| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2023/ШЦТ/03 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Г.Бат-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сүхбаатар хот тохижуулах газарт ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, ээж, дүүгийн хамт ******* сумын 1 дүгээр баг 5 шарын Мандахын 19-11 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, /*******/ Боржигон овогт Алтансувдын Дорж.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ******* газар буюу ажлын байран дотроосоо иргэн ******* өмчлөлийн Самсунг -А-52 загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 463,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би утас авснаа бол хүлээн зөвшөөрч байна. Утсыг авахдаа Доржийн халааснаас бол аваагүй, өглөө сонсголдоо суучхаад хувиараа авчихаад ажлаа хийж ирчихээд грашаас 5-ын хүрз авахаар явж байгаад ажлын конторын урд газар байхад нь олсон гэв.
******* дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч ******* “...Би ажлын газрын залуу болох *******ийг сэжиглэж байна. Намайг утсаа алга болгочихлоо гэж хэлсний дараа надаас “ утсаа хэдэн төгрөгөөр авч байсан бэ? Утсыг чинь яаж форматалдаг юм бэ?” гэх мэт асуулт асуугаад байсан. Мөн энэ оны 7 сард гар утсаа ажлын газрын цонхон дээрээс алдчихаад *******ийг тоглоод нуусан юм болов уу гээд ажлын залуу болох ******* ахаар “хүүхдийн утас чи авсан юм биш үү” гээд загнуултал ******* “би энэ утсыг хувцасны шүүгээний ардаас олсон” гэж хэлээд Борчулуун гэх ажлын газрын жолоочоор өгч явуулсан байсан. Би гар утсаа аваад 10 сар болж байна. Одоогийн ханшаар 700,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08,10 х/,
Гэрч “...Би өөрийн ашиглаж байсан Самсунг А52 маркийн гар утсыг 2022 оны 10 дугаар сарын 15-ны үед хөдөө гэрээсээ аймгийн төв рүү орж ирэх үед манай төрсөн дүү болох нөхөр нь болох Алтансувдын Дорж нь өөрийн ажлаа хийж байгаад хог дээрээс олсон утас байгаа юм та ав ав гээд надад үнэ төлбөргүй зүгээр өгсөн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 х/
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2202436 дугаартай Самсунг А52 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 463,300 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27-36 х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59 х/
Яллагдагч *******ийн “... Би няравын өрөөнөөс бээлий, маскаа авчихаад үдийн өмнө гадуур ажлаа хийж 12 цагийн үед ажил дээр ирсэн. Тэгээд ажилд эргэж гарах гээд том 5кг-ийн хүрз авах гээд хайгаад явж байтал ажилчдын конторын урд талд газарт нэг утас байхаар нь аваад энгэрийнхээ халаасанд хийчихсэн. Тэгээд үдээс хойш нь ажил дээрээ ирээгүй байж байгаад 16 цагийн үед буугаад гэртээ очоод тэр утсыг унтраагаад гэртээ эхнэр болон бусад хүмүүст хэлэлгүй гэртээ нууж үлдээсэн 2022 оны 10 сарын 06-ны өдөр ажил дээрээ ирсэн чинь манай ажлын Ганзориг нөгөө Э.Дорж чинь дахиад утсаа алга болгочихжээ гэсэн. Тэгээд би бодохдоо өмнө нь 7 дугаар сард Э.Дорж утсаа цонхон дээр байсан утсыг нь авахад тэр утас нь хүрэн өнгийн хавтастай байсан болохоор миний олсон утас ******* утас биш байх гэж бодсон юм...гэх” /хх-ийн 48-49 х/
******* сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 52 х/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 х/
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* газар байхдаа хохирогч ******* гээгдүүлсэн Самсунг А52 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас иргэн Доржид бага хэмжээнээс дээш буюу 463,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Э.Доржид мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2202436 дугаартай үнэлгээний дүгнэлтээр Самсунг-А52 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ нь 463.300 /дөрвөн зуун жаран гурван мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
“Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.
Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.
Шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжийг бүхэлд нь агуулах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн гээгдүүлсэн гар утсыг авч өмчлөгчийн өмчлөх эрхэд санаатай хохирол учруулсан байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч Э.Доржид 463,300 төгрөгийн үнэлгээтэй Самсунг-А52 маркийн гар утсыг завшсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Доржид 463,300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг буцааж өгсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдох бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн хохирогчийн гээгдүүлж, хаягдсан гар утсыг санамсаргүй байдлаар олж авсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Прокуророос *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Доржид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, тэрээр хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд *******ид холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Алтансувдын Доржийг гээгдэл эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* 463,300 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцааж өгсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР