Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Х.Ө

орчуулагч, хэлмэрч Б.А,

шүүгдэгч К.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С ургийн овгийн Кий Тд холбогдох 2213002900002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 7, ээж,  ах, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С ургийн овогт Келдений Т, регистрийн дугаар Б,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн Ү.Гын эзэмшлийн 48-25 УБВ улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.14, 12.2, 12.3-т заасныг  тус тус зөрчиж, хохирогч А.Бын жолоодож явсан Даюун-150 загварын, улсын дугааргүй мотоциклийг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч К.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 8 цагийн үед М, Бн гэх ахынхаа хуримд байсан. Тухайн үед Ү.Г гэх хүн машиныхаа түлхүүрийг өгч миний О гэх найзыг гэрээс нь аваад ир гэж машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд би Ү.Гын машины түлхүүрийг авч түүний тээврийн хэрэгслээ Оы гэрт нь очих үед О гэрт нь байгаагүй. Од залгахад бид нар хуримд ирсэн байна гэж хэлсэн. Би буцаад замдаа ирж байх үед зүүн талаас мотоцикл харагдах шиг болсон. Урьд байгаа мотоциклийг хараагүй түүнийг мөргөсөн байна. Тухайн үед мотоциклийн жолооч газар унасан. Тэгээд би айсандаа хэргийн газраас зугтаж явсан. Буцааж ирээд Ү.Гт машиныхаа түлхүүрийг өгсөн. Дараа нь ус хэрэгтэй болсон учраас Б, А гэх ах, эгч нарын хамт дэлгүүрт очихдоо Баярсайхан гэх цагдаагийн ажилтан чи Ү.Гын машинаар хүн мөргөсөн байна гэж намайг бариад авсан гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213002900002 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

2.2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2.3. “Хонда пит” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

2.4. Хохирогч А.Бын эзэмшлийн “Даюун-150” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),

2.5. Хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр 19 цаг 55 минутад хүү болох Б.Амийн гэрт эхнэр нь өвдчихсөн учраас охин Б.Ахгийн хамт өөрийн улсын дугааргүй мотоциклоор хүргэж өгчхөөд буцаад явж байхад би туслах замаас гол зам руу ороод хэсэг явж байхад араас нэг машин хурдтай ирээд мотоциклийн баруун талаас мөргөсөн. Тэгээд мотоцикл хажуу талаараа унасан ба охин Б.А арын суудалд сууж явсан тул мөн адил мотоциклээс унасан. Тэгээд би босох гэхэд миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан учраас хөдөлж болохгүй байсан. Тэр үед мөн араас ирж явсан УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод манай сумын иргэн болох Х.М бууж ирээд сая таны мотоциклийг мөргөсөн машин хурдтай явж байсан. Бидний хажуугаар зөрж өнгөрсөн машин юм шиг байна. Улсын дугаарыг нь анзаарч харж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд хүү Б.Аийг дуудаж охин Б.Аийн хамт гэрт ирж сумын цагдаад болсон асуудлыг мэдэгдсэн. ...Манай сумын мэс заслын эмч Бахберген хэлэхдээ миний баруун хөлийн шилбэ хэсгээр нэг удаа хугарсан гэж хэлсэн. Намайг мөргөсөн хүн ирж уулзаагүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-37 дахь тал),

2.6. Хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад уг зам тээврийн ослын улмаас нийтдээ 6,300,000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх хохиролтой холбоотой баримтыг хэсгийн төлөөлөгчөөр дамжуулан өгч хэрэгт тусгуулсан байгаа болно. Мөн цаашид хийгдэх эмчилгээний зардал гээд нийт 10,000,000 төгрөгийн хохирлыг К.Тээс гаргуулан авч түүнийг уучилж, цаашид ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдолгүй гээд бичиг хийж нотариатаар баталгаажуулж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

2.7. Иргэний нэхэмжлэгч Ү.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад “Хонда пит” загварын 4825 УБВ гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Уг тээврийн хэрэгслийг би 2022 оны 06 дугаар сарын үед Улаанбаатар хотоос хувь хүнээс 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай найз болох Мийн Бы хурим болсон юм. Би 19:00 цагийн үед гэрээс гараад замдаа эхнэр болох Мөлдир болон бэр Айнур нарыг аваад "Ахтилек” гэх хуримын ордонд очсон. Тэнд байх үед манай найз болох Онгалган нь ирээгүй байсан бөгөөд би уг хүнийг гэрээс нь аваад ирээрэй хэмээн машиныхаа түлхүүрийг Кы Тд өгч явуулсан. Удалгүй 19:56 минутын үед манай найз болох Оы эхнэр лүү нь залгахад “Т манайд ирээгүй, бид өөр машинаар ирсэн” гэж хэлсэн. Тэнд байх үед Т ирээд “нөгөө хүмүүс байхгүй байна” хэмээн миний машины түлхүүрийг буцааж өгсөн. Тэр үед цаг 20:00 орчим болж байсан. Бид хуримын хүмүүст үйлчилгээ үзүүлээд явж байх үе буюу 20:50 минутын үед /гэхдээ цагийн сайн санахгүй байна/ Т нь над руу ирж “Жекежан бид хоёр дэлгүүрээс юм аваад ирье” хэмээн миний машины түлхүүрийг 2 дахь удаагаа авсан. Хэсэг хугацааны дараа Т нь ганцаараа над руу ирж “Аманкелди гэх хүн таныг дуудаж байна” гэж хэлсэн бөгөөд бид хоёр хуримын ордноос гарахад гадаа Аи болон хэсгийн цагдаа Баярсайхан нар байсан. Тэгээд цагдаа Б “Ба гэх хүнийг машин мөргөөд зугтсан байна, гудамнаас чиний машиныг зогсооход дугуй нь хагарсан, урд буфер нь хонхойсон байна, чиний машиныг хэсгийн кобаны хашаанд оруулсан” гэж хэлсэн. Би хэсгийн кобаны хашаанд байсан машинаа үзэхэд миний машины жолоочийн эсрэг талын дугуй хагарсан, буфер нь дотогш хонхойсон байдалтай байсан. Келдений Тд машинаа өгөхөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тд анх 19:40 цаг орчимд түлхүүр өгч явуулсан. Тэр үед бидний хажууд өөр хүн байгаагүй. Т нь удалгүй 20:00 цаг орчимд миний түлхүүрийг буцааж өгсөн. Миний машины жолоочийн эсрэг талын дугуй хагарсан, буфер нь дотогш хонхойсон байна. Гэхдээ энэ хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Би энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж өөрийн машиныг буцааж авмаар байна. Цаашид ажил хийхэд сумын төв болон аймаг явахад машины хэрэг ихээр гарч байна. А.Быг мотоциклтэй явж байхад нь миний машинаар К.Т мөргөсөн байна. Энэ талаар К.Т өөрөө надад тухайн осол болсны дараагаар хэлсэн юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн авто тээвэрт очиж 48-25 УБВ улсын дугаартай гэрчилгээг хураалгаж 72-24 БӨА улсын дугаарыг өөрийн “Хонда фит” загварын тээврийн хэрэгсэлд авч машиныг нэр дээрээ буулгасан юм. Би осол болохын өмнө 48-25 УБВ улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцдог байсан. Ослын дараагаар 72-24 БӨА улсын дугаар авч нэр дээрээ буулгасан. Тэрнээс биш машин худалдаж авсан хүнтэй ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

2.8. Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус өдөр 19 цаг 55 минутын үед ах Б.Аманкелдийн гэрт аав А.Бын хамт түүний улсын дугааргүй мотоциклоор гэрт нь оччихоод буцаад гэр лүүгээ явж байх замд сумын төвийн гол зам руу туслах замаас ороод хэсэг явж байхад ардаас 1 тээврийн хэрэгсэл мотоциклийн баруун талаас мөргөсөн. Мотоциклийг мөргөхөд би арын суудлаас газарт унасан ба харин аав А.Б мотоциклийн хамт замын голд унасан. ...Тэгээд УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээс манай сумын иргэн Х.Мурадил бууж ирээд “машин мөргөчхөөд зогсохгүй явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ах Б.Аманкелдид залгаж “аавын хөл хугарчихлаа бид хоёр осолд орчихлоо хурдан ирээрэй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дэх тал),

2.9. Гэрч М.Жны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай ах болох Мийн Бы хурим болсон юм. Хуриманд манай ах дүү, хамаатан садангууд нийт 1000 гаруй хүн оролцсон. Хуримын дундуур ус ундаа дутаад би машинтайгаа очих гэтэл миний машины урдуур олон машин байсан, ямар нэгэн гарах боломжгүй байсан. Би тэгээд гадаа байгаа гарч болохоор машин унах хэмээн харахад Гын машин байсан юм. Тэр үед хажууд Т байсан бөгөөд би Тд түлхүүр аваад ирээч хэмээн хэлсэн. Т удалгүй хуримын ордонд байсан Гаас түлхүүр авч гарч ирсэн. Тухайн үед миний хажууд А байсан. Т нь түлхүүрийг надад өгч машиныг онгойлгосон бөгөөд А хойд талын хэсэгт суусан. Би уг машиныг жолоодож, Т хажуу талд сууж дэлгүүр орох гээд явж байх үед хэсгийн цагдаа Баярсайхан зогсоож машиныг журамласан юм. Ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг би хараагүй. Би уг тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад урд хэсгээс нь ямар нэгэн чимээ гараад байсан бөгөөд би урд талын буфер нь дугуйндаа хүрээд байгаа юм болов уу хэмээн бодсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

2.10. Гэрч К.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие өчигдөр манай авга ахын хүүхэд болох М.Б сумын төвд байдаг “Ахтилек” нэртэй хуримын ордонд хуримаа хийх болсон тул үйлчилгээний ажилд нь тусалж ажилласан. Хурим 20 цагт эхлэх ёстой байсан ба би 19 цаг 30 минутад очсон. Тэгээд хурим эхлээд 1 цаг орчмын дараагаар ширээ дахин нэмж засах шаардлагатай болсон учраас дүү К.Т болон авга ахын хүүхэд М.Жекежаны хамт сумын төв рүү дэлгүүрт орох гээд Ү.Гын машиныг авч, дүү М.Жакежан машиныг жолоодож, К.Т урд суугаад би хойно нь суугаад хуримын ордноос хөдөлж сумын төвд дэлгүүрт очоод зогсож байхад хэсгийн цагдаа ирээд “энэ машинаар хүн мөргөсөн байж магадгүй” гээд машиныг сумын цагдаагийн хэсгийн хашаанд журамласан. К.Т Ү Гын машинаас сумын төвд осол гаргасан талаар 30 минутын өмнө өөрөө надад хэлэх үед мэдсэн. Тэрнээс өмнө осол хийсэн талаар мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

2.11. Гэрч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус өдөр 12 цагийн үед Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ой хад” гэх газраас хувийн ажлаар М Бы хуримд оролцох хүмүүсийг авч орой 19 цаг өнгөрч байхад сумын төвд ирсэн. Сумын төвд орж ирээд засмал зам дагуу “Даамал" павын хажуугаар явж байхад миний хажуугаар нэг суудлын авто машин гүйцэж түрүүлээд урд орж явж байхад тухайн машины урдуур мотоциклтэй хүн гарч ирэхэд машин уг мотоциклтэй хүнийг мөргөөд зогсохгүй шууд яваад өгсөн. Тэгээд би тухайн мотоциклтэй хүн рүү буугаад очиход манай сумын иргэн А.Б байсан. Эмнэлэгт хүргэх гэхэд хүү нь болох Б.Аманкелдийг дуудсан ба хүү нь ирэх хүртэл хажууд нь байж байгаад би хуримд ирсэн хүмүүсийг хүргэж явна, хэн гэдгийг нь мэдэхгүй, номерыг нь харж чадаагүй шүү гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),     

2.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №702 дугаартай “...1.Иргэн А.Бын биед баруун шилбэний яснуудын ил хугаралттай, баруун шилбэний гадна хэсэгт ил шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн А Бын дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. З.Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлнө. 4.Иргэн А.Бын биед үүссэн гэмтэл нь амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т. 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

2.13. Шинжээч К.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Бын биед үзлэг хийхэд баруун шилбэний яснуудын ил хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тэрээр өөрөө шүүх эмнэлэгт биеэр ирж үзүүлэхэд ил хугаралтай байсан болно. Ил хугарал учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Далд хугарал байсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

2.14. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон талаарх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БӨА- 22-0302 дугаартай “...2022 оны 09 дүгээр сарын байдлаар Даюун маркийн мотоциклийн зүүн талын яндан, хөлийн тавиур, моторын хамгаалах төмөр зэргийг засварлахад гарах зардлын үнэ нийтдээ 51,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 112-115 дахь тал),

2.15. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон талаарх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БӨА- 22-0301 дугаартай “...2022 оны 09 дүгээр сарын байдлаар Хонда пит маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг уг 7224 БӨА улсын дугаартай машины урд буферийг засварлахад гарах зардлын үнэ 215,000 төгрөг нийтдээ 4,715,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 123-126 дахь тал),

2.16. Шинжээч, Авто тээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Е.Жанатханы 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №09 дугаартай “...4. “Хонда пит” маркийн суудлын автомашин нь осолд орохоос өмнө техникийн хувьд бүрэн бүтэн байсан байна. 5. ...Суудлын автомашины техникийн байдал осол гаргахад нөлөөлөөгүй байна. 6. ...Суудлын автомашины тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллагаатай байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 135-136 дахь тал),

2.17. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “К.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх, 3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсоох тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болсон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байна. К.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээр зүйлд заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал),

2.18. Яллагдагч К.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Цэнгэл сумын 8 дугаар багт “А” нэртэй хуримын ордонд ах М.Бы хурим болсон. Тухайн хурим дээр сууж байхад Ү.Г надад машиныхаа түлхүүрийг өгөөд Оыг гэрээс нь очоод аваад ир гэж явуулсан. Тухайн үед оройн 19 цаг өнгөрч байсан ба Оы гэрт очиход тэрээр хуримын ордон руу өөр машинаар явчихсан байсан. Тэгээд би буцаад Ахтилек хуримын ордон руу явъя гээд сумын төвийн засмал замын гол замаар Хаан банк өнгөрөөд явж байхад миний миний зүүн гар талаас шороон замаас нэг мотоцикл орж байгаа харагдсан. Тэгээд би машинаа зогсоож амжихгүй тухайн мотоциклийг зүүн талаас нь мөргөсөн. Уг осол нь хоромхон зуур болж өнгөрсөн учраас би сандраад машинаасаа буухгүй шууд чигээрээ явсаар байгаад хуримын ордонд очиж Ү.Гт О гэртээ байхгүй байна энд ирчихсэн юм шиг байна гэж хэлээд түүнд машиных нь түлхүүрийг өгсөн. Гэхдээ тэр үед Ү.Гт машинаар нь мотоцикл мөргөсөн талаар хэлээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа М.Жекежаны хамтаар дэлгүүрээс ус, ундаа авах гээд Ү.Гаас дахин машины түлхүүрийг нь би авсан гэхдээ машиныг М.Жекежан жолоодож эгч К.А бид гурав сумын төв орж дэлгүүрээс ус, ундаа аваад буцаад явж байхад сумын хэсгийн цагдаа биднийг зогсоож машиныг цагдаагийн хашаанд оруулсан. Машины эзэн хэн бэ гэж асуухаар нь хуримд байгаа Ү.Гынх гэж хэлээд “А” хуримын газарт очиж цагдаа нар У.Гтай уулзсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дэх тал),

2.19. Цагдаагийн Ерөнхий Газрын хайлтын системд К.Т жолоочийн  үнэмлэхгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 152-153 дахь тал),

2.20. Хохирогч А.Бын эмчилгээний зардалд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны мөнгөн шилжүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 207-208 дахь тал) зэрэг нотлон баримтууд болно.

2.21. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтуудыг хэрэгт цугларсан байна. Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 249 дугаартай “Келден овогтой Тий нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна.” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 185 дахь тал),

2. Шүүгдэгч К.Тий иргэний үнэмлэхний болон түүний нэр эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 180-189 дэх тал),

3. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 212 дахь тал),

4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  149 дугаартай “Тус багийн иргэн К.Т ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Өөрийн нэр дээр тоолуулсан мал хөрөнгө байхгүй. Багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт  (хавтаст хэргийн 197 дахь тал) болон бусад нотлох баримтууд болно.

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч К.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр иргэн Ү.Гын эзэмшлийн 4825 УБВ улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг жолоодож сумын төвийн засмал замаар хөдөлгөөнд оролцохдоо хохирогч А.Бын жолоодож явсан “Даюун-150” загварын улсын дугааргүй мотоциклийг араас нь мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд  баруун шилбэний яснуудын ил хугаралт, баруун шилбэний гадна хэсэгт ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: 

эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- “Хонда пийт” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

- Хохирогч А.Бын эзэмшлийн Даюун-150 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),

-Хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би туслах замаас гол зам руу ороод хэсэг явж байхад араас нэг машин хурдтай ирээд мотоциклийн баруун талаас мөргөсөн. ...Тэгээд би босох гэхэд миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан учраас хөдөлж болохгүй байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-37 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Ү.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.Байдыковыг мотоциклтэй явж байхад нь миний машинаар К.Т мөргөсөн байна. Энэ талаар К.Т өөрөө надад тухайн осол болсны дараагаар хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

-Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...сумын төвийн гол зам руу туслах замаас ороод хэсэг явж байхад ардаас нэг тээврийн хэрэгсэл мотоциклийн баруун талаас мөргөсөн. Мотоциклийг мөргөхөд би арын суудлаас газарт унасан ба харин аав А.Б мотоциклийн хамт замын голд унасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дэх тал),

-Гэрч К.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...К.Т Ү.Гын машинаас сумын төвд осол гаргасан талаар 30 минутын өмнө өөрөө надад хэлэх үед мэдсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

- Гэрч Х.Муийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын төвд орж ирээд засмал зам дагуу “Даамал" павын хажуугаар явж байхад миний хажуугаар нэг суудлын авто машин гүйцэж түрүүлээд урд орж явж байхад тухайн машины урдуур мотоциклтэй хүн гарч ирэхэд машин уг мотоциклтэй хүнийг мөргөөд зогсохгүй шууд яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),   

-Шинжээч К.Х 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №702 дугаартай “...1.Иргэн А.Бын биед баруун шилбэний яснуудын ил хугаралттай, баруун шилбэний гадна хэсэгт ил шархтай гэмтэл тогтоогдлоо. 2. Иргэн А Бын дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

-Яллагдагч К.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын төвийн засмал замын гол замаар Хаан банк өнгөрөөд явж байхад миний миний зүүн гар талаас шороон замаас нэг мотоцикл орж байгаа харагдсан. Тэгээд би машинаа зогсоож амжихгүй тухайн мотоциклийг зүүн талаас нь мөргөсөн. Уг осол нь хоромхон зуур болж өнгөрсөн учраас би сандраад машинаасаа буухгүй шууд чигээрээ явсаар байгаад хуримын ордонд очсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

4.3. Шүүгдэгч К.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, зам тээврийн осол гаргах үед түүний жолоодож явсан “Хонда пит” загварын тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ү.Гын нэр дээр бүртгэлтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан, техникийн байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй зэрэг нөхцөл байдал  тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 135-136, 152-153 дахь тал),

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч К.Тий жолоочийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, ослын газраас зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргүүдийн  шинжийг агуулсан байна.

5.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

          5.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм.

          5.5. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

          5.6. Шүүгдэгч К.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 4825 УБВ улсын дугаартай, “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан  “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.14-д заасан “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа, ослын акт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          5.7. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг заасан бөгөөд жолооч К.Т нь осол гаргамагц тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх байтал энэхүү үүргээ биелүүлээгүй, ослын газраас зугтаасан нь гэрч Х.Мурадил, хохирогч А.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг жолооч хэргийн газрыг зориуд зугтаасан гэж үзнэ.

          5.8. Зам тээврийн ослын улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд учирсан баруун шилбэний яснуудын ил хугаралт, баруун шилбэний гадна хэсэгт ил шарх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1, 3.1.20-д заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 72-73 дахь тал) тогтоогдсон учир хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

          5.9. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч К.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон  байна.

          5.10. Иймээс шүүгдэгч К.Тий үйлдсэн гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулж үйлдсэн бол” гэх  хүндрүүлэх шинжийг, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

          5.11. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж гэм буруугийн холимог хэлбэрээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн байна.

          5.12. Харин зам тээврийн осол гаргасны дараа хэргийн газраас зугтааж автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

          5.13. Иймд шүүгдэгч К.Тийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн  3.7-гийн “а”, 11.14, 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний өмчлөлийн мотоциклийг  засварлахад 51,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ү.Гын эзэмшлийн “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудыг засварлахад 215,000 төгрөг шаардлагатай болох нь үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

6.2. Шүүх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлж, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна.

6.3. Хохирогч А.Бын эмчилгээний зардал, тээврийн хэрэгсэлд нь учирсан хохирол нийт 6,289,119 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилсэн боловч  шүүгдэгч К.Т нь 10,000,000 төгрөгийг нөхөн төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримт, эвлэрлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба иргэний нэхэмжлэгч Ү.Г “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлжээ. (хавтаст хэргийн 41, 43 дахь тал),

6.4. Иймээс шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан учраас түүний гэмт хэргийн хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч К.Тийг шүүхээс “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч К.Т нь хувийн байдлын хувьд 23 настай, ам бүл 7, эрхэлсэн тодорхой ажилгүй,   Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суудаг, гэмт  хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 180-189, 197, 212 дахь тал),

2.4. Шүүгдэгч К.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч К.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас иргэний нэхэмжлэгч Ү.Гын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох саналтай” гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ.

2.5. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хор уршгийг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 2.6. Иймээс шүүгдэгч К.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

2.7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч К.Тд тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд тус тус сануулж шийдвэрлэв.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолохоор тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Шүүгдэгч К.Т нь хохирогч А.Бт учруулсан хохирол, хор уршигт 10,000,000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг  тус тус дурдав.

3.3. Мөн шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч Ү.Гын эзэмшлийн 7224 БӨА  улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Тд оногдуулсан эрх хасах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт  тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчид даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт Кий Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Кий Тий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасныг баримтлан, тэнссэн хугацаанд шүүгдэгч К.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч К.Тд тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэх хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч К.Тд тайлбарласугай.

          7. Шүүгдэгч К.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Хохирогч нь гэмт хэргийн хор уршгийг нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          9. 2213002900022 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, хохирогч А.Бт учруулсан хохирол, хор уршигт 10,000,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Ү.Г хохирол нэхэмжлэхгүй гэснийг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          10. Иргэний нэхэмжлэгч Ү.Гын эзэмшлийн 7224 БӨА  улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

          11. Шүүгдэгч К.Тд оногдуулсан эрх хасах ял, хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

          12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.Б