| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2019/0180/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 48
С.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б
Нарийн бичгийн дарга Г.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Бөд холбогдох 1812005120079 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнмандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн 04-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Б
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг Цагаан эрэг гэх газар иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас С.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, С.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 2.702.250 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг 01-12 тоотод оршин суух, Н.М-д олгож, хохирогч нь 1.647.850 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ий гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бөд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болсон үйл явдалд буруу дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Н.М-д учирсан хөнгөн гэмтэл хохирлыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр учруулаагүй. Учир нь хохирогч өөрт учирсан хөнгөн зэргийн хохирлыг яг хэдний өдөр, хэн гэдэг хүнтэй маргалдаж байгаад авсан нь тодорхойгүй, хэрэг гарсан гэх өдрийг хэдний өдөр гэдгийг мэддэггүй, өөрийн ашиг сонирхол нэгтэй гэрч нар болох хүмүүсээр гэрч хийж худал мэдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт С.Бийг хохирогч Н.М-ыг цохиж зодоогүй, харин өөрийн төрсөн охин Э, М хоёрыг дахин барьцалдан зодолдохоос сэргийлэн дундуур нь орж, хоёр тийш нь түлхэж салгасан талаар гэрч нар мэдүүлсээр байтал дан ганц хохирогчийн үг, түүнтэй холбоотой гэрч нарын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж С.Бийг гэм буруутайд тооцсон нь буруу болсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дэлгэрэнгүй тайлбар хэлэх хүсэлттэй байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн С.Бөд холбогдох давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Цагаан эрэг гэх газар иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би давж заалдах гомдлоо дэмжиж байгаа. Хэрэг болсон үйл явцыг шүүх маш нарийн сайн дүгнэх ёстой. Хэрэг болсон цаг хугацааны хувьд 08 дугаар сарын 31-ний өдөр үү, эсхүл 09 дүгээр сарын 01-ний өдрүүдийн аль өдөр гэдгийг тогтоогоогүй янз бүрээр хэлж байгаа. Иймд хугацааг тодорхой тогтоох шаардлагатай байна. С.Б нь Н.М-д хөнгөн гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байдаг. С.Б нь маргааны дундуур орж салгасан боловч түүнийг толгой руу цохисон гэж хэлээд байгаа бөгөөд гэрчүүд нь хэд хуваагдсан байдаг. Н.М-ын өөрийнх нь өгсөн мэдүүлгийг нотлож байгаа хүмүүс бол Т, Б, Д нар юм. Энэ хэрэг ах, дүүсийн хоорондын маргаанаас үүссэн. С.Бийг салгасан гэдгийг Т, Г, М, Б гэх хүмүүс гэрчилдэг. Хохирол төлбөрийн хувьд тархи доргиж, хөнгөн гэмтэл учруулсан бол 4 долоо хоногоос доошгүй хугацаанд байхыг эмнэлэг зүйн үүднээс шаарддаг. Гэтэл хохирогчид учирсан гэмтэл нь 4 долоо хоногоос хэтэрсэн байсан. Гэмт хэрэгтэй холбоогүй баримт хавтас хэрэгт хавсаргагдсан байна. Хохирлын төлбөрт 2.702.750 төгрөг гарсан. Энэ нөхцөл байдлыг шүүх харж үзээрэй гэж хэлмээр байна. Өмгөөлөгч миний хувьд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэм буруугийн асуудлыг тал бүрээс нь авч үзмээр байна. Би гэм буруугүй гэж үзэж байгаа. Хэрэв гэм буруутай гэж үзвэл хөнгөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаа бөгөөд тархи доргилттой хамааралгүй маш их нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан байгаа. Энэ зүйлүүдийг харж үзээрэй гэж хэлмээр байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт баг Цагаан эрэг гэх газар иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан С.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул С.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгт С.Бийг хохирогч Н.М-ыг цохиж зодоогүй, харин өөрийн төрсөн охин Э, М хоёрыг дахин барьцалдан зодолдохоос сэргийлэн дундуур нь орж, хоёр тийш нь түлхэж салгасан талаар гэрч нар мэдүүлсээр байтал дан ганц хохирогчийн үг, түүнтэй холбоотой гэрч нарын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж С.Бийг гэм буруутайд тооцсон нь буруу болсон байна гэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан гэрчүүд хэрэгт мэдүүлэг өгсөн, хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолын 2 дах заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар С.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, тогтоолын 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ