Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

2023                01              04                                           2023/ШЦТ/07              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Хохирогч Д.Мөнгөнчимэг,

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2230002840328 дугаартай  хэргийг  2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Хамар худаг” гэх газарт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:ЛЮ81101911/  Авга овогт Ганхүрэлийн Эрдэнэбаатар

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Хамар худаг” гэх газарт эхнэр Д.Мөнгөнчимэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун талын 6.7.8-р хавирганы далд хугарал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул дахин өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Мөнгөнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр эвлэрээгүй байгаа. Би энэ хүнтэй эвлэрэхгүй гэж бодож байгаа. Би энэ айлд очоод олон жил зодуулсан. Ах дүү нар нь хүртэл намайг зоддог байсан. Гомдолтой байна гэв.

 

2230002840328 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч Д.Мөнгөнчимэгийн “ Г.Эрдэнэбаатарын төрсөн эгчийнх нь хүүхэд Давка гэдэг залуу манайд байсан юм. Хөдөө манайд байхдаа манай мотоциклийг барьж давхиад байхаар нь би мотоциклынхоо түлхүүрийг тухайн өдөр хураагаад авчихсан байсан юм. Тэгсэн Г.Эрдэнэбаатар надаас түлхүүрээ нэхээд намайг гэр дотор дэгээдэж унагаасан. Би унахдаа газар байсан их устай төмөр ванн дээр унасан. Тэгсэн Г.Эрдэнэбаатар түлхүүрээ нэхэж дээрээс дараад босохгүй байсан. Би тухайн үед ёолоод Г.Эрдэнэбаатарт хандан намайг босго гэхэд дээрээс дарчхаад огт босгоогүй. Би шалан дээр унасан байсан болохоор хамаг хувцас норчихсон, өөрөө зүтгэж байгаад Г.Эрдэнэбаатарын доороос боссон. Тэгээд би гэрээс гараад баруун талынхаа том гэр лүү орох гээд явж байхад Г.Эрдэнэбаатар араас гарч ирээд  гадаа намайг дахиад дэгээдэж унагаагаад түлхүүр өг гээд миний баруун талын гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би мотоциклын түлхүүрийг цамцныхаа карманаас аваад Г.Эрдэнэбаатар руу шидсэн. Тэгээд босоод том гэртээ дөнгөж ороод зогсож байтал Г.Эрдэнэбаатар араас дахин орж ирээд надаас миний утасны сеймийг өг гээд дахин дэгээдэж унагаасан. Г.Эрдэнэбаатар өөрийнхөө утасныхаа сеймийг хаячихсан байсан юм. Тэгээд миний утасны сеймийг авна гээд би өгөхгүй гэхэд намайг дахин дэгээдэж унагаагаад гэрээс гараад явсан. Тэгээд би болоод орон дээр жаахан хэвтэхэд миний биеийн баруун талаар хатгаж хөндүүрлээд байсан. Хэсэг хэвтэж байгаад босох гэсэн бүр босож чадахгүй байхаар нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-12-13х/

 

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөншүрийн “...тэр өдөр жижиг гэрт аав, ээж, дүү бид 4 байсан. Ээж сүү самраад зогсож байсан. Аав чөдөр хазаараа эвхээд байж байсан. Тэгсэн аав сүү үсэрлээ, түллээ гээд ээжийг сүү самраад зогсож байхад нь би аавыг хориод тэр хоёрын голоор орох үед аав, ээжийг чөдрөөрөө гуядах таараад би чөдөрт нь оногдож гуядуулсан. Аав ээж хоёр муудахаар аав дандаа ээжийг өшиглөж юмаар зоддог...” гэх мэдүүлэг /хх16-17х/ 

 

Гэрч Д.Оюунчимэгийн “2022 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 19-7 тоотод байрлах өөрийн гэртээ байхад миний төрсөн дүү Одонзул утсаар залгаад та эмнэлэг рүү яваад очоорой сая хөдөөнөөс Мөнгөнчимэг ярьсан Эрдэнэбаатарт зодуулаад хавирга нь хугарсан юм шиг байна одоо эмнэлгийн машинтай аймгийн төв рүү орж байна гэсэн та эмнэлэг яаралтай яваад очоорой гэж Одонзул надад анх хэлсэн. Тэгээд би Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гадаа очиход түргэний машин ирчихсэн Мөнгөнчимэг алхаж чадахгүй, тэргэнцэр дээр буулгаад эмнэлэг рүү түрж оруулсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа эмчээс нь асуухад Мөнгөнчимэгийн баруун талын 3 хавирга хугарсан гэсэн онош хэлсэн. Тэгээд орой нь Мөнгөнчимэгийг эмнэлгийн машин манай гэрт хүргэж өгсөн. Мөнгөнчимэг одоо манай гэрээр эмчилгээ хийлгэж эмчийн бичигтэй эм, тангаа ууж манай гэрийнхэнтэй хамт амьдарч байна. Д.Мөнгөнчимэг надад хэлэхдээ гэрээ цэвэрлэж байхад Г.Эрдэнэбаатар орж ирээд надаас мотоциклийн түлхүүр нэхээд өгөхгүй гэхэд намайг ваннтай ус руу түлхэж унагаасан талаар хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг/ хх19-20х /  

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 477 дугаартай  “...Д.Мөнгөнчимэгийн биед баруун талын 6.7.8-р хавирганы далд хугарал,  баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 27-28х/,

Яллагдагч Г.Эрдэнэбаатарын “...Би 2022 оны 08 дугаар сарын 21-ны өдөр алга болсон даагандаа явах гээд мотоциклын түлхүүрийг олохгүй байсан юм. Тэгсэн манайд байсан хамаатны дүү болох Давка мотоциклын түлхүүр манай эхнэр Д.Мөнгөнчимэгт байгаа гэж хэлсэн. Тэгээд би Мөнгөнчимэгээс мотоциклынхоо түлхүүрийг асуухад мэдэхгүй гээд өгөхгүй байсан. Манай эхнэр мотоциклын түлхүүрийг халаасандаа хийгээд өгөхгүй байхаар нь би түлхүүрээ авах гэж ноцолдож байгаад Д.Мөнгөнчимэгийн өмднөөс нь татаж унагасан. Д.Мөнгөнчимэг газар унахдаа төмөр ванн дээр унасан. Би Д.Мөнгөнчимэгийг газар унахаар нь халааснаас нь мотоциклынхоо түлхүүрийг аваад гарсан. Тэр төмөр ванн дээр унахдаа манай эхнэр Д.Мөнгөнчимэг хавиргаа хугалсан байсан” гэх мэдүүлэг /хх41-42х/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-26х/

     

Г.Эрдэнэбаатарын Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн

 

Г.Эрдэнэбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 51 х/

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 х/

 

Г.Эрдэнэбаатарын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 52х/

 

Г.Эрдэнэбаатар, Д.Мөнгөнчимэгийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт -хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Хамар худаг” гэх газарт эхнэр Д.Мөнгөнчимэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд баруун талын 6.7.8-р хавирганы далд хугарал, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч, Д.Мөнгөнчимэгийн “ Г.Эрдэнэбаатарын төрсөн эгчийнх нь хүүхэд Давка гэдэг залуу манайд байсан юм. Хөдөө манайд байхдаа манай мотоциклийг барьж давхиад байхаар нь би мотоциклынхоо түлхүүрийг тухайн өдөр хураагаад авчихсан байсан юм. Тэгсэн Г.Эрдэнэбаатар надаас түлхүүрээ нэхээд намайг гэр дотор дэгээдэж унагаасан. Би унахдаа газар байсан их устай төмөр ванн дээр унасан. Тэгсэн Г.Эрдэнэбаатар түлхүүрээ нэхэж дээрээс дараад босохгүй байсан. Би тухайн үед ёолоод Г.Эрдэнэбаатарт хандан намайг босго гэхэд дээрээс дарчхаад огт босгоогүй. Би шалан дээр унасан байсан болохоор хамаг хувцас норчихсон, өөрөө зүтгэж байгаад Г.Эрдэнэбаатарын доороос боссон. Тэгээд би гэрээс гараад баруун талынхаа том гэр лүү орох гээд явж байхад Г.Эрдэнэбаатар араас гарч ирээд  гадаа намайг дахиад дэгээдэж унагаагаад түлхүүр өг гээд миний баруун талын гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би мотоциклын түлхүүрийг цамцныхаа халааснаас аваад Г.Эрдэнэбаатар руу шидсэн. Тэгээд босоод том гэртээ дөнгөж ороод зогсож байтал Г.Эрдэнэбаатар араас дахин орж ирээд надаас миний утасны сеймийг өг гээд дахин дэгээдэж унагаасан. Г.Эрдэнэбаатар өөрийнхөө утасныхаа сеймийг хаячихсан байсан юм. Тэгээд миний утасны сеймийг авна гээд би өгөхгүй гэхэд намайг дахин дэгээдэж унагаагаад гэрээс гараад явсан. Тэгээд би болоод орон дээр жаахан хэвтэхэд миний биеийн баруун талаар хатгаж хөндүүрлээд байсан. Хэсэг хэвтэж байгаад босох гэсэн бүр босож чадахгүй байхаар нь би цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн” гэх

 

Гэрч Д.Оюунчимэгийн “2022 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Баруун-Урт сумын 4-р баг, Төмөртэйн 19-7 тоотод байрлах өөрийн гэртээ байхад миний төрсөн дүү Одонзул утсаар залгаад та эмнэлэг рүү яваад очоорой сая хөдөөнөөс Мөнгөнчимэг ярьсан Эрдэнэбаатарт зодуулаад хавирга нь хугарсан юм шиг байна одоо эмнэлгийн машинтай аймгийн төв рүү орж байна гэсэн та эмнэлэг яаралтай яваад очоорой гэж Одонзул надад анх хэлсэн. Тэгээд би Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн гадаа очиход түргэний машин ирчихсэн Мөнгөнчимэг алхаж чадахгүй, тэргэнцэр дээр буулгаад эмнэлэг рүү түрж оруулсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа эмчээс нь асуухад Мөнгөнчимэгийн баруун талын 3 хавирга хугарсан гэсэн онош хэлсэн. Тэгээд орой нь Мөнгөнчимэгийг эмнэлгийн машин манай гэрт хүргэж өгсөн. Мөнгөнчимэг одоо манай гэрээр эмчилгээ хийлгэж эмчийн бичигтэй эм, тангаа ууж манай гэрийнхэнтэй хамт амьдарч байна. Д.Мөнгөнчимэг надад хэлэхдээ гэрээ цэвэрлэж байхад Г.Эрдэнэбаатар орж ирээд надаас мотоциклийн түлхүүр нэхээд өгөхгүй гэхэд намайг ваннтай ус руу түлхэж унагаасан талаар хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэх,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөншүрийн “...тэр өдөр жижиг гэрт аав, ээж, дүү бид 4 байсан. Ээж сүү самраад зогсож байсан. Аав чөдөр хазаараа эвхээд байж байсан. Тэгсэн аав сүү үсэрлээ, түллээ гээд ээжийг сүү самраад зогсож байхад нь би аавыг хориод тэр хоёрын голоор орох үед аав, ээжийг чөдрөөрөө гуядах таараад би чөдөрт нь оногдож гуядуулсан. Аав ээж хоёр муудахаар аав дандаа ээжийг өшиглөж юмаар зоддог...” гэх мэдүүлгүүд,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дугаар сарын 13-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 зааснаар энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Мөнгөнчимэгийн эрүүл хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргаан байхгүй гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

   Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр Д.Мөнгөнчимэгийг хүчээр газар унагаж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ”-ийг “ гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Мөнгөнчимэгийг зодож  биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгийгээр”, 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ  гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт  анхааруулах нь зүйтэй байна.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнгөнчимэгийн биед хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр хохирол нэхэмжилсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Хохирогч Д.Мөнгөнчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авга овогт Ганхүрэлийн Эрдэнэбаатарыг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг “оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Мөнгөнчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 391000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР