Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Г.Э

Хохирогч Б.Н

Хохирогч М.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2225000000030 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженер ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Э-г өөрийн Хаан банкны ******  тоот дансаар 9 600 000 төгрөг, бэлнээр 400 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженер ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Н.Б-г өөрийн ХААН банкны ******  тоот дансаар 8 500 000 төгрөгийг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженер ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Г-г өөрийн Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 7 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 28- ны өдөр “Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх хүмүүст машинаар үйлчлэх хэрэгтэй байна, өдрийн түрээсийг нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.А-н Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг хуурч авч 18 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр суманд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тендерт шалгарсан, үлдэгдэл материалаа авах гэсэн юм, мөнгийг чинь эргэлдүүлж хүүтэй өсгөж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Н г өөрийн Хаан банкны ******  дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр 14 300 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 13 удаагийн гүйлгээгээр 2 870 000 төгрөг нийт 17 170 000 төгрөгийг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр суманд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ***** тоот байрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Т-г өөрийн Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 18 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр суманд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн ***** тоот байрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.М-г Худалдаа хөгжпийн банкин дахь *****  тоот дансаар 20 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

-Орхон аймаг Баян-Өндөр суманд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж М.П-г өөрийн Хаан банкны ******  дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 6 000 000 төгрөгийг хуурч авч залилж бусдад нийт 104 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “Ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор интернэт орчинтой байнга харилцдаг байсан. Нэг өдөр интернэтэд байж байхдаа интернэт мөрийтэй тоглоомоос бооцоо тавьж мөнгө өсгөж олох хүмүүсийн бичсэн постыг олж уншсан. 2016, 2017 оноос эхлээд эхний ээлжинд зугаагаа гаргах зорилготойгоор тоглоомд орсон. Сүүлдээ мөнгө алдаж, хүнээс дам дам мөнгө зээлж өөрөө хуулийн мэдлэггүйгээс шалтгаалж асуудлаа шийдэх гэж олон хүнийг хохироосон үйлдэл гаргасан. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд уншсан бүх хэргүүдийг би мөн адил тоглоом тоглож, өр ширийг нэгээс нь авч нөгөөд нь өгөх боломжтой юм байна, тухайн хүний мөнгийг гэмт хэргийн шинжтэй болохоос өмнө төлчих юм байна гэх байдлаар хууль зүйн мэдлэггүй, өөрийн хувийн бодолдоо хөтлөгдөж энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Энэ хүмүүс дунд миний найзууд, надад итгэж, хамт сурж байсан дүү нар байгаа. Ирсэн байгаа 2 хохирогчоос уучлалт гуймаар байна. Энэ шүүх хуралдаанд оролцоогүй ч гэсэн миний үйлдлийн улмаас хохирсон бүх хохирогч нараас уучлалт хүсмээр байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Н  мэдүүлэхдээ “Шүүхэд гаргаж өгсөн хохирлын тооцоо хийсэн цаасыг үндэслэхэд 12 дугаар сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөгийг хүнээс хүүтэй зээлж Г.Т-д өгсөн. 12 дугаар сарын 11-ний өдөр 4 сая төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зэс кредит картнаас зээлж өгсөн. 12 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг хүүтэй зээлж өгсөн. 12 дугаар сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийг хүүтэй хүнээс, 12 дугаар сарын 23-ны өдөр 493,000 төгрөгийг хүүтэй зээлсэн. Удаа дараа хүүтэй мөнгө зээлж өгсөн. 1 дүгээр сарын 10-ны өдөр дүүгээсээ тодорхой хэмжээнд хүүтэй 500,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Ойр дотны хүмүүсээсээ хүүтэй зээлсэн мөнгийг хассан. Би ойр зуурдаа харьцаж тусалдаг хүмүүсээсээ зээлсэн мөнгийг хүүтэй авсан учраас хүүтэй нь буцааж өгөхөөр болсон. 190,000 төгрөгийн асуудал байгаа. 15,620,000 төгрөгийн бодит хохирол надад учирсан. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр *****  дугаартай дансанд 2,800,000 төгрөг орж ирсэн. Үүнийг задалж тайлбарлавал 2 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 27 минутад би 1,203,000 төгрөгийг буюу 12 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн 1 сая төгрөгийг хүүтэй нь, одоо би шүүгдэгчээс зэс картнаас авсан 7 сарын хүүний 840,000 төгрөгийг Г.Т ээс гаргуулах хүсэлтэй байна. Надаас нийт дансны гүйлгээгээр 17,420,000 төгрөгийг надаас авсан. Надад Г.Т 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2,800,000 төгрөг, дараа нь 15,000,000 төгрөг нийт 17,800,000 төгрөгийг Г.Т ээс авсан. 1,260,000 төгрөг, 872,630 төгрөг, 600,000 төгрөг нийт 2,752,634 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.П  мэдүүлэхдээ “2021 оны 11-12 сарын хооронд зээл чөлөөлье гээд надаас мөнгө асуухад нь тухайн үед би Улаанбаатар хотод байсан учраас одоо завгүй боломжгүй Эрдэнэтэд очоод болъё гэж хэлэхэд одоо яаралтай зээлэх хэрэгтэй байна гэхэд нь өнөөдөртөө багтааж өгнө гэхээр нь итгээд 5 сая төгрөгийг явуулахад удалгүй дахиад 1 сая төгрөг дутсан гэхэд нь барьцаагаа ажил дээр аваачаад тавьчихсан юм бол итгээд өгье хурдан ажлаа амжуулаад буцааж өгөөрэй гээд хүүтэй зээлсэн. Удаан хугацаагаар алга болсон байж байгаад машинаас нь бичиг баримтыг нь олж аваад эхнэрийнх нь дугаарыг олоод эхнэртээ нь ярихад, эхнэр нь намайг цагдаад хүний эд хөрөнгийг эзнийх нь зөвшөөрөлгүй барьцаанд авсан гэж өргөдөл бичиж өгсөн байсан. Би цагдаа дээр дуудагдаж очоод цагдаа намайг эхнэрийнх нь машиныг өг гээд өгсөн. Би өөрөө шүүх, цагдаад гомдол гаргаагүй явж байхад цагдаагаас над руу яриад энэ хүн нилээн олон хүнээс зээл авсан гэсэн, таниас зээл авсан, таны хохирлыг барагдуулмаар байна гэсэн, таны нэр хохирогчийн нэрд орж ирсэн гэж байсан. Би араас нь хөөцөлдөөгүй, би Г.Т-д залуу хүн хүнийг ингэж худлаа хуурч болохгүй, хүний итгэлийг ингэж алдаадахдаа яадгын гэж хэлсэн, би авсан бүх мөнгийг маань хүүгүй 6 сая төгрөгийг өгчих гээд өгсөн. 8 дугаар сард 6 сая төгрөгийг данс руу хийсэн, одоо хохирол гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. О.Э-н Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

            2. О.Э-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

            3. Хохирогч О.Э-н “...Би өөрөө хувийн машинаар таксинд явдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн фейсбүүк үзэж байсан чинь цалингийн зээл чөлөөлүүлнэ гэсэн зарыг фейсбүүкийн “Эрдэнэт зар” группт оруулсан байсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байсан болохоор хэдэн төгрөгийн хүү олж магадгүй юм байна гэж бодоод “Зээл чөлөөлүүлнэ” гэсэн зарын доор зээл чөлөөлнө гээд***** гэсэн дугаараа тавьсан. Гэтэл үл таних эрэгтэй хүн маргааш өглөө нь залгаж утсаар яриад би өөрөө Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженер ажилтай. 6 сая төгрөгийн цалингийн зээл чөлөөлүүлэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр 6 сая төгрөг аваад, маргааш гэхэд өгнө гэж хэлсэн. Тэгээд надтай уулзахаар болоод ирж уулзсан. Г.Т гэж залуу надтай ирж уулзаад 6 сая төгрөгөө болиод 10 сая төгрөг зээлэх хэрэгтэй байна. Танаас авсан мөнгөөрөө цалингийн зээлээ чөлөөлөөд, эргүүлээд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Өөрийгөө аймгийн дулааны цахилгаан станцад инженер ажилтай гэж итгүүлсэн. Тэгэхээр нь би түүнийг дулааны цахилгаан станцад ажилтай гэхээр нь итгээд мөнгө өгөхөөр болсон. Г.Т ирэхдээ өөрийнхөө бичиг баримтын болон гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтыг авч ирсэн. Ингээд 1 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөг зээлж авахаар болоод надаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дансаар 9.500.000 төгрөгийг дансаар, үлдсэн 500.000 төгрөгийг нь бэлнээр авсан юм. Г.Т надаас авсан мөнгөө 2022 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр дансаар шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

            4. Гэрч Ч.Б-н “...Миний нөхөр хувийн машинтай таксинд явдаг юм. Нөхөр бид хоёрт хэдэн төгрөг бэлэн байсан юм. Гэтэл манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой фейсбүүкийн “Эрдэнэт зар” дээр зээл чөлөөлүүлнэ гэсэн байсан. Тэгэхээр нь би зээлжчөлөөлнө гээд биччихлээ. Хоёулаа зээл чөлөөлж үзэх үү гэхээр нь би яах юм бэ чадахгүй юм дэмий гэж хэлсэн. Гэтэл маргааш өдөр нь намайг ажил дээрээ байхад манай нөхөр над руу утсаар яриад Эрдэнэтийн дулааны станцад инженер ажилтай нэг залуу ирээд нэг хоногийн хугацаатай цалингийн зээл чөлөөлүүлнэ гэж байна. 10 сая төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд яаж байгаа юм бэ. Баталгаатай, найдвартай хүн юм уу гэсэн чинь өөрийнхөө хамаг бичиг баримтыг аваад ирсэн байна. Итгэлтэй хүн байх шиг байна. Нэг хоногийн 3 хувийн хүүтэй өгчихлөө гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүн нь маргааш өдөр нь утсаа авахгүй алга болчихсон. Нөхөр маань араас нь хоёр гурван хоног хайж байгаад цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

            5. Гэрч С.А-н “...Хаан банкны 5135775446 дугаартай данс нь манай эхнэрийн данс бөгөөд би дээрх спорт бооцооны гүйлгээг хийх гэж 2021 оны 11 сарын 15-наас эхэлж ашиглаж эхэлсэн. Г.Т гэж хүн 2021 оны 11 сараас 12 сарын хооронд мөнгө шилжүүлж байсан. Г.Т гэх хүн 1хbеt нэртэй сайтад спорт бооцоо тавьж тоглосон юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

            6. Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Би О.Э гэж хүнийг таньдаггүй байсан. Фейсбүүкийн “Эрдэнэт зар” гэсэн зарын групп дээр нэг танихгүй хүн зээл чөлөөлдөг хүн байна уу гэсэн мэдээлэл оруулсан байсан. Энэ мэдээллийн доор **** гэсэн дугаарыг оруулсан байхыг нь фейсбүүкээс харсан. Тэгээд энэ утас руу нь залгасан чинь эрэгтэй хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнээс ямар нөхцөлөөр, яаж зээл чөлөөлдөг юм бэ. Маргааш өглөө уулзаж, зээл чөлөөлүүлж болох уу гэсэн чинь нөгөө ах өглөө уулзаж байгаад ярья. Чи над руу өглөө эрт залгаарай гэсэн. Маргааш өглөө нь би **** дугаар утас руу залгасан чинь ах нь эргээд ярья гээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа **** дугаарын утсаар залгаад 3 дугаар микрийн 20 дугаар байрны гадна манай гэрийн гадна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би 3 дугаар микрийн 20 дугаар байрны гадна очоод О.Э гэж хүнтэй анх удаа уулзсан. Би О.Э-той уулзаад би өчигдөр холбогдсон хүн байна. 6,500,000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх хэрэг болоод байна гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээ үзүүлээд өөрийн гараар бичгээр гэрээ хийж мөнгө зээлж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/

            7. Г.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/,

            8. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

            9. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 55-64 дэх тал/,

            10. О.Э, С.А нарын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 67-68, 72-73 дахь тал/,

            11. М.Л-н депозит дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 74-88 дахь тал/,

            12. Г.Т-н Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

            13. Н.Б-ны Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,

            14. Н.Б-ны Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,

            15. Хохирогч Н.Б-ны “...2021 оны 12 сарын 15-ны өдөр миний ****** дугаарын утас руу ******  гэсэн дугаараас залгаад цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэхээр нь зээлийг чинь чөлөөлж өгч болно, чамайг дагаад яваад байх боломжгүй, өөрийн өмчлөлийн ямар нэгэн зүйлийг барьцаанд үлдээгээд зээлээ хаалгаж болно гэсэн. Т  гэх хүн эргээд яръя гээд тасалсан. Эргэж холбогдоод аавынхаа машиныг түр авчихлаа гээд 46-19 ОРО дугаартай “Тоёото Короло” загварын хар өнгийн машин унаж ирсэн. Тээврийн хэрэгсэл хэнийх вэ гэж асуухад манай ээжтэй сүүлд суусан хамтран амьдрагчийнх нь байгаа юм. Миний төрсөн эцэг нас бараад удаж байгаа гэж хэлсэн. Т  бид хоёр урд дугуй дэлгүүрт байх ХААН банканд очсон. Цалингийн зээлийн үлдэгдэл 8 430 000 төгрөг байна гэж хэлсэн. Т ийн зээлийг хаахаар болж, бичиг баримт хөөцөлдөхөд 70.000 төгрөг хэрэг болох байх гээд өөрийн ******  тоот данс руу 8.500.000 төгрөг шилжүүлж аваад орой 17 цагийн үед уулзахаар болж, Т ээс салсан. Орой Т  рүү залгахад би ээжээрээ батлан даалт хийлгэж байгаа болохоор бичиг баримт дутуу болохоор өнөөдөр амжсангүй гэж хэлсэн. Т  нь над руу залгаад ахаа аавынхаа машиныг авч болох уу машин хэрэг болоод байна гэхээр нь өглөө тооцоогоо хийж дуусчхаад аваарай гэсэн. 2021 оны 12 сарын 16-ны өглөө 10 цагийн үед Т  рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Машины бичиг баримт дээрээс машины эзний дугаарыг олоод залгахад би Т ийн аав бишээ, бид нар нэг байранд амьдарч байсан, нэгийгээ таньж мэдэх хүмүүс юм. Миний машиныг Т  гуйж авахдаа хорооллоос идшээ аваад ирье гээд аваад явсан. Би Т  рүү өдөржин залгасан боловч утсаа аваагүй гэж хэлсэн Г.Т нь миний хохирол болох 8,500,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119, 121-122 дахь тал/,

            16. Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Б  гэх хүнээс 8 500 000 төгрөгийг аваад мөрийтэй тоглоом тоглож өсгөөд хүмүүсийнхээ өрний асуудлыг хурдан цэгцэлье гэж бодож байсан. Би онлайнаар мөрийтэй тоглоод тухайн өдрөө бүх мөнгөө алдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

            17. Хаан банкны ******  дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

            18. Д.А-н Цагдаагийн газарт гаргасан гомдол /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/,

            19. Хохирогч Д.А-н “....2021 оны 12 сарын 28-ны өдөр найз болох Гансүх овогтой Т  нь Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх гээд хүмүүс ирж байгаа юм тэд нарт машинаар үйлчлэх хэрэгтэй байна найз нь өдрийнх нь түрээсийг өгье орой 18 цагт авчраад өгье гэж хэлээд аваад явсан юм. Надаас машин авсан өдрөө буюу 2021 оны 12 дугаар 28-ны орой 21 цагийн үед би Г.Т рүү залгахад хотоос ирсэн хүмүүсийн ажил бүтсэн. Эрдэнэт үйлдвэрийн дарга нартай Сэлэнгэ амралт дээр архи ууж байна. Бид нар эндээ хононо маргааш өглөө 3 замын уулзвар дээр хүлээж байгаад энэ хүмүүсийг хот хоорондын таксины үнээр Улаанбаатар хот руу хүргээд өгчих гэж хэлээд тасалсан. Би тухайн үед намайг залилж байна гэж бодоогүй учраас нээх юм бодолгүй орхисон. Маргааш өглөө нь 2021 оны 12 сарын 29-ний өглөө 11 цагийн үед утсаар ярихад Т  Эрдэнэт үйлдвэрийн орлогч дарга ирчихсэн эд нар нэмээд уугаад эхэллээ чи орой л Улаанбаатар явах нь дээ гэж хэлээд утсаа тасалсан. Т  надтай яриад утсаа унтраагаад алга болчихоор нь 18 цагийн үед найзынхаа машинд 40.000 төгрөгийн газ хийгээд Сэлэнгэ амралтын газар очиход жижүүр нь манайх гадны машин оруулдаггүй өнөөдөр манайд приус машинтай хүн ирээгүй гэж хэлэхээр нь худлаа ярьж байгааг нь мэдсэн. Хамаатных нь ахынх нь дугаар 99033270 руу залгахад Т  өөрөө утсаа авчхаад хоолойгоо өөрчилж надтай утсаар ярихдаа “Сүлд” гэх махны дэлгүүрийн хашаанд машин чинь байгаа мөнгөний барьцаанд тавьчихсан гэж ярихаар нь Т ээ би чамайг таньж байна зүгээр байгаа газрынхаа гадаа гараад ир гэхэд гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

            20. Гэрч Г.Х-ны  “...тухайн өдөр манай найз Г өөрийн ******   дугаараас залгаад найз нь нэг машин тавих хэрэг байна. Хашаанд чинь зай байна уу гэхэд зай байгаа ямар машин тавих талаар асуухад тоёота приус 30 тавина гэсэн юм, удаахгүй 2-3 хоногийн хооронд буцаагаад авна, надаас мөнгө зээлсэн хүний барьцаанд тавьж байгаа машин юм гэсэн. 2021 оны 12 сарын 28-ны өдөр 13 цагийн орчим приус 30 машин унасан залуу Галаа ах ярьсан уу би машин тавих гэсэн юм гэхэд би хаалга онгорхой байгаа хашаанд оруулаад ир гээд би дэлгүүрт сууж байгаад араас нь хашаа руу орж бичиг баримт, машины түлхүүрийг нь авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

            21. “Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Япон улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 12 дугаар сард Монгол улсад орж ирсэн, Тоёота приус 30 загварын авто машин нь 2022 оны 01 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 18,000,000 төгрөгийн үнэтэй байгаа...” гэх үнэлгээ /1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/,

            22. Хохирогч Д.Галхүүгийн “...Л.Т  нь миний хуурай дүү болохЭ гэх хүнээр дамжуулан надтай 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гар утсаар холбогдож ярьсан. Ярихдаа Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ХХК- д ажилдаг, цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм, цалингийн зээл маань 7,000,000 үлдэгдэлтэй байгаа юм, зээлээ төлүүлчхээд нэмж аваад 3 хоногийн дотор буцаагаад өгчихье, барьцаанд нь Тоёота приус 30 загварын машин үлдээе гэхээр нь би тэр машиныг нь хэнийх юм бэ гэхэд өөрийнхөө машин гэж хэлсэн. 2 удаа над руу мөнгө шилжүүлж миний хохирлыг барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 225-226 дахь тал/,

            23. Гэрч Б.Э-н  “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр нэг өдөр ажил дээрээ байж байсан чинь надтай хамт арван жилийн сургуульд сурч байсан Т  гэх найз маань ирээд мөнгө байвал зээлээч 1 сая төгрөг хэрэг болоод байна. Найз нь маргааш өдөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд надад мөнгө байхгүй. Миний нэг хуурай ах барьцаатай мөнгө гаргадаг юм. Чамд барьцаалах зүйл байвал яриад үзэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд би Т эд хуурай ахынхаа гар утасны дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

            24. Б.Т-той зээлийн гэрээ байгуулсан тухай баримт /2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,

25. Мөнгөн шилжүүлгийн баримт /2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/,

26. Хохирогч Б.Т-н “...Би одоогоос хоёр хоногийн өмнө фейсбүүк бүлэг дээр 2-3 өрөө байр худалдаж авна гэж зар тавьсан байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Төмөрөө Ганаа нэртэй фейсбүүк хаягаас “байр зарна, 2-13 дугаар байрны 4 дүгээр давхарт 3 өрөө байр зарна 120 000 000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр өглөө ээж О , ах А нарын хамт 2-13 дугаар байрны *** тоотод очиж үзэхэд үл таних нэг залуу хүүхдийн хамт гэртээ байсан, байрны дотор талыг нь үзээд 118.000.000 төгрөгөөр авахаар болоод худалдах, худалдан авах гэрээ хийе гэж хэлсэн чинь уг үл таних залуу манайх байраа Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьчихсан байгаа 18.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа, та нар 18.000.000 төгрөгийг одоо миний данс руу хийчих би Худалдаа хөгжлийн банк ороод зээлээ төлөөд гэрчилгээгээ авчихъя гэж хэлсэн. Тухайн үед миний хажууд өөр хүн манай байрыг авах гэж байна гэж хэлээд утсаар ярьсан, мөнгөө одоо шилжүүлье гэж байна гэж хэлсэн болохоор бид нар түрүүлээд байрыг нь авъя гэж бодоод 18.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны *****  дугаартай Т  гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Тухайн 18.000.000 төгрөгийн 15.000.000 төгрөгийг манай дүү Б  шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг би өөрөө шилжүүлсэн, уг Т  гэх залуу банк ороод гэрчилгээгээ авахаар болоод үлдсэн юм. Тэгээд орой 16 цагийн үед Т  рүү залгаад гэрчилгээгээ авсан уу гэж асуухад өнөөдөр амжсангүй, 4 дэх өдрийн хурлаар орохоор боллоо гэж хэлээд утсаа тасалсан. Энэ үед би дүү Б тэй утсаар яриад уг хүний талаар таних эсэх талаар хүмүүсээс асуухад урд өмнө нь хүмүүсээс мөнгө залилж авдаг байсан хүн болохыг олж мэдсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

27. Гэрч Б.Б ий “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед ах А над руу залгаад байр авах гэж байна миний мөнгө дансанд чинь байгаа юу гэж асуухаар нь байгаа гэж хэлэхэд шууд шилжүүлж болох юм уу болно гэж хэлээд тасалсан. Хэсэг хугацааны дараа миний дунд ах Т  залгаад өөр банкны данс руу хийвэл хэр удаж байж ордог юм бэ асуугаад мэдээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад Төрийн банк дээр очиж асуухад 3.000.000 төгрөг дотроо 30 минутад орно, түүнээс их бол удаж байж орно гэж хэлснийг буцаж ах руу залгаад хэлсэн чинь ах Т  би чам руу нэг данс явуулна чи тэр данс руу хийчих гэж хэлсэн, удалгүй ах над руу *****  дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс явуулсан, гүйлгээний утга дээр Б.Т  2-13 дугаар байрны урьдчилгаа гэсэн утга бичээд хийгээрэй гэж хэлхээр нь би тэгж бичээд Т  гэх хүний данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,

28. Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Тэгээд би байр авах гэж байгаа хүмүүст эхнэр Бадамгэрэлийн 3 өрөө байрыг харуулахад байр үзэхээр ирсэн хүмүүс хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд нь байрны үнэ гадуур доод тал нь 120.000.000 төгрөгийн ханштай байна гэж хэлсэн. Энэ үед уг хүмүүс энэ үнээр чинь авъя гэж хэлэхэд нь би энэ байрны гэрчилгээ нь банкны барьцаанд байгаа 10 000 000 гаруй төгрөг байгаа гэж хэлэхэд уг хүмүүс байрны гэрчилгээ барьцаанд байгаа юм чинь нотариат ороод гэрээ хийх боломжгүй юм байна, хоорондоо гэрээ хийгээд чамд хэрэгтэй байгаа мөнгийг 18.000.000 төгрөг болгоод данс руу чинь шилжүүлье, гэрчилгээгээ авсны дараа үлдэгдэл мөнгөө нотариатаар орж гэрээ хийгээд байраа худалдаж авъя гэж ярилцсан....” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

29. П.Ш-н Хаан банкны депозит дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/,

30. Г.Т-н Хаан банкны *****  дугаартай данс,  *******   дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 73, 75 дахь тал/,

31. Г.Т-н Худалдаа хөгжлийн банкны *****  дугаартай дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 76-79 дэх тал/,

32. Б.М-н  цагдаагийн газарт гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

33. Б.М-тай   байгуулсан бичгэн зээлийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/,

34. Хохирогч Б.М-н  “...Т  нь надад хэлэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй болоод байраа зарах гэж байна, 11-р хороололд хаус худалдаж авах гэж байгаа урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна гэж хэлж байсан. Тэгээд би уг байраа хэдээр зарах юм бэ гэж асуухад 125,000,000 төгрөгөөр зарна гэж хэлээд та хэрэв авах юм бол 120,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, энэ үед Т  гэх залуу манай байрны гэрчилгээ нь Худалдаа хөгжлийн банканд байгаа 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, та урьдчилгаа болгоод 15,000,000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ аваад худалдах, худалдан авах гэрээ хийе гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас түүний *****  дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Дараагаар нь дахин над руу залгаад би банканд байсан 15,000,000 төгрөгийг төлчихлөө маргаашаас гэрчилгээгээ авчих байх тэгээд би зэс картаас хэдэн төгрөг аваад үрчихсэн чинь тэрийгээ төл гээд байна та дахиж нэмээд 5,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэхэд нь чи эгч О     хэлээд түүний данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 103-103 дахь тал/,

35. Г.Т-н сэжигтнээр өгсөн “...би гэрээсээ гараад замаараа ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа гаргуулж аваад очиж уулзахад байр худалдаж авахаар урьдчилгаа болгож 15,000,000 төгрөг шилжүүлэв гэж миний иргэний үнэмлэхийн лавлагааны ард бичгээр гэрээ бичиж авсан. Тэгээд миний Худалдаа хөглийн банкны *****  дугаартай данс руу 15,000,000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Дараагаар нь би 2-3 цагийн дараа дахин уг хүн рүү залгаж та 5,000,000 төгрөг нэмж шилжүүлэх боломж байна уу би банкнаас гэрчилгээгээ чөлөөлөхөд мөнгө дутчихлаа гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан юм, би тухайн мөнгийг өсгөхийн тулд интернэт тоглоомын сайр руу мөнгөө цэнэглэж тоглоод алдчихсан юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,

36. Б.Н гийн цагдаагийн газарт гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/,

37. Г.Т-н *****  дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/,

38. Б.Н гийн Хаан банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

39. Хохирогч Б.Н гийн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.Т нь над руу залгаад “ахын дүү боломжтой байна уу? ах нь нэг тендер аваад нийлүүлчихсэн 120.000.000 төгрөгийн тендер аваад ихэнх материалыг нь нийлүүлчихсэн, одоо үлдэгдэл материал авах гэсэн мөнгөгүй болчихлоо, зөндөө хүмүүсээс асуусан чинь бүгд койн руу мөнгөө оруулчихжээ бэлэн мөнгөтэй хүн алга, ахын дүү бизнест хамтрах уу” гэж асуухаар нь би ямар учиртай бизнес юм бэ гэж асуусан чинь “мөнгө бүтчихвэл ах нь өнөөдөр Алтанбулаг руу гарах гэж байна, маргааш очиж үлдэгдэл материалаа очиж авах юмаа гэж хэлээд 7.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5094584557 дугаарын данснаас эхний өдөр Г.Т-н ******  дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5.400.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.600.000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн, энэ өдөр Г.Т нь дахин над руу яриад мөнгө дутчихлаа дахиад мөнгө байна уу гэж асуухаар нь би Зэс картад 4.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн чинь тэрийгээ аваад өгчих, нэг мөсөн 12.000.000 төгрөг чамаас аваад тендерийн мөнгө авангуутаа үндсэн мөнгөн дээр чинь нэмээд 3.600.000 төгрөгийг нэмж өгье гэж хэлээд би түүнд Зэс картаасаа Их хаадын цувааны махны дэлгүүр дээр очиж4.000.000 төгрөгийг Зэс картаа пос машинд уншуулан тухайн махны дэлгүүрийн эзний данснаас 4.000.000 төгрөгийг Г.Т-н ******  дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Т нь дахин над руу яриад “хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу?” гэж дахин дахин надаас асуугаад байхаар нь би түүнд өөрийн таньдаг эгч Ц.Баярмаагаас 1.800.000 төгрөгийг авч өгсөн, орой нь дахин над руу залгаж 500.000 төгрөг дахин зээлээч гэхээр нь би мөн Ц.Баярмаа гэх хүнээс 500.000 төгрөг аваад Г.Т рүү шилжүүлсэн юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г.Т над руу яриад “Булган аймагт тендер авах гэж байна, ахиад мөнгө хэрэгтэй байна хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэж асуухаар нь би түүн рүү ажпын ахын таньдаг хүнээс 900.000 төгрөгийг зээлж аваад Г.Т-н худалдаа хөгжпийн банкны данс болох *****  дугаарын данс руу шилжүүлсэн, Мөн маргааш нь буюу 12 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр байх үед Г.Т нь над руу залгаад хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж хэлэх үед нь би Ц.Баярмаагаас 500.000 зээлээд Г.Т-д авч өгсөн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

40. Яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Би Н-с     авсан мөнгөний заримыг нь бооцоот тоглоомын сайт руу оруулсан, зарим мөнгийг нь покер тоглоомын админ хийдэг хүн рүү шилжүүлээд буцаагаад өсгөж авсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал /,

41. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

42. Г.Т-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 156 дахь тал/,

43. М.П-н   цагдаагийн газарт гаргасан гомдол /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/,

44. Г.Т-н Хаан банкны депозит дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 190-196 дахь тал/,

45. Хохирогч М.П-н   “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байх үед над руу Т  гэх залуу залгаад “хүүтэй мөнгө зээлэх үү?” гэж асуухаар нь би одоогоор боломжгүй байна, би Улаанбаатар хотод явж байна, Эрдэнэтэд очихоороо больё гэж хэлсэн чинь уг залуу “яаралтай зээл хаах хэрэгтэй байна, өнөөдөр гэхэд зээл гарчихна” гэхээр нь би чи тэгвэл барьцаа үлдээчих гэсэн чинь машинаа үлдээе гэхээр нь би за тэгвэл машинаа Танил захын ард байх HYBRID засвар дээр хүргээд үлдээчих гэсэн чинь за тэгье гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаад машинаа аваад ирчихлээ гэж хэлээд манай засварын газарт машинаа үлдээсэн. Тэгээд би түүний данс руу эхэлж 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм гэтэл уг залуу хэсэг хугацааны дараа мөнгө дутчихлаа дахин 1 000 000 төгрөг зээлчих нэг мөсөн тооцоогоо хийе гэхээр нь би дахин 1.000.000 төгрөгийг түүний ******  дугаарын данс руу шилжүүлсэн. Би Улаанбаатар хотоос ирсний дараа Т  гэх залуутай уулзахад зээл маань бүтэхгүй байна, зээл минь хойшилчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

46. Г.Т-н сэжигтнээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр фейсбүүк орж байгаад зээл чөлөөлнө гэсэн зар явж байхаар нь уг зар дээр байсан гар утас руу нь залгаж зарын дагуу ярьж байна, зээл чөлөөлж байгаа юу гэж асуусан чинь би одоогоор Улаанбаатар хотод явна, чи барьцаатай бол танил захын засварын газарт очиж нэг хүнтэй уулзаад эргээд холбогдоорой гэсэн. Ингээд би Танил зах дээр очиж бичиг баримтаа үзүүлээд уулзахад, тухайн өдрөө миний данс руу эхлээд 5.000.000 төгрөг, үдээс хойш нь 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Т-н бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь 8 хохирогчийн мэдүүлэг, Г.Т-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г.Т-н Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны дансны хуулгууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын дансны хуулга, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь 8 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд нийт 8 хохирогч байгаагаас 7 хохирогчийн хохирол бүрэн төлөгдсөн байна. Хохирогч Т од хохирол 420,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Т од 18 сая төгрөгийн хохирол учирснаас 17,580,000 төгрөгийн хохирол төлсөн баримт 2 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудаст авагдсан, харин хохирлоос 420,000 төгрөг төлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас шүүгдэгч Г.Т ээс 420,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Т од олгуулах саналтай байна. Бусад хохирогч нарын хувьд хохирол бүрэн барагдсан. Хохирогч Б.Н д шүүгдэгчээс хохиролд 2,800,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хохирогч Б.Н  нь 17,170,000 төгрөгийг шүүгдэгч Г.Т рүү шилжүүлж залилуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгууд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон. 630,000 төгрөгийг шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Н д хохиролд шилжүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зээлийн хүүг авах талаар гомдол санал гаргаагүй мөртлөө шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн хүүг нэхэмжилж нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. Гэтэл энэ талаарх хүү тооцсон зээлийн гэрээ, баримт авагдаагүй учраас хүүтэй холбоотой болон эгчээс нь авсан 190,000 төгрөгийн асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 91 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О  дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр мэтгэлцэхгүй, хохирогч нарыг зөв тогтоосон гэсэн учраас үйлчлүүлэгчийнхээ эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй байна. Шүүгдэгч Г.Т , хохирогч Б.Н гийн хооронд 10,000-30,000 төгрөгийн асуудал яригддаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч Б.Н  өмнө ярьж байгаагүй 1,190,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 1 сая төгрөгийг 2 дугаар сард дансаар өгсөн гэж ярьж байгаа боловч дансны хуулгаас харагддаггүй. Өөрөөр хэлбэл 4 сая төгрөгийн дансны хуулгаар харагдахгүй байгаатай адил гэж харж байна. 15,620,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хохирогч ярьж байна. Шилжүүлсэн гэх 1,000,000 төгрөг, 190,000 төгрөг хэрэгт авагдсан дансны хуулгаас харагддаггүй. 2 дугаар сарын 23-ны өдөр зээлийн хүү төлсөн гэж тайлбарлаж байна. Тайлбараас залилан мэхлэх гэмт хэрэг мөн биш эсэхэд эргэлзээ төрдөг, өдөр тутамд авч байсан 10,000-30,000 төгрөгийн мөнгө байдаг. Яагаад өдөр тутам авч байсан мөнгө гэж хэлж байгаа гэхээр хамгийн сүүлд 1 дүгээр сарын 10-ны өдөр мөнгө авсан байдаг. Улсын яллагчаас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мөнгө авсан гэж яллаж байгаа. Гэтэл 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 10,000-30,000 төгрөгийг авсан байдаг. Тэгэхээр яллах дүгнэлтэд дурдаж байгаа байдлаар гэм буруутай гэж тооцох нь эргэлзээ бүхий байдал байгаа юм. Мөн хохирогч үүнийг үгүйсгэж залилах гэмт хэрэг биш, мөнгө байна уу гэхэд нь өгсөн гэж ярьдаг, уг мөнгийг бусад этгээд рүү шилжүүлж цахим тоглоом тоглосон баримт байхгүй. Тийм учраас аль нь залилах гэмт хэрэг гэдгийг нарийн тооцож, хохирлын хэмжээг нарийн тогтоож шийдвэрлэх хэрэгтэй. Ингээд ярихаар би гэм буруугаа гэмшиж байгаа үйлчлүүлэгчийнхээ эсрэг зүйлийг ярьж байна уу гэх асуудал яригдана. Хохирлын хэр хэмжээг ярихаас өөр арга байхгүй. Хэдэн төгрөг орж, хэдэн төгрөг гарсан талаар шүүгдэгч Г.Т , хохирогч Б.Н  нарын аль аль нь мэддэггүй. Хохирогч Б.Н гээс тодруулахаар энэ талаар тодорхой хэлдэггүй. Хохирогч Б.Н  шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гараар бичсэн хохирлын задаргааг гарган өгч байна, гэтэл уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас тодруулж ярих шаардлагагүй байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийн хувьд тухайн гэмт хэрэг урд нь 2 удаа шийтгэгдэж байхад тасралтгүй үргэлжилсэн. Өөрөөр хэлбэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хурлын танхимд шийтгэх тогтоол гарч байхад энэ өдрийн өмнө болон маргааш нь мөн 2021 оны 12 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд гэмт хэрэг гарсан, өөрөөр хэлбэл өмнөх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, бичгээр гараагүй байхад гэмт хэрэг үйлдэгдээд байдаг, 2 гэмт хэргээс бусад нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад гарсан байх ёстой. Ийм мэтчилэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа санаа зорилгыг өөрөө болон шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл сэтгэцийн дараах эмгэг өөрлөлтүүд авсан замаараа мөнгөө авах гэсэн ганц зорилготой, маш өндөр стресст орчихсон, эргээд мөнгө авчихна гэсэн итгэл үнэмшлээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан асуудал харагдах байх. Миний хувьд энэ шалтгаан нөхцлүүдийг дурдаад байгаа нь шүүхээс гэм бурууг тогтоож, хохирлын хэр хэмжээг тогтоохдоо прокурорын  хохирол учруулж, бүрэн нотлогдсон гэх зүйлүүд хангалттай тогтоогдоогүй буюу хохирогч Б.Н гийн хохирол зөрүүтэй зүйл байгааг хэлмээр байна. 2 дугаар хавтаст хэргийн 241 хуудаст Т  хохирол бүрэн барагдуулсан, хохирлыг бүрэн төлсөн гэх тайлбараа 6 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн газарт өөрийн гараар өргөдлөө гаргаж, мэдүүлгээ өгсөн байдаг. Баримтаар ирээгүй гэх байдлаар хандаж байна, баримт яагаад хавтаст хэрэгт авагдаагүй гэхээр мөнгө бүрдүүлж үлдэгдэл мөнгөө шавхаад хохирол төлөх мөнгө дутаж, Г.Т-н ээж тэтгэврийн зээлээ нэмж аваад 420,000 төгрөгийг авч шилжүүлсэн. Г.Т бичиг баримтгүй болохоор хохирогч Т ын хохирол төлсөн баримтыг авч чадахгүй талаараа надад хэлсэн ба, ингээд хохирогч Т ын эхнэртээ нь утсаар ярихад бүрэн хохирлоо төлсөн баримтыг шүүхэд өгсөн, хэдний өдөр шилжүүлснээ мэдэхгүй, ээж нь шилжүүлсэн хоногоо мэдэхгүй, дансаа шүүхдээ дургүйцэж, хохирол төлсөн баримтаа өгсөн гэх байдал гаргасан. Шүүхийн журмаар дансны хуулгыг шүүлгэж авах боломжгүй учраас баримтгүй байж байна. Өмнө нь 241 дүгээр хуудас хохирлыг маань бүрэн барагдуулсан гэж мэдүүлсэн учраас хохирол төлбөр төлсөнд тооцож шийдвэр гаргаж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг нь торгуулийн ялын санкцитай тул торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх боломжгүй гэж үзэж байгаа бол үйлдсэн гэмт хэргийн хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ялыг хэрэглэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулж, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан. Мөн Г.Т нь гэр бүлийнхнийхээ төлөө ажилд орж, амьдралаа авч явах гэж байхад нь хүмүүжээгүй гээд хорихгүйгээр шийдвэрлэж өгөхийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршигийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан О.Э-н Цагдаагийн газарт гаргасан гомдол, О.Э-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч О.Э-н “...Г.Т гэж залуу надтай ирж уулзаад 6 сая төгрөгөө болиод 10 сая төгрөг зээлэх хэрэгтэй байна. Танаас авсан мөнгөөрөө цалингийн зээлээ чөлөөлөөд, эргүүлээд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. Ингээд 1 хоногийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 10 сая төгрөг зээлж авахаар болоод надаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дансаар 9.500.000 төгрөгийг дансаар, үлдсэн 500.000 төгрөгийг нь бэлнээр авсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-н “...манай нөхөр над руу утсаар яриад Эрдэнэтийн дулааны станцад инженер ажилтай нэг залуу ирээд нэг хоногийн хугацаатай цалингийн зээл чөлөөлүүлнэ гэж байна. 10 сая төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүн нь маргааш өдөр нь утсаа авахгүй алга болчихсон. Нөхөр маань араас нь хоёр гурван хоног хайж байгаад цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч С.А-н “...Г.Т гэж хүн 2021 оны 11 сараас 12 сарын хооронд мөнгө шилжүүлж байсан. Г.Т гэх хүн 1хbеt нэртэй сайтад спорт бооцоо тавьж тоглосон юм...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Би О.Э-той уулзаад би өчигдөр холбогдсон хүн байна. 6,500,000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх хэрэг болоод байна гээд өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээ үзүүлээд өөрийн гараар бичгээр гэрээ хийж мөнгө зээлж авсан...” гэх мэдүүлэг, Г.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, О.Э, С.А нарын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, М.Л-н депозит дансны хуулга, Г.Т-н Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Н.Б-ны Цагдаагийн газарт гаргасан гомдол, Н.Б-ны Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Н.Б-ны “...Т ийн зээлийг хаахаар болж, бичиг баримт хөөцөлдөхөд 70.000 төгрөг хэрэг болох байх гээд өөрийн ******  тоот данс руу 8.500.000 төгрөг шилжүүлж аваад орой 17 цагийн үед уулзахаар болж, Т ээс салсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Б  гэх хүнээс 8 500 000 төгрөгийг аваад мөрийтэй тоглоом тоглож өсгөөд хүмүүсийнхээ өрний асуудлыг хурдан цэгцэлье гэж бодож байсан. Би онлайнаар мөрийтэй тоглоод тухайн өдрөө бүх мөнгөө алдсан...” гэх мэдүүлэг, Хаан банкны ******  дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Д.А-н Цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Д.А-н “....2021 оны 12 сарын 28-ны өдөр найз болох Гансүх овогтой Т  нь Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх гээд хүмүүс ирж байгаа юм тэд нарт машинаар үйлчлэх хэрэгтэй байна найз нь өдрийнх нь түрээсийг өгье орой 18 цагт авчраад өгье гэж хэлээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.Х-ны  “...тухайн өдөр манай найз Г өөрийн ******   дугаараас залгаад найз нь нэг машин тавих хэрэг байна. Хашаанд чинь зай байна уу гэхэд зай байгаа ямар машин тавих талаар асуухад тоёота приус 30 тавина гэсэн юм, удаахгүй 2-3 хоногийн хооронд буцаагаад авна, надаас мөнгө зээлсэн хүний барьцаанд тавьж байгаа машин юм гэсэн. 2021 оны 12 сарын 28-ны өдөр 13 цагийн орчим приус 30 машин унасан залуу Галаа ах ярьсан уу би машин тавих гэсэн юм гэхэд би хаалга онгорхой байгаа хашаанд оруулаад ир гээд би дэлгүүрт сууж байгаад араас нь хашаа руу орж бичиг баримт, машины түлхүүрийг нь авсан...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээ, хохирогч Д.Галхүүгийн “...цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм, цалингийн зээл маань 7,000,000 үлдэгдэлтэй байгаа юм, зээлээ төлүүлчхээд нэмж аваад 3 хоногийн дотор буцаагаад өгчихье, барьцаанд нь Тоёота приус 30 загварын машин үлдээе гэхээр нь би тэр машиныг нь хэнийх юм бэ гэхэд өөрийнхөө машин гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н  “...Т  гэх найз маань ирээд мөнгө байвал зээлээч 1 сая төгрөг хэрэг болоод байна. Найз нь маргааш өдөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд надад мөнгө байхгүй. Миний нэг хуурай ах барьцаатай мөнгө гаргадаг юм. Чамд барьцаалах зүйл байвал яриад үзэхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд би Т эд хуурай ахынхаа гар утасны дугаарыг өгсөн...” гэх мэдүүлэг, Б.Т-той зээлийн гэрээ байгуулсан тухай баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Б.Т-н “...байрыг нь авъя гэж бодоод 18.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны *****  дугаартай Т  гэх хүний данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б ий “...ах над руу *****  дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс явуулсан, гүйлгээний утга дээр Б.Т  2-13 дугаар байрны урьдчилгаа гэсэн утга бичээд хийгээрэй гэж хэлхээр нь би тэгж бичээд Т  гэх хүний данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...би энэ байрны гэрчилгээ нь банкны барьцаанд байгаа 10 000 000 гаруй төгрөг байгаа гэж хэлэхэд уг хүмүүс байрны гэрчилгээ барьцаанд байгаа юм чинь нотариат ороод гэрээ хийх боломжгүй юм байна, хоорондоо гэрээ хийгээд чамд хэрэгтэй байгаа мөнгийг 18.000.000 төгрөг болгоод данс руу чинь шилжүүлье, гэрчилгээгээ авсны дараа үлдэгдэл мөнгөө нотариатаар орж гэрээ хийгээд байраа худалдаж авъя гэж ярилцсан....” гэх мэдүүлэг, П.Ш-н Хаан банкны депозит дансны хуулга,Г.Т-н Хаан банкны *****  дугаартай данс,  *******   дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г.Т-н Худалдаа хөгжлийн банкны *****  дугаартай дансны хуулга, Б.М-н  цагдаагийн газарт гаргасан гомдол, Б.М-тай   байгуулсан бичгэн зээлийн гэрээ, хохирогч Б.М-н  “...Худалдаа хөгжлийн банканд байгаа 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, та урьдчилгаа болгоод 15,000,000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ аваад худалдах, худалдан авах гэрээ хийе гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас түүний *****  дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Дараагаар нь дахин над руу залгаад та дахиж нэмээд 5,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэхэд нь чи эгч О     хэлээд түүний данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...байр худалдаж авахаар урьдчилгаа болгож 15,000,000 төгрөг шилжүүлэв гэж миний иргэний үнэмлэхийн лавлагааны ард бичгээр гэрээ бичиж авсан. Тэгээд миний Худалдаа хөглийн банкны *****  дугаартай данс руу 15,000,000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Дараагаар нь би 2-3 цагийн дараа дахин уг хүн рүү залгаж та 5,000,000 төгрөг нэмж шилжүүлэх боломж байна уу би банкнаас гэрчилгээгээ чөлөөлөхөд мөнгө дутчихлаа гэж хэлээд 5,000,000 төгрөг авсан юм, би тухайн мөнгийг өсгөхийн тулд интернэт тоглоомын сайр руу мөнгөө цэнэглэж тоглоод алдчихсан юм...” гэх мэдүүлэг, Б.Н гийн цагдаагийн газарт гаргасан гомдол, Г.Т-н *****  дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Б.Н гийн Хаан банкны дансны хуулга, Хохирогч Б.Н гийн “...би өөрийнхөө Хаан банкны 5094584557 дугаарын данснаас эхний өдөр Г.Т-н ******  дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5.400.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.600.000 төгрөгийг мөн данс руу шилжүүлсэн, энэ өдөр Г.Т нь дахин над руу яриад мөнгө дутчихлаа дахиад мөнгө байна уу гэж асуухаар нь би Зэс картад 4.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн чинь тэрийгээ аваад өгчих, нэг мөсөн 12.000.000 төгрөг чамаас аваад тендерийн мөнгө авангуутаа үндсэн мөнгөн дээр чинь нэмээд 3.600.000 төгрөгийг нэмж өгье гэж хэлээд би түүнд Зэс картаасаа Их хаадын цувааны махны дэлгүүр дээр очиж 4.000.000 төгрөгийг Зэс картаа пос машинд уншуулан тухайн махны дэлгүүрийн эзний данснаас 4.000.000 төгрөгийг Г.Т-н ******  дугаарын данс руу шилжүүлсэн. Өөрийн таньдаг эгч Ц.Баярмаагаас 1.800.000 төгрөгийг авч өгсөн, орой нь дахин над руу залгаж 500.000 төгрөг дахин зээлээч гэхээр нь би мөн Ц.Баярмаа гэх хүнээс 500.000 төгрөг аваад Г.Т рүү шилжүүлсэн, ажлын ахын таньдаг хүнээс 900.000 төгрөгийг зээлж аваад Г.Т-н худалдаа хөгжлийн банкны данс болох *****  дугаарын данс руу шилжүүлсэн, Мөн маргааш нь буюу 12 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр байх үед Г.Т нь над руу залгаад хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж хэлэх үед нь би Ц.Баярмаагаас 500.000 зээлээд Г.Т-д авч өгсөн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...Би Н-с     авсан мөнгөний заримыг нь бооцоот тоглоомын сайт руу оруулсан, зарим мөнгийг нь покер тоглоомын админ хийдэг хүн рүү шилжүүлээд буцаагаад өсгөж авсан...” гэх мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Г.Т-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.П-н   цагдаагийн газарт гаргасан гомдол, Г.Т-н Хаан банкны депозит дансны хуулга, хохирогч М.П-н   “…би түүний данс руу эхэлж 5.000.000 төгрөг шилжүүлсэн юм гэтэл уг залуу хэсэг хугацааны дараа мөнгө дутчихлаа дахин 1 000 000 төгрөг зээлчих нэг мөсөн тооцоогоо хийе гэхээр нь би дахин 1.000.000 төгрөгийг түүний ******  дугаарын данс руу шилжүүлсэн. Би Улаанбаатар хотоос ирсний дараа Т  гэх залуутай уулзахад зээл маань бүтэхгүй байна, зээл минь хойшилчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Т-н сэжигтнээр өгсөн “...тухайн өдрөө миний данс руу эхлээд 5.000.000 төгрөг, үдээс хойш нь 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд

1. Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн О.Эрдэнэ-Очироос Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженерийн ажил эрхэлдэг” гэж худал хэлж итгэл төрүүлэн, зээл чөлөөлүүлэх нэрийдлээр Хаан банкны ******  тоот дансаар 9 600 000 төгрөг, бэлнээр 400 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг авсан,

2. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Б аас “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженерийн ажил эрхэлдэг” гэж худал хэлж итгэл төрүүлэн, зээл чөлөөлүүлэх нэрийдлээр ХААН банкны ******  тоот дансаар 8 500 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Г-с “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад инженерийн ажил эрхэлдэг” гэж худал хэлж итгэл төрүүлэн, зээл чөлөөлүүлэх нэрийдлээр Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 7 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

4. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.А-д “Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх хүмүүст машинаар үйлчлэх хэрэгтэй байна, өдрийн түрээсийг нь өгнө” худал гэж хэлж Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг нь авч 18 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр суманд иргэн Б.Н д “тендерт шалгарсан, үлдэгдэл материалаа авах гэсэн юм, мөнгийг чинь эргэлдүүлж хүүтэй өсгөж өгнө гэж хэлж Хаан банкны ******  дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр 14 300 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 13 удаагийн гүйлгээгээр 2 870 000 төгрөг нийт 17 170 000 төгрөгийг шилжүүлэн авсан,

6. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд иргэн Б.Т од Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ***** тоот байрыг зарна гэж  Худалдаа хөгжлийн банкны *****  дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 18 000 000 төгрөгийг авсан,

7. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд иргэн Б.Мөнхзулд Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн ***** тоот байрыг зарна гэж Худалдаа хөгжпийн банкин дахь *****  тоот дансаар 20 000 000 төгрөгийг авсан,

8. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд иргэн М.Пагма-Оролмаад зээл чөлөөлүүлнэ” гэж Хаан банкны ******  дугаарын дансаар 2 удаагийн гүйлгээгээр 6 000 000 төгрөгийг авсан үйл баримтууд тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн, шууд санаатай үйлдлээр “зээл чөлөөлүүлнэ”, “тендерт оролцоно”, “орон сууц зарна” гэх зэргээр илтэд худал хэлж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 8 иргэнээс нийт 104 670 000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эрдэнэ-Очирт 10 000 000 төгрөг, Н.Б д 8 500 000 төгрөг, Д.Г-д 7 000 000 төгрөг, Д.А-д 18 000 000 төгрөг, Б.Н д 17 170 000 төгрөг, Б.Т од 18 000 000 төгрөг, Б.М-д 20 000 000 төгрөг, М.П-д 6 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Н  бусдаас хүүтэй мөнгө зээлж хохирсон гэх 2 752 634 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүхэд энэ талаар баримт ирүүлээгүй, уг нэхэмжлэл нь гэмт хэргийн хохирол хор уршигт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн улсын яллагч дүгнэлтдээ хохирогч Б.Т од учирсан хохирлооос 420 000 төгрөгийн хохирол төлөгдсөн тухай баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах санал гаргасан боловч хохирогч Б.Т  нь хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Г.Т-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Т нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд шүүгдэгч нь уг ялаас энэ өдрийн байдлаар 1 жил 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Г-н Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 3 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хохирогч Б.Н гийн 2 752 634 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А