Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0752

 

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0752

Улаанбаатар хот 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***ХХК, /РД: ***/,

Улаанбаатар, Баянзүрх, 6-р хороо, ***-р хороолол,*** тоот,

Хариуцагч: ***дүүргийн Татварын хэлтэс,

Улаанбаатар, ***дүүрэг, 13-р хороо,

Гуравдагч этгээд: ***дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор

П.М

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***, *** нарын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Татварын улсын байцаагчийн ***тоот актыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалан, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***ХХК-ийн захирал О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, өмгөөлөгч Б.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч И.Ө, Б.П, Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулгадаа: ***дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***, *** нараас *** ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад шалгалт хийж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ***тоот Татварын улсын байцаагчийн акт гаргасан бөгөөд энэхүү актад гаргасан *** ХХК-ийн гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж ***тоот тогтоол гарган төлбөр төлүүлэхээр гаргасан улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно. Тус компани дээр дурдсан Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан бөгөөд ***дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нараас Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт гаргахдаа, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан зөвлөл таслах гомдлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Гаалийн тухай хууль тогтоомжуудын холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалан, манай компанийн хууль ёсны эрх ашигт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, дээрх захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1. *** ХХК нь, энэхүү татвар ногдуулалт, төлөлтийг шалгах ажиллагааны явцад татварын болон татварын маргаан таслах албанд хандан өөрийн компанийн эрх зүйн байдал, татварын албанд хэрхэн бүртгэгдсэн талаар, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болон бодит байдал дээр гүйцэтгэж байсан ажил үйлчилгээний талаар, компанийн санхүүгийн тайлан бүртгэлийн талаарх бодит нөхцөл байдлыг удаа дараа хууль тогтоомж, компанийн санхүүгийн ба бусад бодит баримт сэлтэд тулгуурлан тайлбарлаж байсан болно. Тухайлбал, Манай компани нь, ***аймгийн ***сумын нутаг*** хилийн боомт дахь ***-ны Монгол Улсын хилийн *** гаалийн хяналтын бүсэд ***-н уурхайгаас EX-WORKS буюу уурхайн ам нөхцөлөөр нүүрс худалдан ***-ын болон БНХАУ-ын нэр бүхий компаниудтай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээний гэрээ байгуулан Монгол Улсаас БНХАУ-руу экспортолж байгаа нүүрсийг гаалийн хяналтын дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах үйлчилгээ үзүүлдэг.

Манай компанийн энэхүү үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа нь, Монгол Улсын *** ХК-иас худалдан авсан ***-ын **** компани, БНХАУ-ын Г******* энерги компанийн нүүрс буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нь 0 хувьтай тэнцдэг экспортын зориулалттай уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг худалдан авагч тал хүлээн авах цогц ажиллагааны нэгээхэн бүрдэл хэсэг юм. Түүнчлэн энэхүү үйлчилгээ нь, Монгол Улсын Гаалийн тухай хууль тогтоомжид заасан, бараа бүтээгдэхүүнийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоогдсон талбайд, манай компаниас Монгол Улсын гаалийн эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гаалийн хяналтын бүсэд явагддаг болно.

Бодит байдлыг бүхэлд нь авч үзвэл, дараах нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаадын хуулийн этгээдүүд буюу ***-ын болон БНХАУ-ын нэр бүхий компаниуд нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нь тэг 0 хувьтай тэнцүү коксжих нүүрсийг экспортын зориулалтаар худалдан авсан. Эдгээр компаниуд худалдан авсан бараагаа Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргах, хүлээн авахтай холбоотой уурхайгаас тээвэрлэн улсын хилээр гаргах ажиллагааг Монгол Улсын хуулийн этгээдүүдтэй тээвэрлэх болон бусад ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн, Гадаадын компаниудад үзүүлсэн *** ХХК-ийн үйлчилгээ нь Монгол Улсын гаалийн хяналтын бүсэд буюу хуульд зааснаар гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох гаалийн байгууллагын хяналттай нутаг дэвсгэрт явагдсан, ***дүүргийн Татварын хэлтэс нь, *** ХХК-иас экспортын барааг худалдан авагч гадаадын хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн нөхөн татвар, алданги, хүү шийдвэрлэж захиргааны акт гаргасан.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс ***тоот тогтоол гаргахдаа бодит нөхцөл байдалд илт хууль бус үнэлэлт дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа дор дурдсан үндэслэлүүдэд анхаарлаа хандуулахыг шүүхээс хүсэж байна.

2. Холбогдох хууль тогтоомжийн заалтын талаар:

а. Монгол Улсын Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгч болон татварын байцаагчийн эрх, үүрэг, бүрэн эрхийн талаар авч үзвэл, тодорхой төрөл, хэмжээтэй татварыг нэг талаас үнэн зөв тодорхойлох, нөгөө талаас тодорхойлсон татварын төрөл, хэмжээ нь үнэн зөв эсэхийг шалган эцэст нь үнэн зөв тодорхойлсон бодит татварыг дээрх харилцааг тусгайлан зохицуулсан хуулийг баримтлан төлөх, төлүүлэх гэсэн агуулгатай байдаг билээ. Тэгвэл нэмэгдсэн өртгийн албан татварын харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд Албан татварын тэг 0 хувь хэмжээг хэрэглэх талаар журамлан тогтоосон бөгөөд тус зүйлийн 12.1-д Экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын тэг 0 хувьтай тэнцүү байх үйлчилгээнд 12.1.4-д заасанчлан үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээг /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ оруулж тогтоосон байна.

б. Монгол Улсын Гаалийн тухай хууль тогтоомжийн холбогдох зүйлүүдэд тухайлбал, 3 дугаар зүйлийн 3.1.18-д гаалийн хяналтын бүсийн тухай, 4 дүгээр зүйлийн 4.4-д гаалийн хяналтын бус нь гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох тухай заасны зэрэгцээ бусад холбогдох ***дүгээр, 118 дугаар зүйлүүдэд бараа гаргах харилцааг тус тус зохицуулсан байна.

3. Татварын улсын байцаагчийн актад хийсэн үнэлэлт дүгнэлтийн талаар: Татварын улсын байцаагчийн актад манай компанийн гаалийн хяналтын бүсэд хэрэгжүүлж байгаа үйлчилгээг өөрийн эзэмшлийн талбайг гаалийн хяналтын бүсийн зорилгоор түрээслүүлэх үйлчилгээ явуулдаг гэж дүгнэлт хийжээ. Монгол Улсын Иргэний хууль тогтоомжид, тухайлбал, 27 дугаар зүйлд түрээсийн харилцааг зохицуулсан байдаг бөгөөд энэхүү харилцаанд түрээслүүлэгч хэмээх түрээсийн зүйлийг эзэмшигч тал, түрээслэгч хэмээх түрээсийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авч дүрэмдээ заасан зорилгоо хэрэгжүүлэх үүднээс аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашигладаг, ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авдаг, байгуулсан гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлдэг зэрэг энэхүү харилцааны онцлог нөхцөлүүдийг заавал хэрэгжүүлэхээр журамласан байна.

Гэтэл манай компани нь, Монгол Улсын ***аймгийн ***сумын *** гэдэг газарт байдаг Гаалийн байгууллагын эзэмшлийн 16 бүсийн гаалийн хяналтын 1 бүсэд гаалийн хяналтын бүс, тур агуулах ажиллуулах тухай жил бүр тусгайлан гаалийн хяналтын бүсийн эзэмшигч тал болох гаалийн эрх бүхий байгууллагатай байгуулдаг гэрээний үндсэн дээр зөвхөн зориулалтын дагуу эзэмшиж, экспортын бараа бүтээгдэхүүн худалдан авагч гадаадын хуулийн этгээдээс экспортолсон бараагаа хүлээн авах цогц үйл ажиллагааны зарим хэсгийг гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг болно.

4. Татварын маргааны оролцогчдын талаар: *** ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа нь бодит байдлаараа ***-ын **** компанийн Монгол Улсаас худалдан авсан барааг худалдан авагч талд хүлээлгэн өгөх үйлчилгээ бөгөөд гадаадын компани нь манай улсад байнга оршин суугч бус, төлөөлөгчгүй, салбаргүй байгууллага юм. Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсээс *** ХХК татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ***тоот татварын байцаагчийн акт тогтоосон. Манай компани энэхүү актыг хууль бусаар тогтоосон гэж үзэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд маргаан үүсгэж, эрх бүхий байгууллагууд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Учир нь, манай компанийн **** компанид үзүүлсэн үйлчилгээг, тус компанитай гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг Монгол Улсын компанид үзүүлсэн үйлчилгээ байна, Монгол Улсын компани экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна гэж дүгнэж, манай компанид нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн оногдуулсан.

Иймээс энэхүү татварын акттай холбоотой өөрийн компанийн байр суурийг илэрхийлж, шаардлагатай гэж үзсэн гэрээ, хэлцэл, төлбөр тооцооны баримт, бусад бичиг баримтыг танилцуулж, гомдол нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл хариуцагч тал болох ***дүүргийн Татварын хэлтсийн татварын байцаагч нар, мөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс Монгол Улсын *** ХХК-д холбогдуулан татвар төлүүлэхээр акт гаргасан атлаа ***-ын **** компани, Монгол Улсын *** ХХК-иудын үйл ажиллагаанд нэг талаас үнэлэлт дүгнэлт хийж, тэдгээр компаниудын дотоод хэрэгт оролцон тайлбар нотолгоог гаргуулахгүйгээр манай компанийг татварын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Энэхүү үйлдэл нь дээрх компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль зүйн зохих үр дагавартай үйлдэл гэж үзэх боломжтой болохыг анхааралдаа авна уу.

Иймд Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***, *** нараас *** ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтад шалгалт хийж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Татварын улсын байцаагчийн ***тоот актыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн илт хууль бус захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаад татварын албанаас нотлох баримт гаргуулсан. 3 удаагийн ярилцлагын тэмдэглэл байна. *** гэх байцаагч манай компанийн нягтлан бодогчтой ярилцлага хийж уулзсан. Татварын алба Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг хангаагүй. Мөн томилолтоор эрх олгогдоогүй байцаагч хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байх тул татварын актыг хууль ёсны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагчийн хариу тайлбарын тухайд нэхэмжлэгч компанийг гаалийн хяналтын бүсэд бараа буулгах бэлтгэх үйл ажиллагааг түрээсийн үйл ажиллагаа үзүүлэх гээд тайлбарлаад байна. Түрээсийн үйл ажиллагаа гэдэг бол өмчлөгчийн эд хөрөнгийг түрээслэгч нь өөрийнхөө мэдэлд авахыг хэлж байгаа юм. Гэтэл гаалийн байгууллагын талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гаалийн хяналтын талбайгаар үйлчлүүлж байгаа буюу бараа ажил үйлчилгээ экспортод гаргаж байгаа компани өөрийнхөө эзэмшилд болон өөрийнхөө мэдэлд байлгахгүй байна. Түрээсийн гэрээ гэдэг бол хадгалагч нь өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгөд хадгалуулагчийн бараа ажил үйлчилгээг хангах үйлчилгээний төв юм. Түүнээс түрээс биш. Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэдэг нь тухайн хөрөнгийн чанар байдал, өнгө дүрс, хэлбэр, овор хэмжээ байдлыг өөрчлөх, сайжруулах үйлчилгээг хэлнэ.

Нэхэмжлэгчийн үйлчилгээ бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын *** компаниас худалдаж авсан нүүрснээс өөрийн эх оронд үзүүлж байгаа үйлчилгээ юм. Их хэмжээний татвар ногдуулаад өөрийнхөө хууль бус асуудлыг зөвтгөхийн тулд түрээсийн гэрээ болон Улсын дээд шүүхийн тайлбарыг ашигтай байдлаар хэрэглэж байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль бус үйл ажиллагаа болохыг тогтоож хүчингүй болгуулах гэсэн хоёр шаардлага яригдсан. Агуулгын хувьд захиргааны акт гаргахад татварын албаны зүгээс хууль зөрчсөн асуудал гаргасан. Захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус захиргааны актын шинжид хамаарахгүй асуудал байна. Захиргааны ерөнхий хуульд илт хууль зөрчсөн гэдэг заалтад тооцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг анхныхаа хэлбэрт оруулсан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа хаана явагдсан мөн үйл ажиллагаанд талууд яаж оролцсон талаарх нөхцөл байдлыг тодорхойлох буюу яаж шийдвэрлэх талаарх заалтууд байгаа. Ерөнхий заалтуудын талаар талууд маргадаггүй. Нэхэмжлэгч компани татварын тайланг гаргахдаа анхан шатны баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн ба ямар нэгэн зөрчил байхгүй. Ганцхан татвараас 0 хувь оногдуулсан орлогыг ямар журмаар хэний орлого вэ? гэж үзэх асуудал байна.

Нэхэмжлэгч компанийн явуулж байгаа үйл ажиллагаа гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа байсан. Худалдан авагч нь гадаадын компани, худалдагч нь *** ХК юм. Бодит байдал дээр *** ХК нүүрс гаргаж байгаа. Татварын актыг нэхэмжлэгч компанийн санхүүгийн баримтад хийсэн Нэхэмжлэгч компани тус ажлаа яаж хийсэн бэ гэдэг асуудал юм.

*** ХХК-ийн *** юаны, ***төгрөгийн дансанд ***т /****/ компанийн нэрийн өмнөөс ***н ХХК, *** ХХК-иас шилжүүлсэн байна. ***т компани, ***н ХХК хоёр компани хоорондоо ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний заалтаар ***н ХХК нь ***т компанийн худалдаж авсан нүүрсийг нь гэрээний үндсэн дээр хил гаргаж худалдан авагчид хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулна гэж бичсэн байдаг.

Мөн ***т ХХК нь экспортод гаргаж байгаа нүүрсийг пүүлж ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс орж ирсэн мөнгөн орлогын тухайд гүйлгээ шууд орсон эсэх, дотоод компани руу орсон эсэхэд чанарын ялгаа байхгүй. Гэрээнд зааснаар үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг авч байна. Энэхүү төлбөр нь шууд татварын байгууллагын дүгнэлтэд дүгнэгдсэн. Худалдан авагч гадаадын компанид Монгол Улсад ямар нэгэн төлөөлөгч байхгүй. Монголын компанитай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаад үйлчилгээ үзүүлсэн. Байцаагчийн актаар НӨАТ тогтоох юм бол НӨАТ-ын тухай хуулийн заалт зөрчихөд хүрнэ. Манай компанийн тайлан хууль зөрчөөгүй, татвараас нуун дарагдуулаагүй. Шалгалтын явцад тогтоогдсон бодит баримт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Их хэмжээний хохирол учруулсан акт тул хүчингүй болгуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн *** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ***дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ***, *** бид Татварын хяналт шалгалтын тасгийн даргын ***тоот Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ын дагуу ***тоот регистрийн дугаартай, ***тоот улсын бүртгэлийн дугаартай *** ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ***дугаар татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. Татварын хяналт шалгалтаар 3,203,046,923.20 төгрөгийн зөрчилд 320,304,692.30 төгрөгийн нөхөн татвар, 804,039.80 төгрөгийн хүү, 147,589,466.70 төгрөгийн торгууль, 2,527,245.00 төгрөгийн алданги нийт 141,225,443.80 төгрөгийн төлбөр ногдуулсныг *** ХХК нь эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ***дугаар тогтоол гарган татварын улсын байцаагчийн ***дугаар актыг хэвээр үлдээсэн болно.

*** ХХК нь ***аймгийн ***сумын *** гэдэг газарт нүүрсний ачиж буулгах зориулалтаар тоноглогдсон гаалийн хяналтын бүс ажиллуулдаг. Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 44 дүгээр тушаалаар батлагдсан Гаалийн хяналтын бүсийн журам-ын дагуу Гаалийн хяналтын бүсийг Гашуун сухайт дахь гаалийн газрын даргатай байгуулан жил бүр сунгалт хийн ажиллаж ***-н уурхайгаас EX-WORKS буюу уурхайн ам нөхцөлөөр нүүрс худалдан авсан Монгол улсад бүртгэлгүй Англи улсын **** боон БНХАУ-ын *** хуулийн этгээдүүдтэй гаалийн хяналтын бүсийн үйлчилгээний гэрээ байгуулан тэдгээр компанийн экспортод гаргаж байгаа нүүрсийг пүүлж ачиж буулгах шилжүүлэн ачих, хадгалах үйлчилгээг өөрийн хөрөнгө, ажиллагсдаар гүйцэтгүүлэхээр ажил үйлчилгээг эрхэлдэг байна.

Татвар төлөгч нь НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд Албан татварын 0 хувь хэмжээг хэрэглэх талаар журамлан тогтоосон байдаг бөгөөд тус зүйлийн 12.1-д экспортод гаргасан бараа ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувьтай тэнцүү байх үйлчилгээнд 12.1.4-д заасанчлан үйлчилгээ үзүүлж буй Монгол улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээг /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж маргасан байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг, мөн 4.2 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно гэж заасан нь *** ХХК нь гаалийн хяналтын бүсэд тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдож байна. Мөн Гаалийн тухай хуулийн ***дүгээр зүйл 61.1 Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно, НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа гэж заасан байх боловч *** ХХК нь Английн **** ХХК-ийн нүүрсийг монгол улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн байгууллагад мэдүүлээгүй болно.

Татварын хяналт шалгалтын явцад *** ХХК нь *** ХХК-тай хийсэн гэрээг ирүүлээгүй бөгөөд Ангил улсын **** ХХК-тай байгуулсан гэрээг ирүүлсэн байна. Гэрээнд нэг талаас ***-ын **** компани /цаашид Үйлчлүүлэгч гэх нөгөө талаас Монгол улсын *** ХХК/ цаашид үйлчлэгч гэх нарын 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/12 дугаартай гэрээний 1.1 энэхүү гэрээний зорилго нь үйлчлүүлэгчийг Монгол улсын *** ХК-тай хамтран ажиллах үйл ажиллагаа эрхлэх зорилгыг дэмжиж, түүнийг хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлж Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдэх ажлуудыг Монгол компаниар хийлгэж, Монгол улсын хууль журмын дагуу нүүрс экспортлох үйл ажиллагааг гүйцэтгэхэд оршино гэж заасан нь гомдолд дурдсан экспортын үйл ажиллагааг *** ХХК гүйцэтгэдэг байна. НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.4 Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан заалтад хамаарахгүй болно. Мөн татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд *** ХХК нь гомдолд дурдагдсан гэрээний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувьтай тайлан илгээдэг байна.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл 17,2 нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий татварын улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэж заасныг үндэслэн ***дугаар татварын улсын байцаагчийн акт үйлдсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийхдээ татварын ерөнхий газрын даргын баталсан дүрэм, журмыг удирдлага болгон ажилласан. Дүрэм, журам нь хуулийн дагуу нийцэж гарсан. Татварын ерөнхий газрын даргын баталсан тушаал хууль зүйн яаманд эрх зүйн хэм хэмжээний актаар мөрдөгдөөд ирж байна. Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомж хоорондоо зөрчилдсөн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалтаар хуулийн зүйл заалтыг ашиглана гэсэн заалттай байдаг. Татвар нь бие даасан эрх зүй юм. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд анхан шатны баримтуудыг бүрдүүлж ирнэ гэж заасан. Энэ үүргийн дагуу гэрээнүүдийг үндэслэж гэрээнд үйлчилгээ үзүүлнэ гэсэн заалтууд байгаа учир *** компани үйлчилгээ үзүүлсний дагуу НӨАТ-ын тайлангаа оршин бус этгээдэд үйлчилсэн үйлчилгээнд чөлөөлөх орлого гэж тайлагнаж байна. Байцаагч нар тал бүрээс нягтлан хараад энэ актыг тавьсан.

Анхан шатны баримтуудыг харахад татвар төлөгч нь 2012 оноос 2016 оны хоорондох хугацааны санхүүгийн баримтыг үзэхэд 2016 онд 19,000,000 сая төгрөгийн татвар ногдох орлоготой, 2017 онд 40,000,000 сая төгрөгийн татвар ногдох орлоготой. Татвар төлөгч хяналт шалгалтын хугацаанд нийтдээ 5,000,0,00 сая гаруй төгрөгийн татвар төлсөн. 878,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байна. 878,000,000 сая алдагдалтай байхад яагаад үйл ажиллагаа явуулж байгаа вэ? гэдэг асуудал байна. *** ХХК болон нэхэмжлэгч компанийн хооронд тооцоо нийлсэн актуудыг үзэхэд дутуу харагдаж байна. Манайд тавигдсан актын зөрчил 3 тэрбум байдаг. Маш бага дүнгээр байгаа. Татвар төлөгчийн гэрээнүүдээр яагаад нэг захирал байгаад байдаг вэ? тэгсэн мөртлөө үйл ажиллагаа алдагдалтай гардаг. НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2 дах заалтуудаар ...0 хувь хэмжээтэй хэрэглэхгүй гээд хуулиар заагаад өгсөн. Энэ маргаанууд татварын албаар байнга шийдэгдэж байна. Хяналтын шатны шүүх шийдээд гараад ирсэн бодит маргаанууд байгаа.

...НӨАТ гэдэг бол тухайн компанийн төлөх гэж байгаа өр биш. Үйлчилгээ үзүүлээд борлуулалт хийсэн компани дээр НӨАТ-ыг авч буцаагаад төлнө. Энэ компани хохиролд ороод байгаа зүйл биш юм. Иймд актыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчээс анх ...татварын улсын байцаагч нарын 2400010832 тоот актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, тодруулсан.

Улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Г.**2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тодруулсан ... ***тоот актыг ...хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Шүүх ***ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дэмжиж байгаагаа илэрхийлсэн дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ***, *** нараас ***ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ***тоот актаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 18.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэж 3,203,046,923.20 төгрөгийн зөрчилд 320,304,692.30 төгрөгийн нөхөн татвар, 804,039.80 төгрөгийн хүү, 147,589,466.70 төгрөгийн торгууль, 2,527,245.00 төгрөгийн алданги ногдуулж, нийт 471,225,443.80 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ[2].

Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хэлэлцээд нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны ***дүгээр тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна[3].

 

Хариуцагч улсын байцаагч нараас хэрэгжүүлсэн татварын хяналт шалгалтын явцад ***ХХК нь Гашуунсухайт дахь Гаалийн газартай байгуулсан Гаалийн хяанлтын бүс, түр агуулах ажиллуулах тухай гэрээ-нүүдийн дагуу ***аймгийн Гашуунсухайт хилийн боомтын ***анд байрлах өөрийн эзэмшлийн 10 га газарт байрлах талбайг *** ХХК болон БНХАУ-ын *** компани[4], мөн ***/****/ компаниудад экспортлох нүүрсийг буулгах, хадгалах, шилжүүлэн ачих үйл ажиллагааны явц дахь гаалийн хяналтын бүсийн зорилгоор ашиглуулсан[5], уг үйлчилгээний төлбөр нь ****ХХК-тай 2009 онд байгуулсан *** тоот Ажил гүйцэтгэх гэрээ, *** тоот Зуучлал, хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу тус компаниас, мөн БНХАУ-ын *** компаниас төлөгдсөн үйл баримтууд тогтоогдсон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дээрх ***, тоот актыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нар нь хяналт шалгалтыг хийхдээ хууль тогтоомжоор тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй процессын алдаа гаргасан төдийгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зөвшөөрөл бүхий гаалийн хяналтын талбай нь гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаа болон үйл ажиллагаа нь гэрээгээр зохицуулагдаж байгааг харгалзаж үзээгүй, мөн үйлчилгээний орлого нь Монгол Улсын хуулийн этгээдээр дамжиж байгаагаас үл хамааран нэхэмжлэгчийн үйлчилгээ нь гадаадын хуулийн этгээдэд үзүүлсэн, экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн байхад уг үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэмжээг хэрэглэхгүй гэж үзсэн нь хууль бус гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор хэрэгжиж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтаар нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулах үйлчилгээнд хамаарахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

***ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2015 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд үзүүлсэн үйлчилгээний орлого нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулнагэж заасан, 2016 оны санхүүгийн жилд үзүүлсэн үйлчилгээний орлого нь 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 11 дүгээр зүйлийн 11.1-т Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулах үйлчилгээ байна. Учир нь:

2006 болон 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад Монгол Улсаас экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь/0/-тай тэнцүү байхаар заасны зэрэгцээ энэ хувь, хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ажил, үйлчилгээг нэрлэн тоочсоны дотор 2006 оны хуулийн 12.1.4-т Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж, 2015 оны хуулийн 12.1.4-т Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ багтахаар тус тус заасан байна.

Гэвч хууль тогтоогчоос 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 12.2-т Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй гэж тусгайлсан хязгаарлалтыг хуульчилжээ.

Хуулийн дээр дурьдсан зохицуулалтуудыг нэгтгэн үзвэл, экспортод гаргасан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийг албан татварын 0 хувь хэмжээ нь Монгол улсын иргэн, хуулийн этгээдээс гадаадын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ нь гадаад улсад борлуулагдсан буюу шууд экспортлогдсон тохиолдолд уг үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татвар нь тэг хувь/0/-тай тэнцүү гэж ойлгохоор байна.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн БНХАУ-ын *** компани болон ***/****/ компанид үзүүлсэн үйлчилгээ нь гадаад улсын хуулийн этгээдүүд(Монгол Улсад оршин суугч бус)-д үзүүлсэн үйлчилгээнд хамаарах боловч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор хэрэгжсэн байх тул уг үйлчилгээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад заасан 10 хувийн татвар ногдуулж, төлөх үйлчилгээнд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл, ***ХХК-ийн гадаадын хуулийн этгээдүүд/оршин суугч бус этгээд/-д үзүүлсэн гэх үйлчилгээ нь Монгол Улсын ***аймгийн ***Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 057 тоот захирамжаар ***ХХК-д эзэмшүүлэхээр олгосон тус сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байрлах 10га талбайд[6] хэрэгжиж байх тул энэхүү үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотой гэж үзэх ба тухайн үйлчилгээг Монгол Улсын газар нутгаас салгаж үзүүлэх боломжгүй байна.

 

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д гаалийн хяналтын бүсийг гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбай гэж тодорхойлсон болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр байрлаж буй нүүрс ачих буулгах талбай нь гаалийн нутаг дэвсгэрт тооцогдохоор байх боловч барааг гаалийн хяналтын бүсээр зөвхөн дамжуулсан нь барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан гэсэн утгыг илэрхийлэхгүй.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ, 39 дүгээр зүйлийн 39.1-д Барааг гаалийн хяналтад авсан үеэс гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах хүртэлх хугацаанд гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтгүйгээр түр агуулахад хадгална, 42 дугаар зүйлийн 42.2-т Гаалийн хяналтын бүсэд оруулсан бараанд гаалийн бүрдүүлэлтийн горим сонгоогүй бол 3 хоногийн дараа түр агуулахад шилжүүлнэ, ***дүгээр зүйлийн 61.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно, 118 дугаар зүйлийн 118.1-д Барааг улсын хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр хилийн чанадад бүрмөсөн гаргах горим дуусгавар болно гэж заасан болон нэхэмжлэгчээс гаалийн бүрдүүлэлтийн аливаа горим сонгосонтой холбоотой баримтыг гаргаж маргаагүйгээс тус тус үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйлчилгээг тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрээс гадна хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

 

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн-ийг, 2015 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 12.1.7-д ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн-ийг экспортолсон бол  албан татварын хувь тэг /"0"/ хувь хэмжээг хэрэглэхээр заасан боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн үзүүлсэн үйлчилгээ нь нэгдүгээрт, бүтээгдэхүүн биш, хоёрдугаарт нэхэмжлэгч нь экспортлох буюу бараа, ажил үйлчилгээг борлуулаагүй, харин экспортлох үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл болох гаалийн хяналтыг талбайд нүүрсийг буулгах, хадгалах, ачих, тээвэрлэх үйлчилгээ байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас үйлчилгээний орлого Монгол Улсын эсхүл гадаадын хуулийн этгээдээс төлөгдсөн эсэхээс үл хамааран нүүрс экспортлох цогц үйл ажиллагааны явцад үзүүлсэн үйлчилгээ тул экспортын үйлчилгээ гэж үзэх ёстой гэх агуулгаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Татварын улсын байцаагч ***, *** нар анх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ***тоот татварын хяналт шалгалт хийх томилолтыг олгосон байхад ***ХХК-ийн нягтлан бодогч Д.Б*******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл[7] нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр огноологдсон байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн томилолт олгогдоогүй этгээд ярилцлага хийсэн гэх тайлбар зөв байх боловч энэ нь огноог буруу бичсэн техникийн алдааны шинжтэй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.

Мөн хариуцагч нараас 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу олгогдсон томилолтын хугацаанд татварын улсын байцаагч *** нь мөн нягтлан бодогч Д.Б* ярилцлага хийж, тэмдэглэл үйлдсэн байх ба уг тэмдэглэлд ...манай захирал энэ зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Би тайлбар бичиж ирье[8] гэж тэмдэглэгдсэн байх тул хариуцагч нь өмнө гаргасан техникийн алдааг залруулжээ.

Иймд Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***, *** нарын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Татварын улсын байцаагчийн ***тоот акт нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ:, 17.1.1-т нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0.3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2-т нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах, Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. гэж заасанд тус тус нийцсэн акт байх тул ***ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 2015 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***ХХК-иас гаргасан Нийслэлийн ***дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч ***, *** нарын гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан Татварын улсын байцаагчийн ***тоот актыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалан, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ