| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 112/2023/0043/З |
| Дугаар | 221/МА2025/0108 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0108
С.Б , Э.Б , Ц.М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М
Нэхэмжлэлийн шаардлага “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Э.Б , Ц.М
Хариуцагч Ч.Д , Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 112/2023/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нар нь “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нарын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3, хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/06/11, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгож, 21-05/07/12 дугаар актыг хэвээр үлдээж, 21-05/05/10 дугаар актаар 600.000 төгрөгийн төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 500.000 төгрөг болгон багасгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. ... 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/03/08, 21- 03/02/16 төлбөрийн актуудыг дээд шатны санхүүгийн улсын ерөнхий байцаагч буюу сангийн сайд хянаж үзээд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулахаар өөрчлөн шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх 3 актыг дээд шатны байгууллага буюу Сангийн сайдын шийдвэрийг харгалзан үзэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэр гаргасан, мөн Монгол Улсын сангийн яамны “Төлбөрийн акт хянасан тухай” албан бичгийг нэхэмжлэгч Э.Б , Ц.М нар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны үед хүлээн авч гомдол гаргасан. Мөн Сангийн яаманд гаргасан гомдолд зөвхөн нэхэмжлэгч С.Б ы хаяг болон утсыг бичсэн байсан ба уг албан бичгийг нэхэмжлэгч С.Б гардан авснаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган 2023 оны 10 дугаар сарын 09-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгч нарын гардан авснаар хуулийн хугацаандаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3.2. Мөн сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03/6351 тоот албан бичгээр зөвхөн нэхэмжлэгч С.Б д гардуулж өгсөн, нэхэмжлэгч Э.Б , Ц.М нарт мэдэгдээгүй болон гардуулж өгөөгүй гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь бидний эрх ашиг хөндөгдөж байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү.
3.3. ... байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/07/12 төлбөрийн актны тухайд “нэхэмжлэгч С.Б нь Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байхдаа эзэмшиж байсан нотебүүк бөгөөд томилолтоор Улаанбаатар хотод ажиллахаар явах замдаа авто осолд орж өөрөө маш хүнд гэмтэн авч явсан нотебүүк алга болсон байдаг. Уг нотебүүкийг санаатайгаар алга хийгээгүй, авто аваарын үед Б-ны биед болон эд зүйлсэд учирсан хохирлыг иргэн Туул барагдуулсан бөгөөд энэ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 133.4-т зааснаар байгууллагын өмч хамгаалах комисс хүлээн авч одоо байгууллагад хэрэглэж байгаа болно. Иймд дээрх төлбөрийн актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж бичгээр гаргасан тайлбартаа
4.1. … Цагдаагийн байгуулага болон Авлигатай тэмцэх газар нь тус хэргийг гэмт хэргийн шинжтэй эсвэл шинжгүй эрүүгийн хэрэг мөн эсэх дээр дүгнэлт гаргахаас бус нарийн тооцоолол гаргах боловсон хүчин байдаггүй улмаас энэ төрлийн хэргийг шилжүүлэхэд манай байгууллагаас шинжээч томилон ажиллуулдаг тул Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх боломжгүй байсан.
4.2. … Нэхэмжлэгч Э.Б , Ц.М нар нь хөдөө байсан, утас нь холбогдохгүй байсныг нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анх шүүхэ нэхэмжлэл гаргасан хугацаатай уялдуулан тооцож гаргасан хугацаа байна. Мөн нэхэмжлэгч С.Б Сангийн сайдын 2023 оны 01/5700 дугаар албан бичгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эх хувиар гардан авсан гэх боловч Сангийн яамнаас ямар шийдвэр гарсан эсэхийг урьдчилан мэдээгүй байж нэхэмжлэгч Ц.М ийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байгаагаас үзвэл нэхэмжлэгч нар нь тус шийдвэртэй урьдчилан танилцсан гэдгийг нотолж байна.
4.3. Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07/7688 тоот албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нар нь хамтран гомдол гаргасан байх ба шийдвэрийн 2023 оны 8 дугаар сард С.Б аар төлөөлүүлэн хүлээн авсан тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан, өөрсдийн бичгээр ирүүлсэн тайлбартаа энэ тухай нотолсон тайлбар бичгээр ирүүлсэн тухай Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5, 9, 10-д тодорхой дурдсан байна.
4.4. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/09/14, 21-05/09/08, 21-05/09/06 дугаартай төлбөрийн актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нараас Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарт холбогдуулан “...Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй ... Нэгэнт дутагдсан эд хөрөнгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоож байгаа энэ тохиолдолд уг байгууллагын ажилтнууд өөрсдөө тоолсон тооллогын комиссын илтгэх хуудаст үндэслэн акт тогтоосон байгаа нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан тухайн байгууллагын 2022, 2023 оны 3 удаагийн байгууллагын эд хөрөнгийн тооллогын комиссын илтгэх хуудаснаас дутагдсан гэх хөрөнгө бүр зөрүүтэй байна … Улсын байцаагч нар хяналт шалгалт явуулахадаа тухайн байгууллагад хэдэн гудас байх ёстой үүнээс хэд нь хуучин, хэдэн гудас шинээр авч хаана хэрэглэж байгаа, байгууллагын бүх өрөөгөөр бүрэн тооллого хийсэн эсэх, хөдөө ажлаар явахдаа ажилчид авч явдаг ямар гудас байсан, тусгаарлах байранд хэдэн гудас байсан, хэдийг хэрэглэдэг зэрэг хийсэн хяналт, шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд энэ байдлаа нотолж чадахгүй байна … хэргийн оролцогч нарыг гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн бичиг хэргийн ажилтан Ц.М өнгөт принтерийн хорыг шаардах хуудсаар авч хэрэглэгдэг гэсэн нөхцөл байдал нь тогтоогдож байна. Хамгаалах цагаан хувцасны дотуур өмсдөг даавуун материалтай өмд цамц нь өөрөө засаж сэлбэн дахин ашиглах боломжгүй байдлаар урагдаж гэмтэх боломжтой эд материал бөгөөд тухайн нөхцөлд актлах шийдвэр гарч акталсан байхад хөдөө авч явахад урагдах ёсгүй, 2020 оны эхэнд аваад оны сүүлд акталсан, өмч хамгаалах байнгын зөвлөл нүдээр үзэж баталгаажуулсан нь тодорхойгүй, фото зургаар баталгаажуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг төсөвт хохирол учруулсан, зориулалт бусаар зарцуулсан гэж акт тогтоож байгаа нь үндэслэлгүй. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авсан 2,000.0 мянган төгрөгний үнэ бүхий Dell маркын нөүтбүүк дутагдсаныг хуучин буюу 2015 онд үйлдвэрлэгдсэн өөрийн хэрэглэж байсан нөүтбүүкээр орлуулах буюу нөхөн төлсөн нь тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй … зөөврийн автоклав нь цахилгааны өөрчлөлтөөс болж шатсан байгууллагын агуулах буюу складанд гэрийн доор хураалгаатай байсан зөөврийн автоклавыг тулган үзэж шалгалгүйгээр зөөврийн автоклавыг бодитоор худалдан аваагүй боловч хөрөнгийг авсан мэтээр санхүүгийн баримт бүрдүүлсэн гэж акт тогтоосон байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасныг зөрчсөн” гэж маргаан бүхий Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/07/10, 21-05/06/11, 21-05/05/12, 21-03/01/15 дугаар актуудад холбогдох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07 дугаартай төлбөрийн актаар хавсралтанд дурдсан 14 нэр төрлийн 35 ширхэг эд хөрөнгийг дутаасан гэх үндэслэлээр 4,643.5 мянган төгрөгийг, 21-05/03/08 дугаартай төлбөрийн актаар шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж 2,051.5 мянган төгрөгийг, 21-05/04/09 дугаартай төлбөрийн актаар эсгий гудасны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 660.9 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 660.9 мянган төгрөгийг, 21-05/05/10 дугаартай төлбөрийн актаар 6 ширхэг принтерийн хорны үнэ гэж зарцуулсан 600,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 600,000 төгрөгийг, 21-05/06/11 дугаартай төлбөрийн актаар пежамны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 140,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 140,000 төгрөгийг, 21-05/09/14 дугаартай төлбөрийн актаар бодитоор хүлээж аваагүй, шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 13,231.3 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэж 13,231.3 мянган төгрөгийг, 21-03/01/15 дугаартай төлбөрийн актаар 1 ширхэг зөөврийн автоклавны үнэ гэх агуулгаар шилжүүлсэн 1,510.0 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэн 1,510.0 мянган төгрөгийг, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актаар “Х ” ресурстай байгуулсан гэрээний дагуу тарвага сэлгэн нутагшуулахад ажилласан ажилтнуудын албан томилолтын олговорт олгохоор төсөвлөсөн 2,750.0 мянган төгрөгийг албан томилолтын олговорт олгоогүй зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр 2,750.0 мянган төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б , нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б , эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр, 21-05/07/12 дугаартай төлбөрийн актаар зөөврийн компьютер дутаасан үндэслэлээр 2.000.000 төгрөгийг Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б аар төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон байна.
2.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх” гээд 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3-д “засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах”, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “нэр төрлийн материал үнэ бүхий зүйлийн дутагдлыг бусад үнэ бүхий зүйлийн илүүдлээр нэг эд хариуцагчаас гарсан дутагдлыг нөгөө эд хариуцагч дээр гарсан илүүдлээр, хоёр өөр хугацаанд гарсан нэг төрлийн адил үнэтэй зүйлийн дутагдлыг илүүдлээр хаахыг хориглоно. Харин тооллогоор илэрсэн илүүдлийг зохих дансанд орлого болгож илүүдэл гарсан шалтгааныг тогтооно” гэж тус тус заасан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын байцаагч нь хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, танилцуулгын үнэн зөвийг бүрэн хариуцаж, түүнийгээ нотлох үүрэгтэй байна.
2.6. Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Д нар нь Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалаар томилсон Тооллогын комиссын дүгнэлтийг үндэслэн акт тогтоосон, ямар үндэслэлээр барааг дутсан гэж үзсэн нь тодорхойгүй, хяналт шалгалтыг явуулахдаа нэг бүрчлэн тооллого хийгээгүй, гаргасан гэх зөрчлүүдийг тулган хяналт шалгалт явуулаагүй, хэрхэн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоож байгаа нь тодорхойгүй зэрэг алдаа зөрчлүүдийг гаргасан байгаа нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхийн маргаан бүхий Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-03/01/15 дугаар актуудад хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. Харин нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нарын Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.8. Учир нь нэхэмжлэгч нар нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авсан байх төдийгүй, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор “... дээрх актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүх хүлээн авснаар энэхүү маргаан бүхий актад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан шүүгч өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ” гэж дүгнэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.9. Түүнчлэн, Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаар албан бичгийг нэхэмжлэгч Э.Б , Ц.М нарт мэдэгдсэн, гардан авсан талаар баримт авагдаагүй байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж шууд дүгнэх үндэслэлгүй.
2.10. Маргаан бүхий Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08 дугаартай төлбөрийн актаар “... шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 2,051.5 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан,
21-05/09/14 дугаартай төлбөрийн актаар “... бодитоор хүлээж аваагүй, шаардах хуудас бөөн дүнгээр бичиж нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэргийн материалд зарцуулсан 13,231.3 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан,
21-03/02/16 дугаартай төлбөрийн актаар “Х ” ресурстай байгуулсан гэрээний дагуу тарвага сэлгэн нутагшуулахад ажилласан ажилтнуудын албан томилолтын олговорт олгохоор төсөвлөсөн 2,750.0 мянган төгрөгийг албан томилолтын олговорт олгоогүй зориулалт бусаар зарцуулсан гэж үзэж Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан С.Б , нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б , эд хариуцагчаар ажиллаж байсан Ц.М нараар тус тус хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.11. Энэхүү төлбөр тогтоосон актуудыг нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нар нь эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд Сангийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/5700 дугаар “Төлбөрийн актууд хянасан тухай” албан бичгээр “... 21-05/03/08, 21-05/09/14 дугаартай төлбөрийн актуудтай холбогдуулан дээрх асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхээр, нотлох баримтын бүрдлийг хангалгүйгээр төлбөрийн акт тогтоосон байх тул 21-03/02/16 дугаартай төлбөрийн актад дурдагдсан зөрчлийг нягтлан шалгаж хуульд нийцүүлэн үндэслэлтэй байхаар дахин тогтоохыг үүрэг болгож” шийдвэрлэжээ.
2.12. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.4-д “үнэ бүхий зүйлийн хэвийн хорогдлын нормоос хэтэрсэн дутагдал, гэмтлээс гарсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр бодож гэм буруутай хүмүүсээр төлүүлнэ. Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэж тус тус зааснаар шаардах хуудсыг бөөнд нь бичсэн, бараа материалыг бодитоор хүлээн аваагүй, шаардахаар авсан гэх бараа материатай санал нийлэхгүй гэх тайлбар шаардах бичсэн хүмүүс өгсөн байх тул 21-05/03/08, 21-05/09/14 дугаартай төлбөрийн актуудтай холбогдуулан уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
2.13. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Х ресурс” ХХК, Зоонозын өвчин судлалын төвийн хооронд “Тарвага шилжүүлэх” ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байх бөгөөд “Х ” ресурс ХХК-иас орж ирсэн хөрөнгийн зарцуулалт цэвэр дүнгээр 15954.3 төгрөгийн зардлын гүйцэтгэлийг баталгаажуулсан байх ба гэрээнд баталгаажуулсан үнийн дүнгээс зөрүүтэй, ажлын хөлс болон томилолттой холбоотой зардлыг гаргаагүй байх тул үүнийг шүүхээс зөвтгөн засаж дүгнэх боломжгүй. Иймд Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-03/02/16 дугаартай төлбөрийн актын зөрчлийг нягтлан шалгаж хуульд нийцүүлэн дахин тогтоохыг үүрэг болгосон Сангийн сайдын шийдвэр үндэслэлтэй.
2.14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох “Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/03/08, 21-05/09/14, 21-03/02/16 дугаар актуудыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3, 73 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б , Э.Б , Ц.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Ч.Д , улсын байцаагч Б.Д нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/04/09, 21-05/06/11, 21-03/01/15 дугаар актуудыг хүчингүй болгож, 21-05/05/10 дугаар актаар 600.000 төгрөгийн төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг 500.000 төгрөг болгон багасгаж, 21-05/07/8, 21-05/07/12, 21-05/07/14, 21-05/07/16 дугаар актыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3, 4 болгон өөрчилж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ