Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00960

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2004 онд анх *******тай танилцаж, 2005 онд гэрлэлтээ батлуулсан. 2005 онд охин Б.Ариунцацрал, 2007 онд охин Б.Мөнгөнцацрал, 2009 онд Б.Намуунзол, Б.Нандинзол, 2013 онд хүү Б.Баярбаясгалан нар төрсөн. Анхны хүүхдээ гаргасан үеэс эхлээд бусадтай хардан улмаар цохиж нүддэг болсон. Мөн элдэв үгээр байнга доромжилж дарамталдаг болсон. Хоёр дахь хүүхэд болох Б.Мөнгөнцацралыг гаргахад өмнө нь гаргаж байсан зан ааш нь улам хүндэрч архи ууж согтууран гэртээ ирж төрсөн эгчийнхээ хажууд хүүхдүүдрүүгээ аяга хүртэл шидэж байсан. 2009 онд хоёр ихэр охиныг минь гарахад орон гэртээ ирж хонохгүй мөрийтэй тоглоом тоглож хэд ч хоногоор алга болж ууж ирэх болгондоо биед минь гар хүрч ухаан алдтал минь боож зодож нүдэж, дээрээс минь дэвсэж байсан. Мөн бага хүүхдийг минь гэдсэнд байхад нь ална гэж сүрдүүлж согтуугаар машин барьж хурдтай явж алахыг завдсан. Энэ үйл явдал өнөөг хүртэл амьдралд минь үргэлжилсэн. *******тай анх суухад гурван хүний дунд нэг ёотонгийн байртай буюу 300,000 төгрөгийн банкны өртэй байсан. Тэрхүү өрийг би ажил хийж төлсөн. Миний бие 15 жилийн хугацаанд тасралтгүй дайвар бүтээгдэхүүн зарж өөрийн биеэ хайхрахгүй хүүхдүүдээ төрүүлж нялх биетэй байхдаа тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн. Энэхүү хугацаанд амьдралаа дээшлүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Тэрийгээ хугацаа хэтрүүлэлгүй цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Тэр хөдөлмөрийн минь үр дүнд хоёр давхар хаус, хүүхдийн нэр дээр 25,000,000 төгрөгийн хадгаламж болон *******д 15,000,000 төгрөгийн машин авч өгч байсан. Мөн *******гийн ах дүү нарын хүүхдүүдийг тусдаа гарах бүрт би өөрийн хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө тус тусад нь 500,000 төгрөг өгдөг байсан. Мөн байрны төлбөрүүдийг миний бие төлдөг байсан. Энэ хугацаанд ар гэр болон үр хүүхдүүдийг маань миний ээж, охин дүү хоёр минь өдий хүртэл харж түшиг болж явдаг байсан. ******* амьдралынхаа төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй эр хүний хийх ёстой ажлаас зайлсхийдэг. Архи согтууруулах ундаа байнга хэрэглэж нэг уухаараа олон хоног дараалан ууж мөрийтэй тоглоом өдөр болгон тоглож уух болгондоо гэртээ ирж үр хүүхдийнхээ хажууд агсам согтуу тавьж мөн ээж болон дүүг минь элдэв бусаар хэлж ээжид минь хүртэл гар хүрдэг байсан. Мөн том охин Б.Ариунцацралыг гэр оронд нь амраахгүй өдөр болгон ажилдаа дагуулж явж ажиллана. Хичээл номонд нь муудуулж ядаргаанд оруулж байна. Том охиноо гуанзандаа ажиллуулаад өөрөө мөрийтэй тоглоом тоглохоор явдаг. Мөн өнөөдөр миний төрсөн эх маань тархины цус харвалт өгөөд эмнэлэгт хэвтэж байхад эхийн минь ийм болсон шалтгаан нь эхийг минь хэд хэдэн удаа зодож гар хүрч цементэн дээр ухаан алдтал нь тархиар нь савуулж унагааж байсан. Мөн ээж минь энэ хүний аймшигт үйлдлээс эрүүл биеэрээ хохирлоо. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч шаардлага байхгүй буюу амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй тул *******гаас гэрлэлтийг минь цуцалж өгнө үү, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1998 онд эцэг, эхийн хамтаар Дархан-Уул аймагт шилжин ирж одоог хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд эгч Калатай хамтран бирж дээр дайвар бүтээгдэхүүн худалдаж амьдран ёотонд 2 өрөө байр худалдан авч эцэг эхийнхээ хамтаар амьдарч байгаад аав, ээж минь 2001, 2003 онд нас барж ёотонгийн энэ хоёр өрөө байр надад шилжсэн юм. 2004 оноос нэхэмжлэгч *******тай танилцан үерхэж байгаад улмаар энэ байрандаа 2005.01.12-ны өдөр гэр бүл болж, 2006.01.12-ны өдөр иргэний гэр бүлийн улсын бүртгэлд бүртгүүлж 465/001009 дугаартай гэрчилгээ авсан болно. Миний охин Б.Ариунцацрал 2005 онд, Б.Мөнгөнцацрал 2007 онд, охин Б.Нандинзол, Б.Намуунзол 2009 онд /ихэр/, хүү Б.Баярбаясгалан 2013 онд тус тус төрсөн. Бид хоёр хамтын хөдөлмөрөөрөө илүү ч үгүй, дутуу ч үгүй сайхан амьдарч удам залгасан хүүхдүүдээ эрүүл саруул өсгөн бойжуулж баяр баясгалантай сайхан амьдарч байсан. Миний бие хааяа архи ууж найз нөхөдтэйгөө тоглодог байсан нь үнэн боловч гэр бүлээ цуцлах хэмжээнд хүртэл архидан согтуурч *******г дарамталж, зодож, тарчлааж байсан зүйл байхгүй хүүхдүүд минь гэрчлэх болно. ******* нэхэмжлэлдээ дэндүү үндэслэлгүйгээр үнэн байдлыг гуйвуулан гүтгэж өөрийгөө буруугүй мэтээр бичсэн байгаад туйлын гомдолтой байна. Нэхэмжлэгч ******* 2017 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл гэр орноо болон үр хүүхдээ орхиж яваад ирээгүй болно. ******* нь Ц.Болдтой байнгын бэлгийн харьцаатай болж гэр орон болон үр хүүхдээ орхиж бүтэн нэг жил боллоо. Энэ хугацаанд эцгийн хувьд 5 хүүхдээ бодож хамт амьдарч байна. ******* архи ууж гэр орондоо ирэхдээ ямар ааш араншин гаргадаг хүүхдүүдээ яаж цохиж доромжлон харааж зүхдэг болохыг хүүхдүүд бүгд мэднэ. ******* нь согтуу ирэхдээ гэрийн эд хогшлыг эвдэх нөхөр хүүхдүүдээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж гутаан хэрүүл үүсгэдэг юм. Хамт амьдарч байх хугацаандаа хөдөлмөрөөрөө бий болгосон хувийн орон сууц хашаа байшин эд хөрөнгө бид хоёрынх биш хүүхдүүдийн амьдралын баталгаа билээ. Би бүтэн жил 5 хүүхдээ бодож гаргасан дутагдлаа засаж гэртээ эргээд ирнэ гэж тэвчин хүлээсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, харин хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлттэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их мээрэнг овгийн Мээлэйн Баясгалан, Боржигон овгийн Дашнямын Золтуяа нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасны дагуу охин Б.Мөнгөнцацрал, Б.Номинзол, Б.Намуунзол нарыг эцэг *******гийн асрамжид, охин Б.Ариунцацрал, хүү Б.Баярбаясгалан нарыг эх Б.Золтуяагийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Мөнгөнцацралыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Номуунзол, Б.Нандинзол нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх *******гаас, 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Ариунцацралыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Баярбаясгаланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг тус тус гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Золтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Б.Номинзол... гэснийг ...Б.Нандинзол... гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний 53 тоот магадлалыг эс зөвшөөрч, нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар авч үзээгүйгээс 16 настай охин Б.Ариунцацрал, 7 настай хүү Б.Баярбаясгалан нарыг эх *******д үлдээсэн шийдвэрийг өөрчлөөгүй нь хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2019.11.25-нд 5 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтэнд ... архидан согтуурах, зан үйлийн эрсдэл бага, эцэг давуу талтай, эцэг эхийн чадамжийг үнэлэхэд эцэг Н.Баясгалан хоёр шатанд давуу байдал үүссэн, эцэг эхийн хандлагын үнэлгээ, гэр бүлийн харилцаа, эцэг эх хүүхдийн харилцан үйлчлэлд тус тус эцэг давуу талтай, гурван судалгаагаар давуу гэжээ. Мөн Н.Баясгалангийн хүүхдэд хандах хандлагын оношлогооноос дүгнэхэд хяналт хэвийн хүүхдүүддээ ээнэгшил өндөр... гэснийг анхаарч үзсэнгүй. Том охин Д.Ариунцацрал дүгнэлтэд бичснээр зан төлөвийн хурцдал илэрсэн, бага хэмжээний стресс дарамттай байгаа нь эх ******* үр хүүхдээ бодохгүй гэр бүлээс гадуур хүнтэй явж архины хамааралтай болж улмаар охиныг болон 4 настай хүүг 2 жил шахуу хугацаанд хаяж явсан. Одоо болохоор хүүхдүүдийн өссөн гэрт танихгүй хүн авчирч орогнуулан хүний хүүхэд гарган хүүхдүүдийг хооронд нь салгаснаас болсон. Б.Ариунцацрал аавтайгаа цаашид амьдарна гэж шүүхэд санал хэлсэн байхад хүүхдийн сэтгэл санаагаар тоглож урвуулсан. Дархан-Уул аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018.11.01-ний шинжээчийн дүгнэлтэд манай 4 охиныг аавд нь үлдээхийг зөвлөсөн байсныг шүүх үнэлсэнгүй. Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018.11.01-ний энэхүү шинжээчийн дүгнэлтэд эх *******г архины хамааралтай болохыг бичсэн байгаа мөн олон захиргааны арга хэмжээ авагдсан хавтас хэргийн матөриалаас үзэхэд ******* нь ихэнхдээ согтуу байсан тэр бүү хэл 3 сартай нялх хүүхдээ авч явахдаа согтуугаар жолоо барьж арга хэмжээ авагдсан байдаг ийм архины хамааралтай хүнд 2 хүүхдийг өгөх ямар ч боломжгүй дээр том охин архи уудаг хойд эцгийн хучирхийлэлд өртөхийг хэн ч таамаглахын аргагүй тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүүхдийн эрүүл аюулгүй орчинд байлгах нь эрхэм зорилго тул үүнийг онцлон анхаарч охин Б.Ариунцацрал, хүү Б.Баярбаясгалан нарыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэврийг гаргуулахаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Манай 2 хүүхэд зайлшгүй миний асрамжинд байх үндэслэлээ давж заалдах гомдолдоо тодорхой дэлгэрэнгүй бичиж байсан тул үүнийг анхаарч үзнэ үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 409 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 53 дугаартай магадлалын зарим хэсгийг би эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагч *******гийн асрамжинд охин Б.Мөнгөнцацрал, Б.Номуунзол, Б.Нандинзол нарыг үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Гүндэгмаа, Б.Соёлмаа, А.Мягмаржаргал, Г.Галбадрах нарын гаргасан 2018.11.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ... Охин Б.Нандинзол цаашид ээжтэй үлдэх сонирхолтой гэж хариулсан байхад аавын асрамжинд үлдээхийг зөвлөж байна ... ******* архи уугаад ямар үйлдэл хийснээ мэдэж байгаа нь сайн талтай гэж дүгнэсэн нь нэг талыг барьсан эргэлзээтэй дүгнэлт байх тул УБ хот дахь Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, эцэг эхийн хэнийх нь асрамжинд үлдээснээр хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илүү хангагдах талаар давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай 2019.07.12-ны өдрийн нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл өмнөх эргэлзээтэй дүгнэлт гаргасан Б.Гүндэгмаа, Б.Соёлмаа, А.Мягмаржаргал, Г.Галбадрах нар 2019.11.25-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчсөн. Дээрх шинжээч нар 2018.11.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд Б.Ариунцацралыг аавд нь үлдээх нь зөв гэж дүгнэж байсан бол 2019.11.25-ны өдрийн дүгнэлтэнд Эхдээ илүү ээнэгшилтэй" гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан байна. Дээрх 2 Шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй агуулгаас харахад 2 дахь дүгнэлтийг нэмэлт шинжээчийн дүгнэлт биш харин дахин шинжээчийн дүгнэлт болох нь тодорхой байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүй, зөвхөн хууль зөрчсөн, өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, эргэлзээтэй давтан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон шийдвэр, магадлал гарсан.

******* нь давж заалдах гомдолдоо архи ууж мөрийтэй тоглоом тоглохоо больсон гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Б.Мөнгөнцацрал, Б.Номуунзол, Б.Нандинзол нар нь аав дээрээ байх үед мөн л урьдын адил архиа ууж, хүүхдүүдийг маань садан төрлийн хүн биш, хамт мөрийтэй тоглоом тоглодог хүний гэрт хонуулж, охин Б.Мөнгөнцацралыг гэрт нь ганцааранг нь хараа хяналтгүй хонуулж, байнга архиа ууж яваад шөнийн 2, 3 цагийн үед гэртээ ирж, хүүхдүүдэд агсан согтуу тавьж охидуудыг зүй бус үгээр дайрч давшилж, хөөж туун, эхийнх нь талаар үргэлж буруу ухуулга хийж, тайван ч унтуулахгүй байна гээд охин Б.Нандинзол нь өөрийн хүслээр миний асрамжинд ирсэн ба тухайн үед уранхай оймстой, өмсөх хувцасгүй ирж байсан. Учир байдлыг *******гаас асуухад ихэр Б.Номуунзолтай таарч тохирохгүй, маргалдаад байсан учраас арга ядаад ээж рүү нь явуулсан гэж хэлсэн. Үүнээс харахад түүний бичсэн зүйл үгүйсгэгдэж, ******* нь огт засраагүй нь харагдаж байна, мөн охидыг харж халамжлах, хүмүүжүүлэх, арга эвийг олж чадахгүй, дур нь хүрвэл хүрвэл хүүхдүүдээ авч, дүргүй нь хүрвэл хөөгөөд явуулж байгаа нь хоёр дахь удаагаа анзаарагдаж байна. Дархан захад байрлах Өгөөмөр нэртэй 9-р цайны газрыг *******гийн эзэмшилд үлдээсэн. Гэвч ******* нь мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсны улмаас цайны газраа дампууруулснаас харахад ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа аваад явах чадварт эргэлзээ төрж байна. Мөн өөрийн асрамжинд байгаа хүүхдүүдэд анхаарал халамж тавьдаггүй, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүйн улмаас хүүхдүүдийг төрсөн эгч Кала, дүү Алимаа нараар тэжээн тэтгүүлдэг. Гэтэл Кала, дүү Алимаа нар нь тусдаа амьдралтай хүмүүс тул хүүхдүүдийг маань тэжээн тэтгэснээр амьдралд нь ачаа нэмэгдэж байгаа тул энэ байдалдаа дурамжхан байдгийг үгүйсгэх аргагүй юм. ******* нь 15 жил хамт амьдрах хугацаандаа хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд анхаарч үзээгүй, гэртээ нэг ширхэг талх ч барьж орж ирж байгаагүй хүн. Ийм амин хувиа хүчээсэн зантай хүн үр хүүхдээ асарч хамгаалж, хүмүүжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Хэрэгт ******* миний ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдүүдээ тэжээн тэтгэх чадвартай болохоо нотолж, дансны хуулга, хувь хүний орлогын албан татварын дэвтэр, түрээсийн гэрээ, бараа нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба дээрх нотлох баримтуудаар миний байнгын ажилтай, 5 хүүхдийнхээ амьдралыг аваад явах хэмжээний тогтмол орлоготой болох нь тоггоогдсон. Харин *******гийн хувьд гуанз дампууруулсан гэхээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг тухай нотлох баримт хэрэгт байхгүй. Дээрх үйл баримтаас харахад 5 хүүхдийг эх ******* миний асрамжинд үлдээх нь хүүхдүүдийн минь эрх, хууль ёсны ашиг сонирхолд илүү нийцэхээр байтал анхан, давж заалдах шатны шүүх охин Б.Мөнгөнцацрал, Б.Номуунзол, Б.Нандинзол нарыг *******гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийнг 14.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, охин Б.Ариунцацрал, Б.Мөнгөнцацрал, Б.Намуунзол, Б.Нандинзол, хүү Б.Баярбаясгалан нарыг эх ******* миний асрамжид үлдээхээр шийдвэрлэж өгнө үү. Одоогийн байдлаар охин Б.Ариунцацрал, Б.Нандинзол, хүү Б.Баярбаясгалан нар нь эх миний хамт ямар ч дутагдах гачигдах зүйлгүй, амар амгалан амьдарч байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрчээ.

*******, ******* нар нь 2005.01.12-ны өдөр гэр бүл болж, 2005.11.12-нд охин Б.Ариунцацрал, 2007.02.02-нд охин Б.Мөнгөнцацрал, 2009.09.29-нд охин Б.Намуунзол, Б.Нандинзол, 2013.10.16-нд хүү Б.Баярбаясгалан нар төрсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.  

Анхан шатны шүүх гэрлэгчдийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас байнга маргаантай амьдардаг, нөхөр ******* нь эхнэр Б.Золтуяаг үг хэлээр доромжлох, биед нь халдаж баривчлах шийтгэл эдэлж байсан, эхнэр Б.Золтуяа нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож, хүүхэд төрүүлсэн, гэрлэгчид цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэргийг нь харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу охин Б.Ариунцацрал, хүү Б.Баярбаясгалан нарыг эхийн, охин Б.Мөнгөнцацрал, Б.Намуунзол, Б.Нандинзол нарыг эцгийн асрамжид тус тус үлдээн, хүүхдүүдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Нандинзолын нэрийг алдаатай бичсэнийг залруулжээ.

Нэхэмжлэгч нь ...Б.Мөнгөнцацрал, Б.Намуунзол, Б.Нандинзол нарыг өөрийн асрамжид авахаар, харин хариуцагч нь ...охин Б.Ариунцацрал, хүү Б.Баярбаясгалан нарыг асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангагдаж чадаж байгаа эсэх, тэдний эцэг, эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун, хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сурч боловсрох таатай ээлтэй орчин байгаа эсэх, эцэг *******, эх ******* нар нь архины хамааралтай зэргийг судлуулах талаар хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээч Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2018.11.02-ны өдрийн, мөн 2019.11.25-ны өдрийн 2 дүгнэлт гарсан байна. /I-хх- 96-101, II-хх- 9-21/

Хоёр шатны шүүх Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу 7-оос дээш насны хүүхдүүдээс авсан санал, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлэн хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг тогтоон, гэрлэлтээ цуцлуулсан этгээдүүдийн эдлэх эрх, хүлээх хариуцлага зэргийг дурдаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Цаашид нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдийнхээ асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг болон хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс тусгаарласан зэргийг дурдав гэж дүгнэсэн нь зөв байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон тайлбартаа охин Намуунзолыг Номуунзол гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт энэ нэр өөр өөрөөр бичигдсэнийг хяналтын шатны шүүхээс залруулна. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохигчоос гаргуулах тэтгэлгийн дээд хэмжээг хязгаарласан хуулийн зохицуулалтыг тусгаагүй алдааг залруулж шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын Б.Номуунзол гэснийг Б.Намуунзол гэж, мөн заалтын ...эх *******гаас гэсний дараа хүүхэд тус бүрт, сар бүр гэж, ...эцэг Д.Баясгалангаас гэсний дараа хүүхэд тус бүрт гэж тус тус нэмж, шийдвэрт 10 гэсэн заалт нэмж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай гэж, 10 дахь заалтыг 11 гэж дугаарлахаар тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД