Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02001

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 16 өдөр          Дугаар 101/ШШ2019/02001          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:тоотод оршин суух, ******* овогт ******* Э /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт ******* Ц /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Э,

Хариуцагч Д.Ц,

Гэрч Т.Будмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунцэцэг нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц нь манай зүтгүүрийн депод буфет ажиллуулдаг байсан, тэрээр  манай ажилчид 2 цалингийн хооронд бие биендээ мөнгө зээлдүүлэхдээ 10 хувийн хүүтэй, сард 20 хувийн хүүтэй зээлдүүлдэг жишгийн дагуу мөнгө зээлдүүлэхийг хүссэн.

Х.Э миний бие Д.Цд 1.500.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр болж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хэрэв үндсэн мөнгөө өгөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож гэрээг нотариатаар батлуулсан. Үүний дараа түүний хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн, уг мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг болгож өгөхөөр тохирч гарын үсэг зурж, уг баримтад өөрийн тамгаа дарсан.

Нотариат дээр хэдийгээр бид зээлийн гэрээг сарын 10 хувь гэж тохирсон боловч амаар 20 хувь гэж тохирцгоосон. Сүүлийн 1.000.000 төгрөг дээр гэрээг бичгээр хийе, мөн хугацаагаа сунгая гэхэд Д.Ц хэрэггүй, анх тохирсноороо хүүгээ төлөөд явна гэсэн юм.

Миний бие тухайн үед хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхөөр Хас банкнаас цалингийн зээл авчихсан байсан бөгөөд уг мөнгөө Д.Цд өгсөн юм.

Энэ хугацаанд тэрээр тохирсон ёсоор дээрх мөнгөний хүүд сар бүр 500.000 төгрөг өгч байсан. 

Гэвч тохирсон хугацаандаа хүүгээ өгөхгүй удахаар нь дахин яг хэзээ өгөх талаар тохирч гарын үсэг зуруулж авсан ч хүүгээ болон үндсэн мөнгөө ч өгөхгүй, утсаа ч авахгүй болсон. Тэрээр хашаа байшингаа зарж байж мөнгийг маань өгнө гэсэн боловч одоог болтол өгөхгүй байна.

Иймд Д.Цээс үндсэн зээл 2.500.000 төгрөг, 2019 оны 3,4,5,6 сарын хүү 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц миний бие нэхэмжлэгч Х.Эийн 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Д.Ц би Х.Эээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээл авсан.

Дээрх зээлийн гэрээг нотариатаар батлуулсан, ингэхдээ сарын 10 хувийн хүүтэй гэсэн боловч сард 20 хувийн хүүг төлөхөөр амаар тохиролцсон. Ингээд энэ мөнгөний хүүд 2016.06.30-ны өдрөөс эхлэн сар бүр 300.000 төгрөгийг 2018.11.16-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг, сарын 20 хувийн хүүтэй зээлж авахаар амаар тохиролцож авсан. Уг мөнгөний хүү болох 200.000 төгрөгийг  2018.11.16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын хугацаанд төлсөн.

Ингээд дээрх 2 зээлийн гэрээний хүүд нь 10.710.000 төгрөгийг төлсөн бөгөөд 2019 оны 4 сараас мөнгө төлж чадахгүй болсон.

Х.Эт хашаа, байшингаа зараад үндсэн мөнгө 2.500.000 төгрөгийг өгье гэтэл зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нотариатч зээлийн гэрээний хүүг 10 хувь, 6 сарын хугацаатай гэж баталж өгсөн боловч бид хоорондоо 20 хувийн хүүтэй, зээл төлөгдөж дуустал хүү төлөхөөр амаар тохиролцсон юм.

Иймд Х.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, хүү 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Э нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх,

хариуцагч Д.Ц нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдэгчээр алданги төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээний зээлдүүлэгч талд Х.Э, зээлдэгч талд Д.Ц тус тус гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээний талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан  шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

/хх-ийн 3 тал/

 

Мөн Х.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг, сарын 20  хувийн хүүтэй, буцааж төлөх хугацаа тогтоолгүй Д.Цд зээлдүүлсэн байна.

 

Талууд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч буцааж төлөх хугацааг тогтоохгүйгээр сунгаж, сарын хүү 20 хувь байхаар тохирсон, мөн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1.000.000 төгрөгийг дээрх байдлаар тохиролцсон гэж тайлбарлаж байх ба зохигч энэ талаар маргасангүй.

 

Хариуцагч Д.Ц нь 2016.06.30-ны өдрийн 1.500.000 төгрөг, 2018.11.18-ны өдрийн 1.000.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийн зээлийн хүүд тооцож 10.710.000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Х.Эийн үндсэн зээл 2.500.000 төгрөг, 2019 оны 3,4,5,6 сарын хүү 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс хариуцагч Д.Ц нь  үндсэн зээл 2.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул түүний зөвшөөрч байгаа 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүү болох 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3,4,5,6 сарын хүү төлөхөөр 03.30-ны өдөр хариуцагч Д.Ц өөрөө тохиролцсон гэх боловч уг баримт хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй байх тул талууд цааш хүүг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч Д.Цээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 3,4,5,6 сарын хүүд нэхэмжилсэн 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д  тус тус зааснаар хариуцагч Д.Цээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 2.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОНГЭРЭЛ