Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бын Ут холбогдох эрүүгийн 2335000000024 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны ..... дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хаан банкинд ............. ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр .............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Бын У, регистрийн дугаар: ..............;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Төв Хаан банкны зогсоолд байсан иргэн Ч.Бгийн эзэмшлийн “Тоёота приус 20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.У нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв хаан банкны зогсоолд байсан Ч.Бгийн эзэмшлийн ... улсын дугаартай эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн 2335000000024 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газар, тээврийн хэрэгсэл, хяналтын камерт тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 3-12 дахь тал);

2. Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аав, ээж 3 дүүгийн хамтаар Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдардаг. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн дүү Улаанбаатар хотод тархины менингит гэх өвчнөөр эмчлэгдэж байгаад нас барсан юм. Тэгээд аав, ээжийн хамт дүүгээ нутаглуулаад 2022 оны 12 дугаар 30-ны үеэр сумандаа ирсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 хоног нь тавьж байгаа учир Улаангом сум руу ороод хүнсний зүйл цуглуулахаар хадам дүү Нгийн хамт өөрийн эзэмшлийн “Тоёота приус 20” загварын ... улсын дугаартай ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй аймгийн төвд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. Ингээд хадам дүү Н машинаа өгчхөөч ах АТМ ороод мөнгө аваад ирье гэхээр за за гэж хэлээд өөрийн эзэмшлийн тоёота приус 20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Удалгүй 10-15 орчим минутын дараа хадам дүү Н залгаад Хаан банкны үүдэнд зогсоолд байсан машин алга болчихлоо гэж утсаар ярьсан. Ингээд би төв хаан банк дээр яваад очиход хадам дүү Н хажуудаа үл таних залуугийн хамт байсан юм. Эргэн тойронд ямар нэгэн хүн байхгүй, машин байхгүй байсан, яасан яагаад алга болчихсон юм бэ гэж хадам дүү Нгээс асуухад тухайн үл таних найзынхаа хамт АТМ орсон, орохдоо машинаа асаалттай хэвээр үлдээгээд орсон, гараад ирэхэд байхгүй байна гэж надад хэлсэн юм. Ингээд би миний таньж мэддэг, найз нөхөд аваад явчихсан юм байх гэж бодоод таньдаг, мэддэг бүх хүн рүү залгаж асуухад авсан хүн байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-23 дахь тал);

3. Гэрч Т.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг ..... худалдааны төвийн хашаанд эхнэрийн хамтаар амьдардаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу өнөөдөр 20 цагийн үед гэртээ байж байтал манай хадам ах Б Наранбулаг сумаас 3 дүүгээ аваад манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт хоол унд идээд байж байтал манай найз нар ирсэн. Тэгээд бид нар хөзөр тогтохоор болсон юм. Тэгж байтал би Хаан банкны АТМ орох ажил гарсан, тэгээд би гэрээс гарах гэж байтал манай хадам ах Бгийн дүү Болдоо та энэ машинаар яваад ир гээд машины түлхүүр өгсөн. Тэгээд манай хамаатны ах Г гэх хүн бид хоёр манай гэрийн гадна байсан ............ улсын дугаартай “Приус-20” маркийн авто машиныг жолоодоод Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Хаан банкны төв байранд очоод бид хоёр машинаа асаалттай орхиод Хаан банкны АТМ ороод 3 картнаас мөнгө аваад гараад ирэхэд Г ах бид хоёрын унаж явсан приус маркийн авто машин байхгүй байсан. Тэгээд бид хоёр манай гэр рүү гүйж ирээд гэрт байсан хүмүүст машин алга болсон талаар хэлсэн. Машины эзэн Б бид хоёр дахиад Хаан банкны гадна машин байсан газарт очсон, тэгээд байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал);

4. Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"... Би Увс аймгийн ......... банкинд борлуулалт үйлчилгээний ажилтнаар 2014 оноос хойш одоог хүртэл хугацаанд ажиллаж байгаа юм. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийж байгаад оройны 17 цаг гээд ажлын цаг дуусаж манай ажлынхан тарцгаасан юм. Ингээд манай ахлах борлуулалт үйлчилгээний ажилтан Б.У, борлуулалт үйлчилгээний ажилтан Б.О бид нар 1 том пиво ажил дээр уугаад гарахаар ярьж сууцгаасан. Улмаар тухайн 1 ширхэг пиво нь 5 ширхэг болж 2.5 литрийн 5 ширхэг пиво 3-уулаа хувааж уусан. Ингээд орой 21 цагаас 22 цагийн хооронд байх Б.О 30 орчим минутын өмнө түрүүлээд харихаар ажлаас гараад явсан. Би араас нь Б.Уын хамт гарах гээд куртикээ өмсөж байтал надаас түрүүлээд Б.У гараад явчихсан. Ингээд би куртикээ өмсөөд араас нь ажлаас гартал үүдэнд үл таних 2 залуу энд байсан машин алга болчихлоо гэж ярьж байсан ба манай АТМ-ын ажилчин С харуул Б нар байсан өөрөөр ямар нэгэн хүн байгаагүй. Ингээд би гэр рүү явчихсан юм. Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай Хаан банкны ахлах борлуулалт үйлчилгээний ажилтан Б.У, борлуулалт үйлчилгээний ажилтан Б.О болон миний бие бид 3 хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед намайг ажлаас гарч байхад ажлын үүдэнд зогсож байсан манай ажлын АТМ-ын ажилчин С харуул Б нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг ажлаас гарах үед манай ажлын үүдэнд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй учир би ямар нэгэн машин хараагүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 27-28 дахь тал);

5. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Төв Хаан банкинд борлуулалт үйлчилгээний ажилтнаар 2022 оноос хойш одоог хүртэл хугацаанд ажиллаж байгаа юм. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийж байгаад оройны 17 цаг гээд ажлын цаг дуусаж манай ажлынхан тарцгаасан юм. Ингээд манай ахлах борлуулалт үйлчилгээний ажилтан Б.У, борлуулалт үйлчилгээний ажилтан Э.Б бид нар 1 том пиво ажил дээр уугаад гарахаар ярьж сууцгаасан. Улмаар тухайн 1 ширхэг пиво нь 5 ширхэг болж 2.5 литрийн 5 ширхэг пиво 3-уулаа хувааж уусан. Ингээд орой 21 цагаас 22 цагийн хооронд би түрүүлээд харихаар ажлаас гараад явсан. Намайг ажлаас гараад явах үед үүдэнд ямар нэгэн машин болон хүн байгаагүй. Тэгээд би гэр рүү харьсан. Харин Э.Б, Б.У нар ажил дээр суугаад үлдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);

6.  Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкинд АТМ хариуцсан ажилтнаар ажилладаг. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орой 21 цаг өнгөрч байх үед харуул Бат-Эрдэнийн хамт 1 давхарт буугаад ирэхэд үүдний дотор АТМ дээр үл таних 2 залуу мөнгө аваад зогсож байсан юм. ...Тухайн үед хажуугаар манай борлуулалтын ахлах У хаалгаар гарч байсан. Уыг гарсны дараа 5-10 минут орчим минутын дараа Б ах бид 2 гарахад үүдэнд ямар нэгэн хүн, машин байхгүй байсан. Араас удалгүй үл таних хоёр залуу гарч ирээд энд байсан машин алга болчихсон байна гэсэн. Тухайн үед Уаас өөр хүн байхгүй байсан тул би ажлынхаа ахлах руу залгаж Уын утас аваад залгатал нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ярьж байсан бөгөөд хаана байна гэхэд гэртээ орж ирж байна гэж хэлсэн бөгөөд, машин харсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Өөрөөр би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Тухайн хүмүүстэй ажлын үүдэнд байтал манай борлуулалтын ажилтан Б ажлаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гараад явж байсан юм...”гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-32 дахь тал);

7. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Малчин суманд төрсөн бөгөөд манай Малчин сумын иргэн болох Н гэх хүүг нэг нутаг гэх утгаар таньж, мэднэ, тухайн Н гэх хүүгийн гэрт Нтэй хамт хөзөр тоглож байтал Наранбулаг сумаас түүний хадам ах гэх Б гэх залуу ирсэн. Ингээд Н Хаан банк орж АТМ-ээс мөнгө авахаар болж явахдаа би хамт АТМ орохоор болж гэрээс гарч байгаад гэрийн үүдэнд байсан түүний хадам ах Бгийн машин унаж явахаар болж бид хоёр тухайн машиныг унаад Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны АТМ-ын гадна очоод хамтдаа мөнгө авахаар АТМ орсон. Ингээд АТМ орохдоо Н машинаа унтраахгүй, асаалттай орхиод буусан юм. Бид АТМ орж байх үед гадна машины зогсоолд ямар нэгэн машин байхгүй, мөн ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд бид дотор ороод 10-15 орчим минут болоод гараад иртэл бидний машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай “...2023 оны 1 дүгээр сарын байдлаар Увс аймагт “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 11.057.500 (арван нэгэн сая тавин долоон мянга таван зуу) төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал);

9.  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Увс аймгийн авто тээврийн төвийн инженер Б.Батзоригийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай "...... улсын дугаартай “тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: Урд гуфер хагарсан, зүүн их гэрлийн бэхэлгээ сэнж тасарсан, зүүн нэмэлт гэрэл салж унасан, зүүн крыло гүдийж хонхойсон зэрэг гэмтэл гарсан байв..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

10. Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай Хаан банкны борлуулалт үйлчилгээний ажилтан Б.О, Э.Б болон миний бие бид 3 хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би ажлаас хэрхэн яаж гарсан талаараа мэдэхгүй, санахгүй байна. Хяналтын камер өөрөө үзэхэд би ажлаас гараад тухайн машиныг унаад хөдөлж, байсан дүрс бичлэг бичигдсэн байсан. Би тухайн машиныг унаад хөдөлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн мөн одоо ингээд бодоод байхад замын боржур мөргөж байсан юм шиг байсан. Тээврийн хэрэгслийг би унаж явсан юм чинь эдгээр гэмтлүүдийг би үүсгэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.У нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Б.У нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах Төв Хаан банкны зогсоолд байсан “Тоёота приус 20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэртээ харих зорилгоор уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.Бгийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар, тээврийн хэрэгсэл, хяналтын камерт тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогч Ч.Б, гэрч Т.Н, Э.Б, Б.О, Т.С, Б.Г нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ажлаас хэрхэн яаж гарсан талаараа мэдэхгүй, санахгүй байна. Хяналтын камер өөрөө үзэхэд би ажлаас гараад тухайн машиныг унаад хөдөлгөөнд оролцож байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлгээр Б.У нь  тухайн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр буюу гэртээ харих зорилгоор эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан болох нь нотлогдож байх бөгөөд түүний үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд: “Б.У нь миний машин барьж яваад брожур мөргөж гэмтээсэн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн нь үнэн болно. Надад өөр гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 95 дахь талд авагджээ.

2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Б.Уаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Б.Уын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Б.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг төлж барагдуулсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Ут танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Б.Уын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Уаас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА