Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ж.Нгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00803 дугаар шийдвэртэй

Ж.Нгийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Засаг даргад холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7 516 262 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, хоолны үнэ 249 700 төгрөг, нийт 10 765 962 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Ж.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Ж.Н миний бие Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байгаад 2016.07.27-ны өдөр хууль бусаар ажлаасаа халагдсан учраас тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “гомдлын хариу” б/1983 дугаар албан бичгийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдохоор  шийдвэрлэгдсэн. Иймд өнөөдрийг  хүртэл 12 сар ажилгүй байсан учраас ажилгүй байх хугацааны  цалин 7 516 262 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, 2 хүний 4 өдрийн хоолны зардал 249 700 төгрөг, нийт 10 765 962 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү. Мөн 2016.07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ж.Н нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус аймгийн Хөгжимт драмын театрын  даргын албан тушаалд түр томилогдож, аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар Хөгжимт драмын театрын даргаар жинхлэн томилогдсон. Аймгийн Засаг дарга Ж.Нг 2016.06 дугаар сард Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо Авилгатай тэмцэх газраар хувийн  ашиг сонирхлын  мэдүүлгийг нь хянуулаагүй, тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй байдаг. Аймгийн Засаг дарга нь орон нутагтаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй атал хууль зөрчсөн  томилгоо  хийсэн байгаа юм. Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа уран сайхны удирдаачийн ажилд томилогдсон байдаг.  Гэтэл өөрөө уг ажлыг хийхгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг маргаанаас үүдэлтэйгээр 3 000 000 төгрөгийн хөлс өмгөөлөгчид төлсөн гэсэн. Ж.Нд өмгөөлөгч авах эсэх эрх өөрт нь байгаа. Гэтэл зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлгээтэй өмгөөлөгч авсан нь энэ хэрэгтэй хамааралгүй. Иймд өмгөөлөгчийн хөлстэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2 хүний 4 өдрийн хоолны зардал нийт 249 700 төгрөг гэсэн байсан. Хоолны зардалтай холбоотой нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд 40 000 төгрөгийн үнэтэй 2 хоолны тасалбар байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00803 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 7 516 269 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 149 700 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 07 дугаар сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 150 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 135 210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Угийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00803 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Н нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байгаад 2016.07.27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, 2017.08.30-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Ж.Н дээрх хугацааны цалин хөлсөө аваагүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэн 2017.08.30-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтад үндэслэсэн шүүхийн шийдвэр болсонгүй. Хавтаст хэрэгт Ж.Нгийн цалингийн тодорхойлолтыг Хөгжимт драмын театрын нягтлан бодогч гаргаж өгсөн баримт байгаа боловч тэр цалинг Ж.Н аваагүй гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: Аймгийн Засаг дарга нь төрийг төлөөлж байгаа ба аймгийн Засаг даргын тамгын газар нь төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болон хэрэгсэхгүй болгосон хэмжээг шийдвэрийн тогтоох хэсэгт ташаа бичсэн, улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2016.08.01-ний өдрөөс 2017.08.30-ны өдрийг хүртэл 13 сарын цалинтай тэнцэх олговорт 7 516 262 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, замын зардал 187 200 төгрөг, буудлын хөлс 250 000 төгрөг, хоолны үнэ 249 700 төгрөг, нийт 11 203 162 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж замын зардал, буудлын хөлс гаргуулах болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай шаардлагаас татгалзаж, 10 765 962 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ж.Нг Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Н 2016.07.27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь дээрх магадлал /хх-23/, тогтоолоор /хх-31/ тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Дээрх шийдвэр 2017.08.30-ны өдөр биелэгдсэн талаархи нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар хариуцагч тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд анхан шатны шүүх 2016.08.01-ний өдрөөс 2017.08.30-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогч талаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 516 262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба энэ нь Архангай аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогч Э.Шүрэнцэцэгийн гаргаж өгсөн Ж.Нгийн цалингийн хүснэгтээр нотлогдсон байхад шийдвэрт 7 516 269 гэж, шийдвэрийн үндэслэх хэсэгт өмгөөллийн үйлчилгээний хөлс 3 000 000 төгрөг, хоолны үнэ 249 700 төгрөг, нийт 3 249 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт 3 149 700 гэж тус тус ташаа бичсэн, мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 14 950 төгрөг илүү төлснийг буцааж олгоогүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 516 269” гэснийг “7 516 262” гэж, “3 149 700” гэснийг “3 249 700” гэж, 3 дахь заалтын “209 150 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж” гэснийг “209 150 төгрөгөөс 194 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14 950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДАВААСҮРЭН

        ШҮҮГЧИД                                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                         Д.БЯМБАСҮРЭН