Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч П.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 201608000186 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1972 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хүрийн ногооны 1-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ТЛ72072066 дугаарын регистртэй, Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэн

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Р.Пүрэвсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бадрах-70 сууц өмчлөгчдийн холбооны байранд П.Наранхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Р.Пүрэвсүрэнгийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө ажилдаа ирээд, 4 дүгээр байрны 2 оршин суугч цэвэрлэгээ муу байна, СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй гэсэн гомдол бичгээр гаргаж, гарын үсэг зурсан байсныг Доржсүрэн даргад танилцуулж байтал П.Наранхүү эгч өрөөнд орж ирээд намайг хүний муу дандаа үзэж байхын гээд уурлаад, намайг загнасан. Даргатай зэрэгцээд сууж байсан учраас эхлээд би хэрэлдэж, муудаагүй. Гэтэл дахиад миний мууг дандаа үзэж байдаг, дэлгүүрээр муулж явсан гээд уурлаад байсан. Тухайн үед би дэлгүүрээр ийм зүйл ярьж яваагүй учраас эхлээд нилээн тэвчиж хүлээсэн. Гэтэл П.Наранхүү эгч салаавч гаргаад, загнаад байхаар нь тэвчиж хүлээж байсан. Дарга ажилдаа гар гээд бид нарыг гаргатал П.Наранхүү эгч ах дүүгээрээ нийлээд зодчих гээд байхаар нь хажуугаар нь гарах гээд цаашаа холдуулах санаатай баруун гарынхаа ар талаар нэг удаа алгадсан. Тэгээд П.Наранхүү эгч цагдаа дуудсан. Цагдаа ирэхийг хүлээж байтал дарга ажилдаа гар гэхээр нь цагдаа хүлээж байгаад ажилдаа гарсан. Өөр зүйл болоогүй гэв. 

 

   1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч П.Наранхүүгийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн үед даргын өрөөнд Р.Пүрэвсүрэн орж ирээд, намайг алгадсан. Миний толгой эргээд, дотор муухайраад, хамаг бие салаглаад чичрээд байхаар нь цагдаа дуудаад, шинжээч эмчид үзүүлэхэд, хөнгөн гэмтэл учирсан байна гэсэн. Нөхөрөөрөө толгойгоо бариулаад, одоо гайгүй болсон. Наранбаатар эмчид үзүүлж, эм авч уусан. Одоо Р.Пүрэвсүрэнд гомдол, санал байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч П.Наранхүүгийн

"...Би Бадрах 70 СӨХ-д үйлчлэгч хийдэг юм. Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажил дээрээ очоод байж байтал миний хариуцсан 4 дүгээр байрнаас гомдол ирсэн гээд манайд үйлчлэгч хийдэг Р.Пүрэвсүрэн Доржпүрэв даргад хэлж байсан. Урьд өдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Пүрэвсүрэн 8 дугаар байрны дэлгүүрт Наранхүү ажлаа хийхгүй болохоор хүмүүсээс гомдол гараад байх юм гээд ярьж явсныг нь манай дүү сонссон байна лээ. Би тэрийг нь өнөөдөр Пүрэвсүрэнд хэлээд "чи элдэв янзын юм ярьж явахаа болиочээ" гэсэн чинь яадгийн чи өөрөө миний талаар өөр хүмүүст бас ярьдаг биз дээ гээд хэрэлдээд эхэлсэн. Би тэр хүний талаар өөр хүмүүст ярьсан зүйл байхгүй гэсэн чинь сүүлдээ Пүрэвсүрэн босч ирээд миний нүүрлүү гараараа цохиод авсан. Пүрэвсүрэнгийн дүү нь гээд Дуламсүрэн бас брсч ирээд намайг зуурч элдэв янзын үгээр хэлээд намайг доромжлоод байсан. Энэ болсон асуудлын талаар Доржпүрэв дарга харж байсан, бид нарыг салгасан. Манай Бадрах-70 СӨХ нь Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 5 дугаар орцны 61 тоотод байрладаг. намайг ажлаа хийхгүй байна гээд хүмүүст яриад яваад байсан. Би тэр болгонд чимээгүй байсан. Харин тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр даргад бас энэ талаар яриад явж байхад нь би уурласан юм. Тэгээд л хэрүүл болоод намайг цохисон. Урьд нь 2015 оны 09 дүгээр сард мөн бид хоёр хоорондоо муудалцаад цагдаа дээр шалгагдаж байсан. Пүрэвсүрэн намайг зодсон гээд цагдаад өгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Харин бид хоёрын дунд өс хонзон байхгүй гэж бодож байсан юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би эмнэлэгт үзүүлэхэд толгой хөдөлсөн байна гэж хэлсэн. Манай нөхөр бариач болохоор би толгойгоо бариулаад зүгээр болчихсон Уг нь би эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах бодолгүй байсан юм. Нэгэнт гэмтлийн зэрэг гарчихсан болохоор эрүүгийн хэрэг үүссэн байна. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." /хх-ийн 17 дугаар хуудас /,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд дахин мэдүүлсэн хохирогч П.Наранхүүгийн

"...Би салаавч ердөө гаргаагүй. Харин Дуламсүрэн гээд эгч нь миний өөдөөс салаавч гаргаад байсан. Би өөрийгөө зодчих гэж хэлээгүй. Би тэр өдөр амьхандаа ахмад хүний ёсоор тэрэнд битгий ийм жижиг зүйлээр оролдож бай гэж хэлсэн чинь хашгичаад эхэлсэн. Тиймээ бид хоёр хэрэлдэж байсан. 15 дугаар байрна гадаа хэрүүл болоод намайг долир, сохороор хэлээд байж байтал миний охин Золзаяа болиулж байсан. тэрнээс болоод цагдаад ахмад Баяржаргал дээр шалгагдаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байсан. Би охиныг нь заналхийлж байсан тохиолдол байхгүй. Харин хэрүүл хийх болгонд ганц охиноо бод, хэл ам хүрнэ шүү гэж захидаг. Охин нь их авьяастай сурлагатай хүүхэд байгаа юм..." /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Д.Доржпүрэвийн

"...Би Бадрах-70 Сөх-ийн гүйцэтгэх захирал хийдэг юм. Тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай үйлчлэгчид надад ажлаа танилцуулахаар өглөө 08 цагт өрөөнд орж ирээд байж байсан юм. Хэсгийн ахлагч Пүрэвсүрэн танилцуулаад 4 дүгээр байрнаас гомдол гарч байна гээд яриад байж байтал 4 дүгээр байрыг цэвэрлэдэг Наранхүү Пүрэвсүрэнд хандаад "чи дандаа миний талаар хов зөөдөг" гээд хэрэлдээд эхэлсэн. Тэр хоёр хоорондоо элдэв янзын хэл амаар доромжлолцоод хэрэлдээд байж байтал Пүрэвсүрэнгийн эгч Дуламсүрэн мөн хажуу талаас нь орж ирээд хашгираад Наранхүүг хэл амаар доромжлоод Наранхүү нь бас өөдөөс нь хэл амаар доромжлоод эхэлсэн. Пүрэвсүрэн Наранхүүг толгойд нь цохиод авсан. Тэгэхээр нь би очоод салгасан юм. Ер нь бол манай ажилчид хоорондоо маргалдах асуудал байдаг. Гэхдээ энэ удаа тэр гурав хоорондоо арай дэндүү хэрэлдээд албан газраа хүндлэхгүй байсан. Хэрэлдэхийн хувьд гурвуулаа хэрэлдсэн. Харин Пүрэвсүрэн Наранхүүг нэг удаа цохисон нь үнэн. Би Пүрэвсүрэнтэй 2016 оны 03 дугаар сараас ажилд авсан цагаас хойш ажиллаж байна. Пүрэвсүрэн нь маш догшин зан ааштай хүн байгаа юм. Пүрэвсүрэн нь хаана явна тэнд л хэрүүл дагаад явж байдаг. Өөртөө хир халдаахгүй, хамт олны уур амьсгал эвддэг хүн. Уг нь их идэвхитэй, ажлыг санаачлагатай хийдэг боловч хэрүүл хийгээд байдаг муу зантай байгаа юм..." /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч Ц.Дуламсүрэнгийн

"...Би Бадрах-70 СӨХ-д үйлчлэгч хийдэг. Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө даргын өрөөнд цуглаад ажлаа танилцуулаад байж байтал Наранхүү Пүрэвсүрэнтэй хэрэлдээд эхэлсэн. Чи миний талаар хов ярилаа гээд байх шиг байсан. Тэр хооронд Пүрэвсүрэн дуугүй л байж байсан. Наранхүү бүр өөдөөс нь салаавч гаргаад хэрэлдээд байсан. Би хажуунаас нь "та одоо болиоч дээ даргын өрөөнд салаавч гаргаад байхдаа яадаг юм" гэсэн чинь чамд ямар хамаатай юм, чи муу нөхрөө алдсан банзал авгай гээд орилоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдсэн. Тэнд гурвалжин, дөрвөлжин юм болсон. Наранхүү хүнийг тэвчихийн аргагүй үгээр хэлээд Пүрэвсүрэнтэй хэрэлдээд байсан. Тэр хоёр босоод зогсчихсон байхад Наранхүү Пүрэвсүрэнг цохих гээд сарваганаад байхад нь Пүрэвсүрэн нэг удаа өөдөөс нь нүүрлүү нь цохичих шиг болсон. Тэгээд л дарга салгаад цагдаа дуудсан. Манай төрсөн дүү Пүрэвсүрэн нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1972 онд төрсөн. Ухаан санаа нь бол эрүүл. Манай дүү нөхөр Дарьбатыг дагаж Багахангай дүүрэгт амьдарч байгаад Говьсүмбэр аймагт 2011 онд ирсэн. Багахангай дүүрэгт амьдарч байхад нь нөхөр Дарьбат нь автын ослоор нас барсан тэгээд би энд амьдардаг болохоор намайг бараадаад ирсэн. Говьсүмбэр аймагт 3 дугаар багийн даргын туслах буюу идэвхитэн гэдэг ажил хийж байгаад 2015 онд СӨХ-д ажилд орсон юм. Одоо Эрдэнэбаатар гэдэг хүнтэй суугаад өөрийн охин Тэргэлийн хамт амьдарч байгаа. Манай дүү их хурц ааштай, хүнтэй зан харьцаанаас болоод маргалдах асуудал гардаг. Өөрийгөө өмөөрч хэрүүл хийх тохиолдол байдаг. Гэхдээ хэрүүл хийснийхээ дараа тэр хүндээ болсон асуудлын талаар шудрагаар хэлдэг шулуун зантай хүн байгаа юм..." /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Р.Пүрэвсүрэнгийн

"...Би Бадрах-70 СӨХ-д үйлчлэгч хийдэг юм. Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө дарга Доржпүрэвт ажлаа танилцуулсан. 4 дүгээр байрны 13 тоот, 34 тоот айлуудаас 2 гомдол гарсан юм. Тэр айлууд орцны хог цэвэрлэдэггүй, өөрсдөө хогоо цэвэрлэдэг гээд гомдол гарсныг тайлбарлаад сууж байтал Наранхүү гэдэг манай СӨХ-д үйлчлэгч хийдэг 4 дүгээр байрыг цэвэрлэдэг эмэгтэй босч ирээд надруу салаавч гаргаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Би хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь хэрэлдсэн. Тэр хэрүүл болоод намайг доромжлоод байхаар нь би нэлээн тэвчсэн. Наранхүү ширээний хажуунаас надруу дайраад салаавч гаргаад өөрийгөө зодчих гээд орилоод байсан. Би өөдөөс нь босоод хажууд нь зэрэгцэж зогсоод та яагаад орилоод байгаа юм гэсэн чинь дарга бид хоёрыг салгах гээд зогсож байсан. Тэгээд Наранхүү элдэв янзын үгээр хэлээд өөдөөс орилоод байхаар нь би баруун гараараа баруун хацарлуу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь дарга бид хоёрыг салгаад өрөөнөөс гаргасан. Тэр хооронд манай эгч Дуламсүрэн Наранхүүг та одоо болиоч гээд хэлсэн чинь өөдөөс нь элдвээр хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Намайг цохиогүй. Харин намайг өдөөд байхаар нь би нэг удаа цохисон..." /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн яллагдагч Р.Пүрэвсүрэнгийн

"...Би тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 08 цагт ажил дээрээ ирээд даргатаа ажлаа тайлагнасан юм. Би 4 дүгээр байрны хоёр айлаас 2 гомдол гарсан талаар хэлээд байж байтал Наранхүү гэдэг манай ажлын үйлчлэгч эгч орж ирээд чи хүний мууг үзлээ гээд байхаар нь "би ажлаа тайлагнаж байна" гэтэл надад элдэв янзын үг хэлээд гарын салаавч гаргаад уурлаад байсан. Тэгээд хоорондоо бид хоёр нилээн маргалдсан. Манай эгч хүртэл хажуунаас орж ирээд болиулах гэтэл мөн хоорондоо маргалдаад эхэлсэн. Сүүлдээ Наранхүү эгч урдаас босч ирээд намайг цохичих гээд байхаар нь би холдооч гээд баруун гараараа баруун хацарт нь нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Уураа барьж чадалгүй Наранхүү эгчийг цохисон. Би эмчилгээний зардал өгье гэсэн боловч Наранхүү эгч хэрэггүй гэсэн. Харин сүүлд Наранхүүг 3 хоног ажил шалтгаангүй тасалсан гээд цалинг нь хассан. Намайг 34000 төгрөг төл гэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй. Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь ажлаа хийгээгүй хүний цалинг хасах нь зөв гэж үзэж байна. Би тэр мөнгийг нь төлж чадахгүй гэсэн болохоор бид хоёр хоорондоо эвлэрээгүй. Би хууль журмын дагуу шийдвэрлүүлмээр байна. Би урьд нь 3 дугаар баг, 5-24 тоотод амьдарч байсан. Одоо айлын газар дээр буюу Хүрийн ногооны 1-13 тоотод гэр бариад амьдарч байна. Урьд нь бас 2015 онд ажлаас болоод хэрэлдээд цагдаад шалгагдаж байсан. Тэр нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй..." /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 368 дугаартай дүгнэлтэд

   "...П.Наранхүүгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно..." /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

   Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд

3.1. Р.Пүрэвсүрэнгийн оршин суугаа газрын тодорхойлолт, шүүгдэгч Р.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, банкууд дахь харилцах дансны мэдээлэл, дансны хуулгууд, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 32-35, 43-53 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Бадрах-70" СӨХ-ны байранд иргэн П.Наранхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч П.Наранхүүгийн ...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр... ...хэрүүл болоод намайг цохисон..., ...Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...",

гэрч Д.Доржпүрэвийн ...Пүрэвсүрэн Наранхүүг толгойд нь цохиод авсан. Тэгэхээр нь би очоод салгасан юм...,

гэрч Ц.Дуламсүрэнгийн ...Наранхүү Пүрэвсүрэнг цохих гээд сарваганаад байхад нь Пүрэвсүрэн нэг удаа өөдөөс нь нүүр лүү нь цохичих шиг болсон...,

сэжигтэн, яллагдагч Р.Пүрэвсүрэнгийн ...Наранхүү элдэв янзын үгээр хэлээд өөдөөс орилоод байхаар нь би баруун гараараа баруун хацарлуу нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь дарга бид хоёрыг салгаад өрөөнөөс гаргасан... гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 368 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч Р.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Наранхүү мэдүүлсэн, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Р.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнгийг, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Харчу овгийн Рэнцэнсүрэнгийн Пүрэвсүрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН