Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2021/0071

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:Н.М нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдох

              “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14,15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Х.З, хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Е  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүсэлтдээ:

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагт хуралдуулахаар  тов гарсан. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 27 төлөөлөгч оролцсон ээлжит бус хуралдаанаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай”  асуудлыг хэлэлцсэн. Н.М миний нэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс, Т.Аийн нэрийг дэвшүүлсэн. Ингээд тооллогын комисс байгуулж, 27 төлөөлөгч нууц санал хураалтад оролцож Н.М төлөөлөгчдийн 15, Т.А төлөөлөгчдийн 12 хүний саналыг авсан. Ингээд олонхийн санал авсан  Н.М намайг Б сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг баталж, Хурлын тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өгөхөөр болсон юм. Н.М би 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга М.Атай уулзахад тэрээр тогтоолыг батламжлахаас татгалзсан юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн  санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд  санал болгоно”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчийн  болон баг,  хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”,  25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонсох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна” гэж тус тус хуульчилсан байна.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 13 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол гаргасан боловч уг тогтоолыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 14 дугаартай “Хурлын хуралдааны тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 15 дугаартай “Сумын Засаг даргад томилуулах тухай” тогтоолыг тус тус хууль бусаар гаргасан байна. Эдгээр актууд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг шууд үгүйсгэсэн буюу маргаан үүсгэж буй захиргааны эрхийн актууд гэж үзэж байна. Маргаан бүхий актууд гарснаар нэхэмжлэгч Н.М миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна.

Иймд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай “Хурлын хуралдааны тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 15 дугаартай “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

              Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:                                              

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.5-д заасны дагуу сумын Засаг даргад нэр дэвшигч нь ялгүй байх ёстой. Сумын Засаг даргад нэр дэвшигч Н.М нь ял шийтгүүлэн төрийн албанаас халагдаж байсныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нууж хууль бусаар нэр дэвшсэнээс гадна эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм байна.

2020 оны орон нутгийн сонгуулийн дараа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-нд  болж, олонхийн саналаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад М.А, сумын Засаг даргад И.Д нарын нэр дэвшигдсэн билээ. Энэхүү хуралдааныг хууль бус хэмээн үзэж, Монгол Ардын намын бүлэг шүүхэд гомдол гаргаж, одоог хүртэл анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй юм.

2021 оны 1 дүгээр сарын 08-нд болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас сумын Засаг даргад Т.А болон Н.М нарын нэр дэвшигдэж, олонхийн саналыг Н.М авсан юм. Гэвч тус сумын ард иргэд, олон нийтээс санал гомдол ирж, түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдээс авч хэлэлцсэн юм. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар  зүйлийн 23.3 дахь заалтыг үндэслэн Тэргүүлэгчдийн тогтоол гарч, ээлжит бус хуралдааныг зарласан. Тус хуралдаанд нийт төлөөлөгчдийн 51.8 хувь оролцож, Н.М тухай санал гомдлыг авч хэлэлцэн түүний нэр дэвшсэн тогтоолыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчийг тодруулав. Үүнд, Т.А олонхийн санал авч сумын Засаг даргаар нэр нь дэвшигдэж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн. Иргэн Н.М талаар ирсэн иргэдийн дараах агуулгатай гомдлыг үндэслэн хуралдаанаас түүнийг сумын Засаг даргаар ажиллах боломжгүй гэж үзсэн. Үүнд,

Н.М нь тус сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2019 онд өөрийн төрсөн бэрээ зодож гэмтэл учруулснаар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан байна. Улмаар Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс ажлаас халах тухай албан бичгийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 20-нд ажлаас халагдаж 1 жил ч болоогүй хүн байна.

2018 онд Н.М төрсөн дүү сумын халамжийн байцаагч Н.Н түүний эхнэр Б.О нарт сумын Соёлын төвд хөгжим авах 10.0 сая төгрөгийн төслийг, сумынхаа хэрэгцээнд завь авах 10.0 сая төгрөгийн төслийг 2019 онд тус тус албан тушаалын байдлаа ашиглан  олгож байжээ. Мөн албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 7.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгуулж байсан байна.

Н.М нь сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хууль бусаар иргэдэд олгож, удаа дараа санхүүгийн зөрчил гаргаж, Төрийн аудитын газраас акт тогтоолгож байсан байна. Мөн одоо Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө болох 15.0 сая төгрөгийг хууль бусаар бусдад олгосон асуудлаар хуулийн байгууллагад  шалгагдаж байгаа юм байна. 

Иймээс Н.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

               Манай Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар болон ээлжит бус хуралдаанаас 2 удаа И.Ды нэрийг Засаг даргаар дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилж байсан. Тухайн үед анхдугаар хуралдаан маргаантай болж шүүхэд явж байсан учраас шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл батлахгүй гэж буцаасан. Дараа нь Засаг дарга Д.Бауыржан над руу залгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг дахиж хуралдуулаад өөр хүний нэрийг явуул гэсний дагуу 3 дахь хуралдаанаа зарлаад, тухайн хуралдаанаас олонхийн саналаар Н.М нэрийг Засаг даргад нэр дэвшүүлсэн. Харин маргааш нь ард иргэдээс санал гомдол ирсэн учраас Н.М нэрийг дэвшүүлсэн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Өмнө нь 2 удаа И.Ды нэрийг уламжилж явуулсан учраас дахиж өөр хүний нэрийг явуулах боломжгүй. Тухайн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан хууль бус хуралдаан байсан. Н.М нэрийг Засаг даргаар уламжилсан тогтоолыг би ганцаараа хүчингүй болгоогүй, олонхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэв.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан шүүхэд маргаантай удаан хугацаанд явж байсан. Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг  хүлээн зөвшөөрснөөс эхлээд бүх асуудал маргаантай байсан. Анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн И.Ды асуудлыг аймгийн Засаг дарга нэг удаа буцааж байсан. Хоёр дахь удаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж И.Ды нэрийг дахин нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахад, аймгийн Засаг даргаас шүүхэд маргаантай хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл И.Дыг Б сумын Засаг даргаар томилохоос татгалзаж байсан. Гэхдээ И.Дыг томилохгүй гэж бүрмөсөн татгалзаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд байгаа маргаан эцэслэн шийдэгдсэний дараа Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэнэ гэж буцааж байсан. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчлөө хянуулаагүй гэсэн зүйл ярьж байсан. Энэ хооронд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3 дахь удаа дахин Засаг даргад өөр хүний нэрийг дэвшүүлэх хуралдаан зарлаж, өнөөдрийн маргаж байгаа Н.М нэрийг Засаг даргаар нэр дэвшүүлсэн тогтоол гарсан. Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1, 2 дахь удаа Засаг даргад нэр дэвшүүлсэн И.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэрийг тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мэдээгүй. Мэдэх боломжгүй байсан. И.Ды нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэж, аймгийн Засаг даргын татгалзалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байсан. Н.М нэрийг Засаг даргад нэр дэвшүүлсний дараа И.Д нь 3 дахь удаа нэр дэвшүүлж болохгүй, Н.Мендигүлийг нэр дэвшүүлсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болго гэсэн гомдлыг тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж гаргасан. Өмнөх нэр дэвшүүлсэн хүний асуудал шийдэгдээгүй байхад дахин өөр хүний нэрийг дэвшүүлсэн нь хуульд нийцээгүй, Засаг даргад нэр дэвшүүлэх журмыг, тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байна гээд Хурал өөрийн гаргасан тогтоолоо өөрөө хүчингүй болгоно гэсэн зарчмаар хүчингүй болгосон болохоор Н.М гомдол гаргасан байна. Хурал хууль зөрчиж гаргасан өөрийн тогтоолыг өөрөө хүчингүй болгосныг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл И.Ды шүүхэд гаргасан нэхэмжлэл хэсэгчлэн хангагдаж шийдвэрлэгдсэн. И.Ды нэрийг дэвшүүлсэн 2 удаагийн хуралдааны тогтоол хуульд нийцсэн. Өмнө нь 2 удаа нэр дэвшүүлсэн И.Дыг томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд дараагийн хүнийг нэр дэвшүүлэх ёстой байсан боловч тухайн хүний асуудал шүүхэд маргаантай шийдэгдээгүй явж байхад 3 дахь  хүнийг нэр дэвшүүлж байгаа хуралдааны тогтоол хуульд нийцээгүй. Тийм учраас Хурал өөрсдөө хүчингүй болгосон. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14, 15 дугаар тогтоолуудыг Хурал өөрөө хүчингүй болгосныг буруутгах үндэслэл байхгүй. Н.М нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлдээ ханган шийдвэрлэсэн ч Н.М эрх, ашиг сонирхол сэргээгдэх ямар нэгэн боломж байхгүй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай уялдуулан Н.М шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага хангагдан шийдвэрлэсэн тохиолдолд Н.М Засаг даргад томилогдох ямар нэгэн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, нэг суманд нэг л Засаг дарга байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэв.

Гуравдагч этгээд Х.А  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Б сумын Засаг даргад өрсөлдөж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нэр дэвшсэн билээ. Уг хуралдаанд Н.М нь олонхийн буюу 1 хүний саналаар илүү гарсан. Б сумын орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болсон бөгөөд анхдугаар хуралдааныг хууль бус гэж шүүхэд маргаан гаргаснаар аймгийн Засаг дарга Д.Бауыржаны хүсэлтээр дахин хуралдсан билээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан маргаантай, шүүхэд байхад дараагийн хуралдаан хийсэн нь хуулийн хүрээнд буруу байжээ. Н.М тус хуралдаан дээр олонхийн санал авсан боловч сумын олон нийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хаяглаж гомдол хүргүүлсэн байна. Н.М нь урьд нь шүүхээр гэм буруу нь тогтоогдсон, үүний улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн, удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан, одоо ч гэсэн эрүүгийн хэргийн шүүхэд явж байгаа тул сумын Засаг даргын албан тушаалыг хаших ёс зүйн боломжгүй гэж үзсэн байна. Иймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин хуралдаан зарлаж, Н.М шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны талаарх маргаан шийдвэрлэгдсэн тул Н.М нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ  нь:

              Нэхэмжлэгч Х.Мендигүлийн “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14,15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай”  шаардлагатай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж,   хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн олонхын санал авсан И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  мөн өдрийн 05 дугаар тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтан болох  аймгийн Засаг даргад  санал болгосон байх ба аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1062 дугаар  албан бичгээр  “И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзсан” талаар мэдэгдсэн байна.

Улмаар  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан 10 дугаар тогтоолоор И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  дахин нэр дэвшүүлж,  уг тогтоолыг  томилох эрх бүхий этгээдэд хүргүүлснээр аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр албан бичгээр “И.Ды  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  Авлигатай тэмцэх газраас  хянан үзэх боломжгүй гэж буцаасан” гэсэн үндэслэлээр И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзжээ.

Үүний дараа Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  сумын Засаг даргад 3 дахь удаа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлын ээлжит бус 2 дугаар  хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  14 цагт хуралдуулахаар товлон зарлаж, 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаас гаргасан 13 дугаар тогтоолоор Н.Мендигүлийг сумын Засаг даргаар томилуулахаар  нэр дэвшүүлсэн боловч уг тогтоолыг аймгийн Засаг даргад хүргүүлээгүй бөгөөд Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Н.М тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр  Хурлын ээлжит бус 3 дугаар  хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  10 цагт хуралдуулахаар товлон зарласан.

 Уг ээлжит бус 3  дугаар хуралдаанаас гаргасан 14 дүгээр тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Н.Мендигүлийг аймгийн Засаг даргад уламжлахаас татгалзаж, 15 дугаар тогтоолоор Т.Аийг сумын Засаг даргаар томилуулахаар  нэр дэвшүүлж,  аймгийн Засаг даргад  уламжилсан, аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1-01/164 дүгээр албан бичгээр “Бсумын Засаг даргад өмнө  нь нэр дэвшүүлсэн И.Дыг томилохоос татгалзсан асуудал захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа тул одоогоор Т.Аийн материалыг хүлээн авч хянах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

          Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас гаргасан шийдвэрүүдтэй  холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш.М нарын 12 төлөөлөгчөөс, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр албан бичгээр И.Дыг Б сумын Засаг даргаар томилохоос татгалзсантай холбогдуулан  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр И.Даас  тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан.

         Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжуудаар  уг нэхэмжлэлүүдийн дагуу захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар уг 2 хэргийг нэгтгэж,улмаар 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 110/ШШ2021/0016 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга  Ш.М нарын 12 төлөөлөгчийн  “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Анхдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар “Хоёрдугаар хуралдаан зарлах тухай” тогтоол, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар “Баян-Өлгий аймгийн Б сумын 2020 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоол,2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Татварын давсан орлогыг хуваарилах тухай” тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар “Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар “Ээлжит гуравдугаар хуралдаан товлон зарлах тухай” тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоох”, “Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, 03 дугаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргыг сонгох тухай” тогтоол, 04 дүгээр “Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоол, 06 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11  дүгээр “Баян-Өлгий аймгийн Б сумын 2021 оны төсөв батлах тухай” тогтоол, 12 дугаар “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И.Ды  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай  албан бичгийг хүчингүй болгож,  үлдсэн хэсэг болох  И.Дыг   Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ “...нэхэмжлэгч И.Д нь Б сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх нь тогтоогдоогүй буюу холбогдох газраас хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг нь хянаагүй,  өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилгүй эсхүл зөрчилтэй эсэх нь тодорхой биш  байхад   сумын Засаг даргаар томилохыг томилох  эрх бүхий албан тушаалтанд даалгах үндэслэлгүй, мөн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6,23.7,23.9 дэх заалттай  тус тус  нийцэхгүй  тул тухайн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар Авлигатай тэмцэх газраас  И.Ды урьдчилсан мэдүүлгийг хянаад  Б сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дараа томилох эрх бүхий этгээд болох аймгийн  Засаг даргаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлүүдийн хүрээнд  томилох эсэх талаар шийдвэр гаргах ёстой байжээ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч И.Ды “Б сумын Засаг даргаар томилохыг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гомдлоор  хэргийг хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр магадлалд хэргийн оролцогчид хяналтын журмаар гомдол гаргаагүй тул  уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Мөн аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Захиргааны  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр магадлал, Авлигатай тэмцэх газрын  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  05/7303 тоот албан бичгийг үндэслэн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Б сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн ирүүлсэн И.Дыг  Б сумын Засаг даргаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн  томилсон  байх ба  эдгээр үйл баримтууд нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдсон  болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

Дээрх байдлаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн И.Дыг томилох эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзсан, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан 10 дугаар тогтоолоор И.Дыг сумын Засаг даргаар томилуулахаар  дахин нэр дэвшүүлэхэд аймгийн Засаг дарга томилохоос дахин татгалзсан, улмаар И.Д нь  аймгийн Засаг даргын томилохоос татгалзсан  шийдвэрийн талаар, мөн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш.М нарын 12 төлөөлөгчөөс  сумын Хурлын анхдугаар хуралдаан, ээлжит, ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд, тухайлбал Хурлын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоолуудын талаар маргаж тус тус  шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байгаа.

Эдгээр  маргаанууд эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу И.Дыг Б сумын Засаг даргаар томилуулахаар  дахин нэр дэвшүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс сумын Засаг даргад 3 дахь удаа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлын ээлжит бус 2 дугаар  хуралдааныг товлон зарлаж, улмаар 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаас гаргасан 13 дугаар “Сумын Засаг даргыг томилуулах тухай” тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн  4.2.5,4.2.6-д  заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудтай нийцээгүй, хууль бус захиргааны акт  байна гэж дүгнэлээ.

Иймээс  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаас гаргасан Н.Мендигүлийг сумын Засаг даргаар томилуулахаар  нэр дэвшүүлсэн 13 дугаар тогтоолыг Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  ээлжит бус 3  дугаар хуралдаанаас гаргасан 14 дүгээр тогтоолоор хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасантай нийцсэн  шийдвэр байна.

Харин  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  Т.Аийг сумын Засаг даргаар томилуулахаар  нэр дэвшүүлсэн  15 дугаар тогтоол нь  мөн дээрх байдлаар  Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн  4.2.5, 4.2.6-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудтай нийцээгүй, хууль бус захиргааны акт  байгаа хэдий ч уг тогтоол болон дээрх 14 дүгээр тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг  сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

 Учир нь Н.М нэхэмжлэлтэй энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан  “Сумын Засаг  даргыг томилуулах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох  тухай Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ш.М нарын 12 төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 16 дугаар шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон, улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор  Б сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн ирүүлсэн И.Дыг  Б сумын Засаг даргаар 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн  4 жилийн хугацаагаар томилсон үйл баримт тогтоогдож байгаа.

Өөрөөр хэлбэл Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар И.Дыг томилуулахаар  нэр дэвшүүлсэн бөгөөд уг тогтоол нь хүчин төгөлдөр байгаа,  улмаар  тухайн тогтоолыг хууль ёсны гэж үзсэн шүүхийн шийдвэр гарч,  томилох эрх бүхий этгээдээс  10 дугаар тогтоолыг үндэслэн И.Дыг  сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан, энэхүү шийдвэр нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3, 26.4 дэх заалттай нийцсэн  хууль ёсны шийдвэр байгаа энэ тохиолдолд  тухайн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдааны дараа зохион байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус 2 дугаар  хуралдаанаас гаргасан шийдвэрээр  сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Н.М эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэсэн 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд  захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан ба  дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч  Н.М маргаж буй захиргааны актуудын заримыг хууль бус гэж үзэх үндэслэлгүйгээс гадна маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн    25 дугаар зүйлийн 25.4,26 дугаар зүйлийн 26.2,26.3,26.4 дэх заалтуудыг тус тус     баримтлан нэхэмжлэгч Н.М “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14,15 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай”  шаардлагатай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч Н.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 6-20, 56-87, 95-109, 113-114, 120-153, 157, 158-204, 206, 208-210-р хуудас