| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч Д.***********, шүүгдэгч Д.***********, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203007390022 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *********** дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 3-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********гийн *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*********** нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Говь” ХК-ийн зүүн урд замд Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чирүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.***********ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч Д.***********: “...Хаана мөргүүлснээ мэдэхгүй байна, гэртээ харих гээд явж байсан. Тухайн үед гарцгүй газраар зам гарсан, архи уусан байсан гэсэн би мартамхай болсон, сайн мэдэхгүй байна. Одоо тархи толгой байнга өвдөж, эм ууж байгаа, манай хоёр эгч 650,000 төгрөг төлсөн, байцаагч үүнийг төл гээд төлүүлсэн, манай эгч Гэмтлийн эмнэлгийн мөнгийг төлсөн, эм тариа авсан баримтаа авч ирж үзүүлээгүй. Тэр үед юу болсныг санахгүй байна, их мартамхай, таталтын эсрэг эмийг 1 сар уусан, дандаа эм уудаг болсон, манай эгч зээл аваад эм авч өгсөн. Миний толгой өвдөж байгаа, дүүргийн эмнэлгийн хяналт дор 1 дүгээр эмнэлэгт үзүүлж тархины бичлэг хийлгэ гэсэн. Тархины бичлэгийн хариу өнөөдөр гарах байсан. Миний хамар далийсан. Мөнгөгүй учраас хамраа тэгшлүүлж чадаагүй...” гэв.
Шүүгдэгч Д.***********: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төмөр замын тэнд хуучин таньдаг хоёр хүнтэй тааралдаад гурвуулаа 0,75 литрийн савлагаатай Хараа архи гурвыг авч уучхаад тэрнээс хойш юм болсныг санахгүй байгаа, эмнэлэгт хэвтээд гарснаа санахгүй, сүүлд саяхан эгчийн гэрт байхад манай эгч намайг зам тээврийн осолд ороод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарсан гэдгийг хэлсэн, одоо миний баруун чихний сонсгол байхгүй, толгойны орой хэсгээр байнга өвдөөд өвчин намдаах эм уугаад хэвтрийн дэглэм сахиж байна...” /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Осолтой холбоотой хэлэх зүйл байхгүй, тухайн машиныг 2022 оны 05 дугаар сард 4,000,000 төгрөгөөр байгууллагаасаа худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан болохоос миний машин байгаа, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хохирол төлбөрийг төлөх талаар ярилцаж байна...” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг өнгөрч байхад нөхөр ***********ын хамт гэрээс гарч Нисэхийн тийшээ явсан. ...“Говь” ХК-ийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа хоёр эгнээтэй замын 1-р эгнээнд явж байхад гэнэт замын хойд талаас хүн гарч ирээд яах ийхийн зуулгүй машины урдуур ороод ирсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор зогсож чадаагүй машины баруун талын урд хэсгээр мөргөж унагаасан, машинаас буугаад харахад замын хойд талын 50 гаруй насны согтуу байдалтай эрэгтэй дээш хараад хэвтэж байсан, манай нөхөр бид хоёр очоод босгох эгэхэд баруун талын чихнээс нь цус гарчихсан босож чадахгүй, тийчэгнээд байхаар нь цагдаа, түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Бараг 30 гаруй минутын дараа замын цагдаа ирээд удаагүй араас нь түргэний эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” /хавтаст хэргийн 26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. *********** гэсэн хаягтай цуснаас 3,2 промилли илэрч байна. Цусанд илэрч 3,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.***********ын биед зулай, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусаа хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун шанаа, баруун чамархайд шарх, зулгаралт, эрүү, зүүн хөмсөг, хоёр сарвуунд зулгаралт, зүүн шуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,
“Авто тээврийн үндэсний төв”-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 999496 дугаартай дүгнэлтэд: “...1. Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Зүүн талын хол, ойр оврын гэрэл, баруун талын ойрын гэрэл оврын гэрэл, бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл асдаггүй, баруун талын их гэрэл хагарсан, урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээр зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч 0 кандел, холын гэрлийн тусгалын хүч 0 кандел, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 0 кандел байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
3. Бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл, урд талын оврын гэрэл, асдаггүй урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй зэрэг нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн талын хол ойрын гэрэл, баруун талын ойрын гэрэл асахгүй, баруун талын гэрэл хагарсан байгаа нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
Бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл, урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй байгаа нь ашиглалтын үед үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.
Зүүн талын холын гэрэл ойрын гэрэл оврын гэрэл, баруун талын ойрын гэрэл асахгүй, баруун талын гэрэл хагарсан байгаа нь эвдрэл гэмтлийн шинэ хуучныг тогтоох боломжгүй байна.
4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй, тоног төхөөрөмжөөр шалгахад 1 ба 2-р тэнхлэгийн тоормос ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна.
5. Тоормосны мөр зам дээр үүснэ...” /хавтаст хэргийн 30-36 дахь тал/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай магадалгаанд: “...6.1. Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар нь тээврийн хэрэгслийнхээр бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын овын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2 Явган зорчиг Д.*********** нь 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам, байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй, хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна....” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-9 дэх тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
- Хохирлын тооцоо /хавтас хэргийн 12 дахь тал/,
- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 46-55 дахь тал/,
- Шүүгдэгч Д.***********гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.***********ын мэдүүлэг /хавтас хэргийн 66 дахь тал/,иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 62 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 70 дахь тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.*********** нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Говь” ХК-ийн зүүн урд замд Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а. Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чирүүлийн холбоос чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч Д.***********ыг мөргөж эрүүл мэндэд нь биед зулай, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусаа хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун шанаа, баруун чамархайд шарх, зулгаралт, эрүү, зүүн хөмсөг, хоёр сарвуунд зулгаралт, зүүн шуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.***********ын “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төмөр замын тэнд хуучин таньдаг хоёр хүнтэй тааралдаад гурвуулаа 0,75 литрийн савлагаатай Хараа архи гурвыг авч уучхаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, эмнэлэгт хэвтээд гарснаа санахгүй, сүүлд эгчийн гэрт байхад манай эгч намайг зам тээврийн осолд ороод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарсан гэдгийг хэлсэн, одоо миний баруун чихний сонсгол байхгүй, толгойны орой хэсгээр байнга өвдөөд өвчин намдаах эм уугаад хэвтрийн дэглэм сахиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Д.***********гийн “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг өнгөрч байхад нөхөр ***********ын хамт гэрээс гарч Нисэхийн тийшээ явсан. ...“Говь” ХК-ийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа хоёр эгнээтэй замын 1 дүгээр эгнээнд явж байхад гэнэт замын хойд талаас хүн гарч ирээд яах ийхийн зуулгүй машины урдуур ороод ирсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор зогсож чадаагүй машины баруун талын урд хэсгээр мөргөж унагаасан, машинаас буугаад харахад замын хойд талын 50 гаруй насны согтуу байдалтай эрэгтэй дээш хараад хэвтэж байсан, манай нөхөр бид хоёр очоод босгох эгэхэд баруун талын чихнээс нь цус гарчихсан босож чадахгүй, тийчлээд байхаар нь цагдаа, түргэн рүү залгаж дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Мөн хүрээлэнгийн 2022 оны 15931 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.***********ын биед зулай, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусаа хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун шанаа, баруун чамархайд шарх, зулгаралт, эрүү, зүүн хөмсөг, хоёр сарвуунд зулгаралт, зүүн шуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,
“Авто тээврийн үндэсний төв”-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 999496 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн талын хол, ойр оврын гэрэл, баруун талын ойрын гэрэл оврын гэрэл, бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл асдаггүй, баруун талын их гэрэл хагарсан, урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээр зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч 0 кандел, холын гэрлийн тусгалын хүч 0 кандел, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 0 кандел байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
Бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл, урд талын оврын гэрэл, асдаггүй урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй зэрэг нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Зүүн талын хол ойрын гэрэл, баруун талын ойрын гэрэл асахгүй, баруун талын гэрэл хагарсан байгаа нь осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
Бүртгэлийн дугаарын гэрэл, ухрах арааны гэрэл, урд буфер өөр өнгөтэй, баруун талын арын хаалга онгойдоггүй, бариул байхгүй байгаа нь ашиглалтын үед үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.
Зүүн талын холын гэрэл ойрын гэрэл оврын гэрэл, баруун талын ойрын гэрэл асахгүй, баруун талын гэрэл хагарсан байгаа нь эвдрэл гэмтлийн шинэ хуучныг тогтоох боломжгүй байна....” /хавтаст хэргийн 30-36 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 165 дугаартай магадалгаанд: “...6.1. Тоёота Эстима маркийн *********** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.*********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар нь тээврийн хэрэгслийнхээр бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, хол ойрын буюу ар талын овын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-9 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Д.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********ын эрүүл мэндэд биед зулай, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусаа хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зулай, баруун шанаа, баруун чамархайд шарх, зулгаралт, эрүү, зүүн хөмсөг, хоёр сарвуунд зулгаралт, зүүн шуу, нуруу, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 653,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч байнга эм ууж, эмнэлгийн хяналтад байгаа зэрэг нөхцөлийг харгалзан хохирогч Д.*********** гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2203007390022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.*********** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*********** тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********** тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*********** хохирогч Д.***********т 653,000 /зургаан зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.*********** өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2203007390022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.*********** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР