Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 03

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр

улсын яллагч Д.Ганчимэг

шүүгдэгч И.Нямдаваа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ишжанцангийн Нямдаваад холбогдох эрүүгийн 201608000080 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Усны 2-12б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тайж овгийн Ишжанцангийн Нямдаваа /РД: ЧВ80041364/

 

Холбогдсон хэргийн талаар

/прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч И.Нямдаваа нь “ Сод монгол” группын “Алхана Трейд” ХХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” группийн Говьсүмбэр аймаг дахь салбарын Шатахуун түгээх станц-55 ажлын байран дээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр саравч засварлах ажлыг өөрийн ажилтнуудаар гүйцэтгүүлэх явцдаа цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан нарт болон өндрийн шатыг угсрах зааврын дагуу угсарсан эсэхэд хяналт тавиагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2 дахь заалт буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах заалтыг зөрчсөн, мөн “Сод Монгол” групп ХХК-ний гүйцэтгэх захиралын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/465 дугаартай  тушаалын 6-р хавсралтын “ Шатахуун түгээх станцын эрхлэгчийн гал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 2.2-д: “…Ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих…”, мөн зааварчилгааны 3.9-д: “ажилтнуудыг мэргэжлийн ангиллын дагуу зайлшгүй хэрэглэгдэх хувийн хамгаалах хэрэгсэл, хувцсаар хангах талаар байнга анхаарч, судалгаа жагсаалтыг гаргаж цаг хугацаанд нь гал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерт захиалга өгч батлагдсан норм, нормативийн дагуу хувцас хэрэгслээр хангуулах, тэдгээрийг хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах..” гэсэн тушаал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас И.Нямдаваа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй атлаа энэ үүргээ биелүүлээгүйгээс цахилгаанчин-засварчин У.Үнэнбат, түгээгч-хамгаалагч Х.Ариунзаяа нар нь өндрийн угсардаг шатан дээрээс унаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

 1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч И.Нямдаваагийн:  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эрхлэгчээр түр ажиллаж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос шалгалт ирээд саравчаа зас гэсэн даалгавар өгсөн. Миний мэдэж байгаагаар энэ саравч 2013 оноос хойш эвдэрсэн байсан. Шалгалтын дараа Улаанбаатараас саравч засах хавтан ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр саравчийг засах байсан боловч Үнэнбат согтуу ажилдаа ирэхээр нь би болъё, маргааш засая гээд буцаасан. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн өглөө утсаар Үнэнбаттай ярьж саравчаа засах уу гэхэд за одоо очлоо гэсэн. Үнэнбатыг ирсэний дараа би Ариунзаяа, Баяраа ах хоёрыг дуудсан. Тухайн өдөр нэг салхилаад, нэг гайгүй болоод байсан. Миний бодлоор гайгүй тогтуун өдөр байсан. Би өөрөө өндөрийн мэдлэггүй. Түр ажиллаж байсан дадлага туршлага муутай учраас ийм алдаа гаргачихлаа гэсэн мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч И.Нямдаваагийн: 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ээлж сольчиход байж байхад манай ажлын засварчин, цахилгаанчин Үнэнбат ирчихлээ та 2 хүрээд ир гэж ярьсан. Ариунзаяа, Баяраа нарыг ирэх хооронд Үнэнбат шатаа ганцаараа угсраад дуусаж байсан. Ажил эхлэхээс өмнө Үнэнбат, Ариунзаяа , Баяраа нарт саравч засаж байгаад унах аюултай тул анхаарах гэж зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулсан. Тэгээд тэд нар саравч янзлах ажлаа хийсэн. Тэр үед Баяраа ах бид 2 доор нь байсан бөгөөд дээр шатанд Үнэнбат, Ариунзаяа нар байсан. Засварын ажил явагдаж байхад би хэрэгцээтэй зүйлийг нь нааш цааш нь явж дөхүүлж өгөөд байнга л хамт байсан. Орой 18 цагийн үед Сод монгол гэсэн бичигний С, О гэсэн эхний 2 үсгийг солих болсон тул миний гар утас дотор дуугараад би утсаа авах гээд дотор орсон. Би утсаар ярьж байхдаа цонхоор харахад шат яг унах гээд налсан. Тэгэхээр нь би гүйгээд гараад очиход Үнэнбат, Ариунзаяа 2 шаттайгаа газар унасан байсан. Тэгээд Баяраа ахын автомашинтай Үнэнбат, Ариунзаяа нарыг аваад эмнэлэг явсан. Ослын дараа салбарын дарга О.Энх-Эрдэнэнд утсаар мэдэгдсэн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 127-128 дугаар хуудас/

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч У.Үнэнбатын: 2016 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 09 цагт ажилдаа очоод ШТС-55 дээр саравч янзлах гээд өндрийн шат угсарсан. Шат угсархаасаа өмнө эрхлэгч И.Нямдаваагаас аюулгүйн ажиллагааны зааварчилгаа авсан. Өдөр 10 цагийн үед ээлжийн ахлах түгээгч Ариунзаяа, хамгаалагч Баяраа ах нар ирж хамтдаа саравч янзалсан. Орой 18 цагийн үед “Содмонгол” гэсэн бичигний хамгийн сүүлд С үсгийг нь хийгээд шүрүүптэж байсан. Тэгсэн гэнэт хуй салхи гараад өндрийн шатан дээр байсан Ариунзаяа ах бид 2 шаттайгаа нурж унасан. Тэр үед доор Баяраа ах байсан бөгөөд Баяраа ах гэмтээгүй. Ариунзаяа ах бид 2 гэмтсэн ба тэр дор нь автомашинтай эмнэлэгт хүргэгдсэн. Миний баруун гарын сарвуу гэмтсэн, баруун бөөрөнд зулгаралт үүссэн. Эрхлэгч Нямдаваа өглөө ажилд гарахад өндөр дээр ажиллах учир болгоомжтой ажиллаарай. Бэхэлгээ юмнуудаа сайн хийгээрэй гэж байсан бөгөөд би өндрийн бүс хийх гэсэн боловч саравчин дээр бүсээ бэхэлчихээр юм олдохгүй байсан. Тэгээд бүсээ татаагүй. Ажлаас тавьж өгсөн өндрийн бүс, хамгаалах малгай, ажлын хувцаснууд байдаг бөгөөд тухайн үед хамгаалах малгай өмсөөгүй, бусад ажлын хувцсыг өмссөн байсан. Миний бие одоо гайгүй байгаа. Эмчилгээний төлбөрт байгууллагаас нийт 490.000 төгрөг бэлнээр өгсөн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

    

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Х.Ариунзаяагийн: ...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг ажилдаа ирэхэд Үнэнбат саравч янзалхаар өндрийн шатаа угсарч байсан. Би ажилдаа ирээд ШТС 55-ын эрхлэгч Нямдаваагаас аюулгүйн ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Бүтэн өдөр ажилласан. Орой нь ажил дуусах дөхөж байсан бөгөөд 18 цагийн үед саравчин дээр байх “Содмонгол” гэсэн бичигний С үсгийг тогтоогоод ажил дуусах гэж байтал Үнэнбат бид 2-н зогсож байсан шат нурж унасан. Баяраагийн машинаар Үнэнбат бид 2-г эмнэлэгрүү авч явж үзүүлсэн. Би эмчилгээнд нийт 1.669.000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. / хх-ийн 68-70-р хуудас/

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Баяраагийн: ...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг амарч байхад Нямдаваа надруу утсаар яриад колонкын саравчны булан янзлаатах гэсэн. Тэгээд би 11 цагийн үед ШТС 55 дээр очиход Үнэнбат, Ариунзаяа нар оччихсон шатаа угсраад дууссан, тэр 2 дээр нь гарчихсан байсан. Би шатан дээр гараагүй доогуур нь ойр зуурын багажийг нь дөхүүлж өгөх ажил хийж байсан. Тэгээд орой 18 цагийн үед “Содмонгол” гэсэн үгийн С үсгийн тэгшийг нь хараатах гэхээр нь би харчихаад шатруу нь алхсан чинь нэг ширүүн хуй дайраад Үнэнбат, Ариунзаяа 2-н зогсож байсан шат нураад тэр 2 шаттайгаа унасан. Тэр шат ойролцоогоор 4 метрийн өндөртэй байсан гэсэн мэдүүлэг. / хх-ийн 80-81-р хуудас/

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Х.Бүрэнжаргалын: ...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Дорноговь аймаг дахь салбарын дарга О.Энх-Эрдэнээс ослын талаар мэдээлсэн. Би “Содмонгол” группын гүйцэтгэх захирлын 2012 оны 07 дугаарс сард Дорноговь аймгийн салбарын инженерээр томилогдон ажиллаж байгаа. Би хөдөлмөр хамгааллын чиглэлээр Говьсүмбэр аймгийн салбарыг хариуцан ажиллах тушаалтай боловч Дорноговь аймагт ажиллаж амьдардаг учир өдөр тутмын үйл аижллагаанд хянал тавих боломжгүй  гэсэн мэдүүлэг. / хх-ийн 83-84-р хуудас/

 

2.6. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Гантулгын: ...Би эхнэр И.Нямдаваатай 1998 онд танилцаж 1999 онд гэр бүл болсон. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. И.Нямдаваа Содмонголын ээлжийн ахлах түгээгч хийдэг юм. Хэрэг гарах үед салбарын даргынхаа тушаалаар ШТС-ын эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байсан юм. Манай хүн зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй хүн байгаа юм гэсэн мэдүүлэг. / хх-ийн 89-90-р хуудас/

 

2.7. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Баярцэнгэлийн: ...Би Нямдаваатай 2006 онд танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш найз нөхдийн холбоотой байж ирсэн. Манай найз Нямдаваа хүнд их тусархуу хүнтэй муудаад, муухай харьцаад байдаггүй хүн байгаа юм гэсэн мэдүүлэг. / хх-ийн 91-р хуудас/

 

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 159 дугаартай дүгнэлтэд: Х.Ариунзаяагийн биед зүүн суудал ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн суудал ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 93 дугаар хуудас/,

 

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай дүгнэлтэд: У.Үнэнбатын биед баруун гарын сарвууны 3-р хурууны 3-р шивнүүрийн доод хэсгийн сэлтэрсэн далд хугарал, орчмын цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун бөөрний байрлалд зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын сарвууны 3-р хурууны 3-р шивнүүрийн доод хэсгийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 100 дугаар хуудас/,

 

2.10. Говьсүмбэр аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №09-06-010/01 дугаартай дүгнэлтэд: 

            И.Нямдаваа нь “ Алхана трейд” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд ШТС 55-ын эрхлэгчээр түр хугацаагаар томилогдсон байна. Осол гардаг өдөр И.Нямдаваа ШТС-ын ажилтнуудад гал, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг / бичгэн хэлбэрээр/ өгч ажилласан байна. ШТС-ын эрхлэгч нь Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/Б465 тоот журам батлах тухай тушаалын 6-р хавсралтаар батлагдсан Шатахуун түгээх станцын эрхлэгчийн гал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанд тусгагдсаны дагуу ажиллагсдын мэргэжлийн ангиллын дагуу зайлшгүй хэрэглэгдэх хувийн хамгаалах хэрэгсэл, хувцсаар хангах талаар байнга анхаарч, судалгаа жагсаалтыг гаргаж, захиалга өгч батлагдсан нормативын дагуу хувцас хэрэгслээр хангуулах, тэдгээрийг бүрэн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих, хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохин байгуулах байсан. Осол нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн гарсан байх боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, өдөр тутмын хяналтгүйгээс шалтгаалсан байх тул ШТС 55-н эрхлэгч И.Нямдаваагийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэв гэсэн дүгнэлт. /хх-ийн 107-109 дугаар хуудас/,

 

2.11. Сод монгол групп ООК-ний Ерөнхийлөгчийн 2014 оны 09 үгээр сарын 30-ны өдрийн тушаал, тушаалын хавсралт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээ, / хх-ийн 24-60 дугаар хуудас/

 

2.12. Хохирогч Х.Ариунзаяагийн Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх болон түргэн тусламжийн хуудас /хх-ийн 209-219 дүгээр хуудас/

 

2.13. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 220-223 дугаар хуудас/

 

2.14. “ Алхана трейд” ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь салбарын даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 224-226 дугаар хуудас/

 

2.15. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн148-149 дүгээр хуудас/

 

2.16. МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, С.Баяраа, П.Батжаргал нарын бүрэлдхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ¹05/078/10 дугаартай дүгнэлтэнд:

            - Содмонгол группын Дорноговь аймаг дахь салбарын инженер Х.Бүрэнжаргал нь аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

            - Сод монгол группын “Алхана трейд” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын ШТС 55-ын эрхлэгч И.Нямдаваа нь цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан нарт болон өндрийн шатыг угсрах зааврын дагуу угсарсан эсэхэд хяналт тавиагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2 дахь заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах/-ыг зөрчжээ

            -Хохирогч У.Үнэнбат, Х.Ариунзаяа нарт хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан зааварчилгааг өгсөн нь осолдогч нарын тухайн үед гүйцэтгэж байсан ажил үүргийн онцлогт нь нийцээгүй байна. Тухайлбал өндөрт ажиллах үед шат хэрхэн угсрах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар зааварчилгааг өгөөгүй байна.

            - Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн гаргасан 2016 оны 05 дугаар сарны 13-ны өдрийн 09-06-010/01 дугаартай дүгнэлтийн 4 дэх асуултанд хариулсан И.Нямдавааг буруутай гэж хариулсан хариулттай санал нийлэхгүй байна. Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч П.Батжаргал гэсэн дүгнэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч И.Нямдаваа нь 2016 оны 05 сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” группийн “Алхана Трейд” ХХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа ажлын байр болох Шатахуун түгээх станц-55 дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй атлаа энэ үүргээ биелүүлээгүй буюу “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2 дахь заалт буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах заалтыг зөрчсөн, мөн “Сод Монгол” групп ХХК-ний гүйцэтгэх захиралын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/465 дугаартай  тушаалын 6-р хавсралтын “ Шатахуун түгээх станцын эрхлэгчийн гал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 2.2-д: “…Ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих…”, мөн зааварчилгааны 3.9-д: “ажилтнуудыг мэргэжлийн ангиллын дагуу зайлшгүй хэрэглэгдэх хувийн хамгаалах хэрэгсэл, хувцсаар хангах талаар байнга анхаарч, судалгаа жагсаалтыг гаргаж цаг хугацаанд нь гал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерт захиалга өгч батлагдсан норм, нормативийн дагуу хувцас хэрэгслээр хангуулах, тэдгээрийг хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах..” гэсэн тушаал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаанчин-засварчин У.Үнэнбат, түгээгч-хамгаалагч Х.Ариунзаяа нар нь өндрийн угсардаг шатан дээрээс унаж  тэдний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу хүнд хор уршиг учруулсан болох нь:

 

Хохирогч У.Үнэнбатын: ...Орой 18 цагийн үед Содмонгол гэсэн бичигний хамгийн сүүлд С үсгийг нь хийгээд шүрүүптэж байсан. Тэгсэн гэнэт хуй салхи гараад өндрийн шатан дээр байсан Ариунзаяа ах бид 2 шаттайгаа нурж унасан.../хх-ийн 64-р хуудас/,

Хохирогч Х.Ариунзаяагийн: ...Орой нь ажил дуусах дөхөж байсан бөгөөд 18 цагийн үед саравчин дээр байх Содмонгол гэсэн бичигний С үсгийг тогтоогоод ажил дуусах байсан юм. Тэгээд доороос Баяраа үсгийг тэгш байна уу гэж хараад дээр өндрийн шатан дээр Үнэнбат бид 2 засварын ажил хийж байсан чинь гэнэт салхи гараад Үнэнбат бид 2-ын зогсож байсан шат нурж унасан.../хх-ийн 68-р хуудас/

Гэрч Д.Баяраагийн: ... Тэгээд орой 18 цагийн үед Содмонгол гэсэн үгийн С үсгийн тэгшийг нь хараатах гэхээр нь би харчихаад шатруу нь алхсан чинь нэг ширүүн хуй дайрах шиг болсон. Тэгээд Үнэнбат, Ариунзаяа 2-н зогсож байсан шат нураад тэр 2 шаттайгаа цуг газар унасан гэх мэдүүлгүүд /хх-ийн 81-р хуудас/,

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 154, 159 дугаартай дүгнэлтүүд, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.Нямдаваагийн өмгөөлөгч нь “И.Нямдаваа нь энэ гэмт хэргийн субьект биш, зохих сургалтанд хамрагдсан эсэх нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасан боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Энх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “...”Сод Монгол” группын ерөнхийлөгчийн нэрэмжит шалгалт, сургалтын комисс 2016 оны 03 сард манай салбар дээр ирж тестээр шалгалт аван, салбарын үйл ажиллагааг шалгаж дараа нь галын аюулгүй байдал хөдөлмөр, хамгаалалын чиглэлээр мэргэжлийн хүмүүс сургалт зохион байгуулсан. Энэ үед И.Нямдаваа эрхлэгчээр томилогдсон байсан бөгөөд сургалтанд бүрэн хамрагдсан. Эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн чиглэлийн 1 дэх хэсэгт нь “...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах...” гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 229-р хуудас/, мөн МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, С.Баяраа, П.Батжаргал нарын бүрэлдхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ¹05/078/10 дугаартай дүгнэлтэнд:

            - Содмонгол группын Дорноговь аймаг дахь салбарын инженер Х.Бүрэнжаргал нь аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

            - Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч Б.Хурандаагийн гаргасан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09-06-010/01 дугаартай дүгнэлтийн 2 дахь асуултанд хариулсантай санал нэг байна.

            - Сод монгол группын “Алхана трейд” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын ШТС 55-ын эрхлэгч И.Нямдаваа нь цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан нарт болон өндрийн шатыг угсрах зааврын дагуу угсарсан эсэхэд хяналт тавиагүй нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2 дахь заалт /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах/-ыг зөрчжээ

            -Хохирогч У.Үнэнбат, Х.Ариунзаяа нарт хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан зааварчилгааг өгсөн нь осолдогч нарын тухайн үед гүйцэтгэж байсан ажил үүргийн онцлогт нь нийцээгүй байна. Тухайлбал өндөрт ажиллах үед шат хэрхэн угсрах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар зааварчилгааг өгөөгүй байна.

            - Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн гаргасан 2016 оны 05 дугаар сарны 13-ны өдрийн 09-06-010/01 дугаартай дүгнэлтийн 4 дэх асуултанд хариулсан И.Нямдавааг буруутай гэж хариулсан хариулттай санал нийлэхгүй байна. /хх-ийн 244-246-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Мөн “Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаагийн гаргасан 2016 оны 05 дугаар сарны 13-ны өдрийн 09-06-010/01 дугаартай дүгнэлтийн 4 дэх асуултанд хариулсан И.Нямдавааг буруутай гэж хариулсан хариулттай санал нийлэхгүй байна” гэсэн нь шүүгдэгч И.Нямдаваагийн үйлдлийг үгүйсгээгүй ба харин Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа нь бусдын гэм бурууг тогтоох эрхгүй болохыг тодорхойлсон байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч И.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн боловч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж чин санаанаасаа гэмшсэн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч И.Нямдаваагийн хувийн байдал, хохирогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж, гэмт хэрэг гарсан шалтгааныг харгалзан шүүгдэгчид тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж тус тус үзлээ.

 

Хохирогч У.Үнэнбат, Х.Ариунзаяа нар нь ямар нэг санал гомдол байхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчид нь шүүгдэгч И.Нямдаваагаас цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

  

 Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Ишжанцангийн Нямдавааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Тайж овогт Ишжанцангийн Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар И.Нямдаваад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, И.Нямдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Үнэнбат, Х.Ариунзаяа нарт хохирол төлбөрийг бүрэн төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан И.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Нямдаваад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ