Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 06

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Хохирогч Ю.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг 2016 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  А.Г

 

Шүүгдэгч А.Г нь ялтай байдал дуусаагүй байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Д... тоотод оршин суух иргэн Ю.Гийн гэрийн цоожийг эвдэн орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, DVD тоглуулагч, хөгжим, мяндсан хазаар, хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 345000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр хулгай хийсэн өдрөө сайн санхгүй байна. Б найзтайгаа хамт бэлтгэл тараад караокед оръё гэхээр нь орсон нэг нэг шил пиво уусан. Б нар хүмүүстэй муудаад байхаар нь гарч хугас шил улаан бөглөөт уучихаад тэд нар дээр очсон. Тэд нар Өнөр буудлын гадаа зогсож байсан. Тэндээс намайг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад дэнж явна гэж хэлсэн. Намайг хүргэх замдаа эмнэлгийн тэнд машин нь бензин дуусаад зогссон цүнхэнд байсан архиа гаргахаас санаа зовоод найз охин дуудаад байна би явлаа гээд урагшаа яваад найз охиныхоо гэрт очиход хүн байхгүй байсан тэгэхээр нь овоон дээр нь уучихаад нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн айлын хүний мотоцикл түрчихсэн явж байсан хулгайн хэргээр сууж байгаад гарч ирсэн юм чинь авч болохгүй гэж бодоод мотоциклыг би жалганд орхиод гэр лүүгээ шууд явсан. Маргааш өглөө нь буцаж очиж мотоциклыг айлд нь аваачиж өгье гээд очих гээд явж байтал хүмүүс ардаас мөрдөөд байсан болохоор очиж чадаагүй“ гэсэн мэдүүлэг,

 

  Хохирогч Ю.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед байх гэрээ эргээд очтол манай гэрийн хаалганы цүүг нь мултлаад хулгайч орсон бололтой байсан ба гэр дотор оруулж тавьсан байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль болон DVD тоглуулагч, мөн хөгжим, мяндсан хазаар, хуучин хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан юм. Гэхдээ миний хувьд тухайн үед хулгайд алдсан зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан тул энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй. Гийг гэм буруугаа ойлгож байгаа гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Адъяамягмар болон Чулуунхүү нартай явж байгаад 21 цагийн үед Сидней худалдааны төвийн гадаа Гтэй таарсан юм... Г нэг охинтой уулзана гээд бид нараас салаад яваад өгсөн... Тухайн үед Г нээх согтуу бол байгаагүй бид нартай уулзахаасаа өмнө архи дарс уугаагүй байсан ба бид нартай уулзаад караокед ороод нэг нэг лааз пиво л уусан өөр зүйл уугаагүй... Тухайн үед анх Гтэй уулзахад пүүзтэй явж байгаа бололтой байсан ба яг ямар өнгийн пүүзтэй явж байсныг бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг

          

           Эд зүйлд үнэлгээ хийлгэх тогтоол /хх-ийн 27/

            Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

           Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30/

           Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-35/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч А.Г нь давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Д... тоотод оршин суух  иргэн Ю.Гийн гэрийн цоожийг эвдэн орж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, DVD тоглуулагч, хөгжим, мяндсан хазаар, хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 345,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ.

 

 Үүнд Хохирогч Ю.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед байх гэрээ эргээд очтол манай гэрийн хаалганы цүүг нь мултлаад хулгайч орсон бололтой байсан ба гэр дотор оруулж тавьсан байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль болон DVD тоглуулагч, мөн хөгжим, мяндсан хазаар, хуучин хөнжил зэрэг эд зүйл алдагдсан байсан юм... Гэхдээ миний хувьд тухайн үед хулгайд алдсан зүйлээ бүгдийг нь буцаагаад авсан тул энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:  Тухайн үед анх Гтэй уулзахад пүүзтэй явж байгаа бололтой байсан ба яг ямар өнгийн пүүзтэй явж байсныг бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг...”, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 98 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч А.Гийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Гийн эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Ю.Гт хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Гээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.Гийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараас харахад хамгийн сүүлд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж уг ялаа эдэлж байхдаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулан сулласан байна.

 

    Иймд  шүүгдэгч А.Г нь  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтайд тооцогдож байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул мөн хуулийн   56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн пүүз нэг хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.   

                                                          

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сар баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 4 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн пүүз нэг хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Гт буцаан олгосугай.

5.Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН