Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       З.Тийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэртэй

З.Тийн нэхэмжлэлтэй

О.О, О.О нарт холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8 905 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “З.Т би 2016.07.20-ны өдөр сум, багийн саахалт айл болох малчин О.О, түүний эхнэр О.О нартай харилцан тохирч өөрийн хонин сүргээсээ сувай эм хонь 100 толгой /нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр/, сувай эм ямаа 50 толгойг /нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр/, нийт 13 000 000 төгрөгөөр худалдсан. О.О, О.О нар нь худалдаж авахдаа өөрийн том хүү Баярбаасан, бага хүү Баажаа нарын хамт ирээд манай ач хүү Дамбийжанцан, Очиржанцан нараар туслуулан хонины хашаанд хонь, ямааг хашиж байгаад нэг бүрчлэн шилж ялгаж авсан. Худалдаж авсан хонь, ямааны үнэ болох 13 000 000 төгрөгийг 2016.11 сард өгөхөөр харилцан тохирсон. Гэвч 2016.11 сард О.О, О.О нар манайд ирээд “тохирсон хугацаандаа  мөнгөө өгч чадахгүй нь” гэж хэлэхээр нь би “ах нь мөнгөө түргэн авмаар байна” гэсэн. Түүнээс хойш нэхүүлж байж 4 000 000 төгрөг төлсөн. Мөн хонь, ямаа худалдаж авсан өдрөө нэг хонины үнэ 95 000 төгрөг төлсөн. Би удаа дараа О.О, О.О нараас мөнгөө нэхсэн боловч үлдэгдэл мөнгө болох 8 905 000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй арга саам хийгээд бултаж зугтаад байна. 2017.06.20-дын үеэр би өөрийн биеэр О.Оынд очиж үлдэгдэл мөнгөө нэхэхэд эхнэр О.О нь байсан. Харин нөхөр О.О нь гэртээ байхгүй байсан. Эхнэр О.О нь “2017.07.20-ны өдөр тохирсон ёсоор үлдэгдэл мөнгийг төлнө. 100 хонийг нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр, 50 ямааг нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан” гэж бичээд гарын үсгээ зурж өгсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр О.О энэ бичгийг өөрөө бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд хариуцагч О.О, О.О нараас малын үнэ болох 8 905 000 төгрөг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нарын малын хашаа  худалдсан гэж ярьж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй.” гэжээ.

          Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: “2016.07.29-ний өдөр З.Т гуайгаас 100 хонь, 50 ямааг 2017.07.20-ны өдрийн дотор үнийг төлөхөөр  зээлээр худалдаж авсан нь үнэн. Тухайн үед З.Т гуай “ах нь нас өндөр болж мал маллахад бие дийлэхээ болилоо, хүүхдүүдээ бараадаж Улаанбаатар хот руу шилжих байх, ах нь олон жил малын бэлчээрийг чинь хааж малын хашаа барьж өвөлжлөө, ах нь малын хашаагаа тэд эд гэж үнэлээд яахав, 100 эм хонь, 50 ямаатай нийлүүлээд 13 000 000 төгрөгөөр авчих” гэхээр нь бид хоёр зөвшөөрч тохиролцсон. 2017.05 сард З.Т гуай өөрийн биеэр ирээд “ах нь бие өвдөөд хэцүү байна, чи надад “100 эм хонь, 50 эм ямааг нийт 13 000 000 төгрөгөөр авсан нь үнэн” гэсэн бичиг хийгээд өг” гэхээр нь “таны тохиролцсон наймаа буюу малын хашаагаа 13 000 000 төгрөгт оруулах хэвээрээ биз дээ?” гэж асуусан. Тэгэхэд З.Т гуай “хэвээрээ байлгүй яахав, манайх малын хашаандаа гэрчилгээгээ гаргуулж аваагүй болохоор зарж болохгүй байна, та хоёр манайхыг  зусландаа буухаар хашаагаа янзлаад  аваарай, одоо 100 хонийг нэг бүрийг нь 95 000 төгрөгөөр, 50 ямааг нэг бүрийг нь 70 000 төгрөгөөр тооцоод нийт 13 000 000 төгрөгөөр авсан гэж бичээд малчны тамгаа дараад өгчих” гэхээр нь манай эхнэр О.О хөгшин хүнийг худал хэлэхгүй байх гэж  хүндлээд бичээд өгсөн байсан. Дараа нь намайг “эхнэрийнхээ бичиж өгсөн бичиг дээр гарын үсгээ зураад малчны тамгаа дараад өгөөч” гэж олон удаа гуйхад нь би “манайд  зарна гэж тохиролцсон малын хашааны чинь гэрчилгээ байна уу, би нэр дээрээ шилжүүлж авчихаад нөгөө бичиг дээр чинь гарын үсгээ зураад тамга дараад өгье” гэж хэлсэн. Тэгэхэд “малын хашааны гэрчилгээ байхгүй” гэхээр нь би  гарын үсэг зурж малчны тамгаа дараагүй. Эхнэр бид хоёр З.Т гуайд малын хашаа болон 150 бог маланд нийт 13 000 000 өгнө гэж бодож байсан. 2017.08 сард З.Т гуай “би эмнэлэгт хэвтсэн, мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь “та тохирсон ёсоороо хашаагаа өгөхгүй наймаагаа буцааж байгаа юм чинь таниас авсан 100 эм хонь, 50 ямааг чинь тоо ёсоор нь буцааж  өгье” гэсэн. Тэгэхэд “тэгвэл 100 хонийг нь зараад мөнгийг нь явуулчих” гэхээр нь өөрийнхөө малаас хоёр тасдаж нийт 100 эм хонь Улаанбаатар хот руу авч яваад Эмээлт малын зах дээр нэг бүрийг нь 50 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгөөр зарж замын зардалд 1 000 000 төгрөгийг хасч үлдэх 4 000 000 төгрөгийг хоёр тасдаж 8, 9 сард З.Тийн охин Т.Батцэцэгийн ХААН банкных нь дансаар шилжүүлсэн. Тэгээд 50 ямааг буцааж өгөх гэсэн боловч шүүхэд өгсөн байна. Одоо нэгэнт З.Т гуай тохирсон ёсоор малын хашаагаа өгөхөөс татгалзаж байгаа тул анх хийсэн наймаагаа буцааж З.Т гуайд 100 эм хонь, 50 эм ямааг тоо ёсоор нь өгч, түүнд шилжүүлсэн 4 000 000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна. Тухайн үеийн буюу 2016.07 сарын ханшаар эм хонины үнэ 95 000 төгрөг, эм ямааны үнэ 70 000 төгрөг байгаагүй. Малын хашаагаа л хамт өгнө гэсэн болохоор ийм өндөр  үнээр бичиж өгсөн. Сүүлд бид хоёр 100 эм хонио  зарж борлуулсандаа  хохироод байна.” гэжээ.

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.О, О.О нараас 8 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Тид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 430 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, О.О, О.О нараас 157 430 төгрөг гаргуулан З.Тид  олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймгийн Хайрхан сумын иргэн З.Тийн нэхэмжлэлтэй тус сумын иргэн О.О, О.О нарт холбогдох 8 905 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ миний бие тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ/2018/00083 дугаартай шийдвэрийг 2018.01.31-ний өдөр гардан авсан ба уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцогдоогүй, хуульд заасан журмаар гэрээнээс татгалзаагүй, гэрээг цуцлаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл болох сувай эм хонь, сувай эм ямааны үнэ 8 905 000 төгрөгийг /13 000 000-4 095 000/ хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв” гэжээ. 2016.07 сард нэхэмжлэгч З.Т нь хариуцагч О.О, О.О нар үнийг төлөхөөс өмнө 100 тооны хонь, 50 тооны ямааг болон хаваржааны хашааг шилжүүлэх, хариуцагч нар нь үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээснээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний зорилго тодорхойлогдсон байна гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч З.Тийн хувьд хариуцагч О.Отай хоёулхнаа байхдаа хаваржааны хашаагаа худалдах талаар аминчлан хэлцэл хийсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр өгсөн тайлбараас харагддаг. Энэ тохиролцооны талаар хариуцагч нар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй болохоо мэдсэн цаг мөчөөс эхлэн удаа дараа хэлдэг. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараас харахад нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль нь хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч хаваржааны хашаагаа өгөхөөр хэлэлцэн тохирсон тохирооноосоо буцсан учир хариуцагч нарын хувьд нэхэмжлэгчийг хэлэлцэн тохирсон бүх наймаагаа буцаасан гэж ойлгон 100 тооны хонь, 50 тооны ямааг тоо ёсоор нь буцааж өгч, урьдчилгаанд төлсөн 4 100 000 төгрөгийг буцааж авах талаар нэхэмжлэгчид хэлсэн байдаг. Талууд гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь тэднийг гэрээнээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ингэсэн тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэг хүлээнэ. Хариуцагч тал 2016.9-10 сард 100 тооны хонь зарж нэхэмжлэгчид 4 000 000 төгрөг, анх хонь, ямаа авахдаа хишиг болгож 100 000 төгрөг, нийт 4 100 000 төгрөг өгсөн байдаг. Хэргийн материалд авагдсан хариуцагч О.Оын зээлээр худалдаж авсан бог малын тоо, үнэ, чанарын талаар нэхэмжлэгч З.Тид бичгээр бичиж өгсөн гэх хэлцэлд хариуцагч нар болон нэхэмжлэгчийн хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гарын үсэг зураагүй. Шүүх шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр бус хэлцэлд дүгнэлт хийж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Мөн бөөнөөр нь худалдаж авсан хонь, ямааны үнийг жижиглэнгийн үнээр бодож, зах зээлээс хэт давсан өндөр ханшаар тооцож, хариуцагч нараас үнийг гаргуулж талуудын тэгш эрхтэй байх зарчимд харшлахаар шийдвэр гаргасан байна. “Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн” гэж дурдсан боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон талаар болон ямар нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, эсхүл хуульд заасан хэлбэрээр бэхжигдээгүй талаар шийдвэрт дурдаагүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ/2018/00083 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

З.Т 2017.10.06-ны өдөр О.О, О.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016.07 сард байгуулагдсан 100 тооны сувай эм хонь, 50 тооны сувай эм ямаа худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8 905 000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх-1/

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх 11-12/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагч нараас малын үлдэгдэл төлбөр 8 905 000 төгрөг гаргуулсан байна.

 

Шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэрээгээр худалдаж авсан хонь, ямааны үнэ болох 13 000 000 төгрөгийг 2016.11 сард өгөхөөр харилцан тохирсныг үүрэг гүйцэтгэх хугацааны талаархи тохиролцоо гэж үзэхээр байгаа бөгөөд хүү төлөхөөр тохиролцоогүй байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасан зохицуулалтад нийцээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй. 

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр З.Т нь 100 тооны сувай эм хонь, 50 тооны сувай эм ямаа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, О.О, О.О нар гэрээнд тохирсон хугацаанд худалдагчид 13 000 000 төгрөг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

О.О, О.О нар нь хонь, ямаанаас гадна малын хашааг хамтад нь 13 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж /хх 11-12/ тайлбарлаж байх боловч хариуцагч нар энэ тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагч О.О 100 хонь, 50 ямааны үнэд 13 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан /хх-29/ тухай баримтыг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй тул шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 129/ШШ2018/00083 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262 дугаар зүйлийн 262.1, 242 дугаар зүйлийн 242.11” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 157 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                      Д.БЯМБАСҮРЭН