийн 120-122 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

  Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Б.Ө:

...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр багийн нутаг Өлзийт овооны урд талын “Дальтын энгэр” гэх газарт цагаан өнгийн 62-70 УБГ улсын дугаартай Ниссан Эдван маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин уруу  буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэсэн дүрмийг зөрчсөний улмаас Ү.Батхуягийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан Ниссан Икс-Трэйл маркийн 97-38 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасан байна. Уг зам тээврийн ослын улмаас Ү.Батхуягийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2.030.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч М.М-ийн зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:

...гэм буруугийн зүйчлэл дээр маргахгүй байна.... гэсэн дүгнэлтийг,

 

               Шүүгдэгч Д.С:

  ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.С-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.С нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай дүгнэлт Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6975, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6977 дугаартай үнэлгээний тайлан болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.С дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.С-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл /хохирол/ учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл /хохирол/ учирснаар хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

 

   Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хохирол, хор уршигт болгоомжгүй хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

   Иймд шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  М.М-ийн биед зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн 1-р хавирганы далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ү.Батхуягийн эд хөрөнгөд 2.030.000 /хоёр сая гучин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

               Шүүгдэгч Д.С нь хохирогч М.М, иргэний нэхэмжлэгч Ү.Батхуяг, иргэний нэхэмжлэгч “Сэндли”ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүдхорол нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн болох нь хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, 46-47 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Ү.Батхуягаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 196-198 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, шүүх хуралдааны товыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудас, болон шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн хохирогч М.М-ийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.С-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч Б.Ө:

  ...шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 1 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна...гэсэн дүгнэлтийг, 

              

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:

  ....шүүгдэгч Д.С нь хохирлоо бүрэн төлсөн, гэмт хэргийг анх удаа үйлдсэн, нас нь 60 гарсан, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийг журамлан улсын яллагчийн гаргасан саналыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна... гэсэн дүгнэлтийг,

 

               Шүүгдэгч Д.С:

  ...хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

   Учир нь шүүгдэгч Д.С-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.     

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239000130355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

                           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                              36.13., 37.2 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                            хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239000130355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Д-ийн С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д-ийн С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д-ийн С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН