Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0261/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Н,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т холбогдох эрүүгийн 2239003920434 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Холбогдсон хэргийн талаар:

                                     /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т165-04 тоотод байрлах өөрийн гэртээ “утсаа үзүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Н-тэй маргалдаж улмаар хоёр гарын шуу хэсгээс нь базаж, хоолойг нь багалзуурдаж, үсдэж чирэн, гар хэсэгт нь өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь баруун бугалганы дотор дунд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шууны дотор дээд, дунд хэсгүүд, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн чихний ар хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.Г:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 223900392434 дугаартай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Т165-04 тоотод байрлах өөрийн гэртээ “утсаа үзүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Н-тэй маргалдаж улмаар хоёр гарын шуу хэсгээс нь базаж, хоолойг нь багалзуурдаж, үсдэж чирэн, гар хэсэгт нь өшиглөн зодож түүний эрүүл мэндэд нь баруун бугалганы дотор дунд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шууны дотор дээд, дунд хэсгүүд, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн чихний ар хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, 

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 680 дугаартай ...Б.Н-ийн биед баруун бугалганы дотор дунд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шууны дотор дээд, дунд хэсгүүд, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн чихний ар хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/,

хохирогч Б.Н-ийн ...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөр маань ажилдаа явлаа гээд явсан. Ингээд орой нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд миний цэнэглэж байсан утсыг авахаар нь би утсаа авья гэж хэлэхэд нөхөр маань миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд нөхөр маань надад хандан “чи урьд өмнө тэрэнтэй тэгж харьцаж байсан” гээд хардаж анх хэрүүл, маргаан үүссэн. Тэгээд нөхөр маань намайг түлхэж, 2 гарын шуу хэсгээс базаж татсан, бас миний хоолойг багалзуурдаж, үсдэж чирсэн. Тэгээд орон дээр сууж байтал хөлөөрөө гар хэсэг рүү жийж, өшиглөж газар унагаасан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалахын тулд гар утасны цэнэглэгч байхаар нь гуядсан. ...Миний хоёр гарын шуу, бугалга хэсэг, баруун хөлийн гуяын дээд хэсэгт хөхрөлт үүссэн байсан. ...Би тухайн үед нөхөртөө гомдсон байсан учраас түүнийг урьд 2-3 удаа цохиж, зодож байсан талаар хэлсэн. Тухайн үед Ц.Г нь намайг 2-3 удаа цохиж, зодоогүй. Тийм асуудал огт байхгүй. Ц.Г нь миний биед гар хүрч байгаагүй. Харин 2-3 удаа гэр бүл болсон хойно хэрэлдэж, маргалдах зүйл бол байсан. Дээрх асуудал 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед болсон... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Г-ын ...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т164-04 тоотод эхнэр Б.Н-тэй хэрүүл маргаан үүсгэж, цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.Г-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

 ...Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Г:

...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ц.Г маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, яллах дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Ц.Г-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Тус гэмт хэрэг нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуулийн нэр томьёоных нь хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;

хэлбэрийнх нь хувьд 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн байдлаар тус тус ойлгож хэрэглэхээр зааж өгсөн.

 

Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийн эсрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрүүдийн аль нэг хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бол гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тухайлбал шүүгдэгч Ц.Г эхнэр Б.Н-ийн биед хүч хэрэглэн халдаж, түүний хоолойг багалзуурдаж, цохиж зодож хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун бугалганы дотор дунд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шууны дотор дээд, дунд хэсгүүд, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн чихний ар хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Г-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ийн биед баруун бугалганы дотор дунд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шууны дотор дээд, дунд хэсгүүд, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн бугалга, зүүн шуу, зүүн чихний ар хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч Б.Н шүүгдэгч Ц.Г-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Н-ийн ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлт, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаарх шүүхийн мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Н:

...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй ба яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Ц.Г-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Г:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын буюу ял шийтгэлийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Г-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч Ц.Г-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус байгаа эсэхийг тогтоох шаардлагагүй.

 

Зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймээс шүүгдэгч Ц.Г-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж,

шүүхээс оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүгдэгч Ц.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  

шүүгдэгч Ц.Г-т шүүхээс оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 120 /нэг зуун хорь/ хоног буюу 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 223900392434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

6. Эрүүгийн 223900392434 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Ц-ы Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН