Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Б

 

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч:  “Тавантолгой түлш” ХХК

Хариуцагч: “Тавантолгой түлш” ХХК-иас зарласан ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Г и о” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г и о” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний хорооны зөвлөмж/-ийн 2 дахь хэсэг болох “Г и о” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК болон “Г и о” ХХК-ийн хооронд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Тавантолгой түлш” ХХК-д даалгах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1038 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, Х.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0687/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ““О” ХХК-аас “Тавантолгой түлш” ХХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон тендео шалгаруулалтын хүрээнд “Г и о” ХХК-ийг шалгаруулсан, “О” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр, мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах, “Г и о” ХХК-той байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” /агуулга/-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1038 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 98 дугаар зүйлийн 98.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27 дугаар зүйлийн 27.5, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл, “Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г и о” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний хорооны зөвлөмж/-ийн 2 дахь хэсэг болох “Г и о” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, “Тавантолгой түлш” ХХК болон “Г и о” ХХК-ийн хооронд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож, ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Тавантолгой түлш” ХХК-д даалгаж, 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д заасныг баримтлан ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О” ХХК-д гэрээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш арван дөрөв хоногийн дараа эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Хариуцагчийг буюу үнэлгээний хорооны үйл ажиллагаа, шийдвэрийг Орхон аймгийн нэр бүхий иргэнээс гаргасан гомдлын дагуу АТГ-аас шалгасан ба энэ талаарх шалгалтын дүнгийн лавлагааг манай талаас шүүхэд нотлох баримтаар өгөх зорилгоор хүсэхэд АТГ-ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/20489 тоот албан бичгээр хариуг өгсөн бөгөөд түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг дурдан, шүүхийг үүргээ биелүүлэхийг сануулсныг хүлээн авсангүй. АТГ-ын уг шалгалтын дүн нь Үнэлгээний хорооны гаргасан үр дүнг зөв буруу эсэхийг нотолсон чухал нотолгооны баримт байсан юм. Шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгэн, авч үнэлсэн бол авлигад холбогдсон нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл үгүй болох байлаа. Тодруулбал хариуцагчаас шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүргийнхээ дагуу шүүх хуралд цохон дурдсаар атал шүүх нь үүргээ биелүүлээгүй, нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж гомдож байна. 

3.2. Үнэлгээний хорооноос нэхэмжлэгч “О” ХХК-ийг “Э ү” УҮГ-ын катерингийн тендерт 2017-2019 онуудад оролцохдоо авлигал өгөх гэмт хэрэг удаа дараа үйлдсэнийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/190, мөн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20231/ШЦТ/462 тогтоолуудаар батлагдаж байна гэж шалгаруулалтын 2 дахь удаагийн үнэлгээнээс хасаж шийдвэрлэж, 3 дахь удаагаа Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ДШМ/41 дугаартай магадлалыг үндэслэн “тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангасан” гэж үнэлсэн хэдий ч хамгийн бага үнийн санал өгөөгүй үндэслэлээр шалгаруулаагүй билээ.

Үнэлгээний хорооноос дээрх 2 удаагийн шийдвэрүүдийг гаргахдаа оролцогч “О” ХХК нь “нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх эрх”-ээ ирээдүйд шүүхийн шийдвэрээр хасуулах эрсдэл байгааг үндэслэл болгосныг шүүхээс огт үнэлсэнгүй. Мөн нэхэмжлэгч "О” ХХК-ийг болон тус хуулийн этгээдийн эрх бүхий этгээд Ш.Дыг гэм буруутай болохыг тогтоосон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг нэхэмжлэгчээс шүүх нотлох баримтаар авсан хэдий ч мөн л үнэлсэнгүй.

3.3. Анхан шатны шүүхийн хамгийн сайн тендер гэх талаар буруу дүгнэж үндэслэсэн бөгөөд тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх гэдэг нь 2 тусдаа үе шат бөгөөд Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 тоот зөвлөмжид зөвхөн үнэлгээг дахин хийхийг даалгасан болохоос хянан үзэхийг үнэлгээний хороонд даалгаагүй болохыг анзаарч үзсэнгүй.

3.4. Үнэлгээний хороог АТГ-аас шалгаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан этгээд, оролцогчийг шалгаруулаагүй нь зөв болохыг мөн нотлох баримтаа шүүхийн журмаар авахыг албан тоотоор ирүүлээд байгааг орхигдуулсан. Шүүхээс хуралдааныг хойшлуулан Орхон аймгийн шүүхээс лавлагааг залхуурахгүйгээр дахин авсан бол Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоол эцэслэн батлагдсан буюу хүчин төгөлдөр болсон эсэх нь ойлгомжтой болох байсан. Тэгэхгүйгээр шийдвэрлэсэн нь үнэлгээний хороо, манай компанийг авлигын гэмт хэрэгт орооцолдсон аж ахуйн нэгж, захиралтай гэрээ байгуул хэмээн хууль зөрчсөн үйлдэл хийхийг даалгасан болж байна.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биеийг хэргийн материалтай танилцаагүй байхад, нэхэмжлэлээ шүүх гардуулж өгөөгүй байхад, эрх үүрэгтэйгээ танилцаагүй байхад урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж хууль зөрчсөн. Миний бие анхны хуралдаан буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ирэхдээ нэхэмжлэлээ гардан авч, анх удаа эрх, үүрэгтэйгээ танилцсан бөгөөд тэрнээс урьдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй, шүүх оролцуулаагүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Анхан шатны шүүх Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, даалгах шийдвэр гаргахдаа Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр гомдол хянасан албан бичигт дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба маргалдагч талуудын нотлох баримт, хэрэгт авагдсан тендерийн бичиг баримтад харьцуулсан дүгнэлт, ишлэл, жишээ дурдалгүйгээр нотлох баримтыг үнэлэх, нотлох ажиллагаануудыг дутуу хийж “Г и о” ХХК руу хэт чиглэсэн, нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Мөн шүүх шийдвэр гаргахдаа “Тавантолгой түлш” ХХК-ийн Үнэлгээний хорооны хурлын ““О” ХХК нь тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангасан” байна гэх дүгнэлтийг үндэслэл болгосон. Үнэлгээний хорооны “О” ХХК-ийн тендерийн материалыг ерөнхий шаардлага хангасан байна гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэл болгохдоо “Г и о" ХХК-ийн ирүүлсэн материалыг шаардлага хангасан, мөн хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж шалгаруулсан шийдвэрийг нотлох баримтын хүрээнд үнэлэлгүйгээр орхигдуулсан.

4.3. “О” ХХК-ийн захирал Ш.Дыг “Э ү” ХХК-иас 2016 он зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” ХХК шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад хахууль өгсөн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтанд хээл хахууль өгөх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоол гарчихсан байхад тендерт оролцох эрхгүй этгээдийн даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна.

4.4. “Тавантолгой түлш” ХХК болон “Г и о” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу “Г и о” ХХК-иас хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 300,000,000 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг оруулсан ба энэхүү гэрээний хэрэгжилтийг тодруулахгүй, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашигт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр гэрээг илт хууль бусад тооцсон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэр гэж үзэж байна.

4.5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “TTTXXK/240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О” ХХК-д гэрээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дараа эрхзүйн үйлчлэлгүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШШ2024/1038 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд бусад хэргийн оролцогчийн татгалзлын үндэслэлд хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн зохицуулснаас гадна,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг талуудын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны акт, захиргааны гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. “О” ХХК-иас “Тавантолгой түлш” ХХК болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1754 дугаартай “О” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/1753 дугаартай “Г и о” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний хорооны зөвлөмж/-ийн 2 дахь хэсэг болох “Г и о” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Тавантолгой түлш” ХХК болон “Г и о” ХХК-ийн хооронд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн тул “О” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг “Тавантолгой түлш” ХХК-д даалгах” нэхэмжлэл гаргасан.

4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… тендерийн хууль тогтоомж зөрчиж, тендерт оролцож өрсөлдөх, хуулийн дагуу шалгарч ажил гүйцэтгэх боломжийг хууль бусаар хязгаарласан, Сангийн яамны шийдвэрийг биелүүлэлгүй, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй компанид гэрээ байгуулах эрх олгосон, хариуцагчийн хувьд нийтийн хоол үйлдвэрлэл явуулах эрх нь хасагдах эрсдэлтэй гэх асуудал ярьдаг ч Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “О” ХХК-д холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй гэж дүгнэсэн учраас эрсдэл байхгүй” гэж тодорхойлж маргасан.

4.2. Хариуцагчаас “… Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийх үед тодруулга авахад Орхон аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 462 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж “О” ХХК болон түүний захирал Ш.Д нарт торгох ял ногдуулж, уг хуулийн этгээдийг нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллаага явуулах эрхийг нь хасч шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон тул хуулийн ерөнхий шаардлага хангаагүй гэж хассан, “О” ХХК-ийн гомдлыг хянасан Сангийн яамны 03/5844 дүгээр бичгийн дагуу Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар тендерийн хуулийн 7.1-д заасан ерөнхий шаардлагыг хангасан гэж үзсэн, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Г и о” ХХК-ийг шалгаруулсан, гуравдагч этгээдийн алдаа зөрчлийг гүйцэтгэл болон өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн” гэж, гуравдагч этгээдээс “…манайх тендерийн баримт бичигт нийцүүлэн материалаа бэлтгэж хүргүүлсэн, хамгийн бага үнэ санал болгосон тул тендер шалгаруулалт хуульд нийцсэн, нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан ерөнхий шаардлагыг хангахгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

5. Хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримттай харьцуулан үзэхэд;

5.1. Тавантолгой түлш” ХХК нь ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээхэд “О” ХХК, “Г и о” ХХК /түншлэлээр/, “Эколожикал техноложи” ХХК нарын 3 хуулийн этгээд оролцсон ба “Г и о” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан захиалагчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг “О” ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11/4404 дүгээр албан бичгээр хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.  

5.2.  Үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, дахин үнэлгээ хийхдээ “О” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан ерөнхий шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр ирүүлсэн тендерээс татгалзаж, “Г и о” ХХК-ийн түншлэлийг дахин шалгаруулсан.

Сангийн яам нь “О” ХХК-ийн гаргасан гомдлоор хянаад, захиалагчийн уг шийдвэрийг мөн л хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх талаар 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 дүгээр албан бичгээр мэдэгдэхдээ, /“О” ХХК, Ш.Д нарт холбогдох/ эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүйг дурдахын зэрэгцээ энэ талаар холбогдох байгууллагаас тодруулж, тухайн шүүхийн шийдвэрт дурдсан асуудал нь худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эсэхийг нягтлахыг шаарджээ.

5.3. Үнэлгээний хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, “О” ХХК-ийн тендер ерөнхий шаардлага хангасан болохыг дүгнэсэн ч хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр Г и о” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан.

5.4. “О” ХХК, Ш.Д нарын иргэн, хуулийн этгээдэд холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн 1925007070103 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож торгох, хуулийн этгээдийн нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллаага явуулах эрхийг хасах шийтгэл оногдуулсан бол Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.5. Улмаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцээд, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024ШЦТ/462 дугаар шийтгэл тогтоолоор, Ш.Дыг Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”,  7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ: 7.1.6. дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон: 7.1.6.в. оролцогчийн Компанийн тухай хуулийн 84.1-д заасан эрх бүхий албан тушаалтан”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.2.шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай; 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж,

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, … зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заасан.

7. Хуулийн дээрх зохицуулалтыг энэ хэсгийн 4-5-д заасан маргааны үйл баримт, талуудын шаардлага ба татгалзлын үндэслэлтэй харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч “О” ХХК нь тендер ирүүлэхдээ оролцогчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан эсэх, энэ хүрээнд “О” ХХК болон түүний гүйцэтгэх удирдлага болох эрх бүхий албан тушаалтан Ш.Д нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэхийг тогтоох нотлох баримтыг цуглуулсны дүнд нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэхийг бодитоор дүгнэх боломжтой, цаашилбал энэ нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг ч тодорхойлох хүчин зүйл болох тул эдгээр асуудалд зайлшгүй эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

8. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, шүүхээр сэргээн тогтоолгохоор шаардаж буй нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхол нь хуулийн дагуу үүссэн эсэх үйл баримтыг тогтоох ажиллагаа хийгээгүй, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

9. “Тавантолгой түлш” ХХК-иас ТТТХХК/20240103209 дугаартай Катеринг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо байгуулж, тендерийн баримт бичиг боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан аливаа хугацаанд, тодруулбал 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тендер нээж, Үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 30-нд /3 дахь удаагаа/ оролцогчдын ирүүлсэн тендерийг үнэлж, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Г и о” ХХК-тай гэрээ байгуулсан бүхий л хугацаанд уг тендерт оролцогч “О” ХХК, түүний гүйцэтгэх захирал Ш.Д нарыг “хээл хахууль өгөх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай эсэх буюу тухайн хуулийн этгээдийн хувьд тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангахгүй гэх үндэслэл бий эсэхийг тогтооход чиглэсэн эрүүгийн хэрэг шүүхэд хэлэлцэж байсан.

10. Захиалагчийн зүгээс Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03/5844 дүгээр албан бичгийг хүлээн авсны дараа, дээрх асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архив, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулга авч “… шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул ерөнхий шаардлага хангасан” гэж дүгнэжээ.

11. Харин анхан шатны шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөн лавлагаа авсан боловч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар хариу ирүүлсэн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.

12. Тухайн тохиолдолд “О” ХХК, гүйцэтгэх захирал Ш.Д нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн эсэх; эсхүл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн эсэхээс хамаарч нэхэмжлэгч нь тендерт оролцогчийн ерөнхий шаардлагыг хангасан эсэх, улмаар зөрчигдсөн хэмээн тодорхойлж, шүүхээс хамгаалалт хүсч буй эрх нь хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхийг тодорхойлох тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байхад энэ талаар хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... давж заалдах гомдол гараагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж тайлбарлах боловч энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс тогтоогдсон үйл баримт гэж дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... Ш.Д нь гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн тул эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн эсэх нь энэ шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй” гэх тайлбарыг ч хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6.в-д заасан зохицуулалтыг Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай холбогдуулан авч үзэхэд, оролцогч ерөнхий шаардлагыг хангах эсэхийг тодорхойлох уг нөхцлийн хувьд эрх бүхий албан тушаалтан нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарах агуулгаар тайлбарлан хэрэглэх нь хуулийн зорилгод нийцнэ. 

14. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлд буюу хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                 ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ