Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Х.Цын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2017/0006 дугаар шийдвэртэй

Х.Цын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Ө сумын бүрэн дунд сургуульд холбогдох

монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн төлөөлөгч Ш.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ш.Б, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Х.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 тоот тушаалаар Ө сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын үндсэн багшаар ажиллаж байсан ба 2017.09.01-ний өдрийг хүртэл тасралтгүй хоёр жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа зөрчилгүй ажиллаж ирсэн. Гэтэл тус сургуулийн захирал Ш.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж, улмаар цагийн багшаар ажиллуулсан. Ингэж намайг ажлаас чөлөөлөх, өөр ажилд буюу цагийн багшийн ажилд томилохдоо тушаал гаргаагүй, амаараа шийдвэрлэсэн. Надад ямар нэгэн тушаал байх ёстой гэж тушаал нэхэхээр “чи өөрийгөө үндсэн багшаараа л байгаа гэж бод” гээд үл ойлгогдох зүйл ярьдаг. Сүүлдээ цаг хугацаа өнгөрсөөр 9 сар дуусах дөхөөд байхаар нь би арга барагдаад “чөлөөлсөн юм бол тушаалаа өг” гэж маргаж байж 2017.09.25-ны өдөр уг тушаалуудыг нөхөн гаргаж надад өгсөн. Сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай б/31, цагийн багшаар ажиллуулах тухай б/33 тоот тушаалуудын аль алиныг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Тушаалгүйгээр ажлын байр өөрчилж намайг хохироож эрх зүйн байдлыг илтэд дордуулсан тул гомдолтой байна. Иймд Архангай аймгийн Ө сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү. Би үндсэн багшаар ажиллахдаа сард 539 547 төгрөгийн цалинтай байсан ба цагийн багшаар 40 000 төгрөгийн цалин авч байсны зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ерөнхий боловсролын сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж багшлах боловсон хүчнээ шийдвэрлэдэг. Энэ хичээлийн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/220 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаалыг баримтлан урьдчилсан байдлаар цагийн хуваарилалтыг хийж, 2017.08.24-нд Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт өгсөн. Ингэхэд монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр хоёр багшийн илүүдэл үүсч, нэг нь цагийн багшаар ажиллах, нөгөө нь огт ажилгүй болох, газар зүй, математикийн хичээл дээр цагийн багш ажиллах тооцоо гарсан. Сургалтын төлөвлөгөөний дагуу хийсэн цагийн хуваарилалтаа 2017.08.29-нд багш нарын хурал дээр танилцуулж, X. Цэрэндуламыг цагийн багшаар ажиллуулах болсон тухайгаа хэлсэн. Мөн газар зүй, математикийн хичээл дээр ч цагийн багш ажиллах тухай хэлж танилцуулсан. 2017.08.31-нд хурал хийж 09.01-ний хичээлийн нээлтийн бэлтгэл ажил, “Эх хэлээ дээдэлье” хичээлийн хөтөлбөрийн талаар хэлж, анги удирдах багш нарыг танилцуулж, X. Цэрэндулам цагийн багшаар ажиллах болсон тул ангийг нь химийн багш Ш. Батсуурьт өгсөн тухай танилцуулсан. Ингэхэд цагийн багшаар ажиллахгүй гэдэг асуудлыг X. Цэрэндулам тавиагүй болно. Ийм учраас хүлээн зөвшөөрч байна гэж үзэж 2017.09.01-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан. Өөрөө ч гэсэн “элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт яригдсан бол би цагийн багш ч үгүй хоцрох байлаа. Ашгүй ярихгүй, намайг цагийн багшаар үлдээчихлээ” гэж ярьсан байдаг. 2017.09.05-нд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан Т.Бадамханд цагийн багшаар ажилламаар байна гэсэн өргөдлийг сургуулийн захиргаанд гаргасан. Ингээд 2017.09.07-нд багш нарын зөвлөлийн хурал хийсэн. Энэ хуралд сумын Засаг дарга Л.Аптангэрэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б. Мөнх-Эрдэнэ нар суусан. Т.Бадамханд, X.Цэрэндулам нарын ажлын үзүүлэлт, харилцаа хандлага, ёс зүйн байдлыг авч хэлэлцсэн. Ингэхэд Т.Бадамханд ажлын үзүүлэлтээрээ илт илүү, мөн өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн байсан. X.Цэрэндуламын ажлын үзүүлэлт муу, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байсан. Энэ хоёр багшийн хувьд ажлын байртай үлдэх хүн нь Т.Бадамханд багш байсан. Гэтэл X.Цэрэндулам “би ажилламаар байна, цагийн багшаа хиймээр байна, би цагийн багшийн ажлаа голоогүй” гэж хэлсэн. Хуралд суусан хүмүүс “цагийн багшид ногдож байгаа 12 цагаа та хоёр хуваагаад заа, эсвэл хоёулаа сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн нь ажилла” гэдэг саналыг тавьсан. Хурлаас хоёр багшийг байгаа цагаа хуваагаад заа, эсвэл сонгон шалгаруулалтад оруулаад тэнцснийг нь цагийн багшаар ажиллуул гэдэг шийдвэрийг гаргасан. Хоёр дарга ч энэ шийдвэр дээр санал нэг байгаагаа хэлсэн. X.Цэрэндулам, Т.Бадамханд хоёр дээрх шийдвэрийн алийг нь зөвшөөрч байгаа талаарх саналаа дунд ангийн сургалтын менежер С.Мэндсайханд хэлээрэй гээд хурал тарсан. Хурал эхлэхээс дуусах хүртэл сумын удирдлагууд байсан учир хурал дээр юу яригдсан талаар бүгдийг мэдэж байгаа. 2017.09.08-нд дунд ангийн сургалтын менежер С.Мэндсайхан X.Цэрэндулам, Т.Бадамханд хоёр дээр монгол хэл бичиг, уран зохиолын хичээлийн 12 цагийг хувааж заах хуваарь гаргаж батлуулсан учир хоёулаа цагаа хувааж заагаад явъя гэсэн юм байна гэж ойлгосон. X.Цэрэндуламыг цагийн багшаар томилсон тушаалыг 2017.09.01-нд төлөвлөчихсөн байсан бөгөөд 2017.09.08-нд хэвлэж гарган бичиг хэргийн ажилтан Д.Эрдэнэцогтод өгсөн. Бичиг хэргийн ажилтан цагийн багшийн тушаалыг X.Цэрэндуламд өгөөгүй байсныг 2017.09.25-нд тушаалаа авъя гэхэд нь би мэдсэн. X.Цэрэндуламд “тушаал чинь цагийн багш гэдгээрээ гарсан байгаа, чи цагийн багшаа голоогүй гэж хэлсэн биз дээ” гэхэд “би цагийн багш болгосныг эсэргүүцээгүй, өөр юманд ашиглах гэж байгаа” гэж байсан. Гэтэл цагийн багш болголоо гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ингэж барим тавим худал ярьдаг багш хүн байх уу? X.Цэрэндуламыг монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр үндсэн багшаар авч ажиллуулах боломж байхгүй байна. Учир нь:

1. Энэ хичээлийн жилд манай сургуулийн дунд, ахлах анги нийтдээ 10 бүлэгтэй. 10 бүлэгт ногдох цагийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/240, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/61 тоот тушаалуудыг баримтлан хийхэд монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр нэг багшийн илүүдэл үүсч, нөгөө багш нь 12 цагтай цагийн багшаар ажиллах эрх зүйн факт үүсч байгаа болно.

2. Үндсэн багш 7 хоногт 19 цаг заах ёстой байтал хоёр багшид ногдож байгаа цаг нь нийт 12 цаг байгаа болно.

3. Хүүхдийн тоо их байвал бүлэг нэмэгддэг. Хүүхдийн тоо бага байвал бүлэг хасагддаг. Бүлэг нэмэгдвэл хичээлийн цаг нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тооноос хамаарч багшийн ажлын байрны асуудал шийдэгддэг гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд дунд, ахлах анги 12 бүлэгтэй хичээллэж, монгол хэлний дөрвөн багшаас нэг багш жилийн чөлөө авсан учир багшийн илүүдэл үүсэх асуудал гараагүй болно. Энэ хичээлийн жилд бүлгийн тоо багасаж 10 бүлэгтэй болсон учир монгол хэлний хичээлээс гадна математик, газар зүйн хичээл дээр ч гэсэн цагийн багш ажиллаж байна. Сургуулийн захирал дур мэдэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг өөрчлөх, хичээлийн цагийг нэмэх, хасах эрхтэй хүн биш. Сайдын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу цагийн хуваарилалтыг хийдэг болно.

4. X.Цэрэндулам нь цагийн багшаар ажиллахаа хүлээн зөвшөөрч 2017.08.29-ний хурлаас хойш асуудал тавьж орж ирээгүй, мөн цагийн багшаа голоогүй гэж багш нарын зөвлөлийн хурал дээр албан ёсоор хэлсэн учир /багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр хэлсэн үг нь байгаа/ би албан мэдэгдэл өгсөнгүй. Тэгээд ч үргэлжлүүлээд цагийн багшаар ажиллаж байгаа учраас. Цагийн багшаар ажиллаж байгаа X. Цэрэндуламын хувьд ажлын үр дүнг нь авч үзвэл багшийн ажлаас чөлөөлөгдөх ёстой байтал өөрөө цагийн багш ч хамаагүй хийнэ гэж албан ёсоор хурал дээр хэлж, цагийн багшаа голохгүй ажиллана гэсэн учир ажиллах хүсэл эрмэлзлийг нь бодож итгэл үзүүлж цагийн багшаар ажиллуулж байгаа болно. Ингэж итгэл үзүүлж ажиллуулж байхад 2017.09.01-нээс хойш зарлагдсан багш нарын хурал цуглаан, сургалт семинарт огт суухгүй байгаа бөгөөд заах ёстой хичээлээ ч цаг тухайд нь орохгүй байна. 2017.10.02-нд ажил тасалсан. Мөн 2017.10.16-нд өвчний акт хүнээр өгүүлээд өөрөө ажилдаа ирээгүйн улмаас 9а ангид хоёр цагийн хичээл орсонгүй. Акт бичсэн Ө сумын дотрын эмч Г.Болортэрхтэй ярихад ““хоолой сэрвэгнээд ханиалгаад байна, акт авъя” гэж орж ирэхээр нь бичээд өгчихлөө, миний буруу, би хүнээ танихгүй учраас хайхрамжгүй хандлаа” гэж хэлсэн болно. Үүрэгт ажилдаа ингэж хандаж байгаа хүн /өмнө нь хүртэл ингэж хандсан учраас хичээл орсон ангийн сурагчид нь 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтанд аймагтаа сүүлээсээ 3 дугаар байранд орж байсан/ цаашид түмний хүүхдийг сургахын төлөө зүтгэл гарган ажиллана гэдэгт эргэлзэж байна” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2017/0006 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Цыг Архангай аймгийн Ө сумын бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цын цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Ө сумын бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70 200 /далан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Хариуцагчийн төлөөлөгч Ш.Б миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2017/0006 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ерөнхий боловсролын сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу тухайн хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах багшлах боловсон хүчний бүтэц, орон тоог тогтоодог. Ээлжийн амралтаа эдлээд 2017.08.23-нд ажилдаа ороход Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаал ирж, уг тушаалыг 2017-2018 оны хичээлийн жилийн 09.01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахаар болсон. Би 2017.08.24-27-нд Архангай аймагт зохион байгуулсан “Ахлах ангийн цөм хөтөлбөр”-ийн сургалтанд явсан. Сургалтын үеэр “2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/220 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаалыг баримтлан урьдчилсан байдлаар цагийн хуваарилалтыг хийж танилцуул” гэсний дагуу аймагт сургалтанд сууж байхдаа хийж өгсөн. Ингэхэд монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр хоёр багшийн илүүдэл үүсч, нэг нь цагийн багшаар ажиллах, нөгөө нь огт ажилгүй болох, газар зүй, математикийн хичээл дээр цагийн багш ажиллах тооцоо гарсан. Аймгаас ирээд сургалтын төлөвлөгөөний дагуу хийсэн цагийн хуваарилалтаа 2017.08.29-нд багш нарын хурал дээр танилцуулж, Х.Цыг цагийн багшаар ажиллуулах болсон тухайгаа хэлсэн. Ингэхэд цагийн багшаар ажиллахгүй гэсэн асуудлыг Х.Ц тавиагүй болно. Ийм учраас хүлээн зөвшөөрч байна гэж үзэж 2017.09.01-ний өдрөөс эхлэн цагийн багшаар ажиллуулсан. Х.Ц хүлээн зөвшөөрч тухайн үедээ нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан. Мөн цагийн багшаар ажиллах болсон гурван багш ч гэсэн тэтгэмж авсан болно. Х.Ц, Ц.Мөнгөнцэцэг, Т.Бадамханд нарын хөдөлмөрийн харилцаа цаашид үргэлжилж цагийн багшаар ажиллаж байгаа учир бүлэг нэмэгдвэл үндсэн багшаар ажиллах бүрэн боломжтой. Би шүүхийн шийдвэрийн дагуу Х.Цыг монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр үндсэн багшаар авч ажиллуулах боломж байхгүй байна. Учир нь:

1. 2017-2018 оны хичээлийн жилд манай сургуулийн дунд, ахлах анги нийтдээ 10 бүлэгтэй. 10 бүлэгт ногдох цагийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/240, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/61 тоот тушаалуудыг баримтлан хийхэд монгол хэл бичиг, уран зохиолын хичээл дээр нэг багшийн илүүдэл үүсч, нөгөө багш нь 12 цагтай цагийн багшаар ажиллах эрх зүйн факт үүссэн болно.

2. Үндсэн багш 7 хоногт 19 цаг заах ёстой байтал хоёр багшид ногдож байгаа нийт цаг нь 12 цаг байгаа болно.

3. Хүүхдийн тоо их байвал бүлэг нэмэгддэг. Хүүхдийн тоо бага байвал бүлэг хасагддаг. Бүлэг нэмэгдвэл хичээлийн цаг нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тооноос хамаарч багшийн ажлын байрны асуудал шийдэгддэг гэсэн үг. Өнгөрсөн хичээлийн жилд дунд, ахлах анги 12 бүлэгтэй хичээллэж, монгол хэлний дөрвөн багшаас нэг багш жилийн чөлөө авсан учир багшийн илүүдэл үүсэх асуудал гараагүй болно. Энэ хичээлийн жилд бүлгийн тоо багасаж 10 бүлэгтэй болсон учир монгол хэлний хичээлээс гадна математик, газар зүйн хичээл дээр ч гэсэн цагийн багш ажиллаж байна. Сургуулийн захирал дур мэдэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг өөрчлөх, хичээлийн цагийг нэмэх, хасах эрхтэй хүн биш. Сайдын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу цагийн хуваарилалтыг хийдэг болно.

4. Х.Ц нь цагийн багшаар ажиллахаа хүлээн зөвшөөрч 2017.08.29-ний өдрийн хурлаас хойш асуудал тавьж орж ирээгүй, мөн цагийн багшаа голоогүй гэж багш нарын зөвлөлийн хурал дээр албан ёсоор хэлсэн учир /багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр хэлсэн үг нь байгаа/ би албан мэдэгдэл өгсөнгүй. Тэгээд ч цагийн багшаар ажиллаж хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа учраас.

5. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө өөрчлөгдөж батлагдсныг 2017.08.23-нд ажилдаа ороод мэдсэн. Мөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хийсэн цагийн хуваарилалтыг 2017.09.01-ний өдрөөс эхлэн мөрдөх байсан учир Х.Ц болон цагийн багшаар ажиллах болсон бусад багш нарт нэг сарын өмнө мэдэгдэх боломжгүй байсан. Дээрх учир шалтгаан, нөхцөл байдлыг ойлгож мэдэн цагийн багшаар ажиллана гэж хүлээн зөвшөөрч ажиллачихаад эргэж үндсэн багш болно гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Цагийн багшийн асуудал хүүхдийн тоо, бүлгийн тооноос хамаардаг учир төсөвт байхгүй үндсэн багшийн орон тоог бий болгож Х.Цыг үндсэн багшаар авах боломжгүй болно.

6. Миний бие шүүхийн шийдвэрийг 2018.02.08-ны өдөр Ө сумын шуудан холбооноос авсан бөгөөд уншиж танилцахад үг үсэг, өгүүлбэрийн алдаа ихтэй, шүүх хуралдааны тайлбарт хэлээгүй зүйл бичигдсэн, 2017.08.24-26-нд болсон сургалтыг 07.25 гэж, 08.29-ний өдөр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулсныг 2017.07.29-ний өдөр шалгуулсан гэж, миний шүүх хуралдаанд өгсөн тайлбарт “Х.Ц” гэж хэлснийг “Бадамханд” гэж гурван удаа буруу бичсэн, “Өгийнуур” сумыг “Өндөр-Улаан” сум гэж тус тус зөрүүтэй бичсэн байна.

Энэ нь шүүхийн шийдвэр алдаагүй, хуульд нийцсэн, үнэн зөв байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Тус маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамаарах учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Ц 2017.11.15-ны өдөр Архангай аймгийн Ө сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулахыг шаардсан байна. /хх 1-4/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 21-23/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангахдаа “... Архангай аймгийн Ө сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 01-ний өдрийн б/31 дугаартай тушаалын нэхэмжлэгч Х.Цыг ажлаас чөлөөлсөн хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн бол цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... цагийн багшаар хэдэн цаг ажилласан, хэдэн төгрөгийн цалин авсан болохоо баримтаар нотлоогүй...“ гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг зөв тодорхойлоогүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн нэрийг буруу бичсэн байх бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчдын тайлбарыг буруу ташаа бичснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан журмаар шүүхийн шийдвэрийг боловсруулахад алдаа мадаггүй, утга төгөлдөр найруулгатай, оновчтой зөв мэргэжлийн хэллэгтэй, ойлгомжтой бөгөөд тодорхой агуулгатай боловсруулах нь хуульд тусгагдсан шаардлага бөгөөд үүнийг зөрчих нь шүүхийн алдаанд тооцогдоно.  

 

Шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг зөв тодорхойлоогүй тул уг тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 116 дугаар зүйлийн 116.3-д нийцэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг үйлдэж, мөн хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргахдаа хуулийн зүйл заалтанд тусгагдсан шаардлага бүрийг ягштал баримталбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 129/ШШ2017/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                              Д.БЯМБАСҮРЭН