Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 47

 

             Р.Э-т  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    Э.Б

Яллагдагч Р.Э

Нарийн бичгийн дарга Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцлийг үндэслэн Р.Эт холбогдох 1812004620288 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Р.Э 

 

Яллагдагч Р.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн ,,,тоотод өөрийн хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий иргэн Г.Г-ийн бие махбодид халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Р.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжаар:

Яллагдагч Р.Эт холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 414 тоот дүгнэлт, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1812004620288 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зэргийг яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 31.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах боломжгүй байна. 

Мөн хэргийн 34 дүгээр хуудсанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэн хувийн баталгаа гаргаж байгаа нь бичигдээгүй хуудсыг хавсаргасан, 2019 оны 04 дүгээр сарын хэдэнд бичсэн нь тодорхойгүй 23 тоот мэдэгдэх хуудас, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 тоот мэдэгдэх хуудас зэргийг хэнд хүргүүлсэн талаар тэмдэглэл хийгдээгүй байхад 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг албадан ирүүлэх тухай захирамжийг гаргуулсан нь үндэслэл муутай байна. 

Иймд яллагдагч Р.Эт шинжээчийн дүгнэлт, хэргийн материал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зэргийг бүрэн танилцуулж, яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр яллагдагч Р.Эт холбогдох 1812004620288 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гээд

Яллагдагч Р.Эт холбогдох 1812004620288  дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Р.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/694 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Р.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн ,,,, тоотод өөрийн хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий иргэн Г.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Р.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Р.Эт холбогдох хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:

Яллагдагч Р.Эт холбогдох эрүүгийн хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 414 тоот дүгнэлт, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1812004620288 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол зэргийг яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 31.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах боломжгүй байна. 

Мөн хэргийн 34 дүгээр хуудсанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэн хувийн баталгаа гаргаж байгаа нь бичигдээгүй хуудсыг хавсаргасан, 2019 оны 04 дүгээр сарын хэдэнд бичсэн нь тодорхойгүй 23 тоот мэдэгдэх хуудас, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 тоот мэдэгдэх хуудас зэргийг хэнд хүргүүлсэн талаар тэмдэглэл хийгдээгүй байхад 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг албадан ирүүлэх тухай захирамжийг гаргуулсан нь үндэслэл муутай байна. 

Иймд яллагдагч Р.Эт шинжээчийн дүгнэлт, хэргийн материал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татах тогтоол зэргийг  бүрэн танилцуулж, яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулах зэрэг  ажиллагааг хийлгэхээр яллагдагч Р.Эт холбогдох 1812004620288 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорт буцаах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:1. Яллагдагч Р.Эт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 414 дугаартай дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 1812004620288  дугаартай тогтоолуудыг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Э танилцуулсан боловч яллагдагч Р.Э нь гарын үсэг зурахаас  татгалзсан тул мөрдөгч энэ талаар тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд яллагдагч Р.Эоор  гарын үсэг зуруулсан,

2. Тус прокуроын газраас яллагдагч Р.Эт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 68 тоот дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгч танилцуулсан боловч прокурорын дуудан ирүүлэх хуудсыг хүлээн  авахгүй, гарын үсэг зурахгүй байсан тул дээрх байдлыг тус прокурорын газрын туслах ажилтан Ц.П дүрс бичлэг хийж баталгаажуулсан.  Улмаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 03 дугаартай яллагдагчийг албадан ирүүлэх тухай прокурорын хүсэлтийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны  шүүхэд хүргүүлж, мөн шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/651 дугаартай яллагдагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн, 

3. Яллагдагч Р.Э нь албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг гардан аваад тус прокурорын газрын уулзалтын өрөөнд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 10 минутанд хүрэлцэн ирсэн боловч мөн прокурорын яллах дүгнэлттэй танилцахгүй, хүлээн авахгүй гэсэн тайлбар хэлж, гардан авахаас татгалзсан тул тус прокурорын газрын туслах ажилтан Ц.П энэ талаар тэмдэглэл үйлдэж, дүрс бичлэг хийж баталгаажуулан хавтаст хэрэгт бичлэг болон тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, 

4. Яллагдагч Р.Э нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутанд прокурорын газарт ирж, прокурорын яллах дүгнэлттэй танилцаж, хүлээн авах хүсэлт  гаргасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг хөндлөнгийн гэрч цагдаагийн ахмад С, шүүхийн харуул цагдаа, ахлагч Д.Г нарыг байлцуулан нэн даруй гардуулахад яллах дүгнэлтийг хүлээн авч, уншиж танилцсан боловч яллах дүгнэлт гардуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан тул прокурор энэ талаар тэмдэглэл үйлдэж,  хэрэгт хавсаргасан зэргээр  хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулиар хориглоогүй  бүхий л арга хэрэгслээр  гүйцэтгэж, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр  хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Яллагдагч Р.Эт холбогдох 1812004620288 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон бөгөөд мөрдөн байцаалтыг хуульд  заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байхад анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, улмаар тухайн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, яллагдагч ял завших нөхцөлийг бүрдүүлсэн илт үндэслэлгүй шийдвэр гаргажээ. 

 

Иймд Р.Эт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/694 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Тус прокурорын газраас яллагдагч Р.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулсан. Р.Эыг яллагдагчаар татсан мэдүүлэгт гарын үсэг зурахгүй гэсэн тэмдэглэл хүртэл бичсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхээс прокурорын хяналтанд ирүүлсэн бөгөөд прокурорын яллах дүгнэлтийг гардуулах гэтэл яллагдагч дуудсан цагт ирдэггүй, утсаар ярихаар “би хэрэг хийгээгүй, та нар худлаа ярьж байна” гэх шалтгаанаар ирээгүй. Албан ёсоор дуудах хуудас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр явуулсан боловч хүлээж аваагүй. Энэ талаар прокурорын газрын ажилчин бичлэг хийж нотлох баримтаар хавсаргасан байгаа. Мөн яллагдагч 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрөө ирээд “яллах дүгнэлтээ авья” гэж хэлээд танилцсан боловч мэдүүлэг, тэмдэглэл хоёр дээр гарын үсэг зурахгүй гээд мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан байдаг. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжаар яллах дүгнэлт гардуулаагүй, яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зуруулаагүй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байдаг. Р.Эт удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн прокурорын яллах дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурдаггүй хүндрэлүүд гарч байсан учир энэ үйлдлүүдийг бичлэг хийж хэргийн материалд хавсаргаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн 694 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүх рүү шилжүүлж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Э.Б-ий бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргийг яллагдагч Р.Эт мөрдөн байцаалтын шатанд танилцуулсан байх бөгөөд яллагдагч нь танилцахгүй, гарын үсэг зурахгүй гэх мэт тайлбар хэлж, улмаар тайлбараа баталгаажуулан гарын үсэг зурж байсан болох нь тогтоогдож байна. 

 

 Мөн  2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан ба өөрийн гарын үсэг биш талаар гомдол гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт...яллагдагчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

Яллагдагч Р.Эт 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр прокурорын 27 дугаартай яллах дүгнэлтийг танилцуулсан болох нь прокурорын болон туслах ажилтны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас, гарын үсэг зурахаас татгалзсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл яллагдагч Р.Эт холбогдох хэрэгт прокурор нь яллах дүгнэлтийг яллагдагчид танилцуулах, гардуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй биш, харин шүүгдэгч яллах дүгнэлттэй танилцсан атлаа гардан авахаас болон гарын үсэг зурахаас татгалзсан нь яллагдагч өөрийн үүргээ биелүүлээгүй, улмаар хуульд заасан хүсэлт, гомдол гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.  

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Р.Эын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 694 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Р.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Т.ДАВААСҮРЭН

                                                                    ШҮҮГЧИД               Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ