Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан, шүүгдэгч Б.********, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ийн ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001425 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ийн ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********а хотхоны 500 дугаар байрны 502 тоотод оршин суух Н.********гийн гэрт гэрийн үйлчлэгчээр байрлан ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.********гийн эзэмшлийн Лексус-570 маркийн ******** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч өмчлөх, эзэмших эрхэд нь хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.********: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр байсан, тэгээд манай найз хоёр найз Ө.********, А.******** нар над руу залгаад төрсөн өдрөө тэмдэглэхгүй юм уу гэхээр нь би тэмдэглэхгүй гэхэд А.******** ядаж уулзъя гээд манай гэрт 2 найз маань ирсэн, ирэхдээ пиво болон винотой ирсэн, бид гурав пиво, виног нь хувааж уусан, тэгсэн ******** эгчийн аав нь гэрт ирэхээр нь би хоёр найзыгаа өөрийнхөө өрөөнд оруулсан, тэнд нэг цаг гаруй болсон, ******** эгч ажлаа тараад ирсэн, ******** эгч хувцсаа солихоор өрөөндөө хооронд би хоёр найзыгаа гэрээс гаргасан, тэр үед А.******** эгчийнхээ машины түлхүүрийг авчих, машиныг унаад хотоор зугаалж байгаад буцаагаад мэдэгдэхгүйгээр тавья гэхээр нь би тэгж болохгүй гэхэд болно оо гээд надаар ******** эгчийн цүнхнээс машиных нь түлхүүрийг авхуулсан, би ******** эгчийг өрөөндөө байхад нь үүдэнд байсан цүнхнээс нь машиных нь түлхүүрийг авч ********т өгсөн. Тэгээд би гэрт байж байгаад ******** эгчид явчхаад ирье гээд зөвшөөрөл аваад гарсан, гэрээс гараад доош В1 давхарт очиход манай хоёр найз ******** эгчийн машинд сууж байсан, тэгээд тэр хоёр дээр очоод машиныг нь унаад явж болох юм уу гэхэд ******** хийвэл бүү ай, айвал бүү хий, түлхүүрийг авчихсан, болно, зүгээр, явъя гээд машиныг нь унаад гараад явсан. Тэгээд явж байхад ******** эгч над руу залгасан, манай хоёр найз утсыг нь битгий ав гээд авхуулаагүй, тэгээд явж байхад манай ээж над руу залгахаар нь утсыг нь авахад ээж чи хүний машин унаад явж байгаа юм уу, цагдаагаас ярьж байна, наад машиныг нь эрэн сурвалжилж байгаа юм байна, одоохон цагдаагийн газар оч гэж хэлсэн, энэ тухай ********, Өсөхжаргал хоёр сонсоод цагдаа руу явах гэхэд айгаад байна, цагдаа руу очихгүй, Зайсан руу явъя гээд Зайсан руу явж байхад замд цагдаа зогсоогоод цагдаагийн газар очиж ******** эгчийн машиныг өгсөн. Манай хоёр найз мэдүүлэгтээ худлаа ярьсан байна, машин авах талаар ******** санаачилсан, түлхүүрийг надаар авхуулж унаж явсан байхад худлаа мэдүүлэг өгсөн байна, гомдолтой...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17 цаг 40 минутын орчимд гэр буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********а 500-502 тоотод ороод байж байтал манай хүүхэд асрагч Б.******** нь надад өнөөдөр миний төрсөн өдөр, би чөлөө аваад ээж, аав, гэр бүл дээрээ оччихоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд явуулсан. Тэгээд хог асгах гээд хог аваад гарснаас хойш 10-20 минутын дараа намайг гарахад ...шатаар буудаг хаалганы хажууд хогийг хаячихсан байсан. Тэгэхээр нь би хогоо аваад В1 давхрын хогийн сав руу очтол миний машин байгаагүй. Тэгээд гэртээ буцаад орж цагдаагийн байгууллагын 102 дугаарт манай үйлчлэгч охин миний машины түлхүүрийг цүнхнээс хулгайлаад, машин хулгайлж авч яваад найз залуудаа унаад явуулсан байна гэх дуудлага өгсөн, ...манай эгч Н.Баярмаа нь 18 цагийн орчимд над руу залгаад чиний машиныг чинь нэг шар залуу уначихсан Маршал таун-ы тэнд надтай зөрлөө гэхээр нь би миний машин хөдлөөгүй гаражид байгаа гэж хэлсэн. Тэгээд хүүхэд асрагч Б.******** хог асгахаар гараад ийм явдал болсныг мэдсэн. ...Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бямба гаригт гадуур ажилтай явж байгаад 16:00 цагаас 17:00 цагийн орчимд байрныхаа доод В1 давхарт гаражийн зогсоолд байрлуулсан, тэрнээс хойш хөдөлгөөгүй, ...машины түлхүүр үргэлж миний цүнхэнд байдаг, гэртээ ер нь үлдээдэггүй. ...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр алга болсныг мэдээд 4 цагийн дараа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, орой болсон байсан учраас юм мэдэгдээгүй, маргааш нь шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ө.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед ********тай утсаар ярьж төрсөн өдрийн баярын мэнд хүргэж яриад хаана байгаа талаар асуухад ********а хотхонд байна гэсэн. Тэгэхээр нь өнөөдөр гадуур гарах юм уу төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байгаа юм бэ гэж асуухад найз нь өнөөдөр тэмдэглэхгүй юм шиг байна гэхээр нь хэнтэй байгаа юм гэхэд ******** ирж байгаа гэхээр нь тоглоод ********г дуудчихаад намайг дуудахгүй байгаа юм уу гэсэн чинь инээгээд тэгвэл хүрээд ирээ андаа гэсэн. Тэгэхээр нь би ********а хотхон руу сургуулиасаа такси бариад 15 цагийн үед байхаа очиход ******** ирчихсэн ********тай байсан. Тэгээд бид гурав нэг шил вино хувааж уугаад дахиад нэг том пиво уугаад байж байгаад ******** бид хоёр явах санаатай орой гарахаар бол яриарай гэж хэлээд сууж байхад нэг өвөө гаднаас ороод ирэхэд ******** сандраад өрөөндөө оруулаад орон доор нуухдаа удахгүй андаа байж байгаарай, өвөөг гарахаар хэлье гээд 1 цаг хэрээтэй болж байхад нэг эгч ********гийн өрөөнд орж ирээд даарахгүй байна уу гээд цонх хаасан бид хоёрыг хараагүй, бид хоёр орон доор байсан. Тэгээд цаг орчмын дараа ******** бид хоёрыг дуудаад гялс гялс гүйгээрэй гээд эхлээд ******** гараад араас нь намайг дуудаад гарах гээд хувцсаа авч байхад ******** надад нэг машины түлхүүр өгөөд гаражид нэг 570 байгаа гээд машины дугаарыг хэлэхээр нь яах гэж байгаа юм гэхэд зүгээр гараад хүлээж байгаарай найз нь чат бичье гэсэн. Тэгээд би ******** бид 2 орцонд шатан дээр нэлээн удаан хүлээгээд байж байхад 19 цагийн үед гарч ирээд за явъя гээд гараж руу ороод зогсоол дээр байсан 570 маркийн машинд суухаар нь юун машин бэ гэхэд эгчийн машин андаа, чи жолоод гэхээр нь машиныг унаад гарсан, гэхдээ хаашаа явах талаар ямар нэгэн зорилгогүй байсан бөгөөд уулын замаар яваад Маршалын замаар ороод И март дэлгүүрийн урдуур Хурд хорооллын замаар яваад Энхтайваны гүүр даваад Хүүхдийн 100 руу эргээд байж байхад ********гийн утсанд дуудлага ирэхээр нь хэн гэж асуухад аниа байна аа гэхээр нь яриач гэхэд жоохон байж байгаад ярья гэсэн. Тэгсэн бас ээж нь ******** руу залгаад ярьж байгаад юун цагдаа, тан руу ярьсан юм уу гэсэн утгатай зүйл ярихаар нь чанга яригч дээр нь тавьдаа гээд тэгсэн ээж нь яагаад зөвшөөрөлгүй хүний машин аваад явсан юм бэ, одоо тэр эмэгтэй чинь цагдаад дуудлага өгсөн гээд бөөн юм болж байна, цагдаагаас над руу залгасан энэ хүн рүүгээ яриад яг одоо машиныг нь аваачиж өг гэсэн. ...Би мэдээгүй, хэрэв мэдэж байсан бол айлд орохгүй, ******** өөрөө манай эгчийнх гэсэн учраас орсон, ...машины түлхүүр ******** надад өгсөн. Тэгээд эгчийн машин гэхээр нь эгч нь өгсөн байх гээд нарийн ширийн зүйл асуугаагүй, ийм зүйл болно гэж бодоогүй. ...Намайг гарах үед нэг түлхүүр өгөөд аниагийн машины түлхүүр аваад гарч бай гэсэн. Би пиво уугаад сууж байхдаа өнөөдөр чинь харин шоудмаар өдөр юм биш үү, зүгээр баймааргүй байна даа гээд яриан дундаа машин олдвол машинтай гарах юм сан гэж хэлж байсан. Тэгэхдээ ********г машин ол гэж хэлээгүй тэр үед тоглоод хэлсэн зүйл...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********гийн төрсөн өдөр болоод над руу залгаад хүрээд ирээ гэж дуудахаар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********а хотхонд 15 цагийн үед очиход нэг дүү нь байх шиг байсан, өөр хүн байгаагүй, ...удалгүй ******** бас хүрээд ирсэн, ирэхдээ нэг вино аваад ирсэн учраас бид гурав хамт уугаад сууж байхад эгчийг ирэхээс өмнө явна шүү, ирэхээр нь би гараад хэдүүлээ нэг газар сууна гээд ярьсан байсан. ******** цуг байхдаа машин байвал байна, эгчийн машины түлхүүр гэхэд ******** тэрийгээ зохицуулчих гэж нэг бус удаа ятгасан. ...Бид хоёр орцонд ********г хүлээж байгаад гарч ирэхээр нь гараж руу Лексус-570 маркийн машинд суугаад ******** машиныг бариад гарч явсан, ямар нэгэн зорилгогүй машинтай нь уулын замаар явж, Маршалаар ороод Хурд хорооллын урдуур яваад Энхтайваны гүүр даваад явж байхад ********гийн утас дуугараад дараа нь ээж нь залгаад цагдаад эрэн сурвалжлагдаж байна гэхээр нь ********гаас ямар учиртай хүн яриад байгаа юм бэ гэхэд дуугүй байгаад байсан бөгөөд буцаагаад аваачаад өгөхөд болно гээд буцаад явж байхдаа ******** би айлд хүүхэд асрагчаар ажилладаг юмаа, айлын эзнийх нь цүнхнээс түлхүүрийг нь зөвшөөрөлгүй авчихсан юмаа гээд хэлсэн, тухайн үед ******** бид 2 ********г эгчээсээ зөвшөөрөлгүй машиныг авсан талаар мэдээгүй байсан. ...зөвшөөрөлгүй авч явах байсан бол ******** бид хоёр зөвшөөрөхгүй байх байсан, юу ч мэдээгүй, сүүлд ******** руу хүмүүс утсаар ярихаар нь мэдсэн...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилд орсон, ...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр болоод найз ********г дуудаад ******** хамт 15 цагийн үед ирсэн, ...ирэхдээ нэг винотой орж ирээд ууж дуусгаад ******** нэг том пиво авч орсон байсныг бас уусан. ...******** машин уная гэхээр нь би цүнхнээс нь машиных нь түлхүүрийг аваад байж байгаад ******** эгчид гэр рүүгээ явж хоноод ирье гээд 19 цагийн үед гараад гараж руу ороод 502 тоот зогсоол дээр байсан ******** эгчийн ******** УБС улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг онгойлгоод ******** жолоодоод би хажууд нь суугаад ******** хойно суугаад Маршалын гүүрээр уруудаад хотын төвд явж байхад ******** эгч нэг удаа залгахаар нь би дуудлагыг нь аваагүй, 5 минутын дараа ээж залгаад чи цагдаагийн газар оч, хүний машин авч явсан гэж байна гэсэн. ...Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар дээр цагдаа зогсоож саатуулсан. ...Ямар нэгэн зорилго байгаагүй, машин уная гэхээр нь түлхүүрийг нь авч гарсан...” /хавтаст хэргийн 90-91, 21-22 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 33-38 дахь тал/,

- Шүүгдэгч Б.********гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 39 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.******** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ********а хотхоны 500 дугаар байрны 502 тоотод оршин суух Н.********гийн гэрт гэрийн үйлчлэгчээр байрлан ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.********гийн эзэмшлийн Лексус-570 маркийн ******** УБС улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр авч өмчлөх, эзэмших эрхэд халдсан буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.********гийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17 цаг 40 минутын орчимд гэртээ ороод байж байтал манай хүүхэд асрагч Б.******** нь надад өнөөдөр миний төрсөн өдөр, би чөлөө аваад ээж аав, гэр бүл дээрээ оччихоод ирье гэхээр нь би зөвшөөрөөд явуулсан. Тэгээд хог асгах гээд хог аваад гарснаас хойш 10-20 минутын дараа намайг гарахад ...шатаар буудаг хаалганы хажууд хогийг хаячихсан байсан. Тэгэхээр нь би хогоо аваад В1 давхрын хогийн сав руу очтол миний машин байгаагүй. Тэгээд гэртээ буцаад орж цагдаагийн байгууллагын 102 дугаарт манай үйлчлэгч охин миний машины түлхүүрийг цүнхнээс хулгайлаад, машин хулгайлж авч яваад найз залуудаа унаад явуулсан байна гэх дуудлага өгсөн, ...манай эгч Н.Баярмаа нь 18 цагийн орчимд над руу залгаад чиний машиныг чинь нэг шар залуу уначихсан Маршал таун-ы тэнд надтай зөрлөө гэхээр нь би миний машин хөдлөөгүй гаражид байгаа гэж хэлсэн. Тэгээд хүүхэд асрагч Б.******** хог асгахаар гараад ийм явдал болсныг мэдсэн ...хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу бямба гаригт гадуур ажилтай явж байгаад 16 цагаас 17 цагийн орчимд байрныхаа доод В1 давхарт гаражийн зогсоолд байрлуулсан, тэрнээс хойш хөдөлгөөгүй ...машины түлхүүр үргэлж миний цүнхэнд байдаг, гэртээ ер нь үлдээдэггүй. ...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр алга болсныг мэдээд 4 цагийн дараа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, орой болсон байсан учраас юм мэдэгдээгүй, маргааш нь шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” /хавтаст хэргийн 11-13 дахь тал/ гэсэн, гэрч Ө.********ийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний ...19 цагийн үед гарч ирээд за явъя гээд гараж руу ороод зогсоол дээр байсан 570 маркийн машинд суухаар нь юун машин гэхэд эгчийн машин андаа чи жолоод гэхээр нь машиныг унаад гарсан, гэхдээ хаашаа явах талаар ямар нэгэн зорилгогүй байсан бөгөөд уулын замаар яваад Маршалын замаар ороод И март дэлгүүрийн урдуур Хурд хорооллын замаар яваад Энхтайваны гүүр даваад Хүүхдийн 100 руу эргээд байж байхад ********гийн утсанд дуудлага ирэхээр нь хэн гэж асуухад аниа байна аа гэхээр нь яриач гэхэд жоохон байж байгаад ярья гэсэн. Тэгсэн бас ээж нь ******** руу залгаад ярьж байгаад юун цагдаа, тань руу ярьсан юм уу гэсэн утгатай зүйл ярихаар нь чанга яригч дээр нь тавьдаа гээд тэгсэн ээж нь яагаад зөвшөөрөлгүй хүний машин аваад явсан юм бэ, одоо тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсөн гээд бөөн юм болж байна, цагдаагаас над руу залгасан, энэ хүн рүүгээ яриад яг одоо машиныг нь аваачиж өг гэсэн. ...би мэдээгүй, хэрэв мэдэж байсан бол айлд орохгүй, ******** өөрөө манай эгчийнх гэсэн учраас орсон, ...надад ******** машины түлхүүр өгсөн. Тэгээд эгчийн машин гэхээр нь эгч нь өгсөн байлгүй гээд нарийн ширийн зүйл асуугаагүй, ийм зүйл болно гэж бодоогүй. ..намайг гарах үед нэг түлхүүр өгөөд аниагийн машины түлхүүр аваад гарч бай гэсэн...” /хавтас хэргийн 27 дахь тал/ гэсэн, гэрч А.********гийн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ********гийн төрсөн өдөр болоод ...******** цуг байхдаа машин байвал байна, эгчийн машины түлхүүр гэхэд ******** тэрийгээ зохицуулчих гэж нэг бус удаа ятгасан. ...Бид хоёр орцонд ********г хүлээж байгаад гарч ирэхээр нь гараж руу орж Лексус-570 маркийн машинд суугаад ******** машиныг бариад гарч явсан, ямар нэгэн зорилгогүй машинтай нь уулын замаар явж, Маршалаар ороод Хурд хорооллын урдуур яваад Энхтайваны гүүр даваад явж байхад ********гийн утас дуугараад дараа нь ээж нь залгаад цагдаад эрэн сурвалжлагдаж байна гэхээр нь ********гаас ямар учиртай хүн яриад байгаа юм бэ гэхэд дуугүй байгаад байсан бөгөөд буцаагаад аваачаад өгөхөд болно гээд буцаад явж байхдаа ******** би айлд хүүхэд асрагчаар ажилладаг юмаа, айлын эзнийх нь цүнхнээс түлхүүрийг нь зөвшөөрөлгүй авчихсан юмаа гээд хэлсэн, тухайн үед ******** бид 2 ********г эгчээсээ зөвшөөрөлгүй машиныг авсан талаар мэдээгүй байсан. ...Зөвшөөрөлгүй авч явах байсан бол ******** бид хоёр зөвшөөрөхгүй байх байсан, юу ч мэдээгүй, сүүлд ******** руу хүмүүс утсаар ярихаар нь мэдсэн...” /хавтас хэргийн 31 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.********гийн “...******** машин уная гэхээр нь би цүнхнээс нь машиных нь түлхүүрийг аваад байж байгаад ******** эгчид гэр рүүгээ явж хоноод ирье гээд 19 цагийн үед гараад гараж руу ороод 502 тоот зогсоол дээр байсан ******** эгчийн ******** УБС улсын дугаартай хар өнгийн Лексус 570 маркийн автомашиныг онгойлгоод ******** жолоодоод би хажууд нь суугаад ******** хойно суугаад Маршалын гүүрээр уруудаад хотын төвд явж байхад ******** эгч нэг удаа залгахаар нь би дуудлагыг нь аваагүй, 5 минутын дараа ээж залгаад чи цагдаагийн газар оч, хүний машин авч явсан гэж байна гэсэн. ...Зайсангийн гэрлэн дохиотой уулзвар дээр цагдаа зогсоож саатуулсан. ...Ямар нэгэн зорилго байгаагүй, машин уная гэхээр нь түлхүүрийг нь авч гарсан...” /хавтаст хэргийн 90-91, 21-22 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 33-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө /авто тээврийн хэрэгсэл/-ийг шунахайн сэдэлтээр өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй түр хугацаанд өөрийн хэрэгцээнд ашиглах бөгөөд шүүгдэгч Б.******** нь хохирогч Н.********гийн Лексус 570 загварын тээврийн хэрэгслийг унаж гадуур яваад буцааж зогсоолд нь байрлуулах зорилготойгоор түлхүүрийг нь авч найз Ө.********ээр унуулж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын хяналтын прокуророос шүүгдэгч Б.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.********гийн авто тээврийн хэрэгсэл эзэмших эрх зөрчигдсөн, хохирогч авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.******** “...Гэрт байгаа эд зүйлээ шалгаж үзье гэж бодоод үзэхэд сувдан ээмэг нэг хос, нэг эмэгтэй шинэ түрийтэй гутал байхгүй болсон, сувдан ээмэг, түрийтэй гутлаа нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримтгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан тул шүүхээс хохирогч Н.********гийн сувдан ээмэг нэг хос, нэг эмэгтэй шинэ гутал байхгүй болсон гэх үйл баримтад дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн 2210000001425 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн ********г 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********д шийтгэсэн 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2210000001425 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.******** хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР