Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Д.Эын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/0018 дугаар шийдвэртэй

Д.Эын нэхэмжлэлтэй

А.А, Ц.Г нарт холбогдох

хохиролд 250 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Д.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт:

“Д.Э миний бие 2011 онд цус харван хөгжлийн бэрхшээлтэй болоод Архангай аймагт ирсэн. Ирсэн зорилго маань цэвэр агаарт биеэ эмчлүүлэх, хотын бохир агаараас холдон өөрийн төрсөн гэрт дүү нартайгаа ойрхон хамт амьдрах зорилготой байсан. Гэтэл тэдний бодол өөр байсан бөгөөд намайг “энд ирж амьдрах гэлээ, эндээс зайл” гэх мэтчилэн дүү нар маань нийлэн хөөж эхэлсэн. Би дүү нартайгаа ярилцан учраа олох гэж их оролдсон боловч тэд нийлэн намайг хөөж тууж, зодож нүдэхээр дайрдаг болсон. Гэтэл тэдний худал үгэнд цагдаа, прокурор, шүүхийн байгууллага итгэн буруутай этгээдийг биш гүтгүүлж зовсон нэгийг нь буруутган ял зэм оноосон. Өөрөөр хэлбэл 2013.04 сард Мандах /миний бага дүү/ гэр орондоо ирэхгүй гадуур хоноглож тэнэж явсан хэрнээ бусдад болохоор “Д.Э намайг хөөгөөд гэрт оруулахгүй байна” гэхчлэн худал ярьж, улмаар энэ худал үг нь миний бас нэг дүү болох Энхбатад хүрч Энхбат намайг “ална, хядна, чи яахаараа хөөдөг юм” гэж дайрч давшлан зодож хутга барьж элдсэн. Би айсандаа цагдаа дуудан өөрийгөө хамгаалуулах гэсэн боловч Архангай аймгийн цагдаа мөрдөн байцаагч Ц.Г “чи яах гэж Энхбат гуайг зодсон юм” гээд над руу дайрсан. Хэд хоногийн дараа А.А намайг цагдаа дээр дуудсан. Яваад очтол намайг шал худлаа хэрэгт гүтгэн сэжигтэн болгосон. 2013.04 сардаа багтаан би энэ хэргээр Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорт хандан гомдол гаргасан. Цагдаагийн ерөнхий газраас миний гаргасан гомдлын дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй хэсэг ирж энэ хэргийг шалган хэрэгсэхгүй болгосон байна гэж хариу мэдэгдэл ирүүлсэн. Би дээрх үйл ажиллагаанд маш их гомдолтой байна. Дээрх хууль шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болоод төрсөн хоёр дүүтэйгээ таарамжгүй харьцаатай болж надад дийлдэхээ больсон. Дүү биш болсон. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн мөн л тэдний худал муу үгэнд автан намайг хоригдож байхад шүүх хуралдаанд дуудан ирүүлж ямар ч эрхээ хамгаалах, үг хэлэх боломж олголгүй төрсөн гэрээс минь хөөх захирамж гаргасан. Намайг шоронд байсныг далимдуулан орох оронгүй болгосон. Одоо дүү нар маань тэр захирамжийг үзүүлэн намайг гэрээс хөөдөг болсон. Би хууль шүүхийн байгууллагадаа болон төрдөө итгэдэг байсан. Гэтэл хууль шүүхийн байгууллагын зарим нэг хүмүүсийн хэт нэг талыг барьсан алдаатай үйл ажиллагаанаас болоод миний эрх, эрх чөлөө маш их зөрчигдсөн. Би маш их хохирсон. Намайг зүгээр нэг ялтан, харгис танхай хүн мэт харьцаж хоёр ч удаа ялд явуулж амьдралд минь маш том хар толбо үлдээсэн. Өөрөөр хэлбэл намайг хэзээ ч засаршгүй танхай этгээд мэтээр орон нутгийн хүн болгонд ойлгуулж чадсан. Хэрвээ би ингэж хохироогүй байсан бол хүүхдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхлээд амьдрах байсан. Би “Мон-кор” таксинд жолоо барьдаг байсан бөгөөд километрийг нь 250 төгрөгөөр бодоод өдөрт дунджаар 30 000 төгрөгийн орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Би аймагт ирснээсээ хойш ажил хөдөлмөр эрхлээд явсан бол өнөөдөр миний хүүхэд ажил сургуультай, хүнтэй адил амьдраад явах байсан. Иймд миний бие Ц.Г болон А.А нараас 2013.04 сараас хойш өнөөг болтол олох ёстой байсан орлого, сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн гаргуулж авах хүсэлтэй байна. 2013.04-2017.12 сар хүртэл буюу 4 жил 8 сарын олох ёстой байсан орлого километрийг нь 800 төгрөгөөр бодоод хоногийн 120 000 төгрөг, ажиллаагүй 4 жил 8 сарын нийт 204 000 000 төгрөг, сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан хохиролд 46 000 000 төгрөг, нийт 250 000 000 төгрөгийг дээрх нэр бүхий хүмүүсээс гаргуулж өгнө үү. Би харин ч бага мөнгө нэхэмжилж байна. Энэ нэхэмжлэлийн мөнгөн дүнг намайг сэжигтэн болгосон өдрөөс эхэлж тооцсон.” гэжээ.

 

Хариуцагч А.Аын гаргасан хариу тайлбарт:

“Алтангэрэл овогтой Алтанзул миний Архангай аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан албан үүрэгтэй холбогдуулан тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 айлын орон сууцны 11-05 тоотод оршин суух иргэн Д.Эоос иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Д.Э нь 2013.04.25-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 айлын орон сууцанд Энхбат нь хаалга эвдэж, хутга тулгаж танхайрлаа” гэх мэдээлэл өгсний дагуу шалгахад тэрээр төрсөн дүү Д.Энхбатыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож, уг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг харъяаллын дагуу мөрдөн байцаах тасгаас хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хохирогч Д.Энхбаттай эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал гарган аймгийн прокурорын газарт шилжүүлсэн ба Д.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхол, мөнгө санхүүгийн эх үүсвэрт ямар нэгэн байдлаар хохирол учруулахаар үйл ажиллагаа явуулаагүй болно. А.А миний бие Д.Эод холбогдох эрүүгийн хэргийг хуулийн дагуу шалгасан бөгөөд би Д.Э, Д.Энхбат нарыг өмнө нь огт танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Д.Эын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, эцэслэн шийдвэрлэх эрхгүй надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл байх тул миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Ц.Гын гаргасан хариу тайлбарт:

“Ц.Г миний Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч албан үүрэгтэй холбогдуулан тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 айлын орон сууцны 11-05 тоотод оршин суух иргэн Д.Эоос иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Д.Э нь 2013.04.25-ны өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн 72 айлын орон сууцанд Энхбат нь хаалга эвдэж, хутга тулгаж танхайрлаа” гэх мэдээлэл өгч, уг мэдээллийг хүлээн авч шалгахад тэрээр төрсөн дүү Д.Энхбатыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож, уг гэмт хэргийн шинжтэй мэдээллийг харъяаллын дагуу хэрэг бүртгэх тасагт шилжүүлж ажилласан бөгөөд Д.Эын эрх, хууль ёсны ашиг сонирхол, мөнгө санхүүгийн эх үүсвэрт ямар нэгэн байдлаар хохирол учруулахаар үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөрдөн байцаагч нь шалгасан гэмт хэрэг, гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд эцсийн шийдвэр гаргахгүй, зөвхөн санал гаргадаг учир албан тушаалын эрх хэмжээний хувьд нэхэмжлэл нь тухайн үеийн мөрдөн байцаагч Ц.Г миний биед үл хамаарах асуудал байна. Нөгөө талаараа Д.Э гэдэг хүнийг би өмнө нь огт танихгүй, бидний хооронд ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй учир албан тушаалаас гадуур иргэний нэхэмжлэлтэй холбоотой харилцаа үүсэх ч боломжгүй юм. Харин Д.Э нь Цагдаагийн газрын хүндэт самбарт байрлуулсан миний зургийг хуулж, жаазыг эвдэж, шилийг нь хагалж, зурган дээр дэвсэж танхайрч байсан, надтай таарах бүртээ араас нулимж “ална, мууг чинь үзнэ” гэх мэтээр заналхийлдэг, улмаар хууль бус нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байгаа тул энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/0018 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын хариуцагч Ц.Г, А.А нарт холбогдуулан гаргасан 250 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“Тархинд цус харваснаас спо сак оноштойгоор группд орсон. Хэрэг хариуцах чадваргүйн дээр биеэ хамгаалах чадваргүйгээс архины хордлого, шунал хоёртоо сохорсон рецедив гэмт этгээдээс зугтаж цагдаагаас хамгаалалт хүсэхэд “миний цагдаа намайг хамгаална” гэдэг цаг үе биш болж. Одоогийн цагдаагийн дүр төрх болсон Ц.Г, А.А гэх төрийн албан хаагч этгээдүүд гэмт хэрэгтэнтэй үгсэн хуйвалдаж намайг сэжигтэн болгосон. Энэ нь: 1/ Төрсөн дүү нараа архинд хордож солиороход хүрсэнийг нь эрүүлжүүлэх, монголоор нь байлгах гэж ядаж байхад минь хөндлөнгөөс хууль бусаар оролцсон. 2/ Монголчуудыг, ах дүүсийг ялгаварлан гадуурхаж талцуулсан, улмаар дайсагнуулахад хүргээд байна. Энэ монгол хүнээс гарах ёсгүй санааг нь анхан шатны шүүхийн гурван шүүгч, иргэдийн төлөөлөгч гэх нэг этгээд, хоёр нарийн бичгийн дарга, хоёр цагдаа зэрэг “олуулаа” өөгшүүлэн дэвэргэж “нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй” гэсэн. “Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно” гэж дахин дахин оруулсан нь ядуу хүнд хохирол өгч болохгүй гэж надад хэлээд байна. Би монгол хүн ойлгож байгаа. Иймд миний хүнлэг сэтгэл гарган нэхэмжилж буй 250 000 000 төгрөгийн /2013.04.25-наас одоог хүртэл гүтгүүлж, ялгаварлан гадуурхагдаж, үүгээр зогсохгүй төрийн бүх байгууллагуудаас тусламж халамж үзэлгүй зөвхөн монгол зангаараа “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг эцэг өвгөдийн захиас сургаалыг дагаж тэсч аавынхаа бардам занг залгамжилж ядарч зовж буйгаа нууж ирсэн/ хохирлыг минь барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч А.А, Ц.Г нараас 250 000 000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдснаас учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хохирол учруулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013.04 сард хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн байх ба тэр үед тухайн хэргийг шалгаж байсан мөрдөгч А.А, Ц.Г нараас 2013.04 сараас хойш өнөөг болтол орох байсан орлого, сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан хохиролд 250 000 000 төгрөг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч А.А, Ц.Г нарын хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч ...буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрт зайлшгүй орох байсан орлого, сэтгэл санааны болон эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилсэн хэдий ч уг шаардлага нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасан зохицуулалтад хамаарахгүй. Тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэх ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалт нь илүү нарийвчилсан зохицуулалт болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхдөө анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан зохицуулалтыг хэрэглэснээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1” гэж хуулийн нэрийг буруу бичсэн алдаа байгааг дурдах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Д.Э нь мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/0018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.