| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Нд холбогдох эрүүгийн 2235002230022 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Тэс сумын .... дүгээр баг, Далт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2 жилээр тэнссэн Б овогт Лгийн Н /РД:................/
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Л.Н нь Монгол Улсын хилийн 175 дугаар тэмдэгтийн зүүн талаар 150 метр газраар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу морин уналгатай, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Нг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь Монгол Улсын хилийн 175 дугаар тэмдэгтийн зүүн талаар 150 метр газраар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу морин уналгатай, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:
Хилийн зөрчлийг шалгасан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 21-24, 38-39 дэх тал),
Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хилийн зөрчлийн мэдээлэл, хил зөрчигчийн тухай бүртгэл (хавтаст хэргийн 25-29 дэх тал),
Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг, шалгалт хийсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал),
Хил зөрчигчийн биед үзлэг хийж, хураан авсан эд зүйлс, хил зөрчигч саатуулах үеийн ажиллагааны бүдүүвч зураг (хавтаст хэргийн 31-32, 40 дэх тал),
Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт (хавтаст хэргийн 34 дэх тал),
Хилийн дэглэмийн биелэлтийг хамтран шалгасан тухай акт “Хидийн дэглэмийн биелэлтийг хамтран шалгах явцад хилийн 175 дугаар тэмдгийн зүүн талаар 150 метр газраар Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу улсын хил давсан нэг адууны ул мөр, мөн хилийн 175 дугаар тэмдэгтийн зүүн талаар ОХУ-ын талаас, Монгол Улсын тал руу 150 метр газраар улсын хил зөрчсөн нэг адууны у мөрнөөс өөр хилийн зөрчлийн ул мөр илрээгүй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 36-40 дахь тал),
Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 09- ний өдөр хилийн харуулаас томилогдсон сэргийлэх манаа үүрэг гүйцэтгэсний дараа хилийн 0320 дугаар салбараас миний бие, жолооч механик Л.Бгийн хамтаар хилийн багана тэмдэг шалгах зорилгоор үүрэг гүйцэтгэж байх үед Улсын хилийн 175 дугаар тэмдгийн зүүн талаар 150 метр газраар хил нэвтэрч ОХУ-ын талд явж байгаа морьтой хүн харагдсан. Тухайн иргэний ОХУ-ын явж байхад дуудан ирүүлэхэд Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн иргэн Л.Н гэгч байсан. Л.Нгаас ямар учраас ОХУ-ын талд буюу хил зөрчсөн талаар асуухад адуугаа хайж явна гэж хэлсэн. Би “та улсын хил хууль бусаар нэвтэрсэн байна гэхэд би хил нэвтрээгүй хилийн манааны жим дагуу явж байсан гэсэн тайлбар хэлсэн. Уг нь нутгийн иргэд адуугаа хайгаад олохгүй байгаа тохиолдолд манай салбар болон орон нутгийн цагдаад мэдэгдэх ёстой. Л.Н нь энэ нутагт олон жил мал маллаж амьдарсан мөн улсын хил хаагуур байгааг маш сайн мэдэж байгаа, хилийн шугам мэдсээр байж хилийн 175 дугаар тэмдэг харагдаж байхад ОХУ-ын нутаг дэвсгэрт явж байхад саатуулсан. Л.Нг саатуулсан газраас хилийн 175 дугаар тэмдэг 130 метр зайд харагдаж байсан. Тухайн өдөр үзэгдэх орчин сайн ямар нэгэн манан будан байхгүй байсан. Тухайн өдөр Л.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хил зорчигч Л.Н надад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, дараа нь хилийн 175 дугаар тэмдэг дээр ирээд хил зөрчсөн газар орныг харуулахад хил хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
Гэрч Б.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн цэргийн 0320 дугаар салбараас хилийн 175 дугаар тэмдгийн чиглэлд хил хууль бусаар нэвтэрсэн гэх гомдол мэдээлэл ирсэн, үүний дагуу зөрчлийг газар орон дээр нь очиж шалгахад Тэс сумын 4 дүгээр багийн иргэн Л.Н нь улсын хилийн 175 дугаар тэмдгийн зүүн талаар 150 метр газраар Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу хил зөрчин явж байхад нь хилийн манаа таарч саатуулсан үйл явдал болсон байсан. Хойшлуулшгүй ажиллагааны явцад Л.Нгаас мэдүүлэг авахад Улсын хил хууль бусаар нэвтэрснээ зөвшөөрсөн. Улсын хилийг хууль бусаар зөрчсөн шалтгаанаа 2-3 хоногийн өмнө адуугаа алдсан бэлчээрээр манай адуу хил давсан байж магадгүй учраас адуугаа хайхаар хил зөрчсөн гэдгээ хэлсэн. Л.Н хил зөрчих үедээ бор морьтой явсан ба уг морийг битүүмжилж өөрт нь хүлээлгэж өгсөн. Эмээл хазаарыг нь хураан авч хэргийн хамт шилжүүлсэн. Л.Н нь өмнө нь 2015 онд өөрийн төрсөн ахын хамтаар улсын хил хууль бусаар нэвтэрч адуу мал хилээр нэвтрүүлсэн хэргээр шүүхээр орж ял шийтгэл авч байсан. Тус иргэн энэ 20- 30 жил Тэс сумын 4 дүгээр багт мал малласан ба улсын хилийн шугам, тэмдэг бүрийг маш сайн мэдэх хүн юм. Хойшлуулшгүй ажиллагааны явцад хил зөрчигч иргэн нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн байгалын ямар нэгэн онц аюултай үзэгдэл болоогүй, цаг агаар цэлмэг тогтуун байсан. Уг иргэн хилийн манаанд саатуулагдаж хойшлуулшгүй ажиллагаа явуулж мэдүүлэг авахад хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
Гэрч Д.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би яг өдрийг нь санахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 07 билүү 08-нд манайд Л.Н нэлээн хэдэн тооны адуу хайж ирсэн. Манай ойролцоо байх айлд адуугаа өгөх гэж ирсэн гэж хэлэхээр нь танай адуу энд яаж тогтох вэ? Өвсний сайныг идээд сурчихсан мал хэцүү шүү дээ гэсэн чинь энд тогтоогоод бэлчээрт дасгаад авчихвал гээд явсан. Тэр өдөр манайх нэг хангал морь бариад хүнсэндээ хэрэглэх гэж байсан юм. Тэгээд Л.Нг адуугаа тогтоогоод буцаад маргааш ирэхээр нь хүнсээ хийхээр болсон. Тэгээд маргааш нь Л.Н 10 цагийн үед манайд ирээд манай адуу өнөө шөнө буцаад явчихсан байна. Би танайд 20 минут утсаа уяад явмаар байна гэхээр нь утсыг нь уяж өгөөд явуулсан. Л.Н 2 удаа орж ирэхдээ архи дарс уугаагүй, эрүүл саруул орж ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),
Гэрч У.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Л.Н манайд 2022 оны 12 дугаар сарын 07, 08, 09-ний яг аль өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 12-13 цагийн үед ирсэн. Манайд ирээд манай 4 азаргатай адууг харав уу танай хавиар усанд оров уу? гэж асуусан, тэдний адууг харвал би танина. Гэхдээ тэр үеэр адуу усанд орж ирээгүй. Гол бараг хөлдөж байсан үе шүү дээ. Адууг нь үзэж хараагүй гээд хэлсэн тэгээд манайд хоол унд хийлгэхгүй цай уучаад мордсон. Бараг 20-30 минут л болсон байх. Л.Н манайд ирээд өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-79 дэх тал),
Гэрч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Л.Нгийн адуунууд хил рүү гүйгээд тогтохгүй байна гээд нэлээд дээрхэн тэгж байсан тэгээд манайд 2022 оны 12 дугаар сарын 07,08-ны үеэр адуугаа тууж ирсэн. Ирсэн өдрийн нь сайн санахгүй байна. Л.Нг ирэх үеэр цас нэлээн орсон, хүйтэн байсан үе. Манайд 17-18 цагийн хооронд ирсэн мал хашаанд оруулж байсан үед ирсэн. Тэгээд адуугаа шахаж хонуулаад маргааш өглөө нь адуугаа харна гээд явсан чинь адуу нь байхгүй байна гэж ирсэн. Тэгээд буцаж манайд ирээд нэг цай ууж аваад адуугаа мөрдөөд явсан дахиж манайхаар ирээгүй. Дараа нь сургийг нь сонсоход хил хууль бусаар нэвтэрсэн гэж сонссон. Л.Н манайхаас мордохдоо адуугаа хайж олно гээд явсан хаагуур явж хайсныг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дэх тал),
“Гэрэгэ Эстимэйт”ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23/08 дугаартай шинжээчийн “Увс аймагт хэвийн бие бялдаржилт, тарга тээвэртэй 8 настай морины зах зээлийн дундаж үнэ 1.000.000 төгрөг, Хуучин ашиглаж байсан Орос хар эмээл 150.000 төгрөг, хуучин ашиглаж байсан тохом 1 ширхэг нь 15.000 төгрөг, хуучин ашиглаж байсан суран хазаар 20.000 төгрөг, хуучин ашиглаж байсан ногт 15.000 төгрөгийн үнэтэй болохыг тус тус (хавтаст хэргийн 82 дахь тал)-аар тодоорхойлсон байна.
Шүүгдэгч Л.Нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өглөө адуугаа хайгаад хилийн зүг рүү яваад зэгсэн дотор адуугаа хайгаад олохгүй явж байтал шинэхэн адууны мөр таарахаар нь адууны мөрийг дагаад гараад нүцгэн тал дээр явж байтал машины мөр байсан. Би бодохдоо Монголын хилийн манааны машины мөр байна гэж бодсон. Тэгээд саатуулагдсаны дараа ОХУ-ын хилчдийн хилийн манааны авто машины мөр дээр ирсэн байсан. Би саатуулагдахаасаа өмнө тухайнтухайн замын хажуугаар адуугаа хайж байтал Хилийн манааны цэрэг заставын дарга ирээд намайг дуудсан би яваад шинэ адууны мөр байхаар дагаад энэ хүртэл ирсэн гэж хэлсэн. Та хил зөрчсөн байна гэж намайг хэлсэн тэгээд намайг дагуулаад хилийн 175 дугаар тэмдэг дээр ирэхэд хил зөрчөөд орсноо мэдсэн. Заставын дарга застав руу явна гэж хэлээд намайг дагуулаад явсан. Хил хаана байгааг мэднэ. Хил нэвтэрч байна гэдгээ мэдээгүй. Тэгсэн чинь 150 м газар нэвтэрсэн байсан. Тэмдэгтийг хараагүй, гэхдээ хаана байдгийг мэднэ л дээ. Дараа нь буцаж ирэхдээ харсан. Хүлээн зөвшөөрч байна. Би зохих хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Би буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-96 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Л.Н нь Монгол Улсын хилийн 175 дугаар тэмдэгтийн зүүн талаар 150 метр газраар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу морин уналгатай, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Н нь урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж 2 жилээр тэнсэх ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 104 дэх тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Л.Өын өгсөн: “Л.Н нь 10 хүүхэдтэй айлын 6 дахь хүүхэд дээрээ 4 ах, 2 эгчтэй Хамгийн том ахыг нь А гэдэг одоо Увс аймгийн Сагил суманд хөдөө малчин хийж байгаа дараагийн ах Б Увс аймгийн Улдаангом суманд хувиараа бикнес эрхэлдэг, дараагийн ах С Тэс сумын 4-р багт малчин дараагийн нь миний бие, дараагийн эгч Төв аймгийн Цээл суманд амьдардаг, дараагийн эгч Н Улаангом суманд амьдардаг, дараагийнх нь Л.Н өөрөө, дараагийн дүүг Н одоо Тэс сумын 10-р багт малчин, дараагийн дүүг Н гэдэг одоогоор гэрлэж амжаагүй энэ өвөл бид нартай хамт өвөлжиж байгаа ерөнхийдөө Улаанбаатар хотод байдаг. Хамгийн бага дүү маань Төв аймгийн Цээл суманд малчин хийж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Нд 2200 /хоёр мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Л.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морь нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох тул уг 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 8 настай бор зүстэй морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаар, ногт нь хуучирч муудсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад тогтоогдсон тул улсын орлогод оруулах боломжгүй гэж үзээд шүүгдэгч Л.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Нд 2200 /хоёр мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий морийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, тохом, хазаар, ногтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах П.Яд тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Нд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ