| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-Агийн Ад холбогдох эрүүгийн 2335000000011 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны .......дугаар сарын 06-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн ................ ажил хариуцсан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 10 дугаар багийн ........ тоотод оршин суух хаягтай, урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Л овогт Б-Агийн А, /регистрийн дугаар: .................,/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн .......... сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Их өргөө” нэртэй үйлчилгээний төвд хохирогч Н.Этэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.А нь хохирогч Н.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000011 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ....... сумын засаг дарга Л.С нь надад .......... суманд 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас ......... намын шинэ жил болно, сумаасаа таван хүн дагуулаад ор гэж хэлээд таван ширхэг такс өгсөн. Тэрний дагуу би хамт орох таван хүнд хэлээд явах бэлтгэлээ хангаад байж байхад 22-ны өдрийн 12 цагийн үед А нь над руу утсаар холбогдож 17 цагаас хоцрохгүй ирээрэй, бас хоёр хүн шагнамаар байна овог, нэрийг нь ирүүлээрэй гэж ярьсан. Би ....... сумаас аймгийн төвд ирээд 18 цагийн үед “Их Өргөө” дээр болж байсан шинэ жил дээр очиж үйл ажиллагаанд оролцож байхад А нь шинэ жил зохион байгуулж байсан бөгөөд миний ширээн дээр ирээд хамт тамхи татья гэж хэлээд бид 00-н өрөө орсон. Бид хоёр урьд өмнө ямар нэг байдлаар ярилцаж маргалдаж байгаагүй юм. А нь ....... сумын гаралтай бөгөөд 2024 оны сонгуулиар аймгийн хуралд нэр дэвшинэ гэж хэлэхээр нь би тэрийг чи бид хоёр шийдэхгүй, ....... сумын иргэд шийднэ гэж хэлэхэд надад тэгээд чи шийддэг юм уу гэж хэлээд гараараа хамар хэсэг рүү цохиход цус гарахаар нь хамраа дараад доош тонгойход үснээс татаж гэдийлгэж байгаад баруун нүд рүү өвдөглөж, толгой хэсэг рүү гараараа цохихоор нь би 00-оос гараад заал руу ороод намайг зодчихлоо цагдаа дуудуулмаар байна гэхэд ....... сумаас хамт орж ирсэн Т ирэхээр нь би Амараа намайг зодчихлоо гэхэд архи уусан байсан учраас Амараа хаана байна гээд орилоод байхаар нь би гадагшаа гараад өөрийн машиныг бариад цагдаад дуудлага өгөхөөр явж байгаад замын цагдаа нарт шалгуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг зөрчлөөр түр саатуулагдсан. Хамарлуу гараараа цохисны улмаас хамар мурийсан, зүүн талын нүд хавдсан бас зүүн буйл, шанаанд өвчин орсон зэрэг гэмтэл учирсан. Би өөрөө Аг зодож цохисон зүйл байхгүй....Аг ....... сумын Боршоо багийн гаралтай гэдгээр нь зүс таньдаг. Найз нөхөд болон урьд өмнө уулзаж байсан харилцаа байхгүй. Намайг цохиход нь би яаж байгаа юм яагаад намайг цохидог пизда вэ гэх байдлаар үг хэлсэн бөгөөд биеэр эсэргүүцэл үзүүлж барьцалдсан зүйл байхгүй. Би өөрөө архи уусан, мөн намайг хүчтэй цохисны улмаас ухаан балартсан байдалтай болсон байсан, гэхдээ болсон процесс нь 5 минут орчим болсон бөгөөд тухайн зүйлийг санаж байгаа. Мөн 00-д бид хоёроос өөр хүн байгаагүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-11 дэх тал);
2. Гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны орой ....... сумын засаг даргын орлогч Н.Э болон бусад хүмүүсийн хамт Их Өргөө гэх караокед ......... залуучуудын шинэ жилд оролцсон. Тухайн орой 22 цагийн үед би гадагш гараад буцаад ороод ирэхэд тухайн зааланд ....... сумын засаг даргын орлогч Н.Э нь бусдад зодуулсан байдалтай нүүр нүд нь хавдаж цус болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад А намайг 00-н өрөөнд цохисон гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Эг дагуулж гараад машинд нь суулгачихаад буцаж орж хувцсыг аваад гараад ирэхэд Н.Э нь машинаа унаад явчихсан байсан. Удалгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэхээр араас нь очсон. Мөн би цагдаа дээр ирээд байж байхад А ирэхээр нь яагаад Э-ийг цохисон талаар асуухад өөрөө хэрүүл маргаан үүсгэж доромжлоод байхаар нь цохисон талаар хэлсэн. Э нь цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа түүний эхнэр ирээд шууд гэрлүүгээ авч явсан учраас өөр ямар нэгэн хүнтэй маргалдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал);
3. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай “...Үзүүлэгч Н.Э-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, зүүн эгэмний дотор хэсэгт, зүүн далны хэсэгт цус хуралт, цээжний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг дор үүссэн байх боломтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Б.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3. Шүүгдэгч Б.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн хамар тус газарт гараараа цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Б.Агийн үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 22-24 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.А, хохирогч Н.Э нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, тухайн үед үүссэн үл ойлголцол нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э-ий эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Э нь “...надад учирсан хохирлыг Б.А нь бүрэн барагдуулсан тул цаашид Б.Агаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 67 дахь талд авагджээ.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Агаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч Б.А нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Аг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 40 дэх тал);
4. Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төлж, хор уршгийг арилгасан байна.
5. Иймд шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
6. Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
8. Прокуророос шүүгдэгч Б.Агийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
9. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.Ад танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
11. Иймд шүүгдэгч Б.Агийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт Б-Агийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоног дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн хор уршигт 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА