| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2023/0878/З |
| Дугаар | 221/МА2025/0009 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0009
Н.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Г.Б, О.Э, С.Н, О.Г, Х.Б, С.Т, Д.А, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 889 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Б, О.Э, С.Н, О.Г, Х.Б, С.Т, Д.А, Н.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О
Нэхэмжлэгч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0878/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б, О.Э, С.Н, О.Г, Х.Б, С.Т, Д.А, Н.Б, Б.Ж нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б, С.Н, Б.Ж, Д.А, Г.Б, С.Т, О.Г, Б.Б, О.Э нарын гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүхийн 889 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-д “нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга тэдгээрийн газар зохион байгуулах албанаас нэхэмжлэгч нарт газар ашиглах зөвшөөрөл гаргаагүй гэрээ байгуулж гэрчилгээ олгоогүй бол дээрх заалтын дагуу иргэнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй байх хууль зүйн үр дагавартай болохыг иргэд мэдэх ёстой “ гэж дүгнэжээ.
Анх 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 65 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Б иргэн Б.Б-д 12 автомашины гарааш барих зориулалтаар 0,02 га газрыг олгосон юм. Улмаар Б.Б гараашаа бариад бид түүнээс худалдан авч өөрийн гэсэн өмчтэй болсон. Худалдан авсан цагаасаа хойш бид газрын төлбөрийг төлсөөр ирсэн юм. Тийм учраас Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгоогүй гэж үзэхгүй байна.
Нөгөөтээгүүр энэ газрыг ашигласны төлбөр гэж Сүхбаатар дүүргийн газрын алба 18 жил газрын төлбөрийг биднээс авч явсныг шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч нар зөвшөөрсөн юм. Дээр нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн 08/193 дугаартай албан бичгээр биднээс газрын төлбөр хураан авч байсан нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба биднээс 18 жилийн хугацаанд газар эзэмшсэний төлбөр авсаар ирсэн нь бидний хооронд газар эзэмших, ашиглах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
Ийм нөхцөл байдлуудын үндсэн дээр Н.Б нарын нэр бүхий 9 иргэн бид хууль журмын дагуу эзэмшиж байгаа гэж үзэж байгаа болно. Тийм учраас шүүхийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Шүүхийн 889 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.20-д “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 65 дугаар захирамж нь Б.Б гэгч рүү чиглэж гарсан тул энэхүү захирамжаар Б.Б нарт газар эзэмших эрх хадгалагдаж байгаа гэж дүгнэх эрх зүйн боломж байхгүй юм” гэжээ.
Үнэхээр энэ газрын эзэмших эрх Б.Б гэгчид үүссэн гэж үзээд байгаа юм бол яагаад Сүхбаатар дүүрэг түүний Газар зохион байгуулалтын албан бүхэл бүтэн 18 жил газар ашигласны төлбөрийг Б.Б-аас биш харин Н.Б нарын нэр бүхий иргэдээс аваад төсөвтөө оруулаад байсан юм бэ? гэдэг асуултад хариулах шаардлага үүснэ. Энд хариуцагчийн төлөөлөгчид ямар нэгэн үндэслэл бүхий хариултыг хэлж чадаагүй бөгөөд шүүхийн энэ дүгнэлт үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 65 дугаартай гарааш барих газар олгох захирамж хүчингүй болоогүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаартай гараашийг нураах захирамж гаргаж байгаа нь захиргааны актын үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.
3.3. 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 65 дугаартай захирамжаар зөвшөөрөл олгосноос хойш даруй 24 жилийн хугацаа өнгөрсөн байхад өнөөдөр гэнэт Сүхбаатар дүүрэг биднийг хууль зөрчиж газар эзэмшсэн гэсэн шийдвэр гаргаж байгаа юм байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахад хөөн хэлэлцэх хугацаа гэж яагаад байдаггүй юм бэ? Сүхбаатар дүүрэг биднийг хууль зөрчиж газар эзэмшиж байсан гэж үзэж байгаа юм бол яагаад анхнаасаа газар чөлөөлөх шаардлагаа гаргахгүйгээр чимээгүй 18 жил биднээс мөнгө аваад яваад байсан юм бэ? Энд хэн нэгэн нь аль эсвэл ямар нэгэн байгууллага хуулийн хариуцлага хүлээхгүй гэж үү? Бидэнд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй гэж үү?
Иймд Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 889 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Н.Б, С.Н, Б.Ж, Д.А, Г.Б, С.Т, О.Г, Х.Б, О.Э нар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.
2.2. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/237 дугаар захирамжаар дүүргийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй байгаа тус дүүргийн * дугаар хороо ** дугаар байрны зүүн хойд талд байрлах 26 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчлийг арилган, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
2.3. Нэхэмжлэгч нарын хувьд “анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Б-д 12 ширхэг автомашины гарааш барих зориулалтаар 0.02 га газрыг олгосон. Улмаар Б.Б гараашийг бариад бид түүнээс худалдан авч өөрийн гэсэн өмчтэй болсон. Худалдан авсан цагаасаа хойш бид газрын төлбөрийг төлсөөр ирсэн” гэж тайлбарлан маргах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар иргэн Б.Б Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаар захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ авч газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2.4. Түүнчлэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-д “"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэгэнт нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авахаар холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй байгаа энэ тохиолдолд дүүргийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн хүрэлцээ, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд газар чөлөөлсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хууль ёсны эрх хуулиар хамгаалагдах учиртай.
2.5. Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэгэнт захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нөхөн олговор олгох асуудалтай холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.6. Мөн маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй гэх боловч сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд хариуцагчаас газар чөлөөлөх талаар мэдэгдлийг байрлуулсан төдийгүй уг гараашнуудын доорх газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаагүй нэхэмжлэгч нарт сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж буруутгахааргүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН