Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0052/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000067 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,******* цайны газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дархан-уул аймаг, Дархан сум*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын*******т үйл ажиллагаа явуулдаг иргэн******* “******* ” гэх дэлгүүрээс 30 удаагийн үйлдлээр 11 нэр төрлийн барааг нууцаар, хууль бусаар, авч 1,107,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дархан сумын 3-р баг байрлах “******* ” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагт нэг эмэгтэй хүн 24,000 төгрөгийн эд зүйл хулгайлж байгаа үйлдэл нь камерын бичлэгт хадгалагдсан юмаа. Уг эмэгтэй хулгай хийж байхдаа үйлдэл дээрээ баригдаж хулгайлсан эд зүйлээ лангуун дээр тавьчхаад зугтаачихсан. Тэр эмэгтэй хулгай хийж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Улмаар би 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл камерын бичлэг шүүхэд уг эмэгтэй өдөр болгон хулгай хийж байгаа нь харагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан, ...Энэ******* гэж эмэгтэй хулгай хийж байна гэдгийг мэддэггүй байсан, манай дэлгүүрт орой болгон орж ирж үйлчилгээ авдаг тэгэхээр нь байнгын үйлчлүүлэгч гэж итгээд явдаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хулгай хийж байгааг нь хяналтын камераар манай эхнэр хараад кассан дээр ирж тооцоо хийх үед нь яагаад хулгай хийж байгаа юм хулгайлсан зүйлээ гаргаад ир гэсэн чинь манай эхнэрийн өмнөөс кассан дээр Блок нэртэй шоколад 4 ширхэг, Сникерс шоколад жижиг 6 ширхэгийг гаргаж ирж тавиад зугтаагаад гараад явсан, ... би эхнэр, ажилтан Эрдэнэсувд нарын хамтаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бичлэгийг шүүж үзэхэд нийт манайхаас 30 өдөр 1,107,500 төгрөгийн барааг хулгайлсан болох нь камерын бичлэгээр тогтоогдсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дэлгүүрт нөхөр бид хоёр ээлжлээд ажилладаг, өөр туслах худалдагчтай, ингээд энэ дэлгүүрт бид 3 л ажилладаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна, ямартай ч манай дэлгүүрээр өдөр бүр үйлчлүүлдэг зүс таних нэрийг нь мэдэхгүй эмэгтэй орж ирээд юм авах гээд лангуун дундуур явж байхад нь манай танил дүү тэр эмэгтэйг хулгай хийж байхыг нь харсан юм байна лээ тэгээд намайг дуудаад заахаар нь яасан гээд дүүгээсээ асуусан чинь камер шүүгээдхэе гэсэн, тэр үед нөгөө эмэгтэй рүү манай нөгөө танил дүү заахаар нь юу болсон юм болоо гээд камер шүүдэг удирдлага дүүд аваад өгсөн чинь нөгөө эмэгтэй жижиг ундаа барьчихсан бичүүлэх гэж байснаа миний карт байхгүй байна гээд гарах гэхээр нь өөр юм байгаа юм уу гээд би куртканы халаасыг нь дарж үзэхэд 2 талын халаасанд нь 6 ширхэг жижиг сникерс, дотор талын халаасандаа 4 ширхэг дундын блок шоколад хийсэн байхаар гаргаад байж байтал шууд гараад зугтаагаад явсан, ...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш дэлгүүрийн камерыг ухраагаад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл өдөр бүр орж ирсэн бичлэгийг нь шүүж үзэхэд манай дэлгүүрт орж ирэх бүртээ хулгай хийдэг байсан байна лээ, бид нар манай байнгын үйлчлүүлэгч гэж бодоод л байдаг байсан чинь чихэр, шоколад, печень байдаг тэр хэсгээс дандаа хулгай хийдэг байсан, тэр хэсгийг хоёр талаас камераар хянаж байдаг болохоор авч байгаа зүйлс нь нарийн харагдаж байсан. Би өдөр бүр орж ирж хулгай хийсэн зүйлсийг тухайн үед нь камер шүүгээд өөрөө бичсэн, түүнийг манай нөхөр цагдаад өргөдөл өгөхдөө гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 31 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яг тэр өдөр байгаагүй. Маргааш нь дэлгүүр дээрээ ирсэн чинь өчигдөр дэлгүүрт хулгай гараад гээд дэлгүүрийн эзэн хамт камер шүүсэн. Хяналтын камер 30 хоног хадгалдаг бөгөөд өдөр болгон тухайн хулгай хийсэн эмэгтэй орж ирдэг байсан, орж ирэх болгондоо хулгай хийдэг байсан юм байна лээ, тэр хэсэгт хяналтын камер байдаг бөгөөд тухайн камерыг шүүж үзээд алдагдсан эд зүйлийг өдөр бүрээр нь өөрөө бичсэн нөхөр нь өөрөө байсан. Би яг хажууд нь харж байсан ...Камераар тухайн эмэгтэйгийн авч байгаа эд зүйл нь тод харагдаж байсан, бид хоёр хамт харж байгаад тооцоог гаргаж бичсэн. Ингэж өдөр бүрийн алдагдсан барааны тооцоог гаргах боломжтой ...Ямар ч гэсэн 1 сая гаруй төгрөгийн бараа байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

 

“Капитал  зууч”ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “...11 нэрийн бараа, эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 1,107,500 төгрөгийн үнэлгээтэй байна”  гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43,44 дүгээр хуудас/,

 

Хохирогч гаргаж өгсөн Си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хавтаст хэргийн 10-19 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу өмчлөгчид мэдэгдэлгүйгээр сэм авахыг ойлгох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

 

Нэг обьектод, нэг санаа зорилгоор 30 удаагийн үргэлжилсэн үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 1,107,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлсөн байх тул гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, *******д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Г.ГЭРЭЛТ-ОД