Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 

 

 

 

  2023        03          06                                     2023/ШЦТ/158

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч А.А, хохирогч С.Г /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/  нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн  “2311 00000 0019” дугаартай, 186/2023/0130/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Нарантуул зочид буудлын зүүн талын 23 дугаар байрны гадна талд иргэн С.Ганбаатарын эрх чөлөөнд халдан, нүүрэн тус газар нь мөргөсний улмаас баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч А.А нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй гэв. 

 1.2.Хохирогч С.Г нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Дүүтэйгээ хамт машины дугуй хийлээд байж байсан чинь согтуу хүн галаа өгчихгүй юм уу гээд орилоод байсан. Тэгээд хажууд ирээд орилоод байхаар нь би орж амар гэж хэлсэн. Тэгээд тамхиа асаах гээд тонгойгоод байхаар нь асааж өгөх гэсэн чинь мөргөсөн. Би дараад хэвтсэн чинь ааваа гээд орилсон. Удалгүй аав нь гарч ирсэн. Тэгээд цагдаа ирсэн гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Гын:...би 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Нарантуул зочид буудлын зүүн талын 23 дугаар байрны гадна талд авто машиныхаа дугуйг хийлээд зогсож байхад нэг танихгүй 30 гаран насны, саарал билүү хар куртиктэй согтуу залуу манай байрны гадна талд машинаа янзалдаг хэн бэ, гуйлгачингуудаа гээд ирэхэд нь би машинаа янзалчихаад хөдөллөө гэсэн. Тухайн үед төрсөн дүү Амгаланбаатар /90064004/ миний хажууд зогсож байсан. Тэгтэл нөгөө хүн дөхөж ирээд тамхи асаах гэж байснаа манай аав прокурор, би дөчин мянгатын атаман гээд тулаад ирсэн надруу тулж ирэхэд архи сэнх гээд үнэртэж байсан. Би одоо орж амар гээд хэлсэн чинь үгийн зөрөөгүй миний хамар руу мөргөсөн. Би шууд тэвэрч аваад газар дараад унагасан. Тэгсэн тэр залуу ааваа гээд 2 удаа орилоход орцноос аав нь гээд хүн гарч ирээд намайг чи тавьчих хоёулаа ийшлээд юм ярья гээд байхаар нь би цагдаа иртэл тавихгүй гээд зуураад зогсож байсан. Тухайн үед манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй гэх мэдүүлэг. хх-ийн 7 дугаар тал/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Амгаланбаатарын:...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед баруун дөрвөн замын Нарантуул зочид буудлын зүүн талд байрлах 23 дугаар байрны ард ах С.Гтай унтарсан машинаа засах гээд дугуйг нь хийлээд зогсож байтал нэг согтуу залуу орилоод хүмүүсээс гал асууж байгаад удалгүй ах бид хоёр дээр ирж хаанахын гуйлагчид вэ, та нар намайг энэ байранд мэдэх үү гээд бид хоёр луу дайрсан. Ах өөдөөс нь одоо явлаа гэж хэлтэл, та нар манай аавыг мэдэх үү, манай аав прокурор гэхээр нь би мэдэхгүй, тэгээд яах гээд байгаа юм гэхэд ах муудалцуулахгүй гээд нөгөө залууг орж амар гэсэн. Намайг дугуйгаа хийлж бай гэж хэлсэн. Нөгөө залуу ах руу хандаж чи надад заадаг хэн бэ гээд шууд мөргөсөн. Ах зуурч аваад шууд дараад хэвтүүлсэн. Тэгээд шууд цагдаа дууд, битгий цохиорой гэж хэлэхэд нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө залуу аавыгаа дуудаад орилсон, аав нь шууд гарч ирээд манай ахыг заамдсан. Аавтай нь цуг гэрийнх нь 3 хүн гарч ирсэн. Цагдаа ирэх хооронд гэр бүлийнх нь хүмүүст юу болсон талаар тайлбарласан. Цагдаа ирсний дараа ахыг маань бас өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

          1. С.Гын биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэжээ. /хх-ийн 14-15 дугаар тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс:..С.Гын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/, гэрч С.Амгаланбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

3.2. шүүгдэгч болон хохирогч хавтас хэргээс: тусгайлан судлуулах баримт байхгүй гэв.

 

          Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч А.А нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо, Нарантуул зочид буудлын зүүн талын 23 дугаар байрны гадна талд иргэн С.Гын эрх чөлөөнд халдан, нүүрэн тус газар нь мөргөсний улмаас баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  - хохирогч С.Гын:....би одоо орж амар гээд хэлсэн чинь үгийн зөрөөгүй миний хамар луу мөргөсөн. Би шууд тэвэрч аваад газар дараад унагасан. Тэгсэн тэр залуу ааваа гээд 2 удаа орилоход орцноос аав нь гээд хүн гарч ирээд намайг чи тавьчих хоёулаа ийшлээд юм ярья гээд байхаар нь би цагдаа иртэл тавихгүй гээд зуураад зогсож байсан. Тухайн үед манай дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Би тэр хүнийг өмнө харж байгаагүй гэх мэдүүлэг. хх-ийн 7 дугаар тал/,

         -  гэрч С.Амгаланбаатарын:...нөгөө залуу ахруу хандаж чи надад заадаг хэн бэ гээд шууд мөргөсөн, ах зуурч аваад шууд дараад хэвтүүлсэн, тэгээд шууд цагдаа дууд, битгий цохиорой гэж хэлэхэд нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нөгөө залуу аавыгаа дуудаад орилсон, аав нь шууд гарч ирээд манай ахыг заамдсан. Аавтай нь цуг гэрийнх нь 3 хүн гарч ирсэн. Цагдаа ирэх хооронд гэр бүлийнх нь хүмүүст юу болсон талаар тайлбарласан. Цагдаа ирсний дараа ахыг маань бас өшиглсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 14-15 дугаар тал/,

болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хэл  амаар доромжилж, хэрүүл маргаан өдөж улмаар хохирогч С.Гын эрх чөлөөнд халдан, нүүрэн тус газар нь мөргөсний улмаас баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдож байх тул А.Аийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судалж   шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний  зардалд 565.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгч А.Аөөс  хохирогч нь цаашид  гарах эмчилгээний зардлаа  баримтаа  бүрдүүлж өгвөл төлнө гэсэн тайлбарыг  шүүхэд гаргаж байгааг  шүүх хүлээн авч хохирогч С.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасны  дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг  нь нээлттэй  үлдээж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэлээ. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

           2. Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 /мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Хохирогч С.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.                                                                                                     

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ