Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А-д холбогдох 2216002300005 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, Д овогт Э-н А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А-н Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр Өгөөмрийн эх гэх нэртэй газарт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн ТОЗ-8М загварын буугаар хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, өөрийн эзэмшлийн **** ГАО улсын дугаартай Субару Форестер /Subaru Forester/ загварын автомашинаар тээвэрлэж, амьтны аймагт 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.А нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр Өгөөмрийн эх гэх нэртэй газарт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн ТОЗ-8М загварын буугаар хар сүүлтий зээрийг  агнасан, **** ГАО улсын дугаартай Субару Форестер/Subaru Forester/ загварын автомашинаар тээвэрлэсэн болох нь: 

1. Гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймаг дээр малчдын зөвлөгөөн болно намайг очиж суу гэхээр нь би өнөөдөр сум дээр аймаг орох машин хайж байтал манай найз Д энэ аймаг явна гээд нэг машин олж ирсэн. Тэгсэн тэр машин дотор дурантай буу байхаар нь би жолоочоос нь ахынхаа бууны дуранг тааруулаад өгөөч гэхэд тэгье гэхээр нь би буугаа аваад машинд суусан юм. Тэгээд бид 2 сум дээр миний буугаар хоосон бай буудсан боловч дуран нь таараагүй. Тэгсэн нөгөө залуу “...аймаг дээр бууны дуран тааруулдаг хүн байдаг та буугаа аваад явчихгүй юу...” гэхээр нь аваад суусан юм. Ингээд бид явж явж аймгийн Баарангийн даваа дээр ирсэн чинь замын цагдаа нар зогсоогоод машинд шалгалт хийхэд дотроос нь зээрийн мах, туулай гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/ 

 

2. Хохирогч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Төгрөгийн эх гэх нэртэй газрын Тэмээн чулуу болон Дундаагийн нуруу, Хулстай орчмын газрууд нь орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарна. Тухайн газар нь хар сүүлт зээрийн бэлчээр нутаг мөн. Тухайн хэргийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34 дүгээр тал/ 

3. Шүүгдэгч Э.А-н хар сүүлтий зээрийг агнасан гэх газрын байдлыг хэрэгт бэхжүүлэн тусгасан мөрдөгчийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 3-9 дүгээр тал/

4. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...**** ГАО улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн багаж хэсгээс хар сүүлтий зээрийн махыг илрүүлэн, хураан авсан...” талаар тусгасан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./хавтаст хэргийн 10-13 дугаар тал/

5. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатарын 2022 оны 012 дугаар сарын 20-ны өдрийн 2022/04 дугаартай “...Уг амьтны эд эрхтний бүтэц, ясны морфлогоор хар сүүлтий зээр болох нь тогтоогдож байна... Хөл мах 4 ширхэг /хаа, гуя/, бусад яс хүзүү, сээр 1 ширхэг, ууц сүвээ 1 ширхэг шинжилгээнд ирүүлсэн эд эрхтнээс үзэхэд 2 настай бодгаль болох нь тогтогдож байна. Эр эмийг ялгах боломж байхгүй...” гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 65-68 дугаар тал/

6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Батмагнайн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн  буу нь 1932 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдсэн ТОЗ-8М загварын бага калибрын буу байна.

2. Уг галт зэвсэг нь ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн буу байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой байна. Уг галт зэвсэг нь гох дарахгүйгээр өөр ямар нэгэн хүчний үйлчлэлээр буудлага үйлдэхгүй байна.  

4. Шинжилгээний явцад шинээр ямар нэг нөхцөл байдал илрээгүй...” гэх  дүгнэлт, хавсралт гэрэл зургууд /хавтаст хэргийн 58-61 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн...” тохиолдолд хууль бусаар ан агнах гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Тодруулбал Амьтны тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7.5.2 дахь хэсэгт  Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн бол төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр ховор амьтныг агнаж болох бөгөөд мөн хуулиар ховор амьтны жагсаалтыг Засгийн газар батлахаар зохицуулсан байна. Дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр жагсаалтад багтсан амьтныг дур мэдэн агнах, түүхий эдийн зүйлийг нь хадгалах тээвэрлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцно.

Хар сүүлтий зээр нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад багтсан бөгөөд шүүгдэгч Э.А нь хар сүүлтий зээр агнах тусгай зөвшөөрөл аваагүй байна.

Иймээс шүүгдэгч Э.А-н хар сүүлтий зээр буудаж агнасан, махыг нь Субару Форестер/Subaru Forester/ загварын автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор дараах баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 1. “...Мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэх тэмдэглэгээтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 100 дугаар тал/

2. Шүүгдэгч Э.А-н Байгаль орчин, уур амьсгалын санд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн  тухай Төрийн банкны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт. /хавтаст хэргийн 130 дугаар тал/

3. Шүүгдэгч Э.А нь  иргэн А.Пүрэвсүрэнгээс **** замгийн, Е**** гол төмрийн дугаартай ТОЗ-8М загварын галт зэвсгийг худалдан авсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийн 0356 дугаартай галт зэвсэг худалдах, худалдан авах гэрээ /хавтаст хэргийн 132-134 дүгээр тал/

4. Гэрч Б.Аривжихын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  **** ГАО улсын дугаартай “Субару Порестер” загварын тээврийн хэрэгсэл нь манай ББСБ-д бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Энхтөр овогтой А нь анх 3,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Уг зээлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин зээлийн гэрээг сунгаж, нэмж 5,000,000 төгрөгийн зээл авсан юм. Тус авсан зээл нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дуусна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дугаар тал/

5. “******” ББСБ болон Э.А нарын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №03/ЗГ дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан №22114/ЗГ дугаартай зээлийн гэрээний хуулбар. /хавтаст хэргийн 47-53 дугаар тал/

6. Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаартай “...Subaru Froster-s12 загварын тээврийн хэрэгслийг 8,050,000 төгрөгөөр...” үнэлсэн хөрөнгийн үнэлгээ. /хавтаст хэргийн 80-86 дугаар тал/

Шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийг хувьд тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Э.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “...2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх...Е***** гол төмрийн, *****замгийн дугаартай галт зэвсгийг улсын орлого болгох...**** ГАО улсын дугаартай  Субару Форестер/Subaru Forester/ загварын автомашины үнэ 8,050,000 (найман сая тавин мянга) төгрөгийг гаргуулан улсын орлого болгох...” санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж болохоор тус тус хуульчилсан байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлэхээр, мөн Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хар сүүлтий зээрийн үнэлгээг 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг байхаар зохицуулжээ.

Иймээс шүүгдэгч “Байгал орчин, уур амьсгалын сан”-д 3,400,000 төгрөг төлсөн, “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу ашигласан техник хэрэгсэл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж тус тус хуульчилсан.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Субару Форестер /Subaru Forester/ загварын автомашины өмчлөх эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу “*****” ББСБ-д шилжсэн байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ 8,050,000 (намайн сая тавин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, түүнчлэн ТОЗ-8М загварын галт зэвсгийг тус тус улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар сүүлтий зээрийн хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, ууц 1 ширхэг, хүзүү, сээрний хамт 1 ширхэг, элэг 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, гол төмрийн Е****, замгийн **** дугаартай ТОЗ-8М загварын галт зэвсгийг гэрчилгээний хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж, ******* дугаартай жолоочийн үнэмлэх, ******* дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.А-д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, амьтны аймагт учруулсан хохиролд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Э-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнах, түүхий эд зүйлийг тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.А-д мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2(хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Э.А-д хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.А-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмрийн Е*****, замгийн ***** дугаартай ТОЗ-8М загварын галт зэвсэг, **** ГАО улсын дугаартай Субару Форестер/Subaru Forester/ загварын автомашины үнэ 8,050,000 (найман сая тавин мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, амьтны аймагт учруулсан хохиролд 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар сүүлтий зээрийн хаа 2 ширхэг, гуя 2 ширхэг, ууц 1 ширхэг, хүзүү, сээрний хамт 1 ширхэг, элэг 1 ширхгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т, гол төмрийн Е****, замгийн **** дугаартай ТОЗ-8М загварын галт зэвсгийг гэрчилгээний хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж, ****** дугаартай жолоочийн үнэмлэх, ******* дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.А-д буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.МӨНХТУЛГА