Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Ш.Анужин

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205031300111 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Хилчин хотхоны ******* гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” хорооллын 47 дугаар байрны гадна байрлах автомашины автомат хаалтыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гурав: Хавтаст хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн “2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва 47 дугаар байрны гадна автомат хаалт эвдэрсэн байхаар нь би хяналтын камер шүүсэн.  Манай хяналтын камерт 40-45 орчим насны согтуу эрэгтэй хүн манай СӨХ-өөс гараад явж байгаа харагдсан яг хаалт эвдэж байгаа нь манай хяналтын камерын бичлэгт байхгүй байсан. Тэгэхэд удалгүй миний фейсбүүк чатаар манай байрны оршин суугч хаалт эвдэлсэн хүний бичлэгийг хийж над руу явуулсан байсан. Тухайн хүн манай хаалтыг гараараа 1-2 удаа цохиод хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд хугалж гэмтээж байгаа бичлэг байсан. Тэгээд тэр хүн УАВ улсын дугаартай хөх өнгийн приус маркийн авто машинд суугаад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайн хүн надтай ирж уулзаж манай хаалтыг засварлаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

2.  Камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 21 тоот өрөөнд байх албаны Dell маркийн компьютерт хохирогчоос гаргаж өгсөн сидиг уншуулж бичлэгийг дэлгэцэн дээр татаж суулгаж үзлэгийг эхлэв. Үзлэг хийх бичлэгийг компьютерын дэлгэцэн дээр “*******” гэж хадгалж бичлэг рүү ороход 16 секундын бичлэг байв. Уг бичлэгийг тоглуулж эхлэхэд гэгээтэй өдөр байх бөгөөд хороолол руу ордог хашааны автомат хаалт байх бөгөөд тухайн хаалтыг үл таних хүн дээш сөхөж доогуур нь гарах гэж байгаад толгой дээрээ унагаж тухайн хаалтыг цохиж, өшиглөж гэмтээж байгаагаар бичлэг 00 минут 13 секундэд үргэлжлээд дуусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 22 дахь тал)

3. “Дамно” ХХК-ийн “Автозогсоолын хаалт 1 ширхэг 1.380.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” 47 дугаар байранд найз н гэрт нь очиход найз гэртээ байхгүй байсан. Тэгээд би тухайн байрнаас гараад тухайн байр руу ордог үүд хэсэгт байрлах авто машины автомат хаалт төмөр нь миний толгойн дээр унасан. Тэгэхээр нь би уурандаа гараараа нэг удаа цохиод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд тухайн автомат хаалтын төмөр нь хугараагүй байх шиг байхаар нь би яваад өгсөн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэр хаалт миний толгойн дээр унахаар нь уурандаа цохиж өшиглөсөн энэ нь миний буруу.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд уг байранд найзындаа ирэхэд гэрт нь хүн байхгүй би гараад явж байхад тухайн хаалт нь миний толгойн дээр шүргээд унахаар нь би уурандаа цохиж гэмтээсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” хорооллын 47 дугаар байрны гадна байрлах автомашины автомат хаалтыг дээш сөхөж доогуур нь гарах гэж байгаад толгой дээрээ унагааж хаалтыг гараараа цохиж, өшиглөсний улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гийн хохирогчоор өгсөн: “...хяналтын камерт 40-45 орчим насны согтуу эрэгтэй хүн манай СӨХ-өөс гараад явж байгаа харагдсан яаг хаалт эвдэж байгаа нь манай хяналтын камерын бичлэгт байхгүй байсан...манай хаалтыг гараараа 1-2 удаа цохиод хөлөөрөө 1-2 удаа өшиглөөд хугалж гэмтээж байгаа бичлэг байсан. Тэгээд тэр хүн УАВ улсын дугаартай хөх өнгийн приус маркийн авто машинд суугаад явж байгаа бичлэг байсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайн хүн надтай ирж уулзаж манай хаалтыг засварлаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 22 дахь тал),  “Дамно” ХХК-ийн “хөрөнгийн үнэлгээний тайлан  (хавтаст хэргийн 25-26 дахь тал), *******гийн сэжигтнээр өгсөн: “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэр хаалт миний толгойн дээр унахаар нь уурандаа цохиж өшиглөсөн энэ нь миний буруу.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), *******гийн яллагдагчаар өгсөн: “..хаалт нь миний толгойн дээр шүргээд унахаар нь би уурандаа цохиж гэмтээсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч гийн эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан автозогсоолын хаалт 1 ширхгийг 1.380.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бүхий эд  хөрөнгийн хохирол нь шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ өөрийн эзэмшлийн УАВ улсын дугаартай Приус маркийн автомашиныг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” хорооллын 47 дугаар байрны гадна байрлах автозогсоол руу оруулахын тулд эд хөрөнгөд хохирол учруулсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******гийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

Хэргийн шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч гийн “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайн хүн надтай ирж уулзаж манай хаалтыг засварлаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), шүүгдэгч *******гаас “гэм буруугаа хүлээ зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 61 дэх тал)-д тус тус авагдсан байх тул шүүгдэгч *******г энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч талаас “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАЙРИЙЖАВ