Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Шүүх хуралдааны  нарийн бичгийн даргаар Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор: Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгч: Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

           Ю.Б

                                                                                                                                                                                                             

Шүүгдэгч Ю.Б нь иргэн Д.Дийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн Sanya маркийн 1500000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Ю.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 сарын 21-ний өдөр Сайншандад найз Мэндбаярынд архи ууж байхад Д ирээд хөдөө явахаар болсон. Би тухайн үед согтуу байсан болохоор Д машин бариад явсан. Би аймгаас гараад унтаад явсан. Гэтэл Д машин асахаа больчихлоо гээд байсан, сэрээд харахад Сайн-ус гэх газар байсан. Машины мотор эвдэрсэн байсан. Дийнх тэндээс холгүй байсан ба мотоциклоо гэрээсээ авчирч бид гэр рүү нь явсан. Тэгээд Д машины мотороо энэ мотоциклийг зараад ав,

илүү мөнгий нь өгөөрэй гэж хэлсэн. Мотоциклийг Б гэдэг хүнд зарсан ба мөнгийг нь манай хүргэн Үлтанихын дансанд хийсэн. Үлтаних бид хоёр Улаанбаатар хот руу мотор авах гээд явсан, хотод очоод бид хоёр өөр өөр газар буугаад Үлтанихын утас холбогдохгүй болоод мотороо авч чадаагүй, мөнгийг Үлтаних үрчихсэн гэж хэлсэн. Бт хохирлыг Үлтаних төлж өгнө гэж хэлсэн гэв.

    

          Хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Сайншанд сумын арын төмөр замын Мэндбаяр гэх айлын гаднаас  Бы машиныг би барьж яваад Алтанширээ явах шороон замд оруулаад Бд машиныг өгсөн. Б  өөрөө машинаа бариад манай хөдөө гэр Сайн-ус хүртэл явсан. ...Б Алтанширээ суманд 2 хүн үлдээчихсэн  тэр хоёрыгоо авчирмаар байна гэж ярихаар нь би унаагүй явгарчихсан хүнд тус больё гэж бодоод “миний мотоциклийг унаж яваад хүн амьтантайгаа уулзчихаад удахгүй хүрээд ир” гэж хэлээд шинэ  Sanya маркийн  мотоциклио өгөөд явуулсан. Миний мотоциклийг зараад мөнгө болгож ав гэж огт яриагүй. ...Санал гомдол,нэхэмжлэх зүйл байхгүй, өөрийн мотоциклоо буцааж авсан гэсэн мэдүүлэг

 

           Гэрч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: 2016.06.22-ны өдөр манай гэрт Б нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Sanya маркийн шинэ мотоцикльтой ирээд “миний машин Сайн усанд эвдэрчихлээ. Энэ мотоциклийг дэлгүүрт барьцаанд тавьж мөнгөтэй болж машинаа янзлая гээд Б Баас 800000 төгрөгөөр мотоцкль худалдаж авахаар болж 600000 төгрөгийг банкнаас авч өгөхөөр болж үлдсэн 200000 төгрөгийг надаас авч Бд өгөөд би 200000 төгрөгөндөө Баас 2 хонь, 1 ямаа авахаар болсон. Би Быг тэр оройдоо өөрийн машинаар Сайншанд руу хүргэж өгсөн, хамт явсан 3 хүнийг нь бас авч явсан. Маргааш нь Б Үлтанихын хамт Улаанбаатар хот руу танксинд суугад явсан”  гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 сарын 21-ний өдөр Ундрахын гэрт очиж уулзахад нэг хүн унтаж байсан.  Тэгээд тэр хүнтэй уулзаж мотоцикль худалдаж авах талаар ярихад тэр хүн “би уул нь машинтай ирсэн юм, машины мотор болохоо больчихоор нь Шандад байдаг найзтайгаа уулзахад энэ мотоцклыг бэлгэнд өгч машиныхаа моторыг аваарай гэсэн. Би найздаа Өмнөговьд байхад нь тусалж байсан юм, би 1 сая төгрөгөөр зарна гэхээр нь 800000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч  200000 төгрөгөнд нь мал өгье гээд Ундрах миний өмнөөс 200000 төгрөгийг өгч  надаас мал авахаар болсон.  600000 төгрөгийг нь ХААН банкинд очоод Гочоосүрэнгийн Үлтаних гэж хүний дансанд хийсэн...” гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн, “2016.06.18, 19-ний үед манай эхнэрийн хамаатан болох хүмүүс  Өмнөговь аймгийн Ханбогд сумаас цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. ...Маргааш өглөө нь тэр жолооч нь улаан өнгөтэй, гялгар ууттайгаа шинэ хятад мотоцикль унаж ирээд “машинаа эвдэлчихсэн, энэ мотоцклыг манай найз өгсөн юм. Энийг зарна гээд Ундрахынх руу явсан...” гэсэн мэдүүлэг

 

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  хх-ийн 10-14

          Ашид билгүүн ХХК-ны Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг болно.         

          Шүүгдэгч Ю.Б нь 2016 оны 06 сарын 21-ний өдөр Алтанширээ сумын Сайн-Ус гэх газар оршин суух иргэн Д.Дийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн Sanya маркийн 1500000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг завшсан  болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Д.Дийн мөрдөн байцаалтанд  өгсөн: ...Б Алтанширээ дээр 2 хүн үлдээчихсэн, тэр 2-гоо авчирмаар байна гэж ярихаар нь би унаагүй явгарчихсан хүнд тус больё гэж бодоод “миний мотоциклийг унаж яваад хүн амьтантайгаа уулзчихаад удахгүй хүрээд ир” гэж хэлээд шинэ Sanya маркийн  мотоциклио өгөөд явуулсан. Миний мотоциклийг зараад мөнгө болгож ав гэж огт хэлээгүй. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,  гэрч Д.Бын мөрдөн байцаалтад өгсөн: мотоцикль худалдаж авах талаар ярихад тэр хүн “би уул нь машинтай ирсэн юм, машины мотор болохоо больчихоор нь Шандад байдаг найзтайгаа уулзахад энэ мотоцклыг бэлгэнд өгч машиныхаа моторыг аваарай гэсэн. Би найздаа Өмнөговьд байхад нь тусалж байсан юм, би 1 сая төгрөгөөр зарна гэхээр нь 800000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч  200000 төгрөгөнд нь мал өгье гээд Ундрах миний өмнөөс 200000 төгрөгийг өгч  надаас мал авахаар болсон.  600000 төгрөгийг нь ХААН банкинд очоод Гочоосүрэнгийн Үлтаних гэж хүний дансанд хийсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Аийн  мөрдөн байцаалтад өгсөн:... 2016.06.18,19-ний үед манай эхнэрийн хамаатан болох хүмүүс  Өмнөговь аймгийн Ханбогд сумаас цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. ...Маргааш өглөө нь тэр жолооч нь улаан өнгөтэй,гялгар ууттайгаа шинэ хятад мотоцикль унаж ирээд “машинаа эвдэлчихсэн,энэ мотоцклыг манай найз өгсөн юм. Энийг зарна гээд Ундрахынх руу явсан Баянжаргал намайг зодож миний эрүүг хугалсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч  Ю.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ю.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн бичиг баримт хураагдан ирээгүй болно.

 

          Шүүгдэгч Ю.Б нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд  өөрийгөө өмгөөлөхөөр  хүсэлт гаргасан байна.

 

   Шүүгдэгч Ю.Б нь ялтай  байхдаа  гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290-р зүйлийн 290.3, 294- 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ю.Б бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ю.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 960000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгуулийн хэмжээнээс хамааруулан 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүгдэгч Ю.Бд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН