| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 123/2024/0026/з |
| Дугаар | 221/МА2025/0067 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0067
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Д.С
Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД:/
Хариуцагч: Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: ““Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2024/0084 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 123/2024/0026/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад холбогдуулан ““Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2024/0084 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг “Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Д.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “Г” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөвлөгөө ирүүлэхэд тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн маргаан дуусаагүй байсан тул бид төлөвлөгөөг хянан үзэх боломжгүй байсан бөгөөд энэ тухай албан бичгээр хариу хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 38.1-д заасан үүргийг зөрчөөгүй болно.
3.2. Засаг дарга тухайн төлөвлөгөөг батлахдаа хууль, журамд нийцүүлэн батлах ёстой. Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн маргаан хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байхад төлөвлөгөөг хянан үзэх нь үр ашиггүй бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. Засаг даргын зүгээс хууль зөрчсөн үйлдэл огт байхгүй орон нутгийн нийтлэг эрх ашгийг хамгаалан, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрээ хүргүүлсэн.
3.3. Харин нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн маргаан хэрхэн үргэлжилж байгаа тухай мэдээлэл болон төлөвлөгөөг батлахад зөвшилцөх санал дээр ямар ч санаачилга гаргалгүй шүүхэд хандсан нь нэхэмжлэгч тухайн асуудлыг зөвшилцөж шийдвэрлэх бус цаг авч удаашруулах гэсэн санаа зорилготой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хянан үзэж хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад холбогдуулан ““Г” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхийн нэхэмжлэл гаргасан.
Ингэхдээ “... Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шийдвэрийн дагуу Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байрлах “Хавцал уул” нэртэй газар 5582,61 га бүхий талбайд XV-021849 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаатайгаар авсан. Гэтэл 2021 оноос хойш одоог хүртэл тус сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй, энэ эс үйлдэхүйтэй холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэхдээ 2024 оны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэг Засаг даргад байхад хууль зөрчин эс үйлдэхүй гаргасан гэдгийг нэгэнт дүгнэсэн” гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлох бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусах хүртэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй, мөн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа учраас нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд;
4.1. “Г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцон 89 оноо авч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 241 тоот шийдвэрийн дагуу Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байрлах “Хавцал уул” нэртэй, 5582.61 га талбай бүхий XV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан.
4.2. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй эс үйлдэхүй гаргасан гэж сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гарган маргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0726 дугаар магадлалаар ... 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг одоо батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь цаг хугацааны үр дагаваргүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах шаардлагатай, хариуцагч ч батлах үүрэгтэй” болохыг тэмдэглэжээ.
4.3. Ингээд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад хандан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар албан бичгээр XV-021849 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах боломжгүй” гэж батлахаас татгалзсан хариуг өгчээ.
4.4. Хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан, Төв аймгийн Өндөрширээт суманд оршин суух М.Б нарын 28 иргэнээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “... 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0419 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг биелүүлэхгүй хууль зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.2.5. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: 38.1.1. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3. энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, 38.1.6. энэ хуулийн 38.1.5-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж тус тус заасан.
7. Эдгээр хуулийн зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал, юуны өмнө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлэхдээ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан байх ёстой бол сумын Засаг дарга түүнийг батлахаас татгалзсан үйлдэл нь гагцхүү хуульд нийцсэн байхыг шаардана.
8. Гэтэл “Г” ХХК нь дээрх хуульд заасны дагуу Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад хандан 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар албан бичгээр XV-021849 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хүргүүлсэн байхад Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга нь хуульд байхгүй үндэслэл зааж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүргээ биелүүлээгүй байна.
Сумын Засаг даргын хувьд тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэр гаргаснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдах үр дагавар шууд үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0726 дугаар магадлалаар “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй” гэж дурдсан байхад хүсэлтэд хавсарсан баримтын бүрдүүлбэр, хугацааны талаар маргаагүй атлаа хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргаас эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн менежментийн төлөвлөгөөг батлаагүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдоно.
10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2024/0084 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Д.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ