Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0236/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Заяа,

Улсын яллагч Д.Ч,

Шүүгдэгч У.О, түүний өмгөөлөгч Х.Биязхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн У-ийн О-д холбогдох эрүүгийн 2239000000345 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч У.О нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Тэнхлэг” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим өөрийн үхэрт нийлсэн тус багийн харьяат хохирогч Д.Т-ын эзэмшлийн хар зүсмийн 1 тооны эр үхрийг ганцаараа хулгайлж махлан зарж, түүнд 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч У.О:

... Яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Миний буруу гэмшиж байна. Хохирлыг дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000345 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч У.О нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Тэнхлэг” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим өөрийн үхэрт нийлсэн тус багийн харьяат хохирогч Д.Т-ын эзэмшлийн хар зүсмийн 1 тооны эр үхрийг ганцаараа хулгайлж махлан зарж, түүнд 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/

“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-314 дугаартай: “...1 тооны хар бүдүүн эр үхрийн тохируулга хийгдсэн үнэлгээ 1.920.000...” гэх үнэлгээний тайлан /хх-н 35-37 дугаар хуудас/,

хохирогч Д.Т-ын ...2022 оны 08 дугаар сарын 21-ний орой би Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг дунд жаргалант гэх газарт хадлангаа авч байхад орой миний төрсөн ээж Цэвэлмаа нь над руу залгаад үхрээ бүртгэсэн чинь чиний хар эр үхэр чинь үхэртэйгээ цуг ирсэнгүй гэж хэлсэн...тэгсэн хэсгийн төлөөлөгч дуудаад 2022 оны 08 дугаар сарын 22-нд 3 дугаар багийн иргэн У овогтой О нь 1 тооны хар үхэр ажиллаад Улаанбаатар хот руу явсан байна чи ирээд нэг зураг хараадхаач гэж хэлсэн тэгээд зургийг нь хартал миний өөрийн эзэмшлийн ганцхан ширхэг байдаг хар эр үхрийн зураг мөн байсан. Миний өөрийн малын А дансанд 66 үхэр байгаа тэр дунд ганцхан хар эр үхэр байсан тэрийг У.О нь ажиллаад хот руу зарсан байна... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч А.Амарбаясгалангийн ...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос хүн аваад Өмнөдэлгэр сум руу гарах гэж байхад Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн иргэн У овогтой О нь залгаад дүү хаана байна маргааш ах нь нэг үхэр ачиж хот явах гэсэн юм...тэгээд О ах залгаад хөдөө гэрт маань хүрээд ирэх үү хөдөө гэртээ ажилцан байна гэж хэлсэн тэгээд 3 дугаар баг Тэнхлэг гэх газар яваад очиход илүү гэртээ нэг үхэр ажилсан сэврээсэн байсан тэгээд махаа машиндаа ачаад миний гар утсан дээр тухайн хар эр үхрийн толгой арьсыг газар тавьж байгаад зургийг нь дараад Өмнөдэлгэр суманд ирээд Ганбат эмчийн мал эмнэлгээс малын ариун цэврийн бичиг аваад баталгаажуулаад Улаанбаатар хотод ирээд дэнжийн мянга зах дээр ирээд О ах үхрээ ченжид өгсөн тухайн үхэр нь 200 гаран кг болсон гэж өөрөө хэлсэн тэгээд миний хаан банкны 5021437053 тоот дансанд 2 сая 90.000 мянган төгрөг ороод би мөнгийг нь бэлнээр авч өгөөд зардлын мөнгө 130.000 мянган төгрөгөө аваад О ахыг буулгаад би гэр лүүгээ харьсан...тухайн үхрийг бол хулгайн үхэр гэж мэдээгүй гэгээн цагаан өдрөөр сумын төвөөр орж малын бичиг аваад байхаар нь юм бодоогүй... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

А.Амарбаясгалангийн Хаан банк дахь 5021437053 дугаартай харилцах дансны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орлого, зарлагын хуулга /хх-ийн 57 дугаар хуудас/,

 гэрч Ц.Ганбатын ...2022 оны 08 дугаар сарын 22-нд Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн иргэн У овогтой О нь хот хооронд явдаг улаан Баясаа гэх залуутай 66-82 УБД улсын дугаартай автомашинтай ирээд 200 кг-тай хар эр үхрийн бичиг авсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч О.Оюуны ...Үхэрийг нь ачих гэж улаан Баясаа гэх залуу очиж аваад хот руу явсан гэж ярьж байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/, 

яллагдагч У.О-ы ...Тэгэхэд нэг хар өнгийн ямар нэгэн имгүй үхэр манай үнээг дагаад бухсаад яваад байхаар нь тэр үхрийг би ганцаараа гэрийн гадаа нядалсан. Амарбаясгалан гэх хот хооронд явдаг залууг ирэхээр нь гар утсан дээр нь ажилласан хар үхрийнхээ толгойны зургийг дараад жалганд толгойг аваачиж хаяад, эргэж ирж Амарбаясгалангийн цагаан өнгийн Эстима маркийн 66-82 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд махаа ачсан, сумын малын эмч Ганбатаас гарал үүслийн гэрчилгээ аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд дэнжийн мянга зах дээр очоод нэг танихгүй ченжид махаа өгсөн 225 кг болсон, 2090000 төгрөг болсон. Тухайн үед би өөрөө утасгүй явж байсан учраас мөнгөө жолооч Амарбаясгалангийн данс руу хийлгэж аваад 130.000 төгрөг Амарбаясгаланд өгсөн... /хх-ийн 82-83 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүгдэгч У.О нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Тэнхлэг гэх газраас Хэргийн үйл баримтын хувьд 2022 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Д.Т-ын эзэмшлийн хар зүсмийн нэг тонн үхрийг ганцаараа хулгайлан махалж зарж Д.Т-д 1 920 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч Д.Т-ын мэдүүлэг, гэрч Амарбаясгалангийн мэдүүлэг, гэрч Ганбатын мэдүүлэг, гэрч Оюуны мэдүүлэг, Амарбаясгалангийн хаан банкны 5021437053 дугаартай дансны орлого, зарлагын хуулга, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт, нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас Д.Т-д нэг үхэр буюу 1 920 000 төгрөгийн хохирол учирсан. Д.Т нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр илэрхийлж, хэрэгт нэхэмжлэл гаргаагүй тул  шүүгдэгч У.О-ыг төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:

...Шүүгдэгч У.О-ы хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлд ямар нэгэн маргаангүй. Хохирогч Д.Т-ын хохирлыг бүрэн барагдуулсан. Д.Т нь хавтаст хэрэгт хохирол бүрэн барагдуулсан болон У.О-д холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх талаар хүсэлтэд тусгасан. Тийм учраас гэм буруугийн ямар нэгэн маргаангүй байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.О:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.  

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч У.О-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч У.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

Шүүгдэгч У.О-ы холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан зааж хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Үүнээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддаг болохыг дурдах нь зүйтэй.

“Хулгайлах” гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн үндсэн, энэ гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж үйлдсэн бол”, “бүлэглэж үйлдсэн бол”, “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол”, “машин механизм ашиглаж үйлдсэн бол”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол”, “гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан бол” гэсэн гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд дээрх гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол төгссөн гэмт хэрэг юм.

Яллагдагч У.О-ы ...Тэгэхэд нэг хар өнгийн ямар нэгэн имгүй үхэр манай үнээг дагаад бухсаад яваад байхаар нь тэр үхрийг би ганцаараа гэрийн гадаа нядалсан... гэх /хх-ийн 82-83 дугаар хуудас/ мэдүүлэг, хохирогч Д.Т-ын ...хэсгийн төлөөлөгч дуудаад 2022 оны 08 дугаар сарын 22-нд 3 дугаар багийн иргэн У овогтой Онь 1 тооны хар үхэр ажиллаад Улаанбаатар хот руу явсан байна... гэх /хх-ийн 7-8 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч А.Амарбаясгалангийн ...3 дугаар баг Тэнхлэг гэх газар яваад очиход илүү гэртээ нэг үхэр ажилсан сэврээсэн байсан тэгээд махаа машиндаа ачаад миний гар утсан дээр тухайн хар эр үхрийн толгой арьсыг газар тавьж байгаад зургийг нь дараад Өмнөдэлгэр суманд ирээд Ганбат эмчийн мал эмнэлгээс малын ариун цэврийн бичиг аваад баталгаажуулаад Улаанбаатар хотод ирээд дэнжийн мянга зах дээр ирээд О ах үхрээ ченжид өгсөн тухайн үхэр нь 200 гаран кг болсон гэж өөрөө хэлсэн тэгээд миний хаан банкны 5021437053 тоот дансанд 2 сая 90.000 мянган төгрөг ороод... гэх /хх-ийн 11-12 дугаар хуудас/ мэдүүлгээр тус тус тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Тэрээр шүүгдэгчийн бусдын малыг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, бусдад мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшилд оруулж, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготойгоор үйлдэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Д.Т-д 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/, төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн шүүгдэгчийн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан гэмт хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч У.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У.О-ы гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч хохирогч Д.Т-д 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч У.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн болох нь хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Т-ын хүсэлт, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьж тэмдэглэл үйлдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч У.О-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Д.Ч:

...Шүүгдэгч У.О-ы үйлдсэн гэмт хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.О нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй байна...

...Шүүгдэгч У.О нь хохирогчийн хохирлыг барагдуулсан гэж байгаа боловч тэнсэх эрх хэмжээний асуудал нь шүүхийн шийдвэрлэх асуудал. Хуулинд заасны дагуу 6 сараас дээш хорих ялын саналтай байдаг. Би 3 жил хорих ял оногдуулах саналаа дэмжиж байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн, өмчлөх эрхээс зөрчигдсөн мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Өмнөх саналаа дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан:

...Миний үйлчлүүлэгч У.О-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байгаа. У.О үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан. Улсын яллагчаас санал болгосон ялыг эдлүүлэх боломжгүй...

...Шүүгдэгчид ял оногдуулахгүй, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан хүнд хорих ял оногдуулахгүйгээр оногдуулсан ялыг тэнсэж болно гэж хуульд заасан. Прокуророос санал болгож байгаа 3 жилийн ялыг 3 сарын хугацаанд тэнсэх саналтай байна.... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч У.О:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Тухайлбал шүүх шүүгдэгч У.О-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000345 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

       37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

   тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн У-ийн О-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн У-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн У-ийн О-д эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Тэнхлэг”, өвөлжөөний газар болох “Энгэр булаг” гэх газруудаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдад очихыг хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, шилжин явах, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн У-ийн О-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч Б овгийн У-ийн О-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн 2239000000345 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн У-ийн О энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн У-ийн О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн У-ийн О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН