| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 03 06 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Х.Нарангуа, шүүгдэгч Э.С /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Сд холбогдох эрүүгийн “2311 00000 0148” дугаартай, 186/2023/0144/Э индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, хх тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд талд байрлуулсан иргэн Ч.Сийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 82-69 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажны шил, гуприйг өшиглөж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Сийн:...би өөрийн эзэмшлийн 82-69 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны ертөнцийн зүгээр ар талын зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ ороод амарсан. 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд надруу үл таних дугаараас 3 удаа залгаад араас нь...утсаа аваачээ машины чинь шилийг хагалсан байна... гэсэн мессеж ирэхээр нь хувцсаа өмсөөд гадаа гартал миний машины хажууд цагдаа болон гэрч гэх нэг залуу 2 зогсож байсан. Тэгэхээр нь машинаа хартал арын далбааны доод талын нарны шилэн цонх хагарсан, мөн арын багажны хэсгийг хагалсан байсан. Тэгэхээр нь яасан талаар асуухад цагдаагийн хажууд зогсож байсан залуу надад машин дотроо сууж байтал ард түчигнэсэн чимээ гарахаар нь согтуу хүн өөрийнхөө машиныг харж байгаа юм байна гээд эхэндээ тоохгүй байж байгаад сүүл рүүгээ цонхыг нь хагалаад эхлэхээр нь буугаад...хөөе болиоч...гэж хэлтэл зугтаасан. Тэгэхээр нь араас нь барьж аваад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тухайн эвдэлсэн гэх залууг цагдаагийн машинд суулгасан байсан тэр залуу нь согтуу байх шиг байсан. Тэгээд цагдаа намайг цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлээд өөрөө нөгөө согтуугаа аваад явчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Азжаргалын:...2023 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Рич нэртэй зочид буудал, караокены гадна найзыгаа хүлээгээд өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор сууж байтал ард нэг шил хагарах шиг болоод түжигнээд байхаар нь машиныхаа толинд хартал нэг хүн машин өшиглөж байгаа харагдахаар нь эхлээд машиныхаа түлхүүрийг гээсэн хүн багажаа нээгээд орох гэж байгаа юм болов уу гэж бодоод хэсэг суутал нэг л биш санагдаад байхаар нь машинаасаа буугаад...хөөе... гээд орилтол шаргалдуу өнгийн өмдтэй, хар саарал өнгийн куртиктэй хүн зугтчихсан. Тэгэхээр нь би эхлээд эмэгтэй хүн байна гэж бодоод араас нь дагаж явахдаа өөрийн 90494343 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд араас нь дуудлага өгч байх хооронд бас нэг “Приус 30” маркийн цагаан өнгийн машины арын шилийг нь өшиглөөд хагалчихсан. Нөгөө хүн байр тойрч яваад буцаад анхны машины шил хагалсан газраа ирээд ахиад нэг машины шил хагалах гэж байхаар нь би бариад авсан. Тэгээд дуудлага дахин өгтөл хүлээн авлаа гээд хэсэг хугацааны дараа цагдаа нар хүрээд ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,
2.3. Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 503 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 12 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс:...хохирогч Ч.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/, гэрч Б.Азжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 503 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 12 дугаар тал/, яллагдагч Э.Сийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2.Шүүгдэгч: хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.С нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд талд байрлуулсан иргэн Ч.Сийн эзэмшлийн Тоёота приус маркийн 82-69 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажны шил, гуприйг өшиглөж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-хохирогч Ч.Сийн:...би өөрийн эзэмшлийн 82-69 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны ертөнцийн зүгээр ар талын зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ ороод амарсан. 2023 оны 02 дугаар сарын 07-ны шөнийн 01 цагийн орчимд надруу үл таних дугаараас 3 удаа залгаад араас нь...утсаа аваачээ машины чинь шилийг хагалсан байна...гэсэн мессеж ирэхээр нь хувцсаа өмсөөд гадаа гартал миний машины хажууд цагдаа болон гэрч гэх нэг залуу 2 зогсож байсан. Тэгэхээр нь машинаа хартал арын далбааны доод талын нарны шилэн цонх хагарсан, мөн арын багажны хэсгийг хагалсан байсан. Тэгэхээр нь яасан талаар асуухад цагдаагийн хажууд зогсож байсан залуу надад машин дотроо сууж байтал ард түчигнэсэн чимээ гарахаар нь согтуу хүн өөрийнхөө машиныг харж байгаа юм байна гээд эхэндээ тоохгүй байж байгаад сүүл рүүгээ цонхыг нь хагалаад эхлэхээр нь буугаад...хөөе болиоч...гэж хэлтэл зугтаасан. Тэгэхээр нь араас нь барьж аваад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тухайн эвдэлсэн гэх залууг цагдаагийн машинд суулгасан байсан тэр залуу нь согтуу байх шиг байсан. Тэгээд цагдаа нь намайг цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлээд өөрөө нөгөө согтуугаа аваад явчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 5 дугаар тал/,
- гэрч Б.Азжаргалын:...2023 оны 02 дугаар сарын 06-ний өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Рич” нэртэй зочид буудал, караокены гадна найзыгаа хүлээгээд өөрийнхөө тээврийн хэрэгсэл дотор сууж байтал ард нэг шил хагарах шиг болоод түжигнээд байхаар нь машиныхаа толинд хартал нэг хүн машин өшиглөж байгаа харагдахаар нь эхлээд машиныхаа түлхүүрийг гээсэн хүн багажаа нээгээд орох гэж байгаа юм болов уу гэж бодоод хэсэг суутал нэг л биш санагдаад байхаар нь машинаасаа буугаад...хөөе... гээд орилтол шаргалдуу өнгийн өмдтэй, хар саарал өнгийн куртиктэй хүн зугтчихсан. Тэгэхээр нь би эхлээд эмэгтэй хүн байна гэж бодоод араас дагаж явахдаа өөрийн 90494343 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд араас нь дуудлага өгч байх хооронд бас нэг “Приус 30” маркийн цагаан өнгийн машины арын шилийг нь өшиглөөд хагалчихсан. Нөгөө хүн байр тойрч яваад буцаад анхны машины шил хагалсан газраа ирээд ахиад нэг машины шил хагалах гэж байхаар нь би бариад авсан. Тэгээд дуудлага дахин өгтөл хүлээн авлаа гээд хэсэг хугацааны дараа цагдаа нар хүрээд ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,
-Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 503 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 12 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Сийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн 82-69 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын багаажны шил, гуприйг өшиглөж гэмтээсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулж байгаа гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн тайлан, хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Сийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Ч.С нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэрэг байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Сийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ