Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар """ ХХК-ийн нэхэмжлэлтэй, """ д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: """ ХХК /РД:""" /,

Хариуцагч: """

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийн """ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч """ ХХК-ийн захирал Г.Ц, түүний өмгөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч """ ХХК-ийн захирал Г.Цаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: """"" ХХК нь """ аймгийн """ гэх нэртэй газарт 10489.29 гектар талбай бүхий XV-"" тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн.

2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрээр манай байгууллагад олгосон "" тоот дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Дээрх албан бичгийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дээд шатны албан тушаалтанд хүсэлт гаргасан боловч тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн.

2020 онд дэлхий нийтэд (Ковид-19)-цар тахал гарсантай холбогдуулан улс орнуудын Засгийн Газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалан авсан ба үүний адил Монгол Улсын Засгийн газраас Бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч байна.

Төрийн байгууллагаас авч байгаа арга хэмжээний улмаас ихэнх бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсон, эдийн засгийн хүндхэн байдалд орж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх санхүүгийн хувьд хүндрэл гарсан.

Манай байгууллагын хувьд өмнөх жилүүдийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухай бүрд нь бүрэн төлж байсан ба цар тахал, эдийн засгийн бодит хүндрэл учирсан энэхүү цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлттэй байсан.

... манай үйл ажиллагаа хайгуулын зүйл дээр жилдээ гардаг зүйл юм. Тэр зардлыг олохын тулд энэ компани үйл ажиллагаа явуулж мөнгөө олох ёстой байсан. Улмаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зогссон. Хайгуулын зардлаа гаргахын тулд бид нар мөнгө олж жилийн төлбөрөө өгч явах ёстой байтал ямар ч санхүүжилт байхгүй 0 хэмжээнд хүрсэн учир чадахгүй байгаа. Хил хаасан байсан. Мөн хариуцагч гадаад компанитай ямар ч гэрээ байгаагүй гэж байна. Тэр хүмүүс нь шууд гэрээ хийх боломжгүй гэсэн. Удирдах шатны хоёр хүн ирээд газраа үзээд гэрээгээ байгуулаад хөрөнгийн дараа дараагийн үйл ажиллагаа явагдана гэж яригдаж байсан. Надад бол бичгээр үзүүлэх орж ирсэн зүйл байхгүй. Тус хоёр хүн орж ирсэн бол бүх гэрээ хөрөнгө оруулалт орж ирэх ёстой байсан.

Дээрх цаг үеийн хүнд нөхцөл байдалд гаргасан захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа тухайн захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулж, оролцогчийг дуудаж сонсох ажиллагаа явуулах ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг хийгээгүй буюу шийдвэр гаргах ажиллагаа алдаатай болсон учир хүчингүй болгох үндэслэлтэй юм. """ ХХК-ийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тухайн төлбөрийг төлж дуусгах ёстой байсан. Гэтэл Засгийн газраас тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих буюу үүнээс өмнө өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь тогтоогдож байгаа учир ямар нэгэн байдлаар баримт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна. Тус нөхцөл байдлын хүрээнд төлбөрөө төлөх боломжгүй учир төлбөр төлөх хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэхгүй гэсэн захиргааны шийдвэр нь өөрөө хууль зөрчсөн буюу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулах зэрэг байдлыг зөрчиж гаргасан тул манайхаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргаж байгаа.

Мөн зөвхөн банкаар гүйлгээ хийгээд дуусах асуудал биш. Үүнийг банкаар гүйлгээ хийх шатанд очих шалтгаан нөхцөл байдал нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаан буюу хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан юм. Энэ хүрээнд тухайн нөхцөлд цаашид хамтран ажиллах байгууллагуудтай хил хаагдсаны улмаас хамтрах боломжгүй болж, гадаад улсаас түнш байгууллага орж ирэх боломжгүй болсон учир төлбөрийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Банкны гүйлгээ хийх асуудал тусдаа юм.

Захиргааны байгууллагаас гаргах шийдвэр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гарах ёстой. Энэ хүрээнд ямар нэгэн байдлаар оролцогчийн эрхийг хангаагүй болох нь тогтоогдож байна. Иймд захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн """ дугаар шийдвэрээр """ аймгийн "" сумын нутаг дэвсгэрт байрлах """ нэртэй 10489.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-"" дугаартай тусгай зөвшөөрлийг """"" ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 3""" зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө", 3""" зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасан.

Гэтэл """"" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлөөгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын XV-"" дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй болно.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8/5283 дугаартай албан бичгээр, мөн даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" """ тоот албан бичгээр тус тус """"" ХХК-ийн албан ёсны хаяг болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /СМСS/-д Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, """ тоот хаягаар хүргүүлсэн бөгөөд шуудангийн буцаалтаар ирээгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны """ сарын 26-ны өдрийн """ Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, Факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж заажээ.

..."""" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-"" дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан.

Мөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т хүндэтгэн үзэх шалтгааныг заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй шалтгаан нь дээрх шалтгаан нөхцөлд хамаарахгүй юм.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын үүргийг 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийг илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр цуцлагдсан. Өөр ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй бол тайлан төлөвлөгөө, менежментийн төлөвлөгөө батлуулаагүй. Энэ асуудал нь банкны төлбөр төлөхтэй холбоогүй. Гадаадын харилцагч орж ирэх нь төлбөр төлөхтэй мөн хамааралгүй. Танай тусгай зөвшөөрлийн тухайд төлбөрөө төлөөрэй гээд хариуцагч байгууллагаас мэдэгдэл явуулаад байна. Мэдэгдэл явуулсны дараа манайх ийм хүндэтгэх үзэх шалтгаантай байна гээд танайх өөрсдөө манайд албан бичиг хийгээд үүний дагуу сонсох ажиллагаа хийнэ. Тэрнээс биш танайх хүрээд ирээрэй гээд сонсох ажиллагаа хийхгүй. Үүний ялгаа заагийг ойлгоно уу.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч бол төлбөрөө төлөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д төлбөр төлөх талаар тодорхой заасан. Энэ үүргийг нэхэмжлэгч компани хэрэгжүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацаа төлөх асуудлыг хойшлуулна гэдэг заалт байхгүй. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуульд тодорхой заасан. Ашиг олоогүй бол хүндэтгэн үзэх шалтгаан гэж заагаагүй. Хэлж байгаа тайлбар хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч """ ХХК-иас анх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийг илт хууль бус актад тооцуулах тухай нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан.

Тус компанийн захирал Г.Цаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны """ шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан тул шүүх уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

""" ХХК нь тусгай ээлжит жилийн төлбөрийг алдангийг хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийн холбогдох заалтаар XV-"" тоот тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэлээ Ковид-19 цар тахлын улмаас улмаас улс даяар хөл хорио, хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан байхад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс """ ХХК нь хуулиар хүлээсэн ээлжит жилийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй, Засгийн газраас тогтоосон хөл хорио нь банкны гүйлгээ хийхэд нөлөөлөхгүй гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч """ ХХК нь """ аймгийн "" сумын нутагт """ нэртэй 10489,29 гектар талбай бүхий XV-"" тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан байх ба тус тусгай зөвшөөрлийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөгдсөн болох нь тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад бичигдсэн тэмдэглэл, төлбөрийн баримт, Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн төлбөрийн мэдээгээр тус тус тогтоогдов(хавтаст хэргийн 114-120 дахь талд).

Уг тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон болон """ ХХК нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий актаар хайгуулын XV-"" тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 3""" зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална 56 дугаар зүйлийн 56.1-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заасанд нийцсэн шийдвэр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах...32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй болохоо нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, нотлох баримт гаргаж маргахгүй байх тул хуульд заасан төлбөр төлөх хугацаа дуусгавар болсны дараа тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

 

Гэвч нэхэмжлэгч талын Ковид-19 цар тахлын улмаас улмаас улс даяар хөл хорио, хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан байхад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус гэх тайлбарыг бас бүрэн үгүйсгэх боломжгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын

- 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15""" тогтоолоор Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж,

- 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж,

- 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15""" тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж шийдвэрлэсэн байх ба эдгээр тогтоолуудад дурьдсан хугацаа нь XV-"" тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг урьдчилан төлөх болон ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацааг тус тус хамарч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ээлжит жилийн төлбөрийг дансанд төлөх ёстой бөгөөд Засгийн газрын тогтоолуудаар банкны цахим гүйлгээг хязгаарлаагүй гэх тайлбарыг хүлээж авахуйц боловч тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах боловч уг хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хэрхэхийг уг хуулиар зохицуулаагүй, харин ерөнхийлөн зохицуулсан хууль болох Захиргааны ерөнхий хуулийн 2""" зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан үүргийн хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч талын Ковид-19 цар тахлын улмаас улмаас улс даяар хөл хорио, хязгаарлалт тогтоосон, нэхэмжлэгч хуулийн этгээдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй байсан гэх тайлбарт шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай аман байдлаар ярилцаж тохиролцсон байсан боловч Засгийн газрын шийдвэрийн улмаас хилээр нэвтрэх боломжгүй болсон. Манай компани нь цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн хайгуулын зардлаа өөрөө санхүүжүүлсэн нь санхүүгийн тайланд тусгагдсан байгаа гэж тайлбарласан болон цар тахлын нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжгүй байсан нөхцөлд байсан эсэхийг шалган тогтоох талаар аливаа ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргахдаа үнэлээгүй байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн """ зүйлийн 4.2.5-д заасан ... бодит нөхцөл байдалд тохирсон... байх зарчимд нийцэхгүй шийдвэр болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийн """ ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн """ зүйлийн 4.2.5, 2""" зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийн """ ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан """ нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тодруулж нотолсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан """ нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн """ шийдвэрийн """ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11""" зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ