Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

 

 

                        

 

 

 

 

 

 

  2023          02            03                                     2023/ШЦТ/97

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч Г.*******ын өмгөөлөгч Г.Ичинхорол, шүүгдэгч Б.*******, А.*******, тэдний өмгөөлөгч В.Ганболд, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210014391361 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, санхүүч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* дүүргийн 9 дүгээр хороо, эмнэлэг 15 гудамж 460 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүргийн 11 дүгээр хороо, 116-31 тоотод оршин сууж байгаа, “*******” ХХК-д хангамжийн менежер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, 13 гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, 111-М1 тоотод оршин сууж байгаа, “*******” ХХК-д дуу оруулагч, жүжигчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр 05 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* цэнгээний газрын гадаа зогсоол дээр иргэн Г.*******той маргалдан түүний биед халдаж зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна хана, хамрын нурууны хугарал хамрын нурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр 05 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* цэнгээний газрын гадаа зогсоол дээр иргэн Э.*******тай маргалдан түүний биед халдаж хамрын нурууны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд няцарсан шарх, хоёр тохойд зулгаралт, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

          Шүүгдэгч А.*******: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болж найзуудын хамт ******* бар руу орсон, бид 4 цагийн үед баарнаас гарч ирээд байж байхад эхнэрийн дотор муухайраад байхаар нь найзын машины ард бөөлжсөн, ******* гарч ирээд манай эхнэр рүү дайраад байсан, эхнэрийн нуруун дээр дараад би тоогоогүй, улайм цайм дайраад, хэл амаар доромжлоод байсан, эхнэрийн найз Ариунцэцэг хажууд байхад эхнэрийг өмөөрөөд эмэгтэй хүнийг чи ингэж болохгүй ш дээ гэхэд элдвээр хэлж доромжилсон. Би эхнэрээ өмөөрөөгүй, энэ хүн согтуу байна, асуудал үүснэ гэж бодсон, Ариунцэцэгтэй нөгөө залуу муудалцаад байж байхад ******* гарч ирээд яагаад эхнэрүүд рүү дайраад байгаа юм бэ гэхэд ******* нь шууд *******г цохисон, хар футболк, өмд, цэнхэр кэттэй байсан...” гэв.

 

          Шүүгдэгч Б.*******: “...Тухайн залуучууд согтуу атлаа тээврийн хэрэгслээ унаж явах гээд байсныг бид болиулсан, тэднийг согтуугаар тээврийн хэрэгсэл унаж замын хөдөлгөөнд оролцох эрсдэлээс хамгаалсан гэж үзэж байна, би бугуйн цагаа алдсан, хохирсон...” гэв.  

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих 05 цагийн үед ******* баарны гадаа дуудлагын жолооч дуудах гээд машиндаа хаалга онгойлгоод суух гэж байхад машины хойно хүн бөөлжиж байсан. Тэгэхээр хөөе машин руу бөөлжөөд байна болиоч гэж хэлсэн. Тухайн үед нэг эмэгтэй бөөлжөөд 2 эмэгтэй хажууд байсан, тэгсэн нэг эмэгтэй өөдөөс салаавч гаргаад чамаар заалгах юм уу гээд маргаан болоод эмэгтэй намайг түлхэхээр нь би буцаагаад түлхсэн чинь цаанаас костюмтэй залуу ирэхэд маргалдаж хэрэлдсэн. Тухайн үед би *******той хамт байсан, тэнд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 орчим хүмүүс байсан. ******* бид хоёрыг тойрч зогсоод хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Би хар өнгийн костюмтай залуутай маргалдаж байсан чинь хажуу талаас нэг залуу татсан, тэгэхээр нь болиулах гэж байхад хажуу талаас хар өнгийн костюмтай залуу намайг унагаж дээрээс гараараа миний хамар луу нэг удаа цохисон, гэмтлийг хар өнгийн костюмтай залуу учруулсан.

...Анх маргаан эхлүүлсэн залуу цохиж гэмтэл учруулсан. Би тухайн өдөр өөр хүнтэй маргалдаагүй. Намхан ногоон пиджактай залуу намайг цохиж чадаагүй. Миний тохой шалбарсан байсан уг гэмтлийг унахдаа авсан байх. ...Бид хоёр тэр залуучуудыг цохиж чадаагүй..” /хавтаст хэргийн 49-50, 53-54 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед ******* баар луу ганцаараа орсон, уг бааранд *******тай таарч бид хоёр хамт байж байгаад баар хаах үед буюу 05 цагийн үед гараад дуудлагын жолооч дуудаж явах гээд машин дээрээ очиход машины ар талд 3 эмэгтэй бөөлжөөд байж байсан. Тэгсэн ******* машин тэргэндээ бөөлжөөд байна, болио гэж анхааруулж хэлсэн чинь тэр 3 эмэгтэй ******* руу дайраад ***********ыг түлхсэн. ******* тухайн эмэгтэйг өөрөөсөө холдуулж түлхэхэд танихгүй 3-5 залуучууд ирээд маргаан болж ***********ыг хар өнгийн костюмтай залуу нүүрэнд нь цохисон. Тэгэхээр нь би салгах гээд зогсож байхад ногоон малгайтай 30 орчим насны залуу ирээд миний нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгсэн хойноос хэн нэг нь татаад намайг газар унахад нүүр лүү, хавирга хэсэгт өшиглөсөн, хэн өшиглөсөн болохыг хараагүй...” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Ч.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр найз *******ийн төрсөн өдөр болоод Алтанцэцэг, Энхтунгалаг, Ариунцэцэг, *******, *******, ******* нарын хамт ******* бааранд орсон, ...5 цагийн үед гарч ирэхэд ...төрсөн өдрийн эзэн ******* нэлээд согтчихсон Энхтунгалагийн машины ард суугаад бөөлжсөн тэгтэл хажуу талын машин дотроос үл таних хүмүүс буугаад ирсэн юм шиг байна лээ миний харснаар хэн нь мэдэгдэхгүй олон хүмүүс байсан тэгтэл *******ийн нурууг дарж өгч байсан. Ариунцэцэгийг нэг өндөр биетэй залуу үснээс нь зулгааж элдвээр доромжилсон асуудал үүссэн байсан би тэрийг хараагүй. ...Манай нөхөр ******* бид нар юу болов оо гэхэд Ариунцэцэгийг үсдэж байсан залуу манай нөхрийг цохисон. Тэгээд маргаан бүр ихсээд хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа мэдээгүй...” /хавтас хэргийн 62-63 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 05 дугаар сарын 27-ний үүрээр 05 цаг өнгөрч байхад эхнэр Энхтунгалагийг авахаар очиход манай эхнэр болон найз нар ******* баарнаас гарч ирж байсан. Би тухайн газарт хүнээр хүргүүлсэн, тухайн үед манай эхнэр Энхтунгалаг машинтайгаа очоод гадаа зогсоолд тавьсан байсан юм. ...Миний машины ард ******* бөөлжиж байсан, бид нар бөөлжиж дуусахаар нь явъя гээд ярилцаад зогсож байхад миний машины ар талын машины залуу хэрүүл өдөөд байх шиг байсан, би үүнийг их анзаарч хараагүй ******* бид хоёр юм яриад зогсож байсан. Тэгээд нэг мэдэхэд өндөр залуу Ариунцэцэгтэй маргалдаад элдвээр харааж зүхээд байсан. Тэгсэн ягаан цамцтай залуу нь *******гийн шанаа хэсэгт цохиод зодоон эхлэх шиг болсон. Би зодооны салгах гээд өндөр залуугийн бугуйнаас бариад авсан чинь гараа цаашаа татаж аваад бужигналдаад авсан. Тэр хооронд санаж байгаагаар ягаан цамцтай залууг тэвэрч аваад салгаад, нэг харахад манайхан нэг нэгээр газар унасан харагдаж байсан. Тэгээд зодоон намжаад байхад цагдааг Алтанцэцэг дуудсан гэж байсан. Тухайн хоёр залуу машиндаа суугаад явах гээд байхаар нь цагдаа ирэх учраа олоод яваа гээд явуулаагүй, цагдаа ирээд нөгөө 2 залууг аваад явсан, бид нар араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...******* хар өнгийн пиджактай, дотор цагаан өнгийн футболктой, ******* бор өнгийн пиджактай байсан. ...*******ыг ягаан цамцтай залуу цохиод байхаар нь араас нь очиж салгасан, бие биеэ гараараа цохиод байсан, хаана нь цохиод байгааг хараагүй...” /хавтас хэргийн 68-71 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*******ын машины ар хэсэгт миний дотор муухайрч бөөлжсөн. Манай нөхөр ******* миний нурууг дараад, найз Ариунцэцэг хамт зогсож байхад хажуу талын машины залуучууд ирээд ууж чадахгүй бол үхсэнээ уусан юм гичий, зайл гээд байсан. Тэгээд манай найз Ариунцэцэг та нар ч гэсэн ууж иддэг биз дээ гээд байсан. Тухайн үед манай нөхөр ******* дуугүй зогсоод байсан. Тухайн залуучууд ирээд хэрүүл өдөөд шалчигнаад байсан. Согтуу хүмүүстэй юу ярих вэ гээд эхэндээ дуугүй байсан чинь тэр залуучууд элдэв янзаар хэлээд янхан, гичий гээд загнаад байсан. Тэгсэн манай найз Ариунцэцэг уурлаад тэр залуучуудтай хэрэлдэж маргаан эхэлсэн, маргалдаад байж байхад ******* машинаас бууж ирсэн, *******гийн эхнэр ******* машинаас бууж ирээд болиулах гэж оролдсон. ...******* бараан өнгийн пиджактай, дотуураа цагаан өнгийн футболктой байсан, манай нөхөр *******, саарал өнгийн пиджактай, дотор хэсгээр хөр өнгийн футболктой байсан...” /хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр ...бид нар *******ын машины хажууд юм яриад байж байхад *******ийн дотор муухайрч машины хойд хэсэгт бөөлжсөн, тэгсэн хар футболктой өндөр залуу гарч ирээд *******ийг гичий, нохойгоор дуудсан, Ариунцэцэг өмөөрч үг хэлэхэд үг хэлээр доромжилж өөдөөс нь алхахаар нь би яах гээд байгаа юм гээд намайг өндөр залуу нь түлхэж маргаан эхэлсэн. ...ягаан өнгийн цамцтай залуу нь манай эхнэрийг өмөөрч уур хүрээд дайрч өндөр залуутай зодолдож зууралдсан...” /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ягаан цамцтай залуу нь өндөр залуугийн хажуугаар орж ирээд *******г цохиод авсан, тэгээд салгах гээд байхад ягаан цамцтай залуу намайг цохиод эхэлсэн, ...******* өндөр залуутай зодолдсон, бас хажуугаар нь ягаан цамцтай залуу *******г цохиод байхаар нь ******* бид хоёр очиж салгасан, ...Тэр залуу намайг цохиод байхаар нь би гар, мөр хэсэг рүү цохиж тавиулах гэж оролдсон, нүүр, хамар хэсэгт нь цохиогүй...”  /хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №7750 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.*******д хамрын нурууны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд няцарсан шарх, хоёр тохойд зулгаралт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэсэн,  

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №7752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.*******од зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна, хана, хамрын нурууны хугарал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 97-98 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 20 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 26-34 дэх тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 35-43 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 117-121 дэх тал/,

- Шүүгдэгч Б.*******, А.******* нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 123, 136 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 125, 138 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 126, 139 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 140 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 33-26 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 124, 137 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр 05 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* цэнгээний газрын гадаа зогсоол дээр иргэн Г.*******той маргалдан түүний биед халдаж, зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна хана, хамрын нурууны хугарал хамрын нурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны үүрээр 05 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* цэнгээний газрын гадаа зогсоол дээр иргэн Э.*******тай маргалдан түүний биед халдаж хамрын нурууны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд няцарсан шарх, хоёр тохойд зулгаралт, зүүн зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.***********ын “...2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих 05 цагийн үед ******* баарны гадаа дуудлагын жолооч дуудах гээд машиндаа хаалга онгойлгоод суух гэж байхад машины хойно хүн бөөлжиж байсан. Тэгэхээр хөөе машин руу бөөлжөөд байна болиоч гэж хэлсэн. Тухайн үед нэг эмэгтэй бөөлжөөд 2 эмэгтэй хажууд байсан, тэгсэн нэг эмэгтэй өөдөөс салаавч гаргаад чамаар заалгах юм уу гээд маргаан болоод эмэгтэй намайг түлхэхээр нь би буцаагаад түлхсэн чинь цаанаас костюмтэй залуу ирэхэд маргалдаж хэрэлдсэн. Тухайн үед би *******той хамт байсан, тэнд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 орчим хүмүүс байсан. ******* бид хоёрыг тойрч зогсоод хэл амаар доромжлоод маргалдаад байсан. Би хар өнгийн костюмтай залуутай маргалдаж байсан чинь хажуу талаас нэг залуу татсан, тэгэхээр нь болиулах гэж байхад хажуу талаас хар өнгийн костюмтай залуу намайг унагаж дээрээс гараараа миний хамар луу нэг удаа цохисон, гэмтлийг хар өнгийн костюмтай залуу учруулсан. ...Анх маргаан эхлүүлсэн залуу цохиж гэмтэл учруулсан. Би тухайн өөр хүнтэй маргалдаагүй. Намхан ногоон пиджактай залуу намайг цохиж чадаагүй. Миний тохой шалбарсан байсан уг гэмтлийг унахдаа авсан байх. ...Бид хоёр тэр залуучуудыг цохиж чадаагүй..” /хавтаст хэргийн 49-50, 53-54 дахь тал/ гэсэн, хохирогч Г.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 26-аас 27-нд шилжих 02 цагийн үед ******* баар луу ганцаараа орсон, уг бааранд *******тай таарч бид хоёр хамт байж байгаад баар хаах үед буюу 05 цагийн үед гараад дуудлагын жолооч дуудаж явах гээд машин дээрээ очиход машины ар талд 3 эмэгтэй бөөлжөөд байж байсан. Тэгсэн ******* машин тэргэндээ бөөлжөөд байна болио гэж анхааруулж хэлсэн чинь тэр 3 эмэгтэй ******* руу дайраад ***********ыг түлхсэн. ******* тухайн эмэгтэйг өөрөөсөө холдуулж түлхэхэд танихгүй 3-5 залуучууд ирээд маргаан болж ***********ыг хар өнгийн костюмтай залуу нүүрэнд нь цохисон. Тэгэхээр нь би салгах гээд зогсож байхад ногоон малгайтай 30 орчим насны залуу ирээд миний нүүр лүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгсэн хойноос хэн нэг нь татаад намайг газар унахад нүүр лүү, хавирга хэсэгт өшиглөсөн, хэн өшиглөсөн болохыг хараагүй...” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн, гэрч Т.*******ын “...Би 05 дугаар сарын 27-ны үүрээр 05 цаг өнгөрч байхад эхнэр Энхтунгалагийг авахаар очиход манай эхнэр болон найз нар ******* баарнаас гарч ирж байсан. ...Миний машины ард ******* бөөлжиж байсан, бид нар бөөлжиж дуусахаар нь явъя гээд ярилцаад зогсож байхад миний машины ар талын машины залуу хэрүүл өдөөд байх шиг байсан, би үүнийг их анзаарч хараагүй ******* бид хоёр юм яриад зогсож байсан. Тэгээд нэг мэдэхэд өндөр залуу Ариунцэцэгтэй маргалдаад элдвээр харааж зүхээд байсан. Тэгсэн ягаан цамцтай залуу нь *******гийн шанаа хэсэгт цохиод зодоон эхлэх шиг болсон. Би зодооны салгах гээд өндөр залуугийн бугуйнаас бариад авсан чинь гараа цаашаа татаж аваад бужигналдаад авсан. ...*******ыг ягаан цамцтай залуу цохиод байхаар нь араас нь очиж салгасан, бие биеэ гараараа цохиод байсан, хаана нь цохиод байгааг хараагүй...” /хавтас хэргийн 68-71 дэх тал/ гэсэн, гэрч Д.*******ийн “...манай найз Ариунцэцэг уурлаад тэр залуучуудтай хэрэлдэж маргаан эхэлсэн, маргалдаад байж байхад ******* машинаас бууж ирсэн, *******гийн эхнэр ******* машинаас бууж ирээд болиулах гэж оролдсон. ...******* бараан өнгийн пиджактай, дотуураа цагаан өнгийн футболктой байсан, манай нөхөр *******, саарал өнгийн пиджактай, дотор хэсгээр хөр өнгийн футболктой байсан...” /хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.*******гийн “...Ягаан өнгийн цамцтай залуу нь манай эхнэрийг өмөөрч уур хүрээд дайрч өндөр залуутай зодолдож зууралдсан...” /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ гэсэн, шүүгдэгч А.*******ын “...******* өндөр залуутай зодолдсон, бас хажуугаар нь ягаан цамцтай залуу *******г цохиод байхаар нь ******* бид хоёр очиж салгасан, ...Тэр залуу намайг цохиод байхаар нь би гар, мөр хэсэг рүү цохиж тавиулах гэж оролдсон, нүүр, хамар хэсэгт нь цохиогүй...”  /хавтас хэргийн 113-114 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №7750 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.*******д хамрын нурууны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулд няцарсан шарх, хоёр тохойд зулгаралт, зүүн зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэсэн, 

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №7752 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.*******од зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна, хана, хамрын нурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 97-98 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 26-34 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 35-43 дахь тал/, шүүх хуралдааны явцад хэрэгт хураагдаж ирүүлсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Г.*******ын эрүүл мэндэд учирсан “...зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна, хана, хамрын нурууны хугарал...” бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч А.*******ын түүнийг цохисон,

хохирогч Э.***********ын эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******гийн түүнийг цохисон санаатай, идэвхитэй үйлдлийн улмаас хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, А.******* нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.*******ын хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Б.*******гийн хохирогч Э.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангаж байна.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Ч.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдэлд хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг түүний ажил эрхлэлт, олсон орлого зэргийг харгалзаж 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож,

шүүгдэгч Чулуунбаатарын ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг түүний ажил эрхлэлт, олсон орлого зэргийг харгалзаж 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд зүүн хацар яс, нум, хамрын нуруу, ухархайн доод, гадна, хана, хамрын нурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 667,850 төгрөг нэхэмжилснийг гэм буруутай этгээд А.*******аас гаргуулж хохирогчид олгож, хохирогч Э.***********ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр  нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******гээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Хохирогч Г.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хохирогч өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан тул хохирогч Г.*******, Э.******* нарын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210014391361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*******, Б.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд тус бүр хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая, хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг  08 /найм/ сарын хугацаанд,

шүүгдэгч Б.******* 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* /РД: *******, ******* дүүргийн 9-р хороо, эмнэлэг 15 гудамж 460 тоотод оршин суух хаягтай/-аас 667,850 /зургаан зуун жаран долоон мянга, найман зуун тавь/ төгрөг гаргуулж, хохирогч Г.******* /РД: ******* дүүргийн 25 дугаар хороо, 170с-28 тоотод оршин суух хаягтай, *******/-д олгож, хохирогч Г.*******, Э.******* нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2210014391361 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.*******, Б.******* нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР