| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Г.********, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ******** овогт ********ийн ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203007300008 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******** ХХК-ын захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******** хотхоны 202 дугаар байрны 20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** овогт ********ийн ******** /РД: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн автобусны эцсийн буудлын замд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 47 минутын орчимд жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.********г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Жавхланбаярынд хоноод маргааш нь охиныхоосоо гараад Зайсангийн эцсийн автобусны буудал орох гээд Зайсангийн эцсийн буудлын ертөнцийн зүгээр баруун урдаас, зүүн хойш чиглэлд гарцгүй газраар хөндлөн зам гарах гээд ганцаараа явж байхад нэг жийп машин ирээд араас мөргөөд зам дээр унасан, унахдаа баруун гараа дарж унаад баруун гар хөдлөхөө больчихсон, мөргөсөн жолооч эмэгтэй намайг машинд суулгасан. ...Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлэхэд баруун тохойны яс нь хугаралтай гэсэн онош гарсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,
Иргэний хариуцагч Б.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирлыг төлж барагдуулна...” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Г.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 09 цаг 20 минутын орчимд гэрээсээ би нөхөр ********ы нэр дээр байдаг жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрээсээ гараад Зайсангийн автобусны буудлын эцэс хүртэл жолоодоод цэцэрлэгт нэг хүүхдээ өгчхөөд Зайсангийн автобусны буудал эцсийн зогсоол дээр автомашиндаа сууж байгаад өглөө 09 цаг 47 минутын орчим автомашинаа жолоодоод эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигч ирж байгааг анзаарч харалгүй хажуугаар автомашин өнгөрөхөөр нь явчихлаа гэж бодоод эргэх үйлдэл хийх гэж байхад гэнэт баруун урд хэсгээр явган зорчигч эмэгтэй гарч ирээд автомашины баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. ...Мөргөсөн эмэгтэйг ойрын эмнэлэг болох Гранд Мед эмнэлэгт үзүүлэх санаатай Гранд Мед эмнэлэгт очиход гэмтлийн эмнэлэг орох шаардлагатай гэсэн..” /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15748 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.********гийн биед баруун гарын богтос ясны хугарал, бугалга, тохой, шуу, хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн ташаа, гуя, өвдөгт цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,
“Авто тээврийн үндэсний төв”-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 999588 дугаартай дүгнэлтэд: “...1. жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд талдаа зориулалтын бус буфер тоноглолоор тоноглосон байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
3. Урд талын зориулалтын бус буфер тоноглолоор ослоос өмнө тоноглосон байна. Энэ буфер зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.
4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмжөөр шалгахад 1 ба 2-р тэнхлэгийн тоормос ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна...” /хавтас хэргийн 55-62 дахь тал/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай магадалгаанд: “...1. Жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай автомашины жолооч ******** овогтой ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Мягмар овогтой ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Жолооч Г.******** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-9 дэх тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 19-28 дахь тал/,
- Шүүгдэгч Г.********гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хавтас хэргийн 40 дэх тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 80 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 79 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 77 дахь тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Г.******** нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн автобусны эцсийн буудлын замд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 47 минутын орчимд жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.********г мөргөж эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны хугарал, бугалга, тохой, шуу, хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн ташаа, гуя, өвдөгт цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан буюу хохирогч М.********гийн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Жавхланбаярынд хоноод маргааш нь охиныхоосоо гараад Зайсангийн эцсийн автобусны буудал орох гээд Зайсангийн эцсийн буудлын ертөнцийн зүгээр баруун урдаас, зүүн хойш чиглэлд гарцгүй газраар хөндлөн зам гарах гээд ганцаараа явж байхад нэг жийп машин ирээд араас мөргөөд зам дээр унасан, унахдаа баруун гараа дарж унаад баруун гар хөдлөхөө больчихсон, мөргөсөн жолооч эмэгтэй намайг машинд суулгасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Г.********н “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 09 цаг 20 минутын орчимд гэрээсээ би нөхөр ********ы нэр дээр байдаг жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрээсээ гараад Зайсангийн автобусны буудлын эцэс хүртэл жолоодоод цэцэрлэгт нэг хүүхдээ өгчхөөд Зайсангийн автобусны буудал эцсийн зогсоол дээр автомашиндаа сууж байгаад өглөө 09 цаг 47 минутын орчим автомашинаа жолоодоод эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигч ирж байгааг анзаарч харалгүй хажуугаар автомашин өнгөрөхөөр нь явчихлаа гэж бодоод эргэх үйлдэл хийх гэж байхад гэнэт баруун урд хэсгээр явган зорчигч эмэгтэй гарч ирээд автомашины баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан...” /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 15748 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.********гийн биед баруун гарын богтос ясны хугарал, бугалга, тохой, шуу, хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн ташаа, гуя, өвдөгт цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 50-51 дэх тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 165 дугаартай магадалгаанд: “...1. Жийп вранглер ЖК загварын ******** УЕА улсын дугаартай автомашины жолооч ******** овогтой ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрсөн гэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Мягмар овогтой ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
3. Жолооч Г.******** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна...” /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-9 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн 16 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Г.******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчид тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд төлөхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.********гийн эрүүл мэндэд баруун гарын богтос ясны хугарал, бугалга, тохой, шуу, хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, зүүн ташаа, гуя, өвдөгт цус хуралт, зүүн мөрний ар дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 2,966,240 төгрөг, цаашид сувилалд хэвтэн эмчлүүлэх 578,000 төгрөг нийт 3,574,240 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Хохирогч М.******** цаашид хагалгаанд орж магадгүй, тэр тохиолдолд төлбөрөө нэхэмжилнэ гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2203007300008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.******** бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ********ийн ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн ********г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.********д шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******** торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2203007300008 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.******** бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.******** өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР