Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Н.Булгаа

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,

Шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Гийн Дд холбогдох эрүүгийн 2335000020018 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны ..........дүгээр сарын 30-нд Увс аймгийн ............ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 2 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Гийн Д, регистрийн дугаар:.............;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Бийн зүүн гарын шуу хэсэгт хүрзний модон ишээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Д нь Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан толгойн төв" гэх нэртэй газарт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 02 цагийн үед хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын шууны хэсэгт хүрзний модон ишээр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б багаас Баянхайрхан баг руу мал тууж явсан. 2022 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 2 цагт Баянхайрхан багт малаа тууж очсон. Бригадын төвд Б, Г, Б нар байсан бөгөөд тэд архи уусан байдалтай байсан. Би малаа оруулаад хашаалсан байхад Б.Б шөнийн 2 цагт малаа авч яв гэж хэлсэн. Би шөнө 2 цагт малыг хашаа авч явах вэ? гээд маргалдаж улмаар тэр хүнийг хүрзээр цохисон” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000020018 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн  7-9 дэх тал);

2. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал);

3. Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн төвд манаачийн ажил хийдэг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр багийн төвд П.Г, Б нар манайд ирсэн, би уг хүмүүст хоол хийж өгч байхад манай сумын 3 залуу 4 шил архитай ирж бид нар уусан. Би уг архинаас амсах төдий уусан учир халамцсан, өөрийн гэсэн ухаан санаатай байсан, харин П.Г, Б нар нилээд согтож, биеэ авч явах чадваргүй болсон. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 1 цагийн үед П.Г, Б бид нар унтаагүй байхад Г.Д манай багийн төвийн байранд орж ирчихээд гараад явсан бөгөөд энэ үед Б, П.Гийн гар, хувцаснаас татаж чангаагаад эхэлсэн. Би Бг, П.Гоос салгах гэж байхад гаднаас П.Гийн эхнэр Б орж ирсэн. Б надтай хамт Бг П.Гоос салгачихаад мал хашаанд оруулна гаръя гэж хэлээд бид хоёр гарсан бөгөөд тууж ирсэн малыг хашаанд оруулчихаад буцаж багийн төвийн байранд орсон. Б дахин П.Гийн хажуугаас татаж чангаах үед нь хүү Г.Д салгаж Бг П.Гоос хол суулгасан, би тэд нарыг муудалцаад байна гэж бодож та нар яв гэж хэлсэн, энэ үед Г.Д хар хүйтэнд, шөнө орой эндээс өөр хаана очих юм гэж уурлаж багийн төвийн коридорт байсан цас цэвэрлэдэг хүрз авч над руу далайсан, ээж Б нь боль гэж хэлээд бид хоёрын дундуур орсон боловч Г.Д нь хүрзний иш хэсгээр намайг цохих гэхэд би зүүн гараараа хамгаалж, зүүн гараа цохиулсан. Хүрзний модон иш хугарч, 3 хэсэг болсон. Би Г.Дг уучлалт гуйгаад ирэх юм бол цагдаад гомдол гаргахгүй гэж бодож байсан боловч надаас уучлалт гуйхгүй байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал);

4. Гэрч П.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ............ сумын 3 дугаар багийн залуу болох Чөдгөө бид хоёр отроор нүүдэллэж, ............ сумын 3 дугаар багийн нутгаас Завхан аймгийн Завхан мандал сум руу Чөдгөөгийн 2000 гаруй бог мал туулцсан бөгөөд манай эхнэр Б, хүү Д нар өөрсдийн бог малыг тууж ............ сумын 3 дугаар төв дээр авч ирж Чөдгөө, бид хоёрын тууж яваа бог малтай нийлүүлж, Чөдгөө бид хоёр Завхан аймгийн Завхан мандал сум явахаар тохиролцсон. Тухайн өдөр Чөдгөө бид хоёр малаа тууж явахад манай авга талын хамаатан болох Б гэх залуу ............ сумын Хар хэмийн хөтөл гэх нэртэй газарт тааралдаж, дээлийн өвөр дотроосоо "Ерөөл" нэртэй 0.33 литрийн ёроолоосоо 3 хуруу хэртэй архи гаргаж надад өгөхөөр нь уг архийг би ууж дуусгасан. Түүний дараа Чөдгөөгийн бог малын туулцаж 18 цагийн үед ............ сумын 3 дугаар багийн бригадын төв дээр ирэхэд манай бог мал ирээгүй байсан тул уг газарт манай бог мал ирэхийг хүлээсэн. Манай бог мал ирэхийг хүлээж байх хооронд Чөдгөө би айл руу явлаа гэж хэлээд яваад өгсөн бөгөөд багийн төвийн манаач Б, Б бид гурав үлдсэн, бид гурав хоол хийж идэх зуур архи уучихсан 3 залуу ирсэн бөгөөд уг залуучууд 4 шил архитай ирж, уг архинаас нь би уугаад тасарчихсан, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нилээд орой архи гарч ухаан орох үед Б танай малыг энд хонуулахгүй, малаа аваад яв гэж уурлаж, малын хашаанаас мал гаргачихсан байсан учир малаа туугаад цааш нь явсан надад өөр мэдэх зүйл байхгүй... Би одоо 60 нас гарч хөгширч байгаа учир миний шүднүүд өөрөө унаад байгаа. Миний дээд шүдний үүдэн 4 шүд болон баруун, зүүн араа шүд, доод шүдний баруун, зүүн араа шүд бүгд өөрөө уначихсан шүдгүй байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мал тууж явахад доод талын шүдний, зүүн талын урд хэсгийн хөдөлгөөнтэй унах гэж байсан шүд өөрөө унасан. Би унасан шүдээ зүгээр хаячихдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

5. Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Дгийн хамт өөрийн бог малыг ............ сумын 4 дүгээр багаас ............ сумын 3 дугаар багийн төв рүү туусан бөгөөд ............ сумын 3 дугаар багийн төвөөс нөхөр П.Г бог малаа авч цаашаа Завхан аймгийн Завхан мандал сум руу явахаар тохиролцсон. Би явганаар бог малаа тууж хүү Г.Д “L200" загварын 45-78 УВХ улсын дугаартай автомашинтай явсан. Хүү Г.Д бид хоёр бог малаа тууж 2022 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 01 цагийн үед ............ сумын 3 дугаар багийн төвийн ойролцоо ирэхэд хүү Г.Д автомашинтай түрүүлж яваад 3 дугаар багийн төвийн гадна автомашинаа үлдээчхээд буцаж над руу алхаж ирсэн, би хүү Г.Дд бог малаа үлдээчхээд 3 дугаар багийн байрлуу ороход нөхөр П.Г, Б, Б.Б нар хоорондоо барьцалдчихсан байсан. Нөхөр П.Г, Б хоёр нэлээд согтуу, Б.Б гайгүй байсан. Би уг хүмүүсийг салгачхаад Б.Бийг дагуулж багийн төвийн байрнаас гарч тууж ирсэн бог малыг хашаанд оруулъя гэхэд Б.Б хүн хоол хийж өгч байлгаж байхад хоорондоо маргалдлаа гэх утгатай юм хэлсэн, хүү Г.Д бид хоёр тууж ирсэн бог малаа малын хашаанд оруулчихаад багийн төвийн байрлуу хүү Д, Б.Б нарын хамт ороход нөхөр П.Гийн хамраас цус гарч ам, хамар нь цус болчихсон байсан. Би нөхөр П.Гийн хамар, амны цусыг арчиж өгсөн. Тухайн үед Б гэх залуу нилээд согтуу байсан бөгөөд нөхөр П.Гийн хажууд ирж суучхаад гараас нь татаж, чангаагаад байсан, энэ үед хүү Г.Д, Бг татаж босгоод ааваасаа холдуулж суулгахад Б.Б уурлаж та нар яагаад муудалцаад байгаа юм, та нарыг энд хонуулахгүй малаа аваад явцгаа гэж хэлэхэд, хүү Г.Д уурлаж хар хүйтэнд өглөөнөөс хойш мал тууж даарч яваад ирж байна, хүйтэн шөнө эндээс өөр хаана хонодог юм гэж уурлаж Б.Бтэй муудалдаж 3 дугаар багийн төвийн коридорт байсан модон бариултай хүрзийг авч Б.Б рүү далайсан, би Б.Бийг хүрзээр цохиулахгүй гэж дундуур орсон боловч уг хүмүүс надаас өндөр учир хүү Г.Д, Б.Бийг хүрзний ишээр цохиж, Б.Б зүүн гараараа хамгаалж, гараа цохиулж, хүрзний иш 3 хэсэг болж хугарсан, түүний дараа нөхөр П.Г малаа туугаад Завхан аймгийн Завхан мандал сум руу явсан. Маргааш өдөр Б.Б эмнэлэгт гараа үзүүллээ миний гар хугарчихсан байна гэж хэлсэн. ...Намайг 3 дугаар багийн бригадын төв рүү ороход Г, Б, Б нар хоорондоо барьцалдсан байсан, нэг нэгнээ цохиж байхыг би хараагүй, би уг хүмүүсийг салгаад Б.Бийг дагуулж мал хашаанд оруулах гэж багийн төвөөс гарсан. Урьд өмнө нь мэдүүлэг өгөх үедээ сандарсан байсан тул барьцалдсан байсныг нь цохиж байсан гээд мэдүүлчихсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-24 дэх тал);

            6. Гэрч З.Игийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Завхан мандал сум руу отроор нүүдэллэж тэмээ тууж явах үедээ өөрийн авга талын хамаатан болох П.Г ахтай ............ сумын Хар хэмийн хөтөл гэх нэртэй газарт тааралдаж, биедээ авч явсан "Ерөөл" нэртэй 0.33 литрийн тал шил архийг П.Г ахтай хувааж ууж дуусгасан. Түүний дараа П.Г ахтай хамт өөрийн болон Чөдгөө гэх залуугийн бог малын туулцаж 18 цагийн үед ............ сумын 3 дугаар багийн бригадын төв дээр ирсэн. П.Г ах манай бог малыг эхнэр Б, хүү Д нар тууж энд ирэх ёстой, тэд нар ирэхээр бог малаа аваад цаашаа хамт явцгаая гэж хэлсэн. Бид нар бригадын төв дээр ирэхэд Чөдгөө би айл руу явлаа гэж хэлээд яваад өгсөн бөгөөд түүнээс хойш дахиж уулзаагүй, багийн төвийн манаач Б, Г бид гурав үлдсэн, бид гурав хоол хийж идэх зуур архи уучихсан танихгүй 3 залуу ирсэн бөгөөд уг залуучууд 4 шил архитай ирж, уг архийг ууж дуусгаад би согтсон байсан тул уг залуучууд явсны дараа унтахаар хэвтсэн, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үйл явдал болсноос хойш ойролцоогоор 8 хоногийн дараа Д, Б ахын гарыг хүрзний ишээр цохиж хугалсан байна гэж Г ахаас малын бэлчээрт явж байх үедээ сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал);

7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 545 дугаартай “...Б.Бийн биед зүүн шууны богтос ясны гандан /дунд 1/3/ хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд 2022/11/13-нд үүсчихсэн байсан талаар түүний амбулаториор эмчлүүлэгчийн картад бичигдсэн байна. Шинэ гэмтэл байсан байна. Зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Д нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Г.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Увс аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Бийн зүүн гарын шуу хэсэгт хүрзний модон ишээр нэг удаа цохиж, гэмтэл учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд тухайн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээч тогтоосон байна.

Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал), гэрч П.Г, П.Б, З.И нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 19-24, 28-31 дэх тал), эрх бүхий шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), эд мөрийн баримт болох хүрзэнд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дэх тал), шүүгдэгч Г.Дгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б, П.Г, П.Б, З.И нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Б.Бийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Б.Б, гэрч П.Г, П.Б, З.И нарын мэдүүлэг, 545 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Г.Д нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Дгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь хэргийн 38-39 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар Б.Бийн биед учирсан гэмтлийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд хамааруулж үзсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч Г.Д нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Г.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд зүүн шууны богтос ясны дунд 1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Г.Д нь хохирогч Б.Бд гэмт хэргийн хор уршигт 2.000.000 (хоёр сая) төгрөг төлж барагдуулснаар хохирогч Б.Б цаашид нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.(хавтаст хэргийн 18, 117 дахь тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дгаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Д нь урьд эрүүгийн харижуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 99 дэх тал),

Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 (хоёр сая) төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

Иймд шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

2. Түүнчлэн шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Г.Дгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Г.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Г.Дд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Дгийн цалин хөлс, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Г.Дгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, хүрз 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Гийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000  (гурван сая) төгрөгөөр торгох ял хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 3000 (гурван мянга)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 (гурван сая) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Г.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дгаас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүрз (иш нь хугарсан) 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА