Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т

Нэхэмжлэгч: “О” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0817 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0458/З         

                                                  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:        

   

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны А/366 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0817 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны А/366 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 9-р тал, үндэслэх хэсгийн 11-д"... Т.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "О ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдон улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй болохоо мэдсэн, энэ талаар татварын байгууллагатай уулзаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна." 10-р талын 17-д "Нэхэмжлэгч компаниас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн АБ-23/004 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандан газрын төлбөрийг графикийн дагуу хуваан төлөх хүсэлт гаргаж байсан хэдий ч энэ нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй", 18-д"... Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, хэрэв нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа тохиолдолд уг хүсэлтээ тухай бүр гарган шийдвэрлүүлэх боломжтой байхад 2023 оны 9 сард хүсэлт гаргасныг "шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох" үүргийг хэрэгжүүлээгүй, анхаарч үзээгүй гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм" 21-д "Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өрийн 625 дугаартай "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж, олон нийтэд мэдээлснийг дээрх хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх боломжтой бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлсэн гэж үзнэ" зэрэг дүгнэлтүүдийг хийсэн.

3.2. Энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Үүнд: 1. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд: Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно" гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс уг хөнгөлөлтийг нэхэмжлэгч нь эдлэх эрхтэй гагцхүү энэхүү хүсэлтээ тухай бүрт нь гарrax ёстой байсан хэмээн дүгнэсэн.

Гэтэл Татварын ерөнхий хуульд энэхүү хүсэлтийг нөхцөл байдал бий болсноос хойш ямар хугацаанд гаргах талаар тодорхой дурдаагүй бөгөөд татвар төлөгч хуульд заасан нөхцөл байдал бий болсноос хойш хэдийд ч гаргах эрхтэй болох нь харагдаж байна.

3.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийн талаар өөрийн харьяа дүүргийн татварын байцаагчтай байнгын холбоотой байсан бөгөөд газрын төлбөрийг нэхэмжлэгч тал болох “О” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б нь өөрөө хүсэлт өгч татвар дээр нэхэмжлэл үүсгүүлсэн байдаг.

Мөн харьяа татварын албанаас хүсэлтээ өгчихвөл хойшлуулах боломжтой талаар мэдээлэл өгч байсны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тодорхой графикийн дагуу татварын өр, төлбөрөө төлөх хүсэлтээ өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл төрийн байгууллагууд зөрүүтэй мэдээллүүдийг иргэнд өгч үүний улмаас газар ашиглах эрх цуцлагдах нөхцөл байдал үүссэн байхад шүүхээс энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй зөвхөн нэхэмжлэгч тал хариуцлагагүй хандаж, үүргээ биелүүлээгүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэв хариуцагч байгууллагын зүгээс ЗЕХ-ийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудын аль нэгийг нь л хуульд заасны дагуу хийсэн бол нэхэмжлэгчийн газрын төлбөрийн талаарх үүссэн нөхцөл байдал болоод хөнгөлөлт эдлэх хүсэлтийн талаар мэдээлэлтэй болж улмаар газар ашиглах эрх цуцлагдахгүй байх бүрэн боломжтой байсан.

3.4. Сонсох ажиллагаа явуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаартай "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж мэдээлснийг ЗЕХ-ийн 27.2.2-т "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх." гэж заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно." хэмээн зааснаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй буюу сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн хэмээн үзэх боломжгүй юм. Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 432 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгч харилцсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн хаягийн мэдээлэл болон холбогдох утасны талаарх мэдээлэлтэй байж хуучин хаяг руу нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж үүнийг нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хаягийн өөрчлөлтөө мэдэгдэх үүрэгтэй байсан хэмээн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15- ны А/366 дугаартай "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" шийдвэрийн хувьд ЗХШХШТХ-ийн 106.3.14-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/366 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Маргаан бүхий “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/366 дугаар тушаалаар “...гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр МЗХ2023/05-008 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, ...газар ашиглах гэрээний 5.5-д заасны дагуу алданги тооцуулан авах боломжтой байсан, гэтэл гэрээний уг заалтыг үл харгалзан шууд газар ашиглах эрхийг цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүй, ...ковид 19-н нөхцөл байдлын улмаас татвар төлөх буюу газрын төлбөр, татварын нэг хэлбэрийг төлөх хугацааг нь энэ хуульд заасны дагуу хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт өгөөд үүнийг шийдвэрлэх процесс дээр газрыг цуцалчихсан байсан, ...захиргааны байгууллага хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, ...холбогдох байгууллагуудаас манай байгууллагын мэдээллийг авах боломжтой байтал өмнөх хаяг руу нь явуулчхаад хариу тайлбар ирээгүй гэдэг байдлаар шийдвэр гаргах журмыг баримтлаагүй” гэж, хариуцагчаас “...хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна, ...газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

            Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ... 40.1.5 ...-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

3.1. Анхан шатны шүүхээс “...газар ашиглагч нь газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ хариуцагчийг газрын төлбөрт алданги тооцох ёстой байсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, ... газрын төлбөр төлөх үүргээ биелээгүйн улмаас захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна, ...Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа тохиолдолд уг хүсэлтээ тухай бүр гарган шийдвэрлүүлэх боломжтой байхад 2023 оны 9 сард хүсэлт гаргасныг “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргийг хэрэгжүүлээгүй, анхаарч үзээгүй гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

3.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах үед газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байсан, мөн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос хойших хугацаанд ч гэсэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар зэргээр нэгэнт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээнд заасны дагуу алданги тооцуулан авах боломжтой байсан атал гэрээний уг заалтыг үл харгалзан шууд газар ашиглах эрхийг цуцалсан” хэмээн тайлбарлан маргаж буй үндэслэл нь газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Хэрэв хариуцагч байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудын аль нэгийг нь л хуульд заасны дагуу хийсэн бол нэхэмжлэгчийн газрын төлбөрийн талаарх үүссэн нөхцөл байдал болоод хөнгөлөлт эдлэх хүсэлтийн талаар мэдээлэлтэй болж улмаар газар ашиглах эрх цуцлагдахгүй байх бүрэн боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд 1/-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

4.1. Анхан шатны шүүхээс “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2021/128 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, ...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас эхлэн бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх үндэслэлтэй, ...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр МЗХ2023/05-0** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг  бөгөөд /Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан байх тул нэхэмжлэгч газар ашиглах гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул маргаан бүхий 2023 оны А/366 дугаар тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн үндэслэл үгүйсгэгдэж байна. Энэ талаарх анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд дээрх  МЗХ2023/05-0** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг жилийн хугацаатай олгогдсоныг дурьдах нь зүйтэй.

5. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;” 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болох .Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлсэн байх тул захиргааны байгууллага сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5.1. Мөн, Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” 1113 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчийн гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн боловч “хаягт ийм хүн байхгүй” гэх үндэслэлээр шуудан буцаж ирсэн байна. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний 5.21-д “Гэрээнд заасан албан ёсны хаяг, утас, цахим хаяг өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “О” ХХК-иас захиргааны байгууллагад албан ёсны хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн талаараа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 432 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгч харилцсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн хаягийн мэдээлэл болон холбогдох утасны талаарх мэдээлэлтэй байж хуучин хаяг руу нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн” гэж хариуцагчийг буруутгаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

5.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “хариуцагч захиргааны байгууллага холбогдох захиргааны байгууллагуудаас манай байгууллагын хаягийн мэдээллийг авах боломжтой байсан” гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй тул энэ талаарх “...анхан шатны шүүхээс нэхэмжлэгч хаягийн өөрчлөлтөө мэдэгдэх үүрэгтэй байсан хэмээн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байгаа нь анхан шатны шүүхийг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.3. “О” ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн АБ-23/004 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандан газрын төлбөрийг графикийн дагуу хуваан төлөх хүсэлт гаргасан гэх боловч тус албан бичиг нь маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/366 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал гарснаас хойших үйл баримт байна. Мөн нэхэмжлэгч компани нь “Хүрэлтогоот  ам” гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар  4 га газар ашигласны төлбөрт нийт 220,880,925 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, дээрх албан бичгийн  хавсралтад зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 25-наас эхэлж 2024 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл сар бүр 31,500,000 төгрөгийн төлөлт хийхээр боловч шүүхийн шийдвэр болон магадлал гарах өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгдээгүй бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргадаггүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                              

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН