| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 120/2024/0495/з |
| Дугаар | 221/МА2025/0050 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0050
“Э и” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Б.О
Гомдол гаргагч: “Э и” ХХК
Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О
Гуравдагч этгээд: Т.А, М.Б, Э.М, А.М
Гомдлын шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0902 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Б, С.Э
Хариуцагч Б.О
Гуравдагч этгээд Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 120/2024/0495/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э и” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0902 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.4 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Заихргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасныг тус тус баримтлан “Э и” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон атлаа түүнийг дагалдан гарсан мөн өдрийн албан даалгаврыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор үйлдэхээр заасан. Үүний дагуу хэрэв зөрчил үйлдсэн гэж оногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй буюу зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тохиолдолд зөрчлийн үр дагаврыг арилгах асуудал яригдахгүй.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан.
Гэтэл энэ хэргийн хүрээнд, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаагүй, эсхүл шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нэмж тодруулах нөхцөл байдал үүсээгүй. Анхан шатны шүүх “... гуравдагч этгээдүүд татварын буцаан олголт, хөнгөлөлтөд хамрагдах эсэх нь энэ маргааны гол үйл баримт байна” гэж зөрчлийн үр дагаврыг арилгах даалгаврыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ч мөн энэ үндэслэлтэй холбоотой байна. Энэ асуудал нь зөрчил, зөрчлийн үр дагавартай холбоо хамааралгүй, харин төрийн буюу төрийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлж, иргэнд хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах нөхцөл, боломжийг бүрдүүлэхтэй холбоотой асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах техникийн болон баримтын бүрдлийг хангаж өгөх нь хувийн компанийн бус төрийн чиг үүрэгт хамаарахаар байна.
3.3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасан. Компанийн хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан болон татварын хяналт шалгалтад хамрагдаж актын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлсөн. Ийм учраас, энэ тохиолдол нь НӨАТ ногдуулж төлбөрийн баримт олгох, эсхүл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх, эсхүл нэмэгдсэн өртгийн албан татвар “0” хувь хэмжээнд хамаарах аль ч тохиолдол биш байдаг. Улмаар одоогийн ашиглагдаж буй хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг энэ тохиолдолд хэвлэж өгөх боломжгүй байдал үүссэн. Учир нь хэрэглэгчийн систем дээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдөөгүй дээрх харилцаанд баримт шивэх, хэвлэх сонголт байхгүй. Үүнийг татварын улсын байцаагч нар ч хангалттай мэднэ.
Энэ тохиолдолд, шүүх хэргийн ямар нөхцөл байдал тодорхой бус, эсхүл шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нэмж тодруулах ямар нөхцөл байдал, үйл баримт байгаа гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх хангалттай, тодорхой үндэслэл, дүгнэлт шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Тус хэргийн хүрээнд талуудын маргаж буй нөхцөл байдалтай холбоотой боломжит бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан.
3.4. Нотлох баримтуудаас талуудын маргаж буй үйл баримтууд, үндэслэлүүд тогтоогдож байгаа бөгөөд шүүх тэдгээрт үндэслэн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь талуудад ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, компани нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гаргах хууль зүйн болон бодит байдал дээр боломжгүй, нөгөө талаас гуравдагч этгээд буюу иргэд хувь хүний орлогын албан татварын буцаалт авах нөхцөлийг үүсгэх, баримт бичгийн бүрдлийг хангах нь компанийн бус төрийн чиг үүрэгт хамаарах асуудал байдаг. Хэрэв татварын хэрэглэгчийн системд “нэмэгдсэн өртгийн албан татварыг актаар улсад нөхөн төлсөн”, эсхүл "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан” гэсэн сонголтоор төлбөрийн баримт олгох боломжийг бүрдүүлэх, эсхүл энэ асуудал тухайлсан шийдэл гаргах эсэх нь татварын байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хамаарах асуудал байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавартай холбоо хамааралгүй асуудал байх тул энэ захиргааны маргааны хүрээнд дахин шинэ акт гаргах бус, төрийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд тусдаа шийдвэрлэх асуудал байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Б.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
4.1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж хуульд тусгайлан заасан байхад “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр зөрчил үйлдэгдсэн гэж үзэх ба энэ үед гомдол гарагчаас тухайн иргэдэд и-баримт өгөх үүрэг үүснэ” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн татварын баримт олгох боломж байсан эсэхийг шалгаж, тогтоож зөрчлийн шийтгэх хуудас гаргах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг 6 сараар тооцох ба хугацааг тоолбол хамгийн сүүлийн хугацаа 2024 оны 01 дүгээр сард дууссан байна гэж үзсэн нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 6, 7, 2.4 дүгээр зүйлийн 2-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд нь төлбөрийн баримт олгоогүй” бол торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай. Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасан бөгөөд “Э и” ХХК болон гомдол хамаарах 4 иргэний орон сууц нь мөн тус дүүрэгт байрладаг, төлбөрийн баримт олгоогүй зөрчил нь тус дүүрэгт үйлдэгдсэн учир Баянгол дүүргийн татварын хэлтэс нь зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, хуульд заасан харьяаллын дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан болно.
4.3. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “... цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, ...татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн байхад “программ хангамжийн боломж байгаа эсэхийг шалгалгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй, хуульд “төлбөрийн баримт олгоно” гэж заасаар байхад нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
4.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд “Эрх бүхий албан тушаалтан нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.3. хуульд заасан үндэслэл, журмын дагуу ... зөрчлийн хэрэг нээх;”, 1.11. зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх;” гэж заасны дагуу Эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан байхад хэргийн үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0902 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд Э.М нь хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э и” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. “Э и” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдуулан “... татварын улсын байцаагчийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
3. Гомдол гаргагчийн хүчингүй болгуулахыг хүссэн, дээрх шийтгэлийн хуудсаар “төлбөрийн баримт олгоогүй” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасны дагуу “Э и” ХХК-д 2,150,651.04 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан бол эрх бүхий албан тушаалтны даалгавраар Т.А, М.Б, Э.М, А.М нарт орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа төлсөн үнийн дүнгээр төлбөрийн баримт олгож зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг даалгажээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын хүрээнд “... /нэр бүхий иргэд/ орон сууцны төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийг зөрчил үйлдсэн өдөр гэж үзэх ба энэ үед иргэдэд и-баримт өгөх үүрэг үүснэ, зөрчил үйлдэгдэж дууссан хугацаа нь иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан өдөр хүртэл тоологдоно /А.Мөнх-Эрдэнийн хувьд зөрчил үйлдэгдсэн гэж үзэхгүй/, Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 1 дүгээр сард дууссан” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “... тус хуулийн этгээд нь 2018 онд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт харьяалагдан татварын хяналт шалгалт хийсэн байхад Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй эсэхийг шалгаж тогтоогоогүй байж төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, нэр бүхий иргэдэд цахим төлбөрийн системээр и-баримтыг хэвлэж өгөх хууль зүйн болон программ хангамжийн боломж байгаа эсэхийг шалгалгүйгээр албан даалгавар бичсэнийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудасны тухайд Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хэрэгт цуглуулсан нотлох баримтыг анхан шатны шүүх буруу үнэлсний зэрэгцээ эрх бүхий албан тушаалтны даалгаврыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
5.1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд: 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь; /тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/” гэж заасныг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалттай агуулгаар нь уялдуулан тайлбарлахад, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд нь тухайн татвар ногдох борлуулалт хийх бүрдээ бүртгэж, төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь зөрчил болно.
5.2. Гомдол гаргагчийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч мөн эсэх талаар маргаагүй, харин ... уг борлуулалт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан учраас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх, 0 хувь хэрэглэх, эсхүл төлбөрийн баримт олгох тохиолдол биш; эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчсөн; зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн; зэргээр гомдлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
5.3. Зөрчлийн материал, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Э и” ХХК нь Баянгол дүүргийн 20-р хороо Москвагийн гудамжны 53/7 дугаар байрны 22 тоотын 2 өрөө орон сууцыг Т.Аэд 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2018/310, 53/7 дугаар байрны 55 тоотын 3 өрөө орон сууцыг М.Бт 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/275, 53/8 дугаар байрны 67 тоотын 2 өрөө орон сууцыг Э.Мд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2018/292, 53/10 дугаар байрны 54 тоотын 2 өрөө орон сууцыг А.М-д 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/223 дугаартай зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээг тус тус байгуулж, худалдсан.
Нэр бүхий дээрх иргэдээс, М.Б гэрээнд заасан 150,380,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сард, Т.А гэрээнд заасан 109,060,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сард, Э.М гэрээнд заасан 122,800,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сард төлж барагдуулсан ч “Э и” ХХК төлбөрийн баримт олгоогүй бол А.М-нийн хувьд гэрээнд заасан 105,020,000 төгрөгөөс урьдчилан төлсөн 31,506,000 төгрөгт тус хуулийн этгээд төлбөрийн и-баримт олгосон, харин үлдэгдэл төлбөрийг төлж дуусаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
5.4. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө: 4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;” гэж зааснаас үзэхэд, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн тухайд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох орлогыг мэдүүлж, бүртгүүлээгүй, татвар төлөөгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх агуулгатайгаар зохицуулжээ.
Иймд гомдол гаргагчийн “ ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан учраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлж, төлбөрийн баримт олгохгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
5.5. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.Ө, Б.Э нар нь “Э и” ХХК-ийн 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0302863 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль, хохиролд нийтдээ 1,661,767,497.30 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Уг шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ тухайн үед үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үүнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”, 2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй...”, 4-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй...” гэх зөрчил гаргасан гэж дүгнэснээс үзэхэд, одоо маргаж буй шийтгэлийн хуудаст тодорхойлсон “төлбөрийн баримт олгоогүй” гэдгээс өөр зөрчилд хариуцлага хүлээсэн болох нь тогтоогдоно.
5.6. “Э и” ХХК-ийн хувьд татварын улсын байцаагч Ц.Ө, Б.Э нарын үйлдсэн 2019 оны 0302863 дугаар шийтгэлийн хуудастай маргаагүй, түүгээр ногдуулсан төлбөрийг барагдуулсан гэдгээ шүүхэд мэдүүлсэн бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан “... өмнө өөр иргэдийн гаргасан гомдлоор төлбөрийн баримт олгоогүй гэж торгосныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 387 дугаар тогтоолоор хүчингүй болгосон” гэх тайлбарын дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь дээрх шүүхийн шийдвэрт, тус компани нь Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин ашиглах үүргээ биелүүлээгүй” зөрчлийг гаргасан эсэх үйл баримттай маргаан хэлэлцэгдэж, уг зөрчлийг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн ба шүүхийн энэ дүгнэлт нь хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа нэр бүхий 4 иргэнд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт олгоогүй гэх “Э и” ХХК-ийн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй ба энэ тохиолдолд зөрчилд давхар шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.
5.7. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаас үзэхэд энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол түүнд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, гомдлын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
5.8. Анхан шатны шүүхийн “... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр зөрчил үйлдэгдсэн гэж үзнэ, ... зөрчил үйлдэгдэж дууссан хугацаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдөр хүртэл тоологдоно” гэх зөрчилтэй дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой зохицуулалтад нийцсэнгүй.
Гомдол гаргагч хуулийн этгээд нь 2018 онд Т.А, М.Б, Э.М, А.М нартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээг байгуулж, уг борлуулалтад төлбөрийн баримт олгоогүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу зөрчил үргэлжилж байгаа гэж дүгнэх үндэслэлд хамаарах тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.
5.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6 дахь хэсгийн 6.12-т заасныг хамтатган тайлбарлахад, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчилд татварын улсын байцаагч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба зөрчил үйлдэгдсэн “нутаг дэвсгэрийн зарчим”-ыг харьяалал тогтоох үндсэн шалгуур болгож тодорхойлсон байх тул энэ талаарх гомдол гаргагчийн тайлбар мөн үндэслэлгүй юм.
6. “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн даалгаврыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.
6.2. Энэ тохиолдолд, энэ хэсгийн 4-т заасан болон “... хяналт шалгалт хийх харьяаллыг тодруулахад зөрүүтэй тайлбар ирсэн, 2024 онд дүүргийн Татварын хэлтсээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй.
Эрх бүхий албан тушаалтны даалгавар бичих үндэслэл болсон 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудас дээрх байдлаар хуульд нийцсэн буюу “Э и” ХХК нь Т.А, М.Б, Э.М, А.М нарт борлуулсан орон сууцанд төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдохоос гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчөөгүй гэж энэ хэсгийн 5.8-д дүгнэсэн нөхцөлд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн буюу нэмж тодруулах нөхцөл байдал үгүй ба актыг түдгэлзүүлсэн нь буруу байна.
6.3. Татварын улсын байцаагчаас эрх бүхий албан тушаалтны хувиар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхийг шалган шийдвэрлэх харилцаа нь татварын хууль тогтоомжийн дагуу татварын хяналт шалгалт хийх харилцаанаас эрх зүйн зохицуулалтын хувьд ялгамжтай зохицуулагдсан учраас татварын хяналт шалгалт хийх журам нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ утгаараа Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчил шалган шийдвэрлэх харьцаанд үйлчлэхгүй.
7. Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг “... нэр бүхий иргэд татварын буцаан олголт, хөнгөлөлтөд хамрагдах эсэх” гэж буруу тодорхойлсноос нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч төлөгч “Э и” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлбөл зохих бараа борлуулахдаа, иргэдэд төлбөрийн баримт олгоогүй эс үйлдэхүйг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, “Э и” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд,
8.1. Хэргийг шүүгч Т.М-д шилжүүлсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1043 дугаар тогтоол, мөн шүүгч Ц.О-д буцаан шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1147 дугаар тогтоолд тухайн шүүхийн 16 шүүгчээс 6-7 нь гарын үсэг зурж, албажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “... Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна...” гэж шүүгчдийн зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ирцийн босгыг тогтоосон хуулийн шаардлагад нийцээгүй боловч анх хэрэг хуваарилагдсан шүүгч Ц.О нь Ерөнхий шүүгчийн албажуулсан захирамжийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул үүнийг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил гэж үзсэнгүй. /Хэргийн I хавтасны 244-246, III хавтасны 10-13 дахь талд/
8.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжид шүүхийн тамга дарж албажуулаагүй, хэрэгт хавсаргавал зохих шүүхийн ажиллагааны баримтуудыг захиргааны хэргийн хөдөлгөөний стандарын дагуу зохих ёсоор бүрдүүлэхгүй орхигдуулах зэрэг алдаа зөрчлийг цаашид анхаарвал зохино. /Хэргийн I хавтасны 241-242 дахь талд/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасныг баримтлан “Э и” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-д холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0044628 дугаар шийтгэлийн хуудас, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.О-ийн гомдлыг хангаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ