| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Лийн Бд холбогдох эрүүгийн 2335000000002 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны .... дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн ........суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн ........... ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн ........ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Лийн Б, регистрийн дугаар: ......................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн ........... сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius (Тоёота приус)-30” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Т.Аийг мөргөж, амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б нь Увс аймгийн ........... сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius -30” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч Т.Аийг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургуулиас хүүхдээ авахаар гэрээс гарсан. Сургууль дээр очиход хичээл нь тарсан байсан. Уг нь охины маань анги 16 цаг 30 минутын үед тардаг бөгөөд би 16 цаг 25 минутад очсон. Тэр өдөр багш нь цагаасаа жаахан эрт тараасан байсан тул би охинтойгоо зөрчихсөн. Тухайн үед би утасгүй явсан учраас мэдээлэл авах боломжгүй байсан. Тэгээд би охиноо гэртээ харьчихсан юм болов уу гэж бодоод гэртээ ирэхэд хүүхэд минь ирээгүй байсан. Би охиныхоо ангийн хүүхдийн ээж рүү ярихад аль эрт манай хүүхэд ирсэн. Чи сургуулийн камер шүүгээд үзэхгүй гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр мал аваад гудамжаар ирж байна, урдаас тосоод гараад ир гэж ярихад нь нөхрийнхөө урдаас тосоод очиход миний утас руу охин маань дүүгээ осолд орчихлоо гэж ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр сандраад эмнэлэгт ирэхэд охинд маань хиймэл амьсгал хийж байсан. Би эмчээс охиныг минь авраач гэж гуйсан. Миний хүүхэд аавтайгаа нэг өдөр төрсөн. Охиныгоо байхад бид гэр бүлээрээ маш аз жаргалтай байсан. Охиноо алдсанаас хойш энэ бүхэн өөрчлөгдөж, гэр бүлийн аз жаргал, баяр Б үгүй болсон, бүгдээрээ уй гашууд автсан. Охин маань манай гэрийн гэрэл гэгээ болсон хүүхэд байсан. Би хариуцлагагүй жолоочоос болж алаг үрээ алдсан. Хүүхэд гүйгээд замын эсрэг талд гарсан байдаг. Гэтэл гүйж гарсан тал руу жолоогоо дараад миний хүүхдийг дайрсан байсан. Яагаад ийм анхаарал болгоомжгүй явсан юм бэ. Яагаад миний охиныг харахгүй дайрч байгаа юм бэ. Би болон манай гэр бүл сэтгэл санааны хувьд маш их хохирч байна. Хэзээ хэвийн байдалдаа орохыг мэдэхгүй. Хохиролд 14.500.000 төгрөг төлж өгсөн. Охины амь нас мөнгөөр үнэлэгдэх боломжгүй, маш үнэ цэнэтэй. Үнэхээр гомдолтой байна, маш их харамсаж байна. Сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг,
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгчийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсний улмаас амь хохирогч цээжний хөндийн битүү гэмтлүүдийн улмаас дотор цус алдаж, амьсгалын хурц дутмагшлаар нас барсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг зөрчсөн байна. Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруутай” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч Л.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, гэм буруугийн хувьд маргахгүй гэдгээ илэрхийлж ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа ухамсарлаж ойлгож байна. Хохирогчийн ар гэрээс дахин уучлал хүсмээр байна. Би 3 хүүхэдтэй. Миний ээжийн бие муу байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000002 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газар, тээврийн хэрэгсэл, цогцост үзлэг хийсэн, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 3-14, 23-32, 36-39 дэх тал);
2. Насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 25 минутад охин Т.Аийг сургуулиас нь авахаар Увс аймгийн ........... сумын 6 дугаар сургуулийн 1г бүлгийн У багшийн ангид очиход Т.Аийн хичээл нь тарчихсан, охин маань ангидаа байхгүй, анги нь эзгүй байсан. Охиныг маань манай гэрийн ойролцоо байдаг, хүүхэд нь Т.Аийн ангид суралцдаг, нэрийг нь мэдэхгүй хүн заримдаа хүүхэдтэйгээ хамт аваад ирдэг учир би охиноо тэр нартай хамт гэрлүүгээ явчихсан юм болов уу гэж бодоод сургуулиас гарч гэрлүүгээ явсан. Би 16 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд охин Т.А гэртээ ирээгүй байсан ба би сургуулиас гэр уруу явах замдаа охинтойгоо таараагүй учир охиноо хайж, заримдаа хамт аваад ирдэг хүүхдийн ээж рүү залгаж, танай хүүхэд ирсэн үү гэж асуухад манай хүүхэд ирчихсэн байна, 16 цагт хичээл нь тарсан гэж хэлсэн. Би уг хүнтэй ярьж дуусахад манай нөхөр О.Т над руу гар утсаар залгаж идэшний бог мал туугаад хорооллоор орж ирж байна. Чи урдаас тосоод гараад ир гэж хэлсэн тул би гэрээс гарч нөхрөө тосоод идэшний бог мал туугаад явж байхад манай охин Т.А над руу гар утсаар залгаж дүү А зам дээр осолд орчихлоо гэж хэлсэн. Нөхөр бид хоёр зам руу гүйж байхад манай таньдаг дүү Х машинтай тааралдсан учир Хгийн машинд сууж авто зам дээр гарахад хүүхдүүд байгаагүй. Би над руу залгасан дугаарлуу буцаан залгаж хаана байгаа талаар асуухад 103 дээр байгаа гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Хгийн автомашинтай 103 дээр очоод охиныхоо гараас атгахад гар нь хүйтэн, царай нь хөхөрчихсөн байсан. Би эмчээ охиныг минь авраад өгөөч гэж гуйхад эмч над руу хараад толгойгоо баруун, зүүн тийш нь хөдөлгөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);
3. Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр цас их орсон учир замын гадаргуу хальтиргаа, гулгаатай байсан учир манай нөхөр Б их зөөлөн явж байхад тээврийн хэрэгслийн урд талаар ягаан өнгийн куртиктай эмэгтэй хүүхэд гэнэт гүйсэн, нөхөр тээврийн хэрэгслийн дуут дохиог дарж, тоормос гишгэж, баруун гар тал руугаа дарсан боловч хүүхдийг мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал);
4. Насанд хүрээгүй гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 10 минутын үед төрсөн дүү Т.А нь манай ангийн үүдэнд ирж манай хичээл тарчихлаа гэж надтай уулзсан. Би дүүдээ хандаж манай хичээл бас удахгүй тарна, чи намайг хүлээгээд сууж бай гэж хэлээд сургуулийн коридорт суулгасан. ...Тухайн өдөр цас их орж халтиргаатай байсан учир А гэдэг 1 дүгээр ангийн эрэгтэй хүүхдийг би хөтөлж гэрийн ойролцоо байдаг зам хөндлөн гарсан ба бидэнтэй хамт явсан 5 дугаар ангийн хүүхэд болох А намайг дагаад зам хөндлөн гүйгээд гараад ирсэн. Дүү Т.А замын нөгөө талд ганцаараа үлдсэн ба зам хөндлөн гарах гэж гүйх үед нь замаар явж байсан мөнгөлөг өнгийн, приус загварын автомашин дүү Т.Аийг гэрлийн шонтой хавсарч мөргөсөн. Тухайн мөнгөлөг өнгийн, приус загварын автомашин дүү Т.Аийг мөргөсний дараа хойшоо ухарсан ба дүү Т.А доош харж унаад ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Дүүг мөргөсөн автомашины жолооны араас эрэгтэй хүн бууж ирсэн, эсрэг талын урд суудал дээрээс том гэдэстэй эмэгтэй хүн бууж ирсэн. Би гудамжаар явж байсан хүний утас гуйж ээж С.А руу залгаж дүү машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тухайн хоёр хүн түргэн тусламж дуудсан бөгөөд ирэхгүй удаад байна гэж хэлээд дүүг аваад машиндаа оруулж эмнэлэг явсан. Би тухайн хүмүүстэй хамт явсан ба Цастогтох дэлгүүрийн урд явж байхад эмнэлгийн машин ирж дүүг аваад бид нар 103 дээр очсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал);
5. Насанд хүрээгүй гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 20 минутад миний хичээлийн давтлага орсон бөгөөд би давтлагад суучихаад 16 цаг 20 минутад тарж, гэрийн ойролцоо байдаг А /6 настай/ гэх хүүхдийг хичээл нь тарахаар авч гэрлүү явах гэж хүлээж байгаад 17 цагт Аын хичээл тарахад Аыг аваад ........... сумын 6 дугаар сургуулиас гарахад манай нагац эгчийн хүүхэд Т.А, Т.А нар гэрлүүгээ харих гэж байсан болохоор бид нар хамт гэрлүүгээ явцгаасан. Бид нар "Мандах" дэлгүүрийн ойролцоо явж байхад А зам хөндлөн гарахаар гүйсэн бөгөөд Т.А бид хоёр Аын араас гүйж Аыг аваад замын нөгөө талд гарсан. Т.А нь ганцаараа замын нөгөө талд үлдсэн бөгөөд зам хөндлөн гарахаар гүйж, замаар гарч ирэхэд саарал өнгийн машин Т.Аийг замын хажууд байсан гэрлийн шонтой хавсарч, мөргөсөн. Т.А машинд мөргүүлснээс хойш дахин ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй бөгөөд мөргөсөн саарал өнгийн машин дотроос эрэгтэй, эмэгтэй хүн бууж ирсэн. Түүний дараа би Аыг аваад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал);
6. Гэрч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг өнгөрөөд ........... сумын 12 дугаар цэцэрлэг буюу ажлаасаа гараад зам дагуу ертөнцийн зүгээр урд зүгээс, хойд зүг рүү явж байхад Ш.Бг ажлаас нь нөхөр Л.Б "Тоёота приус" загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж аваад миний хажуугаар зөрж, ертөнцийн зүгээр урд зүгээс, хойд зүгийн чиглэлд явсан. Би "Мандах" нэртэй дэлгүүрийн ойролцоо ирэхэд "тоёота приус" загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргаж, ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү харсан байдалтай, зам дээр ташуу зогсчихсон, жолооч Л.Б ягаан өнгийн куртиктай эмэгтэй хүүхэд тэврээд өөрийн тээврийн хэрэгслийн арын суудал тавьж байсан. Би тухайн газар явж очиход 6 юм уу 7 дугаар ангийн орчим хүүхэд надад хандаж утсаараа нэг яриулчих гэж хэлэхээр би ээж рүү нь залгуулсан. Л.Б түргэн тусламж дуудсан гэж хэлсэн боловч түргэн тусламж хүлээхээр удах юм шиг байна эмнэлэг рүү аваад явъя гэж хэлсэн. Ш.Б нь жирэмсэн учир уг хүүхдийг тэвэрч чадахгүй байсан тул би тэврээд Л.Бгийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж эмнэлэг рүү явсан. Бид нар Цастогтох дэлгүүрийн урд талд явж байхад эмнэлгийн тээврийн хэрэгсэл ирж машинд мөргүүлсэн охиныг аваад цааш нь явсан, би гэрлүүгээ буцаад ганцаараа явсан. Би осол болсны дараа очсон учир надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);
7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай "Амь хохирогч Т.Аийн биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй...Амь хохирогч Т.А нь цээж, хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-111 дэх тал);
8. Цагдаагийн ерөнхий газрын “Л.Б нь В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл, (хавтаст хэргийн 175 дахь тал),
9. Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерийн бичлэгийн хуулбар зэргийг /дэлгэцээр / тус тус шинжлэн судлав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Самбуугийн Аыг тогтоох тухай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 49 дэх тал);
2. Насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.А нь урьд өмнө нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож, зам гарч байсан удаа байхгүй. Дандаа харгалзах хүнтэй хамт явдаг байсан. ...Цас орчихсон зам халтиргаатай байхад замын хөдөлгөөнд хайнга оролцож миний нялх хүүхдийн амь насанд хүрсэн жолоочид маш гомдолтой байна. Оршуулгын зардалтай холбоотой гарсан зардлыг баримтын дагуу гаргуулж, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);
3. Насанд хүрээгүй гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь дүүг замаас гарчихсан байхад нь замын гадна талд гэрлийн шонтой хавсарч мөргөсөн. ...Дүүг мөргөсөн ах Цастогтох руу явж байх үедээ надад дүүгээ харж байхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би тэр ахад хандаж зам халтиргаатай байгаа учир А гэдэг 6 настай хүүхдийг би түрүүлж авч зам хөндлөн гаргасан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал);
4. Гэрч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хичээл өдөр 13 цаг 20 минутад орж, орой 16 цаг 00 минутад тардаг албан ёсны цагийн хуваарьтай. Хүүхдүүд үсэг үзэж эхэлснээс хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш үзсэн үсгийг нь давтуулаад 16 цаг 30 минутад тарж байсан. Т.А нь өдрийн цагаар тус сургуулийн 7 дугаар ангид суралцдаг төрсөн эгч Т.Агийн хамт ирдаг. Орой 16 цаг 30 минутад тарах үед нь ихэвчлэн Т.Аийн төрсөн ээж С.А ирж авдаг, зарим үед төрсөн эгч Т.А нь аваад явдаг. Манай анги болон сургуулийн хэмжээнд хүүхдийг хичээлд нь ирж, явах үед нь асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн бүртгэл хөтөлдөггүй, харин хичээл тарах үед ангийн хүүхдүүдээ сургуулийн коридорт жагсааж байгаад ар гэрээс нь авахаар ирсэн хүмүүст хүлээлгэн өгч явуулдаг. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай ангийн хичээл 16 цаг 10 минутад цагийн хуваарийн дагуу тарсан бөгөөд хүүхдүүдэд үсэг давтуулаагүй. Т.А нь ангид байхдаа надад хандаж би төрсөн эгч Т.Агийн анги руу явлаа, эгчтэйгээ хамт харина гэж хэлээд сургуулиас гарахгүй 2 давхарт байдаг ангиасаа 3 давхарт байдаг эгч Т.Агийн анги руу явж, эгчийнхээ ангийн үүдэнд хүлээж сууж байгаад эгчтэйгээ хамт 17 цаг 30 минутын үед сургуулиас гарч явж харагдсан. ТА нь сэргэлэн цовоо, бичгийн хэв сайтай, үзсэн үсгээ цээжилчихдэг, дуу дуулах, бүжиг бүжиглэх авьяастай сайн хүүхэд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал);
5. Насанд хүрээгүй гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Аийг зам хөндлөн гарсны дараа саарал өнгийн машин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал);
6. Гэрч Х.Мөнхнарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Автомашинд мөргүүлсэн гэх хүүхдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн тасагт авч ирэхэд 6 орчим настай, сурагчийн хувцастай, эмэгтэй хүүхэд ирсэн. Уг хүүхдийн зүрх зогчихсон амьсгалгүй ямар нэгэн хөдөлгөөнгүй болчихсон ирсэн учир цээж цахалт хийж, дефибрилетор цохиулах зэргээр сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн боловч нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал);
7. Гэрч О.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цагдаагийн байгууллагын албан хаагч болон осол гаргасан жолоочийн хамт ослын газар дээр очиж үзэхэд уг жолооч ........... сумын 9 дүгээр баг “Мандах” дэлгүүрийн ойролцоо миний охин Т.Аийг зам хөндлөн гарсны дараа замын гадна орчинд, гэрлийн шонтой хавсарч мөргөсөн байсан. Би осол гаргасан жолоочоос зам хөндлөн хүүхэд гарч байхад чи харсангүй юу, хэн жолоо барьж явсан бэ гэж асуухад жолооч надад би жолоо барьж явсан, зүүрмэглээд харсангүй гэж хэлсэн,...С.А байнга очиж авдаг, тухайн өдөр эхнэр С.А, охин Т.Аийг сургуулиас нь авах гэж очсон боловч зөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал);
8. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/224 дугаартай дүгнэлтийн 5 дахь хэсэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал);
9. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай "...Амь хохирогч Т.А нь дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-111 дэх тал);
10. Мөрдөгчөөс бага насны хохирогчийн нас тоолсон “...амь хохирогч Т.А нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осолд өртөж нас барах үед 5 нас 11 сар 5 хоногтой байсан болох нь тогтоогдож байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 173 дахь тал);
11. 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцаад бичсэн “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь сэтгэл санаа маш хүнд байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 173 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл хэргээс:
1. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “...асфальт хучилттай зам, үзэгдэх орчин гэрэлтүүлэгтэй, бүрхэг, цастай” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал);
2. Жолоочийн согтуурал шалгасан “Л.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор Увс аймгийн Цагдаагийн газрын 212 тоот өрөөнд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 43 минутад 7510 загварын драггер багаж ашиглан шалгахад 0.00%-ийн согтолттой байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 44 дэх тал);
3. Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал);
4. Гэрч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүүхдийг зарим үед төрсөн эгч Т.А нь аваад явдаг. Т.А нь өдрийн цагаар эгч Т.Агийн хамт хичээлдээ ирдэг, ээж С.А нь Т.Аийг зарим үед эгчид нь өгөөд явуулчих, би зарим үед ирж авч амжихгүй байна гэж хэлж байсан удаатай, тийм ч учраас Т.А нь зарим үед Т.Агийн хичээл тарахаар гэрлүү нь явуулдаг. Насанд хүрээгүй хүүхэд Т.Ад дүү Т.Аийг өгч явуулах нь буруу...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал);
5. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/224 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал);
6. “Л.Бгийн 5................... тоот данснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын 5............. тоот дансруу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн” Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 159 дэх тал);
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирлын тооцоо (хавтаст хэргийн 163 дахь тал);
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч буй Л.Бгийн 5............ тоот данснаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын 5............ тоот дансруу 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлж хохирол төлбөрт нийт 11.500.000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд;
9. Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Б нь ........... сумын 3 дугаар багийн 25 дугаар байрны 15 тоот 2 өрөө байранд эхнэр Ш.Б, хүү Б.Д /6 нас/, охин Б.М /4нас/ нарын хамт амьдардаг бөгөөд эхнэр Ш.Б нь ........... сумын 12 дугаар ....... ажилтай, удахгүй амаржих гэж байгаа бие давхар хүн байгаа. Л.Б эхнэр, хүүхдэдээ халамжтай, чөлөөт цагаа гэр бүлтэйгээ, хүүхэдтэйгээ тоглож өнгөрүүлэх дуртай, гэр бүлийн уур амьсгал дулаахан, ажлын хувьд ...........ХХК-д ажилладаг бөгөөд ажлын хамт олон дундаа нэр хүнд сайтай, сагсан бөмбөгөөр байгууллагынхаа шигшээ багт тоглодог. Зан байдлын хувьд хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргаддаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал);
10. Л.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 136 дахь тал);
11. Л.Бгийн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 140-142 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 2023 оны 1 дүгээр сарын 30-нд төрсөн Л.Бгийн 3 дахь хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар;
12. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 720 дугаартай “Л.Б нь амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх тодорхойлолт, (хавтаст хэргийн 144 дэх тал);
13. Увс аймгийн ............ ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 374 дугаартай “Л.Б нь худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажилтай, сарын 791.556 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 151 дэх тал);
14. ........... сумын 3 дугаар багийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 26-ны 2047 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 152 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А, шүүгдэгч Л.Б нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
2. “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцно.
3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Б нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа болгоомжгүй үйлдлээр хүний амь насыг хохироосон байх тул шүүгдэгч Л.Бг зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
5. Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн ........... сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius (Тоёота приус)-30” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна.
6.Тодруулбал: Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал, хальтиргаа гулгаатай зам дээр цэцэрлэг, сургууль тарж, хүүхдүүдийн хөл хөдөлгөөн ихтэй үеэр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, маш анхаарал болгоомжтой байж, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ бүрэн зогсоох боломжтой хурдыг зөв сонгож яваагүйн улмаас тээврийн хэрэгслийн зүүн талаас гарч ирэн зам хөндлөн гарч явсан бага насны хүүхэд Т.Аийг харсан даруйдаа хурдаа хасаж, тээврийн хэрэгслээ самбаачилж зогсоож чадаагүй,
- Бага насны хүүхэд Т.Аийг нэгэнт зүүнээс баруун тал руу замаар хөндлөн гарахаар хөдөлгөөнөө эхлүүлсэн байхад хүүхдийн хөдөлгөөний чиглэлийг зөв тооцоолж чадаагүйгээс тээврийн хэрэгслийнхээ жолооны хүрдийг амь хохирогч Т.Аийн зам хөндлөн гарч байгаа чиглэл рүү буюу баруун тийш дарж, бага насны хүүхэд Т.Аийг мөргөн, амь насыг нь хохироосон байна.
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд зам тээврийн осол гарсан газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр илрээгүй нь Л.Бг хөдөлгөөнд нь аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгах үндэслэл болж байна.
6. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай "Амь хохирогч Т.Аийн биед өрц баруун, зүүн хэсгээр задрал, нойр булчирхайн хөндлөн тасрал, элэгний баруун дэлбэнд голомтолсон няцрал, цээжний баруун, зүүн хөндийд, хэвлийн хөндийд цус хуралдалт, гол судас, улаан хоолой орчмын хальсанд, чамархайд цус хуралт, цээжний зүүн урд хэсгийн булчингийн эдэд цус хуралт, зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгээр далд зөрөөтэй хугарал, зүүн өвдөгт язарсан урагдсан шарх, духны зүүн хэсэгт, өвчүү, цээжний зүүн урд дээд хэсэгт, хэвлий, зүүн ташааны ар хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт, зүүн шилбэнд зургаралд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн амьд үед үүссэн байх ба зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Т.Аийн биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй...Амь хохирогч Т.А нь дээрх цээж, хэвлийн битүү гэмтлүүдийн улмаас дотуур цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 108-111 дэх тал)-ээр бага насны хүүхэд Т.А нь зам тээврийн осолд өртөж, амь насанд аюултай хүнд гэмтэл авсны улмаас нас барсан болох нь нотлогджээ.
7. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед “Тоёота приус-30” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний амь нас хохирох хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзэх бөгөөд шүүгдэгч Л.Бгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл нь хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
8. Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...автомашины урдуур ягаан өнгийн куртиктэй хүүхэд гэнэт гүйж орж ирэхээр нь анхааруулах дохио дарж, тоормос гишгэсэн боловч тээврийн хэрэгсэл зогсоогүй учир би сандарч баруун гар тал руугаа тээврийн хэрэгслийн жолоогоо дарахад тээврийн хэрэгсэл замаас гарч, тээврийн хэрэгслийн урдуур гүйсэн хүүхдийг гэрлийн шонтой хавсарч, мөргөж тээврийн хэрэгсэл зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал) нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD бичлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Иймд шүүгдэгч Л.Бг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Л.Бгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл болсон байна.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч Т.Аийн эцэг, эх, (асран хамгаалагч) нь бага насны буюу 5 настай охин Т.Аийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан идэвхтэй, санаатай үйлдэл тогтоогдоогүй, амь хохирогчийн ээж С.А тухайн өдөр охин Т.Аийг сургуулиас авахаар очсон боловч хичээл тарж, анги нь эзэнгүй байсан, охин Т.Аийг төрсөн эгч, 12 настай Т.Агийн хичээл тарахыг хүлээж, тэдний ангийн үүдэнд сууж байгааг мэдээгүй, талийгаачийн эгч 12 настай охин Т.Ад 5 настай охин Т.Аийг хариуцуулаагүй учраас өөрөө охиноо хайж, ангийн эцэг эхчүүдээс асууж сураглаж байсан үйл баримт тогтоогдсон байх тул Т.Аийн эцэг, эх (асран хамгаалагч)-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатай зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/224 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дахь тал)-ийг улсын яллагч яллах талын нотлох баримтаар үнэлээгүй, уг баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа тул нотлох баримтаар үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйг дурдаж байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
1.Шүүгдэгч Л.Бгийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Бгаас оршуулгын болон бусад зардалд 12.262.050 (арван хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга тавин) төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 162-172 дахь талд авагджээ.
Шүүгдэгч Л.Б нь амь хохирогч Т.Аийн оршуулгын болон бусад зардалд 14.500.000 (арван дөрөв нь сая таван зуун мянга) төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 159, 199-201 дэх талд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А болон шүүгдэгч Л.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Бгаас мөнгөн хэлбэрээр гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Бид охиноо алдаад гэр бүлээрээ сэтгэл санаагаар маш их хохирч байгаа, цаашид ч энэ байдал маань үргэлжилнэ, хэзээ хэвийн байдалдаа орохыг хэлж мэдэхгүй байна. Миний охины амь нас маш үнэ цэнэтэй. Охиныхоо амь насыг мөнгөөр үнэлэхийг хүсээгүй тул сэтгэл санааны хохирлоо тодорхойлж чадахгүй байсан. Гэхдээ бид ах дүү нарынхаа зөвлөснөөр сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжлэхээр шийдсэн. Иймд энэ хохирлыг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, шүүгдэгч Л.Бгаас сэтгэл санааны хохиролд 50.000.000 (тавин сая) сая төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аын нэхэмжилсэн “сэтгэл санааны хохиролд 50.000.000 (тавин сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн хор уршиг буюу сэтгэл санааны хохирол тооцох аргачлал, хууль, журам батлагдаагүй тул сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, хууль, журам батлагдаж, эрх зүйн орчин бүрдсэний дараа С.А нь шүүгдэгч Л.Бгаас гэм хор учруулсны улмаас үүссэн сэтгэл санааны хохирол 50.000.000 (тавин сая) төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Л.Б нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” санал, дүгнэлтийг,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч нь гаргасан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “... Миний үйлчлүүлэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, харин гэмт хэрэг үйлдсэний дараа 14.500.000 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Л.Б нь хувийн байдлын хувьд 0-7 насны 3 хүүхэдтэй. Эхнэр нь бага насны хүүхдүүдээ харж гэртээ байдаг. Тэрээр болгоомжгүйгээр хүний амь нас хохироосондоо маш их гэмшиж, бас харамсаж байгаа. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлж өгнө үү. Л.Бгийн зүгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Цаашид ч харж хандаж явна гэдгээ илэрхийлдэг. Иймд миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
5. Шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэм буруугаа ухамсарлан ойлгож байна. Хохирогчийн ар гэрээс дахин уучлал хүсмээр байна” гэх мэдүүлгийг гаргав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
-Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
- Шүүгдэгч Л.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас(хавтаст хэргийн 136 дахь тал)-аар нотлогдож байна.
Хувийн байдлын хувьд тэрээр ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн ................. амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн ...........хаягт улсын бүртгэлийн ........ дугаартай 49.67 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй зэрэг хувийн байдал хэрэгт тогтоогдсон байна.
Түүнчлэн Л.Бгийн ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар өгсөн гэрч С.Г-гийн (хэргийн 71 дэх тал) мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.
7. Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан болон шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн хор уршигт 14.500.000 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал болон бусад хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 (нэг) жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус тогтоож шийдвэрлэв.
8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, амь хохирогч хүүхдийн өвлийн ноосон малгай 1 ширхгийг түүний хууль ёсны төлөөлөгч С.Ад буцаан олгож, Л.Бгийн эзэмшлийн ....... улсын дугаартай Toyota Prius (Тоёота приус)-30” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ажиллагааг хүчинтэйд тооцсон Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Лийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 (нэг) жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Л.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад гэмт хэргийн хор уршигт 14.500.000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ааас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 50.000.000 (тавин сая) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, С.А нь энэ асуудлаар иргэний шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Бгаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ....... улсын дугаартай Toyota Prius (Тоёота приус)-30” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ажиллагааг хүчинтэйд тооцсон Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүүхдийн ноосон малгай 1 ширхгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад буцаан олгож, хэргийн үйл баримтыг тусгасан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Л.Бгийн жолоодох эрхийг үнэмлэхийг тус шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА