Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

 

 

 

 

 

 

 

   2023         03         06                                   2023/ШЦТ/160

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан эрүүгийн 2311 00140 0120 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц-н Т /РД:ХХ000000/, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ойн булаг” гэх нэртэй амралтын газарт хохирогч Б.Л-ийн толгойн тус газарт архины шилээр цохиж, түүний биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хохирогч Б.Л-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 614 тоот дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Ц.Т-:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ойн булаг” гэх нэртэй амралтын газарт хохирогч Б.Л-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж түүний толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас хүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 614 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...Б.Л-ийн биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэпг хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал) гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч Б.Л-ийн мэдүүлсэн “...Би ажпын хамт олноороо 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15-16 цагийн орчимд Ойн булаг нэртэй амралтын газар очсон ба орой манай ажпын 9 хүн Ойн булаг амралтын газрын караокед орж дуулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад дуусгаад амралтын газрын өрөө рүүгээ орох зорилгоор караокены өрөөнөөс гарсан. Манай ажлын Хонгорзул өрөө рүү түлхээд алхаж байсан ба Хонгорзулын үл таних залуу “чамайг шаана шүү гичий минь” гэж хэрлээд хоёр гараараа арагш түлхсэн. Хонгорзулын түлхэх үед тэр хүний биед учирсан гэмтэл байхгүй ба би хамт ажилладаг Хонгорзулыг хамгаалан тухайн үл таних хүнтэй маргалдсан. Бид маргалдах үедээ бие биеийнхээ өмсөж байсан хувцаснаас заамдаж аваад би тухайн үл таних залууг гараараа нүүр хэсгээс нь мангасдах гэтэл би гараараа хүрээгүй юм. Гэтэл үл таних залуу миний толгойны зүүн дээд хэсэг рүү финлянд нэртэй /дотроо архитай/ шилээр нэг удаа цохисон. Тэр үед миний толгойны зүүн дээд хэсгээс цус гарсан. Намайг үл таних залуутай маргалдаж тэр үл таних залуу миний биед гэмтэл учруулах үед манай ажлын Хонгорзул дэргэд байсан. ...Надад гомдол санал байхгүй болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч С.Хонгорзул мэдүүлсэн “...Ойн булаг амралтын газрын 2 давхарт караокед ороод дуулж дуусаад өрөөндөө орох зорилгоор явж байтал үл таних ах эгч хамт зогсож байсан. Би тэдгээр хүмүүсийн дэргэдүүр зөрөхдөө “ахаа хажуу талаар чинь зөрөөд өнгөрье” гэж хээхэд тус үл таних ах би чиний ах юм уу? гэж хэлээд намайг арагш түлхсэн. Тэр үед миний биед гэмтэл учраагүй ба манай ажлын Б.Л намайг өмөөрч үл таних залуутай заамдалцаж тэр үл таних залуу архины шилээр Б.Л-ийн толгойны зүүн өмнө хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), шүүгдэгч Ц.Т яллагдагчаар мэдүүлсэн “...Би Ойн булаг амралтын газарт ажлын хамт олноороо буюу 9 хүний хамтаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд очсон ба 22-23 цагийн орчимд Ойн булаг амралтын газрын 2 давхарт байрлах караоке руу орох зорилгоор явж байхдаа коридор хэсэгт хэсэг бүлэг хүмүүстэй тааралдсан. Манай ажлын Тэмүүжин зөрж өнгөрч байсан хүмүүсийг “Яасан гэнэ ээ” гэх мэтээр хэлж чангаар маргалдсан. Би тухайн маргааныг салгах зорилгоор голоор нь ороход үл таних залуу надтай заамдалцаж, барьцалдаж авсан. Мөн тухайн үл таних залуу миний баруун талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тиул би уурлаж уурандаа тухайн залуугийн толгой хэсэг рүү шар айрагны шилээр нэг удаа цохисон. Тэгээд тухайн хэоүүл маргаан дуусаж өрөө, өрөөндөө орсон. Шар айрагны шилээр толгойн тус газарт нь нэг удаа цохисноос болж тухайн залуугийн толгойн хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т нь хохирогч Б.Л-ийн биед халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 59 дэх тал), хохирогч Б.Л-, шүүгдэгч Ц.Т нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 56-57 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.

5. Шүүгдэгч Ц.Т-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.

 6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Т-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

7. Хохирогч Б.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч Ц.Т нь 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 11, 56 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төслөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Т /РД:ХХ000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т-т сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР