| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Бөд холбогдох эрүүгийн 2335000000020 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны ..дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, ............. сумын ............. сувилагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн 400 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Бийн Б, регистрийн дугаар: ..........;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Л.Бын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.Дын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, нийт 2.400.000 төгрөг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Л.Бын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг, хохирогч Б.Дын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөгийг тус тус нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед эгчид мөнгө хэрэг болсон тул Д эгчийн данснаас авч өгсөн. Дараа нь цалин буухад буцааж Д эгчид учир байдлаа хэлээд өгнө гэж бодсон. Гэтэл Д эгч цагдаад мэдэгдсэн байсан. Би сандраад Д эгчид хэлж чадаагүй. Би Д эгчид хэлэхгүй мөнгийг нь авсан. Би хулгай хийсэн үйлдлээ зөвшөөрч байгаа. Д эгч намайг гуйж утсаараа банкны гүйлгээ хийлгэсэн. Тэр үед би банкны мэдээллийг нь мэдэж авсан. Тэгээд дараа нь өөрийнхөө утсаар Д эгчийн данс руу 2 удаа нэвтэрч гүйлгээ хийсэн. Надад прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2335000000020 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хаан банкны 5................... болон 5................... тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 9, 11 дэх тал);
2. Хохирогч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 94..... дугаартай Huawei Р-20 загварын утастай байж байгаад утсаа гээгдүүлээд тэрнээс хойш дансны орлого зарлагын мэдээллээ хянах боломжгүй байсан бөгөөд эхнэр Б.Дын Хаан банкны 5................... данс болон миний Хаан банкны 5................... цалингийн дансыг хооронд холболт хийлгэж аль нэг дансаар нь нэвтэрсэн тохиолдолд гүйлгээ хийх боломжтой бөгөөд дансны мэдээллийг хянах болон гүйлгээ хийхдээ нууц уг шаарддаггүй байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний эхнэр Б.Д над руу залгаад чиний данснаас 1.500.000 төгрөг шилжсэн байна. Чи ямар учиртай мөнгө хэн рүү шилжүүлсэн бэ? гээд асуухаар би эхнэртээ хэн нэгэн хүн рүү мөнгө шилжүүлээгүй талаараа хэлсэн бөгөөд тухайн үед эхнэр Б.Д надад хэлэхдээ миний данснаас бас 900.000 төгрөг зээл төлөлт гээд гарсан байна, энэ сард банк яагаад ийм эрт зээлээ татаж байгаа юм бол гэж хэлэхээр нь би эхнэрийг дагуулаад банкин дээр очиж дансны мэдээллээ шалгуулахад миний 5................... данснаас 2022.12.21-ний 13 цаг 36 минутанд 50............. дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр "зээл" гэж бичиж шилжүүлсэн байсан, мөн миний эхнэр Б.Дын данснаас 50............. данс руу 2022.12.21-ний өдөр 900.000 төгрөгийг "зээл" гэж бичиж шилжүүлсэн байсан бөгөөд банкны теллерээс асуухад та эхнэртэйгээ тухайн гүйлгээг өөрөө хийгээгүй юм уу? банк таны данснаас зээлийн төлөлт татаж аваагүй гэхээр нь би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал);
3. Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ............. сумын 3-р багт нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг 37 настай. Миний 5................... данс нөхөр Л.Бын 5................... цалингийн банкны данснуудыг хооронд нь холболт хийлгэж бид хоёрын аль нэг данс руу нэвтэрсэн тохиолдолд гүйлгээ хийх боломжтой бөгөөд 2022.12.22-ны өдөр дансаа шалгаж үзэхэд 900.000 төгрөг "зээл" гэж гүйлгээ хийсэн байсан тул нөхрийг зээлээ төлсөн юмуу, Хаан банк нь зээлээ татсан байх гэж бодоод нөхрийн данс руу орж үзэхэд 1.500.000 төгрөгийг 50............. данс руу гүйлгээний утга дээр "Зээл" гэж бичээд шилжүүлсэн байсан тул нөхрөөсөө ямар учиртай мөнгө шилжүүлсэнийг асуухад тухайн гүйлгээг миний нөхөр хийгээгүй талаар хэлсэн, тухайн үед нөхөр бид хоёр ............. сумын Хаан банкны салбар дээр очоод нөхөр бид хоёрын данснаас нийлээд 2.400.000 төгрөг 50............. данс руу зээл гэж гүйлгээ хийгдсэн байна, тухайн гүйлгээг бид хоёр хийгээгүй гэхэд банкнаас 50............. дансны эзэмшигчийн мэдээлэл өгөх боломжгүй, та хоёр цагдаад хандаарай гэж хэлэхээр нь миний нөхөр Л.Б цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тухайн үед нөхөр бид хоёр Хаан банкны лавлах утас 1800-1917 дугаарын утас руу залгаж харилцагчийн лавлах утастай хэд хэдэн удаа холбогдож тухайн байгууллагад гомдолтой байгаагаа хэлэхэд над руу 1800-1917 дугаарын Хаан банкны лавлах утаснаас залгаж Хаан банкны цахим гомдол хүлээн авах мэргэжилтэн байна 5802005896 дугаарын данс руу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 9524.........утсан дээр Хаан банкны аппиллейкшн руу нэвтрэх нууц уг болон идэвхжүүлэх нууц уг авч тухайн нууц үгийг Затзипд А-52 загварын 99..........дугаартай утсанд нууц үгийг хийж идэвхжүүлсэн байна. Мөн 99....... дугаар нь Б.Б гэж хүний эзэмшилд байгааг Хаан банкны лавлах надад хэлж өгсөн юм. Та тухайн 996........... дугаартай Б.Б болон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө хаана хэнтэй байсан, тухайн үед утсаа ямар хүнд өгсөн талаараа сайн лавлаж судлаарай, тэр үед л таны дансанд нэвтэрч 2022.12.21-нд та болон таны нөхрийн данснаас нийт 2.400.000 төгрөгийг 50............. тоот дансанд шилжүүлсэн байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал);
4. Гэрч Э.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би 2022.12.22-ны орой Б.Дын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд орж эмчилгээ хийсэн бөгөөд ...тухайн үед Б.Дд дусал залгаж байхад Б.Д болон түүний нөхөр хоёрын данснаас 2.400.000 төгрөг алдсан талаар Хаан банкны лавлахтай ярилцаж байсан бөгөөд ...Д тухайн хүнтэй ярилцахдаа Б Б гэж хүн А-52 загварын утсаар миний утсанд нэвтэрч миний болон нөхөр Б хоёрын данснаас 2.400.000 төгрөг алдлаа гэж ярилцаж байхыг нь сонссон ...Тухайн үед Даас юу болсон талаар асуухад миний данснаас 900.000 төгрөг, Бын данснаас 1.500.000 төгрөгийг Б овогтой Б гэж хүн Зат зипд А-52 загварын утсаар авсан гэж Хаан банкны лавлах ажилтан надад хэллээ, би одоо Бтэй ярина, би бүр гайхаад байх юм юу гэж Б байдаг юм, би Бөөс асуухаас гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал);
5. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ойр зуурын хэрэглээний мөнгө хэрэг болсон учир өөрийн дүү Бийн 99675678 дугаарын утас руу залгаад мөнгө зээлээч гэж хэлтэл за та тэгвэл данс олоод над руу дугаарыг нь явуулчих гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачууртын эцэс дээр байрлах Хаан банкин дээр очиж Э....... гэх үл таних хүнээс дансаа ашиглуулаач гэж гуйж байгаад дансыг нь ашиглан өөрийн дүү Б.Бөөс 2.400.000 төгрөг шилжүүлэн авсан юм. Ингэж тухайн Э......... гэх хүнтэй танилцсан. Уг хүнийг болон ямар данснаас мөнгө шилжүүлсэн талаар огг санахгүй байна. Тухайн үед манай дүү Б.Б ямар учиртай, хэн гэх хүний данснаас ямар мөнгө шилжүүлж байгаа болох талаар огт хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Л.Бын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.Дын эзэмшлийн Хаан банкны 5................... дугаарын данснаас нэг удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, хохирогчид нийт 2.400.000 төгрөгийг хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны 5................... болон 5................... тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулга, хохирогч Л.Б, Б.Д, гэрч Э.Ө, Б.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
3. Шүүгдэгч Б.Б нь урьд Б.Дын хүсэлтээр гар утсан дээрх интернет банкны аппликейшн ашиглан түүний банкны нэвтрэх нэр, кодоор гүйлгээ хийж өгч, туслалцаа үзүүлэхдээ Б.Д, Л.Б нарын интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдэж аван улмаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн утсан дахь интернет банкинд хохирогч Б.Дын нэвтрэх нэр, нууц үгийг хийж ашиглан хохирогч Л.Б, Б.Д нарын данснаас нийт 2.400.000 төгрөгийг хулгайлж авсан нь нотлогдсон байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Б, Б.Д нарын данснаас нийт 2.400.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
5. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б, Б.Д нарт 2.400.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Дын эзэмшлийн Хаан банкын 5................... тоот дансанд 2.400.000 төгрөгийг буцаан шилжүүлснээр хохирогч Б.Д шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 71, 72 дахь тал),
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бөөс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Б.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг гаргаж, шүүгдэгч Б.Бөд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Б.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бөд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бөд оногдуулсан тэнссэн харгалзах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бөд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бөөс гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногт Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА