Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0667

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0667

Улаанбаатар хот

 

Иргэн Д.Батсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэцогт нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Батсайханы нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Батсайханыг Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэхийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Батсайханд олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн давж заалдах гомдолдоо: “1. Д.Батсайхан нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтад ... санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж заасан шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Эрдэнэбулган суманд оршин суух бүртгэлээ 2016 оны 08 сарын 19-ний өдөр хийлгэсэн нь санал авахаас 180-аас доошгүй хоногийн өмнө байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байна гэсэн Сонгуулийн хуулийн заалтыг хангахгүй байна.

2. Иргэн Д.Батсайхан нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэсэн хуулийн заалтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 19-нд албан ёсны бүртгэлээ хийлгэж, Эрдэнэбулган суманд шилжин ирсэн нь нотлогдож байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 11.8 дахь заалтыг анхаарч үзэлгүй оршин суугаа газар нь Эрдэнэбулган сум гэсэн үндэслэлээр шийдвэр гаргасан нь Иргэний бүртгэлийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай зөрчилдөж байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар тухайн орон нутагт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлээгүй иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй Д.Батсайханыг нэр дэвшигчээр бүртгэх эрх сонгуулийн хорооны гишүүд хуулиар олгогдоогүй.

Энэ утгаараа Сонгуулийн хорооны гишүүд хуралдаж гишүүдийн олонхийн саналаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай”, мөн өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолыг гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан нь хуулийн дагуу гарсан шийдвэр юм.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 11.8 заалтад заасан байнгын оршин суугчаар бүртгүүлсэн гэсэн гол заалтыг анхааралгүй, зөвхөн оршин суугаа газар нь гэдэг утгаар дээрх хуулийн үндэслэлүүдийг бүрэн гүйцэд харгалзан үзэлгүйгээр шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь буруу байна.

Иймд, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, ... иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй байхаар заасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс сумын Сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн нэр дэвшигчийн материалд хавсаргасан баримт болон Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/005383 дугаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар нэр дэвшигч Д.Батсайхан нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумд 2016 оны 08 дугаар сарын 19-нд албан ёсоор шилжиж ирсэн нь тогтоогджээ.

Тиймээс нэр дэвшигч Д.Батсайханыг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 /нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй/-т зааснаар түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариуцагч төрийн захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 /“улсын бүртгэлд бүртгэсэн” гэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэсэн, иргэний бүртгэлийн дугаар олгосон байхыг/ дахь заалтаас харвал нэр дэвшигч Д.Батсайханыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс буюу шилжилтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үеэс эхлэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын байнгын оршин суугч болсон гэж үзэх бөгөөд тийнхүү бүртгэгдэхээс өмнө түүний тухайн орон нутагт амьдарч байсныг Сонгуулийн тухай хуульд заасан тасралтгүй оршин суусан байх шаардлагыг хангасан гэх үндэслэл болохооргүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, маргааны үйл баримттай холбоотой нарийвчлан зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн заалтыг хэрэглэлгүй, Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “гол төлөв амьдран суудаг газрыг түүний оршин сугаа газар гэж тодорхойлсон” гэх заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батсайханы “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, миний биеийг нэр дэвшигчээр бүртгэхийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд даалгах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР